Дамбын Отгонбаяр

Гавьяат жүжигчин, "Хурд" хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч
Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 



Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. 
Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж, ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

-Та бие даасан тоглолтоо “Чи минь байгаа болохоор” дуугаараа нэрлэжээ. Тэр олон дуунаас яагаад энэ дуугаа онцлох болов оо?  

-Энэ дуу 2003 оны уран бүтээл юм. Жаргалсайхан гэж миний найз сэтгүүлч залуу гадаадад байгаа эхнэртээ зориулж “Чи миний инээмсэглэл байсан. Чамтай учраагүй бол санамсаргүй бүхнийг өнгөрөөх байсан. Чи минь байгаа болохоор…. ” гээд үргэлжилсэн үгээр биччихсэн захидлаа үзүүлсэн. Захидал гэх  үү, шүлэг гэх үү мэдэхгүй юм. Юутай ч санаа, агуулга, хайртай эхнэрээ санасан сэтгэл нь надад маш тод сэтгэгдэл төрүүлж, дуу болгож болмоор санагдлаа. Тэгээд дуу болгох гээд үзье гэсэн шүлгээ надад өглөө. Би нөгөө шүлгийг аваад дуу болгох санаатай хоёр өдөр харсан. Тэгж байхдаа “Чи минь байгаа болохоор” гэдэг нэр тавиад шүлгийн хайрцаг хэлбэрт оруулсан. 

-Шүлэгтээ нэр ч өгөөгүй байсан хэрэг үү? 

-Тийм ээ, захиа шиг үргэлжилсэн үгээр бичсэн байсан. Би захианы мөрүүдээс нь түүж аваад дууны хайрцагт оруулсан. Дараа нь Жаргалсайханд шүлгээ харуулаад “Дуу болох дөхөж байгаа шүү” гэлээ. “Тэгээсэй, дуу болчихвол олон гэр бүл, хайртай хосууд сонсоно, бие биеэ улам хайрлана. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн дунд гэр бүл салалт их байна” гэх мэтээр хоёулаа ярилцлаа. Ингээд би гэртээ банзан гитартаа дууг нь орууллаа. 

Эргээд бодоход би эхнэртээ зориулж дуу хийгээгүй юм байна гэдгээ санаж, ханийнхаа  хайр, хамтдаа өнгөрүүлсэн жаргал, зовлон бүхнээ хөгжим болгон сэтгэлдээ бодож, аялгуугаа зохиосон. Тэр үед эхнэртээ “Чи минь байгаа болохоор” дуугаа чамд зориулж зохиолоо гэсэн чинь “Яана аа, энэ дууг хүмүүс сонсох болов уу?” гэж их санаа зовонгуй хэлэхэд нь “Сонсолгүй яах вэ” гэж байлаа. Одоо бид хоёр 22 жил хамтдаа амьдарч байна. Цаанаасаа зохилдолгоо нь бүрдэж төрсөн дуу юм. Жаргалсайхан бид хоёрын хайртай гэргий нартаа зориулсан бүтээл олонд хүрж, өнөө хэр дуулагдсаар байна.  

Дуугаа анх хамтлагийнхандаа сонсгоод дуулж болох нь уу гэсэн Цогоо “Ёстой гоё дуу байна ш дээ” гээд банзан гитартай, хөгжмийн найруулгыг нь хийгээд байхад МҮОНТ-ийн “Хит”-ийн Давааням маань ойрд “Шинэ дуу хийсэн үү? Оогий” гээд утсаар ярьж таарсан. Энэ дууныхаа тухай хэлтэл Давааням камераа аваад хүрээд ирлээ. Үгээ харж байгаад банзан гитартай дуулсан бичлэг МҮОНТ-ийн фондод байдаг. Түүнээс хойш “Өдөр, шөнө” цомгоо Бээжинд бичүүлэхдээ энэ дуугаа оруулсан. Энэ цомогт Аавдаа би хайртай, Жаргалтай хүний нүдэнд нулимс зохидоггүй, Чи минь байгаа болохоор зэрэг хүчтэй дуунууд орсон доо.  

-“Хурд” хамтлагийн уран бүтээлээрээ халгиж цалгиж, сонсогчдыг байлдан дагуулж явсан дуунууд шүү дээ?  

