NBA-ИЙН 30 БАГИЙН ЧАНСАА #3 – Топуудын тулаан олон асуултын хариултыг өгч эхэллээ


2018-11-08 11:25 GMT+8

#EddiesRank #Week2 – 10-р сарын 24-өөс 30-ны хооронд болсон тоглолтууд дээр үндэслэв

NBA-ийн багууд 9-өөс 11 тоглолт хийгээд байна. Чансаа ч гэсэн илүү барьцтай болж эхлэх шиг. Хожигдоогүй эсвэл хожоогүй баг гэж байхгүй болов. Милуоки Бакс Бостонд очиж анхны хожигдлоо амссан бол Кавалиерс Атлантаг хожиж хожлын баганад нэг гэсэн тоотой болов. Улирлыг шуугиантай эхлүүлсэн Дэтройт, Нью Орлеанс багуудад халтай долоо хоног байсан бол Сакраменто плейоффын байранд бичигдэж эхэлсэн нь гайхалтай. Гэхдээ энэ бол багуудын чансаа. Хожил, хожигдлоор жагсаагаад бичсэн дараалал биш. Тийм ч учраас Лэйкерс хэдэд явааг хараад та нар гайхах биз. Ингээд гурав дахь долоо хоногийн ранкийг хүлээн авч соёрхоно уу:

30. Кливлэнд Кавалиерс (1-9) --- (0)

W vs ATL
L vs DEN
L @ CHA
L @ ORL

Родни Хүүдийн 26 онооны ачаар улирлын эхний хожлоо авсан Кавалиерсд өөр яриад байх өөдтэй зүйл лав байсангүй. Рүүки холбогч Секстон сагс тоглож чаддаггүй (хэзээ хэнд дамжуулах, яаж зөрж хамгаалах, довтолгоонд ямар шийдвэр гаргах) гэсэн эвгүй мэдээлэл гарсан нь түүнд өгч байгаа минутаар батлагдах ч шиг. Кевин Лав, Кайл Корвер, Ж.Р. Смит гурвыгаа сольж явуулаад хурдхан шиг сэргээн босголтоо эхлэхгүй бол хэцүүдэх нь ээ.

Энэ долоо хоногт: vs OKC, @ CHI

29. Финикс Санс (2-7) --- (0)

L vs SAS
L vs TOR
W vs MEM

Дэвин Бүүкер бэртлээс эргэн ирж, Мэмфисийн эсрэг 4-р үед 14 оноо авч, төгсгөлийн мөчид хожлын шидэлтийг оруулав. Рүүки төв Деандрэ Эйтон дабл-дабл дунджилж, бас дамжуулж чадна гэдгээ батлан харуулсан ч хожиж чадахгүй байгаад л хөгжөөн дэмжигчид нь их бухимдаж байна.

Энэ долоо хоногт: vs BKN, vs BOS, @ NOP

28. Атланта Хокс  (3-6) --- (0)

L @ CLE
L vs SAC
W vs MIA

Атлантагийн дасгалжуулагчийн нэрийг би саяхан л олж мэдлээ – Ллойд Пиерс. Хэд хэдэн тоглогчийн нэрийг бас л анх удаа сонслоо. Гэхдээ гурван хожилд аль хэдийн хүрсэн Хокс хамгаалалтын рэйтингээр 10-аад багаас илүү байгаа нь гайхалтай хэрэг. Гэхдээ дахиад хэлье, энэ бол чансаа, жагсаалт биш шүү.

Энэ долоо хоногт: @ CHA, vs NYK, vs DET, @ LAL

27. Даллас Маверикс (2-7) --- (-4)

L @ LAL
L vs NYK

Лука Дончичтой утсаар ярих алтан боломж тохиов. Анх удаа Монгол хүн NBA-ийн тоглогчтой шууд утсаар ярьж асуулт асуух боломж гарсан нь энэ. Баахан асуулт бэлдээд л, ээлжээ хүлээв. Ганц л асуулт асууж чадлаа: хөлбөмбөгийн спорт ноёлсон Европ тивд сагсан бөмбөгт дурласан шалтгаан чинь юу байв аа? Хариулт нь: би багаасаа үргэлж сагс тоглосоор ирсэн. Ингээд л болоо. Урам хугарсан гэж жигтэйхэн. Дахиад асуулт асуух цаг ч гарсангүй ээ гэж. Уурандаа энэ багийг 4 байр унагав хаха. Наргиа байлаа, гэхдээ хоёр хожигдсон долоо хоногтой багийг байранд нь авчирлаа.

