ЖДҮ зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг 2020 онд шалгах бүрэн боломжтой
Хуульч О.Алтангэрэл

"Хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгөх үү, яах вэ /улсын төсөв хэцүү байна/, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг болиулж сургууль баримаар л байна /улсын төсөвт мөнгө байхгүй/, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд цэцэрлэг барьж өгмөөр л байна даанч мөнгө байхгүй" гэж олон ч УИХ-ын гишүүн, дарга сайд нарын амнаас сонсож бид өнөөдрийг хүрсэн дээ.

Хоёрхон настай бяцхан үр нь цэцэрлэгийн сугалаанд аз таараагүйд гоморхсон ээж, 20 хүнийг ажлын байраар хангадаг ч хөрөнгө оруулалтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон бизнесмен, улсаас өгдөг хүүхдийн 20-хон мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг айл, ажил олдохгүй зам дээр халтуур хийн сэлгүүцдэг залуус бүгдээрээ гомдолтой байна. 

"Хэн мэдээлэлд ойр нь боломжийг авдаг л даа" хэмээн янтайх УИХ-ын гишүүн хатагтайд, хууль бус хэргийг чинь шалгах хэрэгтэй байна гэсэн прокурорыг шаралхан загнах гишүүдэд, "Би дүүдээ 2 тэрбумыг нэмж өгнө" хэмээн баярхах "сайн ах"-д, "Төлчихье, май" хэмээн зандчих гишүүдэд монголчууд эгдүүцэн дургүйцэж, уурлан гомдож байна.

Гэвч чихрээ булаалгасан мэт гоморхох бидний гомдлыг хэн тайлах юм бэ?

"Хурц өнцөг" энэ удаагийн дугаартаа хуульч О.Алтангэрэлийг урьсан юм.

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.

О.Ариунбилэг
Сэтгүүлч

Боловсрол:

1988-1989 онд Өвөрхангай аймаг Уянга сумын арван жил
1989-1998 он д Өвөрхангай аймаг Арвайхээр хот 1-р сургууль
1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль

Ажлын туршлага:

2003-2006 онд ШШГЕГ-т Сургалтын офицер,
2006-2007 онд МӨХ-ны сургалтын дэд хорооны дарга,
2007-2008 онд “Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төв”-ийн тэргүүн,
2009-2012 онд “Легалконсалтинг” хуулийн фирмийн захирал
2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж юуг хэлдэг вэ?
Албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд нийцүүлж ашиглахыг л хэлж байгаа юм. Гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгэхгүй байх эс үйлдлийн тухай, гүйцэтгэх ёсгүй зүйлээ гүйцэтгэсэн тухайг хэлдэг. Ер нь албан тушаалын гэмт хэрэг бол маш өргөн ойлголт. Албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, авлига авах өгөх гэх мэт ч орно. Албан тушаалтай холбоотой бүхий л хууль бус алхмыг “албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг” гэсэн нэг малгайнд оруулдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүний дүү нь, эхнэр нь, ах эгч нь гэх мэт ойрын хамаарах төрлүүд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчихаад байгаа энэ хэрэг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцогдох уу?
Яг хуулийнхаа нэр томъёоллоор “албан тушаалаа урвуулан ашигласан” гэдэгт орохгүй.
Яагаад?
Эрүүгийн хууль их онцлогтой. Эрүүгийн хуульд зааж байж гэмт хэрэгт тооцогддог, Эрүүгийн хуульд заагаагүй бол гэмт хэрэг биш болдог. Энэ гэмт хэрэг рүү хамаатуулж шалгаж магадгүй нэг нөхцөл нь ЖДҮ-ийн зээлийг хариуцан ажиллаж байсан захирал, гүйцэтгэх албан тушаалтнууд гээд одоо хоригдчихсон хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “энэхүү гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон” гэдгээр буруутгах болов уу. Түүнээс шийдвэр гаргах эрх мэдэл нь тэдгээр хүмүүст байсан л гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгтэн нь тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан л байгаа юм. УИХ-ын гишүүн, сайдын хувьд гарын үсэг зурахад нь нөлөөлсөн байлаа ч энэ зүйл ангиар буруутгах боломжгүй.
Яагаад нөлөөлсөн гэдэгт нь орж болохгүй юм бол? Энэ хүмүүс өөрсдөө “энэ зээлийг гарга гэж ярьсан, албан бичиг өгсөн” гэдгээ хүлээгээд байгаа шүү дээ.
Нөлөөлөл бол тов тодорхой харагдаж байгаа л даа. Гэм буруугийн асуудал яригдахгүй юм шиг байгаа юм. Одоо хэдүүлээ нэг зүйлийг бодох хэрэгтэй байна. Хариуцлага байх ёстой. Эрүүгийн хууль бол шоронд явдаг, торгуульдаг ял шийтгэлийн хэлбэр. Гэвч үүнээс өөр олон хариуцлага бий. Улстөрийн хариуцлага байна. Энэ хүмүүс цаашид албан тушаалаа хашаад явах эрхтэй юу үгүй юу, 2020 онд бид энэ хүмүүсийг дахин сонгох уу үгүй юу гэсэн улстөрийн хариуцлага байх ёстой. Захиргааны хариуцлага ч бий. Бид төрдөө гомдчихоод байна. Биднийг харж хамгаалж байх ёстой, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэдэн мянгаар нь дэмжиж байх ёстой төр нь бидний урдуур ороод боломжуудыг маань хулгайлчихсан болохоор бүгдээрээ гомдолтой байна. Тийм учир аль болохоор “цус үзэхийг”, Эрүүгийн хуулиар хорьж шийтгүүлэхийг хүсч байна. Харамсалтай нь өнөөдрийн Эрүүгийн хуулиар шийдэх боломжгүй. Тийм учир цаашдаа анхаарах хэрэгтэй юм байна.