-Ер нь тэгж хэлж болно доо. “Чи минь байгаа болохоор” дууныхаа клипийг ч хийлгээгүй, дуугаа FM-үүдээр явуулахад хит парадад нь тэргүүлээд эхэлсэн. Маш энгийн амьдралаас ургаж гарсан бүтээл удаан амьдардаг гэдгийг би энэ дуунаасаа ойлгосон. Миний уран бүтээлийг, намайг төлөөлөх ээлжит хит дуу ингэж бүтсэн түүхтэй. Тиймээс цаад утгаараа бидний уран бүтээлийг тосон авдаг Монгол түмэн маань байгаа болохоор “Хурд” хамтлаг байж л байна. Аль ч агуулгыг нь бодсон “Чи минь байгаа болохоор” дуугаар концертоо нэрлэх нь зөв гэж шийдсэн. Энэ дуу гарснаас хойш “Тэр минь байгаа болохоор гэсэн утгатай үг хэллэг, рекламууд хүртэл гараад эхэлсэн. Тэр реклам явахад би надаас санаа авсан байна гэж бухимдах биш баярладаг. Тэр бүхнийг явахад би бүтээл хийсэн юм байна гэж дүнгээ авч байгаа хэрэг.  

Хүүхдэд зориулсан уран бүтээлүүд хиймээр санагдаж байна

-Энэ 25 жилд Та юу амжуулав? 

-“Хурд” хамтлаг энэ жил 25 дахь жилийн ойтойгоо золголоо. Энэ хугацаанд бид бизнес хийгээгүй, улс төр хөөгөөгүй зөвхөн уран бүтээлээ л туурвилаа. Харамсах зүйлгүй амьдарна гэдэг энэ байх. Эргээд харахад сайхан байна. Бид өнгөрсөн аравдугаар сард “Нар” концертоо амжилттай тоглолоо. Гитараа тоглосоор явтал 25 жил өнгөрчихөж. Одоо бидний хамтлаг 30 дахь жил рүүгээ хэвийж байна.

Хамтлаг бол миний ар дахь маш том хөдөлгөгч хүч. Олон түмний хайр, хүндлэл бүх зүйл “Хурд”-аар дамжиж ирсэн. Манай хамтлагийнхан, ахан дүүс минь миний юугаар ч сольшгүй эрдэнэ дээ. “Хурд” 25 настай болж, эрийн цээнд хүрлээ. Одоо жаахан нийгэм рүүгээ хандсан бүтээлүүд, амьдрах эрч хүч, урам зориг, ухаан мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Мөн залуу үе, хүүхэд багачуудад зориулсан уран бүтээл хиймээр санагдаж байна. 

-“Хурд” хамтлаг өнгөрсөн аравдугаар сарын эхээр “Нар” концертоо тоглосон. Та яагаад сарын дараа бие даасан тоглолтоо хийхээр шийдэв ээ? 

-“Нар” концертыг хоёр өдөр тоглосон нь арай багадсан байна лээ. UB Palace бол манайдаа байгаа хамгийн олон суудалтай концертын танхим. Энд хоёр өдөр тоглоход 6000 хүнд л хүрнэ. Урлаг, спортын ямар ч арга хэмжээ зохион байгуулдаг 5-10 мянган хүний суудалтай том танхимтай болохсон гэж боддог юм. Гэхдээ зүгээр ээ, сүүлийн үед UB Palace маш сайн засвар хийж, дулаахан болсон. Гэрэл, хөгжим техникүүдээ бүгдийг сольсон байна. Сая концерт тоглоход үзэгчид сэтгэл хангалуун байсан, ая тухтай болсон байна лээ. 

-Шоу концертууд тасралтгүй гарч байна. Билет зарагдах болов уу?

-Гайгүй, билетээ захиалчихсан, хүмүүс бие биеэ тэврээд үзнэ гээд л хүлээж байгаа. Би мэдэж байна. Билет зарагдаасай, хүн үзээсэй гэж санаа зовохоос илүү чанартай бүтээлүүд хийх, маш сайн концерт тоглох ёстой. 10 хүн ирсэн ч, 10 мянган хүн үзсэн ч яг адилхан хөтөлбөрийн дагуу чанартай концерт тоглох ёстой. Урлагийн хүн тийм байх ёстой. “Хурд” харин бага тоглодог, хүмүүс “Та нар яагаад 2-3 жилд нэг концерт тоглодог юм” гэж шүүмжилдэг. Нэг концерт хийхэд 80-100 сая төгрөг хэрэгтэй. Тэр бүхнийг бүтээж, биелүүлэхийн тулд цаг хугацаа зарцуулдаг. Зүгээр нэг зарлал тавиад концерт тоглодог бол амар л байна. Ард нь 130-140 хүнтэй маш том баг ажиллалаа.