Энэ долоо хоногт: vs WAS, @ UTA, vs OKC

26. Нью Йорк Никс (3-8) --- (-1)

L vs IND
W @ DAL
L @ WAS
L vs CHI

Хорин настай хоёр тоглогч гараанд нь байна – Мичелл Робинсон, Франк Ниликина. Рүүки хамгаалагч Аллонзо Триер, хоёр дахь жилдээ тоглож байгаа Дамиен Додсон нар тоглолтоос тоглолтод сайжирсаар. Тим Хардауэйгийн нурууны бэртэл эдгээр залуусыг хөгжүүлэх төлөвлөгөөг бүр ч хурдасгах байх. Кевин Нокс ч гэсэн бэртлээс эргээд ирлээ. Нью Йорк хотод ирээдүй гэрэлтэж магадгүй ч юм шиг.

Энэ долоо хоногт: @ ATL, @ TOR, vs ORL

25. Чикаго Буллс (3-8) --- (-1)

L vs DEN
L vs IND
L vs HOU
W @ NYK
Зак ЛаВин улирлын Most Improved Player шагналыг авах нь бараг тодорхой болж эхэллээ. Никсийн эсрэг карьерийн дээд амжилтаа тогтоож 41 оноо авсан энэ залуу Бүх Оддын Тоглолтод сонгогдох болов уу гэдэг бодол өөрийн эрхгүй орж эхлэв. Уэндэлл Картер Жуниор хэдхэн жилийн дараа Шилдэг Хамгаалагчийн шагналд хүчтэй өрсөлдөж ирнэ гэдгийг амлая. Лаури Маркканэнийг л хүлээж байна даа. Крис Данн ч гэсэн удахгүй ирчих байх. Гурван сайн багийн эсрэг эцсийн мөч хүртлээ сайн тоглож хожигдлоо. Муугүй шүү.

Энэ долоо хоногт: @ NOP, vs CLE

24. Орландо Мэжик (4-6) --- (+2)

L vs SAC
L vs LAC
W @ SAS
W vs CLE

Спөрсийг талбайд нь хожсон тоглолтыг үзсэн хүн байвал санал нийлэх байх – энэ ямар эвгүй баг вэ! Талбай дээрээ Кавсыг арай гэж нэг хожсон тоглолтыг үзсэн хүмүүс бас санал нийлэх байх – энэ ямар бүтэлгүй баг вэ! Орландогийн улирал нэг иймэрхүү. Хоёр тоглолт дараалж сайн тоглож үзээгүй л явна даа. Жонатан Айсаак бэртсэн нь бараг сайн мэдээ шүү. Учир нь түүнийг талбайд байхад энэ багийн довтолгооны хувь арай гэж 40 хүрдэг бол түүний эзгүйд 50 гараад явчихдан статистик бий.

Энэ долоо хоногт: vs DET, vs WAS, @ NYK

23. Брүүклин Нэтс (4-6) --- (+4)

W vs DET
L vs HOU
W vs PHI

Би энэ багт дуртай болоод л байна. Карис ЛеВөрт гэдэг шинэ од NBA-д төрлөө. Нэтсийг плейоффт орно гэж таамаглах арай эрт байгаа ч Сиксерсийг хожсон тоглолтыг үзвэл яагаад үгүй гэж. Расселл тоглолтыг сайн эхлүүлж, Динуидди сайн дуусгаж байна. Аллэн Краббын шидэлт унах л дутуу байна даа.

