ҮРГҮЙДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТООН МЭДЭЭЛЛҮҮД ЗӨРҮҮТЭЙ БАЙНА
Энэ удаагийн “Зочин” буландаа эх, хүүхдийн эрүүл мэндийн 88 жилийн түүхтэй төв байгууллагыг тэргүүлж буй анагаах ухааны доктор, хүний их эмч, клиникийн профессор, амь тэнссэн төлөвийн анагаахаар мэргэшсэн Ш.Энхтөртэй ярилцлаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийг 2011 оноос удирдаж буй түүнтэй эх, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, салбарын ололт амжилт, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-ЭХЭМҮТ одоогоор хэчнээн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай төв үндэсний хэмжээнд эх, эмэгтэйчүүд, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа эмнэлэг. Хүүхдийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, эрдэм шинжилгээний салбар гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.
Эрдэм шинжилгээний салбар нь хүрээлэнгийн зохион байгуулалттай, судалгааны ажил хийхээс гадна төгсөлтийн дараах бүх сургалтуудыг хариуцдаг. Сүүлийн жилүүдэд бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.
-Төвийн ачаалал хэр зэрэг нэмэгдэж байгаа бол?
-Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй өсөж байгаа тул ачаалал маш их байна. 2017 оны статистикаар амбулаториор буюу поликлиникийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо 200 мянга давсан. Тэдний 40-өөд хувь нь хөдөө, орон нутгаас, үлдсэн нь нийслэлийн бүхий л хэвшлийн эмнэлгээс ирж байгаа өвчтөнүүд юм. Зургаан жилийн өмнө энэ тоо 130 орчим мянга байсан.
Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн тоо жилд 10 гаруй мянгаар нэмэгдэж байна гэсэн үг.
Явцаас харахад энэ жил ч гэсэн иймэрхүү л үзүүлэлттэй байна. Мөн 2017 онд хэвтэн эмчлүүлсэн эх, хүүхдийн тоо 40 мянга давсан бол 12 орчим мянган эх жилд амарждаг. Тэдний 90-ээд хувь нь эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүд. Суурь эмгэгтэй, цусны даралт ихтэй, зүрх, бөөр, цусны өвчтэй болон бусад хүнд нөхцөл байдлын улмаас төрөлт нь хэвийн бус явагдах магадлалтай, эрсдэлтэй жирэмсэн эхчүүд буюу онцгой тохиолдлууд ирдэг.
-Төвийн ачаалал ихсэж буйн шалтгаан юу вэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, орон нутгийн боловсон хүчний чадавх муу байгаа нь нөлөөлж байна уу?
-Маш олон хүчин зүйл нөлөөлж байна. 2014 оноос хойш эх, хүүхдийн эндэгдлийн тохиолдлыг бүртгэж, шалтгааныг нь харуулахдаа тухайн эхийн нийгмийн байдлыг хүртэл судалдаг болсон. 2012-2015 онд эндсэн эхчүүдийн 60 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын түвшин нь дунджаас доогуур байсан.
Тиймээс нийгмийн болон тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүчин зүйл гээд олон зүйл нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд нарийн мэргэжлийн, өндөр технологийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага манайхаас өөр байдаггүй нь ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байна.
ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР АНХААРЧ ИРСЭН
-Та энэ байгууллагыг олон жил тэргүүлж байгаагийн хувьд улсаас эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд хэр зэрэг анхаардаг гэж үздэг вэ?
-Тодорхой бодлого, төлөвлөлттэйгээр анхаарч байгааг хэлмээр байна. Улс орны эдийн засаг хүндэрсэн үеүдэд ч эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, хангалттай хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг дурдмаар байна.
Монгол Улс 2015 онд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн дэлхийн есөн улсын нэг болоход Засгийн газрын дэмжлэг маш их байсан.
Томхоноос нь дурдвал, 2014 онд Ажа гэгээнтний оролцоо, цуглуулсан хандиваар боссон хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд бүх тоног төхөөрөмж, хүүхдийн зүрхний ангиографийн лаборатори зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан.
Мөн 2015-2016 онд хэрэгжсэн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд манай төвд долоон сая еврогоор эрчимт эмчилгээ, мэс заслын, нарийн мэргэжлийн бүх тасагт орчин үеийн техник технологийн шинэчлэл хийсэн.
Энэ төсөл ирэх онд ч үргэлжилж, 1.5 теслагийн хүчин чадалтай MRI суурин аппарат, оношийг эцэслэн тогтооход эд эс, молекулын түвшинд хийх бүхий л төрлийн аппаратуудыг суурилуулахаар болсон. Үүнээс гадна, салбарын яамнаас боловсон хүчний хангамж, тэдний харилцаа, хандлагыг сайжруулахын тулд нэг эмчид хоёр сувилагч ногдож байхаар бодлого хэрэгжүүлж байна.