“Нар” концертдоо бид наадмын дараачаас бэлтгэж эхэлсэн. Миний уран бүтээлийн концертод дуучин Сараа, Ариунаа, Наран, Сэрчмаа, Баярцэцэг гээд манай таван поп дива, хамтлагууд, дуучид хөгжимчид оролцоно. Рок, попынхноос хамтарч ажиллаагүй уран бүтээлч байхгүй дээ. Сайхан сэтгэлтэй, тусч байх хэрэгтэй. Ээж, аав минь биднийг яг ингэж сургасан. Уран бүтээлээ чин сэтгэлээсээ хийсэн учраас бүтээлүүд минь олон жил дуулагджээ гэж боддог. Намайг өсгөж хүмүүжүүлсэн ижий, аав, ах нартаа би баярлаж явдаг. Энэ уран бүтээлүүдийг хамтран туурвисан уран бүтээлч найзууд, рок попын шилдгүүд бол энэ цаг үед хамт байгаа үнэт эрдэнэ гэж хэлнэ. Энэ цаг үеийг онож төрснөө маш их аз гэж боддог шүү. 

Voice шоу бол миний уран бүтээлийн хувьд "цэвэр агаар" байсан

-Монголд анх удаа зохион байгуулсан “Voice” шоуны шүүгчээр Та ажиллалаа. Ямар сэтгэгдэл төрөв? 

-Voice руу ороод тэс өөр орчныг мэдэрсэн, энэ шоу намайг уран бүтээлчийн хувьд маш их хөглөсөн. “Voice”-оос хойш таван шинэ дуу төрлөө. Шинэ залуу үеийн урсгал, дэлхийн хэмжээний том шоу Монголд орж ирж, анхны шүүгч болсноороо шинэ үеийн хүүхдүүдийн сонирхол, хэл яриа, үйл хөдлөл. Тэднээс маш их зүйлийг олж харж, ихийг сурч байгаа юм. Отгонбаяр дахин апдэйт хийгдлээ л гэсэн үг. Уран бүтээлчийн хувьд эргээд 1990 он руугаа очсон мэт санагдаж байгаа юм. 

Миний концертод “Voice”-ын шонхрууд дуулна, хит дуунуудаа дуулуулна. Хамгийн төгсгөлд нь мэдээж Хурд хамтлаг базаж, шилдэг найман дуугаа дуулна. Хөгжимчдөөс Чинбаатайгаа Б.Шарав гуайн “Манан”-гаа тоглоно. Гавьяат жүжигчин, ятгачин Мөнх-Эрдэнэ бид хоёр нэг шинэ бүтээл бэлдэж байна гээд яривал сонин сайхан ихтэй дээ. 

-Voice-ын хоёр дахь улирал он гараад эхэлнэ гэж дуулсан. Та шүүгчээр ажиллах уу? 

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Цаанаасаа шийдэх байлгүй. Хоёр дахь улиралд яг бэлдсэн, мундаг хүмүүс ирэх байх аа. Монголд дэлхийн хэмжээний ийм том шоу байгаа нь соёл урлаг хөгжиж байгаагийн л илрэл юм шүү.

-Та таван шинэ дуу бүтээлээ гэж хэлсэн. Биднийг ирэхэд Дуучин Цогоо ах бас нэгэн шинэ дуугаа бичүүлж байна. Шинэ уран бүтээлийнхээ сониноос дуулгаач? 

-“Дэргэдээс минь налаад” гэдэг шинэ дууг Цогоо бид хоёр бичүүлж эхлээд байна. “Чи минь байгаа болохоор” концертын үзэгчид анхны сонсогчид нь болно.

-Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Манан” хэмээх аялгуу төгөлдөр хуурч Б.Чинбат Та хоёрын тоглосноор дахин төрсөн мэт санагддаг. Та юу гэж бодож байна вэ? 

-Шарав гуай ч гэсэн өөрөө би яг энэ тоглолтыг 30 жил хүлээлээ гэж хэлсэн. Ингэж тоглуулахсан гэж бодож явсан юм байна. Анх Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт дээр “On n Off”продакшнд тоглосон, гоё болсон. Дараа нь Voice-ын тайзнаас хамгийн олон хүнд хүрч байгаа нь тэр.  Миний хувьд ч гэсэн юманд сэтгэл ханана гэж байдаг даа, яг тийм мэдрэмж өгсөн бүтээл болсон доо.“Манан”-г бид хоёр Чинбаагийн концертод тоглосон. Хүмүүсийн алга ташилт, хайр хүндлэл тэр энергийг бие сэтгэлдээ шингээх шиг сайхан мэдрэмж энэ ертөнцөд үгүй юм. “Манан”-г тоглох, сонсох бүртээ амьдралдаа яаж явсан болон яаж явах ёстойгоо мэдэрдэг, агуу аялгуу. Энэ бүтээл давтагдашгүй, хүнд хүрэх сүнстэй бүтээл. 

-Энэ хэний санаа байсан бэ? 