Энэ долоо хоногт:  @ PHX, @ DEN, @ GSW

22. Вашингтон Уизардс (2-7) --- (-3)

L @ MEM
L vs OKC
W vs NYK

Найман тоглолтын турш 124 оноог эсрэг багтаа алдсан Уизардс Никсийн эсрэг 95 оноо алдаж, хамгаалалтын асуудлаа шийдэх шиг болсон нь юутай сайхан. Гэхдээ энэ багийн дотоод уур амьсгалд явах юм алга. Брэдли Бийл, Жон Уолл хоёрыг салгах мөч ойртсоор байх шиг байна шүү. Дуайт Ховард эргэж ирсэн ч хамгаалалтын асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. гЭнэ долоо хоногт хийх урван аялан тоглолтын дараа ямар асуудал хөндөгдөхийг хүлээж сууя. Чансааны 22-р байранд оруулсан нь бараг ахдаж байна шүү.

Энэ долоо хоногт: @ DAL, @ ORL, @ MIA

21. Майами Хит (4-5) --- (-4)

L @ CHA
L @ ATL
W vs DET

Жош Ричардсан эхлээд 31, дараа нь 32 оноо авлаа. ЛеВөртийн адилаар Майамид шинэ од албан ёсоор төрж байна. Гэхдээ Дион Уэйтэрс эргээд ирсэн хойно Ричардсоны бөмбөгөнд хүрэх тоо хэр өөрчлөгдөхийг ажиглаж байя. Жеймс Жонсоны бэртэл санаснаас хүнд бололтой, өдий болтол талбайд гарах хугацаа тодорхойгүй хэвээр. Энэ долоо хоногт Спөрс, Пэйсерс гэсэн лигийн хоёр шилдэг хамгаалалтын эсрэг яаж тоглохыг нь харъя.

Энэ долоо хоногт: vs SAS, vs IND, vs WAS

20. Мэмфис Гриззлис (5-4) --- (0)

W vs WAS
W @ UTA
L @ PHX
L @ GSW

Эв эрүүл Майк Конли багаа оноо, ассистаар тэргүүлж байна. Финиксд хожигдсоныг эс тооцвол дажгүй л долоо хоног байлаа. Grit N Grind гэдэг багийн хамгаалалтын мөн чанар хадгалагдсан хэвээр, тэд хамгаалалтын рэйтингээр топ тав дотор явж байна. Сэлгээний хамгаалагч Шелвин Макийг талбай дээр байхад нэмэх оноотой байгаа гэдгийг онцлоё.

Энэ долоо хоногт: vs DEN, vs PHI

19. Сакрамэнто Кингс (6-4) --- (+3)

W @ ORL
W @ ATL
L @ MIL
My man. Нэтсийн адилаар би энэ багт их дуртай болсон. Ялалтын сөгдөхийг хармаар л байна. Энэ сар дуусахад плейоффын байранд явж байгаасай гэж хүсье. Энэ долоо хоногт эвгүй гурван багтай тулна. Тав дараалсан хожлын цувралын үеэр эсрэг баг нь холын зайнаас ердөө 29-хөн хувьтай шидсэн байх юм. Хамгаалж чаддаггүй гэвэл худлаа байх шүү, Ялалт гуай :P

Энэ долоо хоногт: vs TOR, vs MIN, vs LAL

18. Шарлотт Хорнэтс (5-5) --- (+3)

W vs MIA
L vs OKC
W vs CLE

OKC-ийн эсрэг төгсгөл хийж чадаагүйг эс тооцвол сайн долоо хоног байлаа. Тони Паркер сүүлийн таван тоглолтод бараг 16 оноо дунджилав. Учраа олж эхэлсэний шинж. Филли, Детройт хоёрын талбайд зочлох тоглолтуудаас илүү сайн дүгнэлт хийх боломжтой юм. Ямар ч байсан сэлгээ нь өнгөрсөн жилийнхээс илүү сайжирсан нь илт.