Мөн өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж, бие даасан статустай болгосноор салбарт үе шаттай хөрөнгө оруулалт хийх эх үүсвэрийг шийдсэн том ажил болсон шүү дээ. Ер нь үе үеийн Засгийн газар манай салбарт анхаарч байгааг эмч, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс онцлон хэлье.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГҮЙДЛИЙН ТҮВШНИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
-Улсын хэмжээнд үргүйдэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж их ярьж байна. Та бүхний судалгаагаар үнэхээр ийм байгаа юу?
-Үргүйдэл төрийн анхааралд орсон, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хэмжээнд байна. Гэхдээ үргүйдэлтэй холбоотой гаргасан судлаачдын тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа. Тиймээс манай төв дээр НҮБ-ын хүн амын сан, Засгийн газар, ЭМЯ хамтран үргүйдэл, нөхөн үржихүйн төвийг 2014 онд байгуулсан.
Одоо энд үргүйдлийн шалтгааныг үндэсний хэмжээнд нарийн тооцоо судалгаа хийж тогтоохоор ид ажиллаж байна. Үргүйдэлтэй хосуудын мэдээллийг улсын хэмжээнд цуглуулж, үргүйдлийн тусламж үйлчилгээний үндэсний хэмжээний дата баазтай болно гэсэн үг. Үүний тусламжтай үргүйдлийг бууруулахад бодлогын хэмжээнд төр засгаар шийдүүлэх асуудал их бий.
-Хэчнээн эмэгтэйд үр шилжүүлэн суулгасан бэ. Амжилттай болох магадлал хэдэн хувьтай байгаа вэ?
-Ард иргэдийн нэрлэдгээр “хуруу шилний” хүүхдүүд буюу олон улсад IVF (In vitro fertilisation) гэж ярьдаг эмчилгээг энэ онд 80 орчим эмэгтэйд хийсэн. Үр тогтолтын хувь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. IVF эмчилгээний амжилттай үр тогтох магадлалыг 30 хувьд хүргэх зорилт дэлхийн хэмжээнд байдаг. Манайд одоогоор амжилт 25 орчим хувьтай байна. үүнийг 30 хувьд хүргэх, түүнээс давуулахаар чармайн ажиллаж байна.
-Энэ үйлчлгээний эрэлт хэр байна вэ?
-Үр шилжүүлэн суулгадаг хувийн эмнэлэг олон. Мөн санхүүгийн боломжтой хэсэг нь гадаад руу явдаг болсон учраас ачаалал ихтэй гэж хэлэхгүй.
Энэ бол их өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ боловч одоогоор үйлчлүүлэгчээс нэг ч төгрөг авдаггүй.
Гэтэл олон улсад тухайлбал, БНСУ-д IVF технологийн үйлчилгээний нийт зардлын 30 хувийг үйлчлүүлэгчээс, үлдсэнийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.
Тиймээс цаашид үйл ажиллагаа тогтворжоод ирвэл энэ үйлчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах тооцоо судалгаа, үндэслэлийг Засгийн газар, парламентын түвшинд тавьж шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа. Гэхдээ энэ асуудал 1-2 жилийн дотор шийдэгдэхгүй байх.
-Бас нэг эмзэг асуулт асуумаар байна. Танай дутуу нярайн тасагт хүүхдээ алдсан ээжүүдийг бусад дутуу төрсөн ээжүүдтэй хамт байлгадаг нь их хэцүү санагдсан. Ээжүүд нэг нэгнээ л тайвшруулаад суудаг юм билээ. Сэтгэлзүйчийн орон тоогоо нэмж болдоггүй юм уу?
-Улс орон хөгжихийн хэрээр шинэ ажлын байр, мэргэжилтний хэрэгцээ шаардлага бий болдог. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зөвхөн эрүүл мэндийн салбарт бүү хэл Монголын иргэн бүрт хэрэгтэй болчихоод байна шүү дээ.
Гэхдээ ийм том хүрээнд ярихаа больё. Манайх эрүүл мэндийн байгууллагуудаас хамгийн анх сэтгэлзүйчтэй болсон, 2011 онд.
Сэтгэлзүйч эмч ажилтнуудаас гадна сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай өвчтөнүүдэд тусламж үзүүлдэг.
Энэ жил дахиад нэг орон тоо батлуулсан.
Одоо эмнэлгийн хэмжээнд хоёр сэтгэлзүйчтэй болж байна. Нэг нь эмч, ажилтнуудад, нөгөө нь үйлчлүүлэгчдэд чиглэж ажиллана. Төсвийн байгууллага учир сэтгэлзүйч байтугай эмч, сувилагчийн орон тоогоо нэмэхэд ч амаргүй байдаг.
Өнөөдрийн хувьд бидэнд харамсалтай нь үүнээс илүү боломж байхгүй байна.
ЭМЧ НАРЫН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БАЙНГЫН МЕХАНИЗМ БОЛ ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ НЭМЭХ
-Эмч, ажилчдын харилцаа хандлага жирэмсэн, амаржсан ээжүүд болон бусад өвчтөнүүдэд ч сөрөг мэдрэмж төрүүлж байгааг хүмүүс хэлдэг л дээ. Та удирдлагын хувьд үүнд мэдээж анхаардаг байх. Хэрэгжилтэнд ямар саад бэрхшээл байна вэ?