-Б.Шарав гуай Чинбааг дуудаад нэг ийм киноны хөгжим байдаг юм гээд төгөлдөр хуур дээр тоглож өгөөд “Чи хөгжмийн найруулгыг нь шинэчлээд, соль гитартай тогловол ямар байна” гэсэн юм билээ. Чинбаа ч “Болж байна” гээд надад хэлсэн. Үүнтэй холбоотой багын дурсамжаа ярихад, 1986-1987 оны үед “Илүү сартай зун” кино гарсан. Би их уяхан хүн байхгүй юү, тэр кино үзчихээд тэргэнцэртэй эгчийг маш их өрөвдөж, цаашид яадаг бол санаа зовж байснаа тод санадаг юм. Энэ кинонд Ариунаа далайн эрэгт “Галаа … “ гэж хашгираад тэргэнцрээсээ уначихдаг хэсэгт “Манан”-гийн аялгуу явдаг даа. Тэр хөгжмийг сонсоход  /аялав/ надад нэг л өөр мэдрэмж, сэтгэгдэл төрүүлсэн.

Хүний сэтгэл хөгжим хоёр уялдаатай юм байна, ард нь ийм хөгжим байхгүйсэн бол гэж бодоход санаанд ер буудаггүй юм. Хөгжим гэдэг хүний оюуныг тэтгэж, соён гэгээрүүлэгч талх тарианаас илүү юм байна гэдгийг би тэр үеэс мэдэрсэн. Хөгжмийн зохиол руу шамдан орох хүсэл тэмүүллийг өрдөж өгсөн зохиол доо. Хөгжмийн зохиолч болох нь миний багын мөрөөдөл байсан юм шүү. Одоо энэ бүтээлийг найз Чинбаатайгаа дахин тоглоод явж байдаг. Юм гэдэг сонин шүү, цаанаасаа учир ерөөлтэй. Ялангуяа Б.Шарав гуай, Н.Жанцанноров гуай, Б.Бямбабаяр, Г.Алтанхуяг ах, алтан үеийн мундаг зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг үеийн үед дахин амьдруулж, хойч үедээ хүргэж тоглох ёстой. Эд нар л хүн яаж амьдрахыг бүтээлээрээ дамжуулан хэлж байдаг, эд нарт л ухаан бий. 

-Танаас шинэ бүтээл шинэ аялгуу ямар үед төрдөг вэ?

-Сэтгэл санаа амар тайван үедээ л зохиодог. Цаанаасаа л нүдэнд харагдаад, машинд явахад ч, гэрт ч  хаана ч байж болно. Гол нь би бусдаас аль болох өөр байх ёстой, өөрийн гэсэн хөг аялгууг гаргах ёстой гэсэн шаардлагыг өөртөө бага байхаасаа л тавьдаг байлаа. Гэхдээ би нэг их юм уншаад, судлаад, шунасан юмгүй ээ. Яг өөрийнхөө өгөгдлөөр л яваа гэж боддог. 

Том ахын минь зохиосон "Цэргийн бодол" дуу л бидний замыг засаж өгсөн дөө 

-Гитар Та хоёрын анхны уулзалт хэзээ байв. Цаашид ч олон он жил, цаг хугацааг хамтдаа туулах байх даа? 

-Гитар бид хоёр мэдээ орохоос эхлэн найзалсаан. Мэдээ орно гэхээр 1976-77 оны үеийг л ярих гээд байна. Би 1981 онд сургуульд ороод, хөдөөний хүүхэд Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд нэгдүгээр ангид орсон. Би улаан хацарласан хүрэн формтой хүүхэд хүрлийгээд л суугаад байдаг. Удалгүй урлагийн үзлэг боллоо. “Сансрын нисэгч ах аа Сайн яваад ирэв үү” дууг манай ангийн хүүхэд гитарт тоглох болсон чинь чаддаггүй ээ.

Би багаасаа ах нартайгаа гитар тоглосон ангийнхан дундаа л мэргэжлийн гитарчин байгаа юм. Тэгсэн хэр нь “Багш аа, би тоглоё” гэж хэлж зүрхлэхгүй, доошоо хараад л чимээгүй суудаг. Гэнэт зориг орж ангийн даргадаа, “Наад гитарыг чинь би тоглоё” гэсэн чинь “Манай ангийнхан чи тоглодог юм уу?” гээд гайхаж харцгааж байлаа. Тэгээд л тоглосон, хөдөөний бор хүү чинь ангидаа “од” боллоо доо. Урлаг гэдэг тийм агуу. 

-Тэр үед Та өөрөө гитартай байв уу? 