Энэ долоо хоногт: vs ATL, @ PHI, @ DET

17. Нью Орлеанс Пэликанс (4-6) --- (-4)

L @ GSW
L @ POR
L @ SAS
L @ OKC

Юу болоод байнаа энэ багт? Бараг л плейоффын эхний дөрвөн байрын эрхийн төлөө ширүүн өрсөлдөх маягтай улирлыг эхлүүлсэн Пеликанс зургаа дараалж хожигдлоо хөөрхий. Аялан тоглолтууд байсныг онцлох хэрэгтэй байх, гэхдээ Элфрид Пэйтон энэ багийн MVP байсан юмуу хаашаа юм бүү мэд. Дэвис бэртлээсээ хойш олигтой довтолгоонд оролцохгүй байгаа нь хачирхалтай. MVP-ийн ярианаас гараад явчихлаа.

Энэ долоо хоногт: vs CHI, vs PHX

16. Миннесота Тимбервулвс (4-7) --- (-2)

W vs UTA
L @ GSW
L @ POR
L @ LAC
ДЭРРИК РӨҮЗИЙН 50 ОНОО – Сарнай дэлбээлсэн юм!!!

Энэ долоо хоногт: @ LAL, @ SAC

15. Детройт Пистонс (4-5) --- (-3)

L @ BOS
L @ BKN
L @ PHI
L vs MIA

Пеликансын адилаар Детройт бас учраа олохоо болилоо – тав дараалж хожигдов, гурван байр ч ухрав. Энэ таван тоглолтын хугацаанд тэдний довтолгоо 29-д бичигдэхээр муу байжээ. Гриффин сайн байгаа ч баг нь хожиж чадахгүй л байна. Люк Кеннард гэдэг залуу бэртлээс эргээд ирвэл сэлгээнээс оноо авах асуудал бага зэрэг багасах байх. Орландо, Атлантад хийх хоёр тоглолтод яахыг нь харъя.

Энэ долоо хоногт: @ ORL, @ ATL, vs CHA

14. Лос Анжелес Клипперс (6-4) --- (+2)

L @ OKC
L @ PHI
W @ ORL
W vs MIN

Бобан Маръянович, Тобайас Харрис хоёрыг талбайд зэрэг байхад Клипперс өрсөлдөгчөөсөө 25 оноо илүү авдаг гэсэн статистик гарсан байна. Бобаныг гараанд гаргаж, багагүй минут өгч байгаа нь Док Риверсийн гаргасан хамгийн сайн шийдвэрүүдийн нэг байх. Харрис угаасаа энэ улиралд Бүх Од болно. Эйвэри Брэдлигийн оронд рүүки залууг гаргасан нь ч оновчтой шийдвэр болох байх. Гало карьераа сэргээж байгааг харах ч сайхан байна.

Энэ долоо хоногт: @ POR, vs MIL

13. Лос Анжелес Лэйкерс (4-6) --- (+2)

Торонтод элэглүүлсэн тоглолтыг эс тооцвол сайн долоо хоног болсон юм уул нь. Чансааны 13-т бичигдэж байгааг хараад та нар гайхах биз. Гэхдээ энэ багийн чансаанд бол би итгээд л байгаа. Люк Уалтоныг тойрсон асуудалд автаад хэрэггүй. Ажлаас нь халж тэнэгтэх хүн Мэжик Жонсон биш гэдэгт итгэж байна. Харин ЛеБроны залхуу хамгаалалтыг настай нь холбохоос өөр аргагүй болж эхэлж байна шүү. ЛеБроны уруудах улирал энэ гэж үү???

W vs DAL
W @ POR
L vs TOR

Энэ долоо хоногт: vs MIN, @ SAC, vs ATL

12. Оклахома Сити Тандер (5-4) --- (+6)

W vs LAC
W @ CHA
W @ WAS
W vs NOP

Тэгмээрсэн дээ энэ Тандер. Одоо л байх ёстой газартаа ирж байна. Зургаан байр ахилаа. Уэстбрүүкийн шагайны бэртэл азаар хөнгөн байх шиг боллоо. Жэрэми Грантын итгэлтэй тоглолт, Абринэсийн үр нөлөөтэй тоглолт гээд роль тоглогчдын хувь нэмэр нэмэгдэж эхэлсэн нь хожиж эхэлсэнтэй холбоотой байх. Шрудер ч гэсэн Пеликансыг хожиход төгсгөл сайн хийсэн. Хьюстонтой яаж тоглохыг харъя.