-Хоёр талтай асуудал. Бид байгууллага дотроо байнга үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчлүүлэгчээ сонсож, харилцаа хандлагаа сайжруулахаар ажилладаг.
Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, хүний нөөцийн алба, ёс зүйн хороо хамтраад эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулах ажил зохион байгуулдаг. Маргааш хүртэл ийм сургалт хийхээр бэлтгэж байна.
Янз бүрийн аян, сургалтын дараа бага зэрэг сайжирч, чих халууцахаа больж, урам ордог. Гэвч өвчлөл ихсэж, ачаалал нэмэгдэнгүүт эргээд л эмч, ажилчид хүний төлөө явсаар байгаад гээд л уйлаад ярихаар хэцүү шүү дээ. Хэрэглэгчдийн санал асуумжийн тогтмол судалгаагаар ахицтай нэг үе байхад заримдаа гаргасан амжилтаасаа буух нь ч бий.
Ерөнхийдөө бол үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж бага багаар дээшилж байгаа ч зорьсон түвшиндээ хүрэхгүй л байна.
Нөгөө талаар, нийгэм өөрөө бухимдал ихтэй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, дэлхийн түвшний техник технологи хэрэглэж байгаа зэрэг ахиц дэвшилтэй л байна.
Гэхдээ эмч мэргэжилтэн, сувилагч, эх баригчид маань ахуй амьдралдаа санаа зовсон, дээрээс нь гудамжинд, ажлын байрандаа стресстэй байна шүү дээ.
Тиймээс цалин хөлсийг нь дэлхийн түвшинд хүргэдэггүй юм гэхэд дориухан нэмэх цаг болсон. ОХУ-д бол хүүхдийн эмч нарын цалинг бусад эмч нараас тодорхой хувиар өндөр тогтоож хуульчилсан. Инфляцын түвшинтэй уялдуулсан учраас цалин хөлсний системд өөрчлөлт орсон ч энэ ялгаа хадгалагддаг.
Нөгөөтэйгүүр, бодлогын хэмжээнд хүүхдийн эмчээр суралцаж байгаа оюутны болон төгссөний дараа мэргэшүүлэх сургалтын төлбөрийг төрөөс даадаг, төгссөний дараа ажлын байраар хангадаг болвол төр боловсон хүчний маш том чадавхтай болно. Үүнээс илүү хүүхдийн эмч мэргэжилтэн болох хүсэлтэй хүмүүсийн сонирхлыг татах хөшүүрэг байхгүй. Дагаад хариуцлага, харилцаа хандлага ч сайжирч, хүмүүс ч шаарддаг болно.
-Сувилагч нарын цалинг нэмсэн нь хэр зэрэг бодитой дэмжлэг болсон бэ?
-Овоо нэмсэн шүү дээ. Сувилагч нар ТҮ-2, 3 дугаар шатлалаар цалин авдаг байсан бол одоо ТҮ-4, 5 руу орж, эмч нартай адилхан цалин авдаг болсон. Үндсэн цалин 120-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс үндсэн цалингаас тооцдог илүү цаг, мэргэжлийн зэргийн болон хортой нөхцөлийн нэмэгдлүүдээ оруулаад овоо дориун цалин авдаг болсон.
-Улсын эмнэлгийн эмч нар хувийн эмнэлэгтэй. Танайд ч гэсэн бий. Ингэж давхар ажиллахыг зөвшөөрдөг юм уу?
-Байгууллага бол албан ёсоор зөвшөөрдөггүй. Давхар ажил эрхлэлт бол салбарын хэмжээнд шийдэх ёстой бас нэг тулгамдсан асуудал. Зохицуулалт байхгүй учраас л ард түмний дунд эмч нар хувийн эмнэлэг дээрээ инээгээд суудаг, тэнд хүндэрсэн өвчтөнөө улсын эмнэлэг рүү зөөдөг гэх мэт яриа их бий.
Хөдөлмөрийн хуулиар бол манайд дандаа бүтэн цагийн ажилтан бий.
Тиймээс удирдлагын зүгээс үндсэн ажилтан шиг л ажиллах шаардлага тавьдаг. Хэрэв хөдөлмөрийн хуульд тодорхой зохицуулалт хийж, цагийн ажилтныг зөвшөөрөх боломжтой болвол гэрээний үндсэн дээр ажил үүрэг, цагаа тохироод хамтраад ажиллавал улирдлагуудын хувьд ч илүү амар.
Гэтэл одоо бол энд ажиллаж байгаа нэртэй ингээд яваад байгаа нь байгууллагыг хохироож, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байгаа бас нэг шалтгаан болж байна. Хүн хэдэн ч ажил хийж болохыг олон улсад зөвшөөрчихсөн, уг нь. Эцэст нь, цалин хөлсний тогтолцоонд эмч, ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх дорвитойхон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг төр засгаас хүсэж байна даа.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийн ярилцлагын үргэлжлэл болох Дэлхийн хүүхдийн өдөрт зориулсан хэсгийг манай сонины мягмар гарагийн дугаараас уншина уу.