-Ах нарын банзан гитар байдаг. Би гитараа барьж ирээд л тоглодог. Ангийнхаа урлагийн үзлэгийг  олон жил  бэлтгэж, найруулаад, манай анги урлагийн үзлэгээр санаа зоволтгүй болсон. Тэгээд 1990 онд есдүгээр ангид байхдаа “Чоно” хамтлагийн дуулдаг “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дууг ангийнхаа охидод зориулан зохиож байлаа. Анхны дуу минь тэр, дараа нь “Чимээгүй ирэх дурлал” гээд үргэлжилсэн дээ. Аравдугаар анги төгсөлтийн монтаж дээр “Монголын №1 гитарчин болчихоод ангийнхан биднийгээ мартав аа” гэж бичсэн байдаг. “Чи минь байгаа болохоор” тоглолтдоо ангийнхаа 21 хүүхдийг урьчихаад сууж байна даа.

-Танайх олон хүүтэй айл, өнөр олуулаа айлын хүүхдүүд. Олон ахтай байх ямар байдаг вэ? 

-Бид нар аав, ээжээс 11-үүлээ. 10 хүү, нэг охинтой айл. Би ес дэх нь. Олон ахтай байх сайхан байлгүй яах вэ. Аав ээжээс гадна ах нар биднийгээ сургаж, дүү нарынхаа замыг засаж явдаг юм. “Цэргийн бодол”-ыг манай хамгийн том ах 1978 онд зохиосон, одоо 40 жил боллоо. Энэ дуу л бидний замыг засаж өгсөн шүү дээ.

-Ах нараас хэн нь Танд гитар тоглож сургасан бэ? 

-Ах нар гитар тоглохыг заахгүй ээ, дуртай юм бол өөрөө сур гэдэг. Ер нь манайхан бүгд л бие дааж сурцгаасан. Тэр үед банзан гитар хангинаад л, ах нар Орос цэргийн ангид очиж гитар тоглодог, оросууд ч манайд ирж орос дуунууд, Битлз тоглодог байлаа. Ах нар өөрсдөө мод хөрөөдөж, гитар хийж будаад, тэрийгээ наранд хатаагаад “Хүрвэл дэмий шүү” гэдэг байлаа. Хэн ч хүрэхгүй, зайнаас хараад зогсдог хүүхдүүд байсан. Ах нарыгаа хараад л ер нь хүн ингэж л амьдрах ёстой юм байна гэж ойлгосон хэрэг. Баянгол дүүргийн 20 дугаар сургууль, “Ган зам”чуулгын дуу хөгжмийн Чүлтэмдорж багш бол бидний суурийг маш зөв тавьж өгсөн. Тэр хүн Дамбын “шар”-уудыг “Ган зам” чуулгад ороход нэг хоёроор нь гүүрээр гаргаж, өөрөө хэдэн өдөр шөнөөр суудаг байсан.

Багш нот уншуулаад байхгүй, кассетнаас юм гарга гэдэг. Кассетны хөгжим сонсож, гитарт оруулдаг. Тэр сургуулиараа Чүлтэмдорж багш бидний хөгжмийн мэдрэмжийг маш сайн хөгжүүлсэн. Ангид хоол, унд ч үгүй түгжээд явчихдаг. Орж ирж шалгаад, болоогүй байна аа гэж түгжээд явчихдаг байсан. Тавдугаар ангийн надад тухайн үед ямар хэцүү санагддаг байв аа, одоо санахад намайг гитарчин болгох гэж л миний багш өдөр, шөнөгүй ажиллаж, намайг гэртээ хонуулж, хооллож явжээ. Намайг хөдөө гэр лүү явуулахгүй дагуулаад цэргийн ангиудаар тоглолт хийнэ, Октябрын районы албан байгууллагуудын цэнгээнт бүжгийн цахилгаан хөгжим тоглодог байлаа. Шинэ жил болоход бүр завгүй, шинэ жил бол хамгийн том бэлтгэл байлаа. 

“Ган зам” чуулгад манай Ганбаяр ах, гитарчин Нааяа, Мөнхөө, бөмбөрчин Отгонбаатар байсан. Манай Цогоо багадаа дуулдаггүй байсан, цэргийн алба хааж ирснээс хойш хожуу дуулах болсон. “Хурд” хамтлаг байгуулагдаад дуучин авах гэж 70 гаруй дуучин шалгасан. Цогоо “Би дуулъя л даа” гэхэд нь  “Болоогүй ээ” гээд л голдог байлаа. Голоод алдахаа шахсан шүү. /инээв/ 

