Өнөөдөр "Монгол бахархал"-ын өдөр

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-11-08 11:00 GMT+8

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархал"-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн 

ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон байна.

2012 оноос жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ийг бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог билээ.

Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд энэ одонг олгохгүй, өнжихөөр болсон юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил энэ одонг олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртэж, одон хүртсэн эрхмүүдийн тоо 11 болоод байгаа билээ.

"ЧИНГИС ХААН" ОДОНГ ХҮРТСЭН ЭРХМҮҮД:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  • 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
  • 2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
  • 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  • 2016 онд Дуучин Г.Ариунбаатар
  • 2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хүртээд байна. 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3333 санал өгсөн байна.

Дээшээ