Энэ долоо хоногт: @ CLE, vs HOU, @ DAL

11. Юта Жазз (4-6) --- (-7)

L @ MIN
L vs MEM
L @ DEN
L vs TOR

Магтсан хүүхэн хурим дээрээ унгана гэдэг болов уу яав. Юта сайн багуудын эсрэг хожил авч чадсангүй. Мичеллийн бэртлээр шалтгаалж болох хэдий ч ер нь агуулгын хувьд хэцүү л харагдаж эхэллээ. Рөүзийн 50 оноо, Гриззлисд талбайдаа дахиад хожигдсон явдал, Дэнвэр 4-р үед идэж уусан гээд Жаззын фэнүүдийн хувьд хар дарсан зүүд шиг байсан байх.

Энэ долоо хоногт: vs DAL, vs BOS

10. Филадэлфиа 76ерс (6-5) --- (-1)

L @ TOR
W vs LAC
W vs DET
L @ BKN

Клипперсийн эсрэг 41 оноо, Пистонсын эсрэг 39 оноо авсан Жоэл Эмбийдийг зогсоох төв NBA-д алга. Харин Бэн Симмонс довтолгоонд илүү идэвхтэй оролцохгүй бол Брүүклинд хожигдсон шиг зүйл олон тохиолдож мэднэ шүү. Аялан тоглолтоор нэг ч хожил авч чадаагүй нь энэ багт сэтгэлзүйн асуудал байгааг илтгэнэ.

Энэ долоо хоногт: @ IND, vs CHA, @ MEM

9. Хьюстон Рокетс (4-5) --- (+2)

L vs POR
W @ BKN
W @ CHI
W @ IND

Жеймс Хардэн хэрэгтэй үедээ эргэж ирлээ. Виктор Оладипотой буудалцаж хожсон. Одоо Тандер, Спөрсийн талбайд зочилж, сүүлд нь Пэйсерсийг талбайдаа хүлээж авах амаргүй хуваарь хүлээж байна. Гэри Кларк, Азайа Хартэнштайн гэсэн залуучууд Эрик Гордон, Нэнэ гэсэн ахмадуудыг ажилгүй болгох нь ээ бараг.

Энэ долоо хоногт: @ OKC, @ SAS, vs IND

8. Сан Антонио Спөрс (6-3) --- (+2)

W @ PHX
W vs NOP
L vs ORL

Тийм байлгүй дээ, Поповичийн хамгаалалттай Спөрс эргээд ирлээ… гэх гэсэн чинь Мэжикт талбайдаа хожигддог юм даа. Мэдэхгүй ээ нээрээ. Амьд явахад юм юм үзэх болтой.

Энэ долоо хоногт: @ MIA, vs HOU

7. Бостон Сэлтикс (6-4) --- (-2)

W vs DET
W vs MIL
L @ IND
L @ DEN

Бакс, Сиксерс хоёрыг талбайдаа хожсон ч Торонто, Индиана хоёрт хожигдсон Бостоныг бүсийнхээ хамгийн шилдэг нь гэж нэрлэх хэцүү л байна. Гэхдээ агуулгын хувьд Сэлтикс бол Уарриорсын адилаар бүсдээ хамгийн чанартай баг нь хэвээрээ. Гордон Хэйвард ер нь хуучин формондоо дахиж очихгүй дүр зураг харагдаад эхэллээ. Гурван хотоор аялах амаргүй хуваарь тэднийг хүлээж байна.

Энэ долоо хоногт: @ PHX, @ UTA, @ POR

6. Индиана Пэйсерс (7-4) --- (+2)

W @ NYK
W @ CHI
W vs BOS
L vs HOU

Рокетсийг хожчихсон бол бараг чансааг тэргүүлүүлэхгүй юу. Гэхдээ удахгүй гаргах MVP Race нийтлэлдээ Оладипог хангалттай магтана аа. Ер нь бол энэ баг яг өнгөрсөн улирал шигээ л тоглож байгаа. Хожих ёстой багуудаа хожно. Сайн багуудтай эцсээ хүртэл тэмцэнэ. Сиксерс, Хит, Рокетс гэсэн гурван сайн баг энэ долоо хоногт тэднийг хүлээж байна.