-“Хурд”-ын хүүхдүүд том болцгоосон байх аа. Дуу хөгжимд дуртай хүүхдүүд байх юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Сая “Нар” тоглолтод манай хүүхдүүд аав нартаа мэндчилгээ дэвшүүлж, “Металлика” тоглосон. Бидний анх сонсож, гитарын барилтуудыг гаргаж сурч байсан тэр хөгжмийг манай хүүхдүүд өөрсдөө бэлтгээд тоглосон. Одоо 17-18-тай хүүхдүүд, дахин нэг “Хурд” гарч ирж байна гэж манай найзууд хэлдэг. Бидний хүүхдүүд өөр өөрийн сонирхлоор гадаад,  дотоодод сурцгаалаа. Эргэж ирээд л бөмбөр, гитараа л бариад авч байна. Энэ урлаг гэдэг цаанаасаа өгөгдөлтэй, хорьж болдоггүй юм. Өөрөө яг тэр замналаар явж ирчихээд “боль” гэлтэй нь биш дээ. /инээв/ Ний нуугүй хэлэхэд бид нар юун дээд сургуульд сурах. Нийгмийн шилжилтийн үе таарсан, бор давснаас өөр юмгүй байхад аав, ээж хоёр минь энэ олон хүүхдийг яаж дээд сургуульд оруулах вэ. Банзан гитарын хэлтэрхий олдсон нь их юм шүү дээ. Тийм нөхцөлд л дуу хөгжимдөө хайртай болохоор ухрахгүй зүтгэсээр өнөөг хүрсэн. Амьдралд хайртай, өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун явах сайхан зүйл үгүй. Сэтгэл дүүрэн, сайхан амьдрахад их мөнгө төгрөг, эд бараа ер хэрэггүй. 

 

Харүмафүжи Д.Бямбадорж надад үйлдвэрлэхээ больсон маш ховор гитар бэлэглэсэн 

-Амьдрал бол тэмцэл юм гэж Б.Шарав гуай хэлсэн байсан. Тийм үү? 

-Тийм шүү. Амьдрал тэмцэл гээд бусадтай тэмцэж байгаа зүйл огт үгүй. Хүн өөртэйгээ тэмцэж, өөрийгөө л ялж сурах хэрэгтэй. Өөрийгөө ялж чадаж байвал жинхэнэ утгаараа амьдарч байгаа нь тэр. Ялж чадаагүй бол яагаа ч үгүй байна. Бусдын амжилтад баярлаж, алгаа ташин баяр хүргэж, үлгэр жишээ авах хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр ороод хааяа их гутардаг шүү. 

-Юунаас тэр вэ? 

-Миний ажил төрөл бүтэхгүйдээ биш ээ. Фэйсбүүкээр дүүрэн хар бараан мэдээлэл, хүүхэд багачууд ямар аймшигтай мэдээллийн түрэмгийлэл дунд байна аа. Маш энгийн зүйл шүү дээ, зүгээр л больчих хэрэгтэй юм. Би нэрийг нь цохоод хэлчихье. UB Comedy гэж ямар хачин жигтэй дандаа бөгс бөөр ярьсан хүүхдүүд вэ. Шинэ үеийн залуучууд, хүүхдүүд тэднийг сонсож, үг хэллэгийг нь даган дуурайж байгаа шүү дээ. Комеди гэж урлагийн төрөл нь нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг шүүмжлэхдээ бусдыг доромжлохгүй, хүнийг хайрлаж, гоо зүй, ёс зүйн хэм хэмжээг баримталж үзүүлдэг. Гэтэл фэйсбүүкээр яваад байгаа тэр комедиг үзсэн инээх биш дургүй хүрэх маягтай байна билээ.

-Та уран бүтээлээ хүүхэд, залуу үе рүү чиглүүлье гэдэг тань иймэрхүү зүйлээс улбаатай байх нь ээ? 

-Яг тийм. Нийгмээ шүүмжилж хэдэн үг хэллээ гэхэд нэг хоёр л хэлнэ, гурав дахь удаад нь тоохгүй. Түүний оронд уран бүтээл, дуу хууруур дамжуулан мессэж өгөх нь зүйтэй гэж бодох болсон. Энэ төсөл дээр надтай хамтарч ажиллах уран бүтээлчид гарч ирэх байх аа. 

-Таны уран бүтээлүүд тасралтгүй ундарч, эрч хүчтэй байгаагийн нууц юу вэ? 

-Нэгдүгээрт эрүүл байх хэрэгтэй. Үүний тулд өдөр бүр спортоор хичээллэдэг. Гүйнэ, бокс тоглоно. Өдөрт нэг цагийг спортод зориулсан байхад тэр өдөртөө бие хөнгөн сэтгэл ч өөдрөг байдаг. Нар луу хараад 10 минут юу ч бодолгүй суучихдаг. Байгаль ус дэлхийгээсээ л энерги авдаг. Булаг ус уух дуртай. Зөв эерэг сэтгэл хүнд маш их энерги өгдөг. Бүх зүйл маш энгийн. Махан биеийг төрүүлсэн ижий аавд, тэдний хүмүүжилд их учир бий, надад ч бас их учир байгаа. 