Х.Тэмүүжин хуульч “2015 онд авлигын үйлдэлд албаны эрх нөлөөгөө ашиглах гэдэг заалт Эрүүгийн хуульд байсныг 2017 онд энэ парламент авчихсан. Тийм болохоор энэ хүмүүст хариуцлага тооцох боломжгүй болсон” гэж бичсэн байна лээ. Энэ үнэн үү?
Эрүүгийн хууль 2015 онд батлагдаад хэрэгжиж эхлэх байсан хугацаагаа хойшлуулсаар ноднингийн долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ болтол хуульд нэлээд олон өөрчлөлт хийсэн. Сайн өөрчлөлт байсан байх, саар өөрчлөлт ч байсны тод жишээ нь энэ. Жилийн жилд яригддаг ч шийдэгдэж чаддаггүй асуудлууд байдаг. Жишээ нь, авлигал өгөхийг гэмт хэрэгт тооцох уу, үгүй юу. "Авлигын гэмт хэргийг илрүүлэхийн тулд авлига өгснийг нь ялаас чөлөөлдөг байя" гэдэг ч “Тэгвэл гүтгэчихнэ” гэсээр энэ зүйл заалтыг авалгүй олон жил боллоо. Яг үүнтэй адилаар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд албан тушаалын эрх нөлөөгөө ашиглах гэдэг заалт байсан. Хэрвээ тэр хууль байсан бол энэ хүмүүст эрүүгийн хариуцлага яриад сууж байх байлаа. Яг л энэ Улсын Их Хурал тэр заалтыг хассан. Гэхдээ чухам ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудлаа бодож хассан уу, өөр зүйл бодож хассан уу бүү мэд. Энэ хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож болохгүй байгаа нь яалт ч үгүй үнэн.
Тэгэхээр чинь бид чихрээ булаалгачихаад яаж ч чадахгүй өмөлзөөд зогсож байгаа хүүхэд шиг гомдолтой байна шүү дээ.
Энэ гэмт хэрэг яагаад Эрүүгийн хуульд байх ёстой юм бэ гэдэг дээр нэг жишээ тайлбарлая. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд холбож байгаа гэмт хэргүүдийг нь хараарай. Авлига, хууль бус нөлөөлөл гээд ярьж байгаа. Гэхдээ нөхөр өөрөө авчихсан нь харагдахгүй. Найз эмэгтэй нь ярьдаг, мөнгө авдаг, зуучилдаг. Өөрөөр хэлбэл БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын нөлөөлөл, мандатыг ашиглаж өөр хүн дураар авирлаж, ашиг олсон. Тэгээд ашиг олсон найз эмэгтэй нь ч шоронд явлаа, тэр эмэгтэйд авлига өгсөн том корпорацийн эзэд ч хэрэгт татагдлаа. Хамгийн гол эрх нөлөөгөө ашиглуулсан Ерөнхийлөгч нь 24 жилийн ял авлаа шүү дээ. Гэтэл манай улсад УИХ-ын гишүүн болон сайд нарын өөрийнх нь хувь эзэмшдэг компани зээл авчихсан, эхнэр нь, ээж нь, төрсөн дүү нь зээл авчихаад байхад бид юу яриад сууж байгаа юм бэ. Дэлхий ертөнцийн хөгжил хаа явна, бид хаа явна гэдгийг дэндүү сайн ойлгуулсан хэрэг явдал боллоо. Энэ хүмүүсийн ёс суртахуун хаа хүртэл доошоо унаж вэ гэдгийг нотолж өглөө.
УИХ-ын гишүүд нэгэндээ “ёс зүйн хариуцлага хүлээгээч” гэж зүйлийг яриад байгаа юм. Ёс зүй гэдгээс арай л холдсон мэт санагдана.
Хүн бүхэнд сайн, муу тал байдаг. Төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол түүндээ тохирсон өндөр хэм хэмжээг сахих л ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ гэж байдаг. Хэрвээ зөрчвөл удирдлагаас нь хариуцлага тооцох үндэслэл болдог. УИХ-ын гишүүдийн хувьд онцлогтой нь ёс зүйгээ зөрчсөн эсэхийг нь тогтоодог тусдаа институци байдаг. Энэ бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо. Хэрвээ энэ хүн ёс зүй зөрчсөн байна гэж үзвэл тухайн гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Энэ хэлэлцүүлгийг нь ард түмэн хармаар байна. Хэн ёс зүйгээ алдсан хүнийг хамгаалаад байна, хэн шүүмжлэлтэй хандаад байна. УИХ-ын гишүүнийг буцаан татах ёстой юм уу, эсвэл тухайн хүн өөрийн хүсэлтээрээ гишүүнээсээ татгалзах ёстой юм уу. Одоо л энийг бид нэхдэг цаг.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Та 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс зээл авсан гишүүдийг эргүүлэн татах тухай хандсан. Та ямар горьдлого тээж Цэцэд хандав?