Энэ долоо хоногт: vs PHI, @ MIA, @ HOU

5. Портланд Трэйл Блэйзерс (7-3) --- (+2)

W @ HOU
W vs NOP
L vs LAL
W vs MIN

Дамиан Лиллард MVP-ийн ярианд жил бүр л яригддаг. Гэхдээ энэ улиралд илүү магадлалтай хэмжээнд яригдах бололтой. МкКоллумын оноо буурсан ч баг нь хожиж байнаа гэдэг нэг зүйлийг илтгэж байна – хоёрхон хүн оноо авдаг баг байгаад дэмий. Портландын сэлгээ лигийн хамгийн шилдэг сэлгээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож эхэллээ.

Энэ долоо хоногт: vs MIL, vs LAC, vs BOS

4. Милуоки Бакс (8-1) --- (-2)

L @ BOS
W vs SAC

Өнгөрсөн жилийн плейоффын хариугаа авч чадаагүй ч Милуокигийн сайн улирал үргэлжилсээр. Гэхдээ асуудал харагдсан шүү – жижиг тавтын эсрэг урт тавт удаан байна лээ. Уарриорсын талбайд хийх тулааныг тэсэн ядан хүлээж байна. Дөрвөн аялан тоглолттой амаргүй долоо хоног байх нь ээ.

Энэ долоо хоногт: @ POR, @ GSW, @ LAC, @ DEN

3.  Дэнвэр Наггэтс (9-1) --- (+3)

W @ CHI
W @ CLE
W vs UTA
W vs BOS

Тиймээ, би энэ багийн чанарт өнгөрсөн улирлаас л итгэж эхэлсэн. Мөрригийн карьерийн дээд амжилт 48 оноо авсан тоглолтыг хараад яагаад орой бүр ингэж идэвхтэй тоглодоггүй юм бол гэж гайхсан. Энэ багт яг бусдаасаа тасарчихсан лидер байхгүй. Тийм хүн байх хэрэгтэй үгүйг хэлж мэдэхгүй ч, Мөррид амин сүнс нь болох боломж хангалттай бий. Чансаа гаргах явцад Дэнвэр тэргүүн байранд бичигдэх нь баттай. Тэр үед сайхан магтая даа.

Энэ долоо хоногт: @ MEM, vs BKN, vs MIL

2. Торонто Рапторс (10-1) --- (+1)

W vs PHI
W @ PHX
W @ LAL
W @ UTA

Кайл Лаури бол Бүх Од тоглогч. Өмнө нь ч өөрийгөө харуулсан, одоо ч өөрийгөө баталж байна. ДеРозаны довтолгоонд хэт даруулдаг байсан нь харагдаж байна. Энэ улиралд тэр чөлөөтэй заал авч байна. Эргэн тойронд нь аюултай шидэгчид, бас дайчин хамгаалагчид. Кавайтай энэ багийн амжилтыг битгий тултал нь холбоорой. Амин зүрх нь Лаури хэвээрээ л юм шүү. Ник Нөрс дасгалжуулагчийг би лав эхний 10 тоглолтын дараах байдлаар Coach of the Year гэж сонгоно.

Энэ долоо хоногт: @ SAC, vs NYK

1.Голдэн Стэйт Уарриорс (10-1) --- (0)

W vs NOP
W vs MIN
W vs MEM

Аваргуудын хувьд асуудал багатай л байлаа. Алфонзо МкКинни гэж энэ залуу чинь Люксенбург, Мексик, Хөгжлийн Лиг гээд аялж өгсөн юм билээ шүү. Уарриорсын скаутуудыг шүтэн бишрэх ёстой.

Энэ долоо хоногт: vs MIL, vs BKN

За ингээд Эддигийнх нь ээлжит чансаа гарч дууслаа. Дараагийн чансаагаар эргээд уулзъя. Санал зөрөлдөнө гэдэг дээр санал нэгдье.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3333 санал өгсөн байна.

Дээшээ