-Ямар нэг эзгүй арал руу нэг зүйл авч яв гэвэл Та юуг авч явах вэ? 

-Гитараа үүрээд л гарна даа. Гитар дотроо хэдэн сайхан шүлгийн ном хийчихсэн байхад хоол ундны ч хэрэггүй ээ. Өлсгөлөн хүн уран бүтээл сайн хийдэг. Мацаг барихад оюун тархи сэргэнэ. Би одоогоор мацаг барьж үзээгүй л явна, мацаг барихаар хоолоо хасаж эхлээд байна. Урлагийн хүн өлсгөлөн, тарчигдуу байх хэрэгтэй санагдсан шүү. Мөнгөтэй, цатгалан байхад уран бүтээлээ хийхээ болино.   

-Таныг Монголд ганц байдаг хоёр гартай гитартай гэдэг. Тэр нь ямар учиртай гитар вэ?

-Тэр яах вэ, Америкийн Gibson брэнд гитар үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай. 100 жилийн ойгоороо 1999 онд 100 ширхэг хоёр гартай, тусгай гитар гаргасан. Дээрээ 10, дороо зургаан утастай, хослуулан тоглодог гитар л даа. Ийм моделиуд өмнө нь гарч байсан. Гэхдээ миний барьж байгаа нь дэлхийд 100 ширхэг байгаагийн нэг нь. Би 2000 онд авсан. Дуугаралт бол үнэхээр мундаг, би одоо ч тоглож л байна. 

-Та гитарын цуглуулгатай байх аа?  

-Гитарууд бий бий. Хуучин гитарууд маань музейд тавигдахаар болж байна. Хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл хөгжиж, гитаруудын дуугаралт улам мундаг болж байна. Гэхдээ гитарын мод хамгийн чухал, гитарын үнэ цэнэ модондоо оршдог. Канадын модон гитарууд маш үнэтэй. Орчин үеийн гитаруудын мод хуучныхдаа хүрэхгүй болсон. Хэдэн зуун жил ургасан модыг тайрч ганцхан гитар гаргадаг гэхээр байгаль орчин халтай үйлдвэрлэл болж байгаа биз.

Gibson компани саяхан дампуурлаа зарласан нь модноосоо болсон. Олон зуун жил ургуулсан модыг тайрахыг хориглосноос түүхий эдийн хомсдолд орсон хэрэг. Энэ ногоон дэлхийн эсрэг үйлдвэрлэл болж хувирсан. Тэгэхээр бид нар ч гэсэн үнэтэй цайтай гитаруудаа гарал үүслийн бичигтэй нь хил гаалиар авч явахгүй бол асуудалд орно. Хамгийн сүүлд саяхан даа, монгол түмний хайртай хөвгүүдийн нэг, найз дүү маань маш ховор гитар бэлэглэсэн.

-Тийм үү, ямар гитар хэн бэлэглэсэн бэ? 

-Мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Voice шоуны финалын үеэр надад PRS гэж гитар бэлэглэсэн. Энэ бол маш ховор, үйлдвэрлэхээ больсон гитар л даа. Энэ их түүхтэй. Ама сүмо барилдахаар Япон яваад удаагүй байхад аав нь Давааням заан “50 нас” гэж шүлгийн номоо гаргасан. Ама бага хүү нь шүү дээ. Хүүгээ их санадаг байсан учир “Хүүдээ” гэж шүлэг бичсэн. Би шүлэг унших дуртай юм чинь номыг нь уншиж байгаад тэр шүлгэнд нь ая хийж, манай хамтлаг дуулсан.

Давааням заан ч их баярласан, машиндаа байнга сонсож явдаг байсан. Түүнээс хойш удаагүй харамсалтайгаар өөд болсон доо. Ама дээд зиндаанд дөнгөж орох гэж байсан үе юм. Аавынх нь сургааль захиас байсан учир Ама тэр дуугаа сонсоод л бэлтгэлээ хийдэг байсан гэдэг. 2017 оны хавар манай хамтлаг Японд тоглолт хийхэд Ама “Би танд нэг л гоё сэтгэлийн бэлэг өгмөөр байна. Юу байх болох вэ?“ гэж асуусан. “Өөрөө л мэд ээ, би гитарчин хүн учир гитар сонирхдогоо хэлээд PRS-ийн гитар захиалсан. Үйлдвэрлэхээ больсон маш ховор гитарыг олж авч чин сэтгэлийн бэлэг болгож өгсөн юм. Сая “Нар” концертдоо тоглосон үнэхээр гайхалтай дуугарч байна. Яг л миний хүсэж, мөрөөдсөн дуугаралтыг гаргасан, энэ концертдоо ч тэр гитараа тоглоно.