Манай улсад хяналтын механизм нь ажиллаж байж л нийгэм цэвэршинэ. Түүнээс хэн нэгэн ухаантай хүн гарч ирээд энэ бүхнийг засч өөрчлөхгүй. Тэгээд “энэ л нэг гайгүй нөхөр шүү” гээд саналаа өгдөг. Ингэж хайсаар сайн сайхан болохыг харалгүй бидний ээж, аавын залуу нас өнгөрчихлөө. Одоо бид элээж байна. Удахгүй бидний залуу нас өнгөрөх нь. Гэтэл нийгмийн байдал улам бүр дордсоор л. Энэ бүхний үндсэн шалтгаан нь байгаа хууль, тогтолцоогоо ашиглахгүй байгаад байна. УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаа бодоод нэгдүгээрт ард түмнийхээ эрх ашгийг эрэмбэлээд, хамгийн сүүлд хувь эрх ашгаа бодох ёстой байтал бидний урдуур орж өрсөлдөөд, боломжуудыг хулгайлаад байгаа нь Үндсэн хууль зөрчөөд байна гэж хуульч хүнийхээ хувьд хандсан. Үндсэн хуулийн цэцээс эдгээр гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл эргүүлэн татах бүрэн бололцоотой. Энэ үед хэдүүлээ нэг цэвэршиж үзье л дээ. Хууль ёсоо сахиулья.
Дараагийнх нь хүмүүс ч хууль зөрчиж болохгүй гэдгээ ойлгог.
Харин энэ байдлыг далимдуулаад “сонгогчид нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байя” гэж яриад байгаа юм. Уучлаарай, ингэж огт болохгүй. Энэ тохиолдолд төрийн тогтворгүй байдал үүснэ. Тиймээс бусад хуулийн механизмаа ашиглах ёстой. Дэд хороо нь ёс зүй зөрчсөн гэж үзэхэд УИХ-ын гишүүн ёс зүй зөрчсөнөө хүлээгээд, шууд гишүүнээсээ татгалздаг болох тийм жишгийг бий болгох нь зүйтэй. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргалаа гэхэд шийдвэрийнх нь дагуу тухайн гишүүнийг эргүүлэн татдаг болох ёстой.
Ёс зүйн хороо өнөөдрийг хүртэл дугарахгүй байгаа юм чинь тэд лав ажлаа хийхгүй байгаа юм байна, тийм үү?
Ёс зүйн хороон дарга С.Бямбацогт түрүүчийн долоо хоногт “өргөдөл ирээгүй учир бид шалгаж болохгүй байна” гэнэ лээ. Одоо бол өргөдөлтэй болчихсон учир шалгах байх. Би Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дэргэдэх ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороонд тус тус өргөдөл гаргасан. Уг нь энэ ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороо л зээл нь очих ёстой хүндээ очиж байна уу, зориулалтаараа зарцуулагдаж байна уу гэдгийг мэдэж, хянаж байх ёстой газар юм билээ. Энэ дэд хорооны дарга нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд “гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр энэ хэргийг шалгах боломж алга” гэж хэлээд гишүүдэд загнуулаад дуугаа хураах шиг боллоо. Энэ дээр өөр ямар хуулийн гарц байж болох вэ?
Гишүүний бүрэн эрх гэж байх ёстой. Сонгууль болж нэг хүнийг арай гэж сонготол нөгөө гишүүнийг нь захын мөрдөн байцаагч эрхэндээ оруулж, дарамталж байгаад хүссэн шийдвэрээ гаргуулах нөхцлийг олгож болохгүй. Гэхдээ бүрэн эрх нь тухайн хүний улстөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд буюу хууль гаргах, тогтоох зэрэгт хамаарах заалт болохоос хулгай хийгээд бай гэсэн үг биш. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр хэргийг шалгах нь их түвэгтэй. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа гэдэг олон салбар хүрээг хамардаг. Хэрвээ авлига авсан гэж үзвэл өмч хөрөнгө, орон байр, харилцаа холбоо бүх зүйлийг шалгах хэрэгтэй болно. Гэтэл УИХ-ын гишүүний бие, унаа, өргөө бүгд хамгаалалттай болохоор хэцүү л дээ. Гэхдээ прокурорын байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа хүмүүсийг жил гаруйн дараа шалгах бүрэн бололцоотой. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусаагүй байх болно. Дахиад ард түмэн сонгочихгүй л бол шүү дээ.
Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болохгүй тул мухардалд ороод байгаагаа хэлсэн. АТГ-аас ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих сангийн хэргийг шалгаж байгаа. Гэтэл АТГ хэрэг шалгаад прокурорт өгнө. Тэгэхээр ямар ч нэмэргүй юм байна, тийм үү?
Нэмэргүй ч юу байхав бусад нөхцөл байдлыг нь шалгаж л байгаа байлгүй дээ. Хэргийг тусгаарлаж болно. Хууль зүйн хувьд шалгаад явах боломж байгаа. Хууль хяналтын байгууллагууд асуудлаа шалгаад явах байх. Ард түмэн шударга ёсыг л хүсч байна. Яахав дээ, гээд тэсээд явж байтал өөрсдийнх нь хоолноос яаж авч байсныг мэдчихлээ. Орон нутагт иргэд 5 саяас эхлээд дээд тал нь 30 сая төгрөг хүртэл зээлээд, буцааж төлөөд явдаг. Таван сая төгрөгөөр бодоход тэрбум төгрөг чинь 200 таван сая төгрөг биз дээ. Таван сая төгрөгөөр зээл аваад бизнес хийж байгаа хүн ганцаараа ажиллахгүй 2-3 хүн ажиллуулж байгаа. Ингээд бодвол нэг л УИХ-ын гишүүн 400-600 хүний ажлын байрыг булаасан байна. Тэгэхээр бүгдээрээ гомдчихсон хүмүүс шударга ёсыг хайж байна.

Бидний гомдлыг хэн тайлах ёстой юм бэ?
Хууль. Би бол өргөдөл гаргасны хувьд Үндсэн хуулийн цэц нь энэ асуудлыг шийдэж, эргүүлэн татах шийдвэр гаргаж өгөөсэй. Албан тушаалаа ашигласан тул шалгаж өгөөсэй. Батзориг сайдтай холбоотой гишүүнээс нь эргүүлэн татах эсэх тухай ярихад “ганц Батзоригийг ярьж байна” гэж шүүмжлэнэ лээ. Батзориг сайд ЖДҮ-ийн сан тухайн хүний ХХААХҮЯ-нд шууд хамааралтай байсан асуудал шүү дээ.
2020 онд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дууссан тэр үед энэ хэргийг дахин шалгах боломжтой юм байна, тийм үү?
Боломжтой. Би бас бодоод байдаг юм. Хүүхдийн 20 мянган төгрөг өгнө, өгөхгүй гэж маргаж байхдаа “Олон улсын Валютын сан” гэдэг нэг “хадны мангаа” байгаа юм шиг л яриад байсан. Гэтэл одоо энэ ЖДҮ-ийн хулгайгаа өнөөх “Олон улсын Валютын сан”-даа юу гэж тайлбарлах юм бол. Өөр дээрээ бодоод үзэхээр би гэхэд жишээ нь сүүлийн 20 жил өргүй явж үзээгүй байгаа юм. Гэхдээ өр нь бас “дэвшинэ ээ”. Эхлээд ломбардны өр байснаа дараа нь цалингийн зээл, тэгснээ автомашин, орон сууцны гээд л дэвшинэ ээ. Гэтэл энэ хүмүүс шууд л тэрбум, тэрбумаар нь авчихдаг юм байна.
Таны өргөдөлд Үндсэн хуулийн цэц хэдий хугацааны дараа хариу өгөх ёстой вэ?
Маргаан үүсгэх эсэхээ 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Маргаан үүсгээсэй гэсэн хүсэлтэй байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол хуульч хүнийхээ хувьд дахиж ингэж цаас барьж явах нь хэн хэнийх нь цаг завыг үрсэн хэрэг болох юм байна гэж бодож байна.

Сурталчилгаа байрлуулах »
Маркетинг, сурталчилгааны алба: 99081774, 75553131
sales@mongolcontent.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1, Марс төв

© 2007-2018 Монгол Контент ХХК