-Тэр ховор гитарыг аварга хүн олсон л байна даа? 

-Тийм ээ, Японоос хайж байгаад л олсон гэсэн. Их л өндөр үнээр л авсан байсан. Үнээсээ илүү хүний сайхан сэтгэл шингэсэн гитар. Аливаа юманд эергээр тусгаж, зөв сайхан сэтгэл гаргаж, ажлаа чин сэтгэлээ хийхэд ерөөл буян нь ирдэг юм байна. Давааням заан тэр шүлгийг дуу болгоё гэж надад хүсэлт тавиагүй. Би уран бүтээлчийн мэдрэмжээрээ тэр шүлгийг сонгож авсан. Сайн гитар маш үнэтэй, магадгүй алдартай гитарчдын тоглож байсан гарын үсэгтэй бол бүр үнэтэй байдаг. Би хөөрөг сонирхдоггүй л дээ. Гэхдээ хөөрөг гитар хоёрын үнэ цэнэ агаар нэг санагддаг. Он удаан жил барьсан, энэ тэр үеийн хөөрөг гэхээр үнэлгээгүй болчихдог шүү дээ. Хүн дуртай өндөр үнээ хэлж болдог. Миний хуучин гоё гоё гитарууд зөндөө бий, тэр болгон өөрийн түүхтэй.  

-Таны анх тоглож байсан гитар бий юү? 

-Байгаа, шилэн хоргонд хийгээд гэртээ залчихсан. Анх л 1990 онд “Цэргийн бодол” дуугаа тоглосон мэргэжлийн гитар. Тэр үед Монголд мэргэжлийн гитар орж ирээгүй байсан. Мэргэжлийн гитарууд Монголд 2000 оноос л орж ирсэн. Түүнээс өмнө Монголд амьдрал ямар байлаа даа, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг байсан үе шүү дээ. Одоо бол үзэгч, сонсогчид урлагийг үнэ цэнэтэй болгож байна. Бид олсон мөнгөөрөө дуугаа бичүүлнэ, клипээ хийлгэнэ. Гитар зэмсгүүд, техник хэрэгслээ авч байна, гоё дуугаргахын тулд авахаас аргагүй шүү дээ. 

-Концертынхоо бэлтгэл ажлын хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Уран бүтээлт тань амжилт хүсье!

-“Хурд”-ын, Отгонбаярын дуунд дуртай сонсогч та бүхэн “Чи минь байгаа болохоор” концертыг гэр бүл,  найз нөхөд, ижий аавтайгаа ирж үзээрэй. Би хамгийн сайхан концертыг, гоё аялгууг энэ хоёр өдөр өгөх болно оо. Ярилцлага хийсэн GoGo.mn сайтын хамт олонд ширхэг чулуу, хээрийн өвс гэдэг шиг Та бүхний арын албанд ажилладаг машины жолоочид хүртэл ажлын амжилт хүсмээр байна. Та нар олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд манлайлж явах ёстой шүү гэж хэлээд, уран бүтээлийн амжилт хүсье. 

… Тэр өөрөөсөө урган гарах эгшиг аялгуу мэт гэгээн бодолтой, басхүү тасралтгүй оргих булгийн ундарга шиг эрч хүч дүүрэн уран бүтээлч. Бидний яриа ийн өндөрлөж, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр гитараа авч Та бидний хэзээний танил “Чи минь байгаа болохоор” аялгуугаа эгшиглүүлсээр хоцров. Есхөн хоногийн дараа болох контертод нь Уншигч Та бүхэн түүнтэй дахин уулзана.   


Гэрэл зургийг Д.Жавхлантөгс 

 

Санал болгох

Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2965 Дэлгэрэнгүй
Орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 2012-2016 оны Парламентад УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2016 оны сонгуульд ялагдчихаад “Ногоон нүдэн лам” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичих цаг гарлаа хэмээн, шууд ажилдаа орж, 2017 оны арванхоёрдугаар сард “Жаран цагаан хонь” хэмээх шинэхэн романаа удтал хүлээсэн уншигчдын гарт тавьж байв.Нөхөртэйгээ хамтран бичиж 2008 онд хэвлүүлсэн “Ногоон нүдэн лам” романыг шимтэн уншсан олон мянган уншигчдын хүлээлт хийгээд урмыг “Жаран цагаан хонь” хугалаагүй бөгөөд худалдаанд гарснаас хойш өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлерийн жагсаалтаас буугаагүй байна. 
Ц.Оюунгэрэл 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Жорлонгоо өөрчилье” төсөл санаачилж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангуулахын төлөө ажиллаж буй юм.

Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

2018-09-30 133 1816 Дэлгэрэнгүй
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 90 815 Дэлгэрэнгүй

Дээшээ