ФОТО: Инновацийн үзэсгэлэнд 120 гаруй байгууллага 1500 гаруй бүтээлээ танилцуулж байна

Сэтгүүлч А.Наранцацрал

2018-11-21 16:28 GMT+8

"Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөний Уран  зургийн галерейд боллоо.

Энэ жил оюуны үйлдвэрлэлийг дэмжиж “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатайгаар Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэж байна.

Түүнчлэн “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд 120 гаруй байгууллага 1500 гаруй инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Тодруулбал,

  • төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн,
  • их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг,
  • хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч,
  • улсын нэгдсэн 3-р эмнэлэг,
  • мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп,
  • “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч байгууллагууд оролцож байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үйл ажиллагааг нээн үг хэлэхдээ:

Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах старт ап компаниудыг төрийн бодлогоор дэмжихэд чиглэгдсэн гааль нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх бодлогуудыг гаргаж чадсандаа талархалтай байна.

“Хоёр өдрийн үзэсгэлэнг анхааралтай сонирхоосой гэж иргэдээсээ хүсэж байна. Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны салбар хөгжлийн ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг энэхүү үзэсгэлэнд гарсан инновацийн дэвшил шингэсэн бүтээгдэхүүнээр дамжуулан түгээж байна.

Миний бие ОХУ-ын Шинжлэх ухаан боловсролын сайдтай хамтран ажиллах гарын үсэг зураад ирлээ. Шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн улсууд шинжлэх ухааны дөрөв дэх хувьсгалын талаар ярьж байна. Монгол орны нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг бид шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлоготой уялдуулах  асуудал гэж ойлгох ёстой.

Миний бие БСШУС-ын сайдаар ажиллахдаа шинжлэх ухаан технологийн салбарт төрөөс авч явуулах бодлого, инновацид төрөөс барих бодлого, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах старт ап компаниудыг төрийн бодлогоор дэмжихэд чиглэгдсэн гааль нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх бодлогуудыг гаргаж чадсандаа талархалтай байна.”Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн байдлыг дэмжих нь Монголын төрийн бодлогын анхаарлын төвд байх ёстой.

Тус үзэсгэлэнг өнөөдөр болон маргааш Уран зургийн галерейд үзэх боломжтой бол 23-ны өдөр 11:00 цагт Corporate зочид буудалд баярын хурал, Монголын түүх, архeoлогийн даярчлалын тухай "Монгол орон хүн төрөлхтний үүсэл, тархалтын нэгэн голомт болох нь” баримтат богино хэмжээний кино нээлт, салбарын шилдгүүдээ тодруулахаас гадна Хүндэтгэлийн концeрт "Аз жаргал хүсьe" тоглолтоор өндөрлөнө.

Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө нийтэд дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Үзэсгэлэнд шинжлэх ухааны зургаан салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигдаж байгаа бөгөөд үүнд: 

Ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт металл, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд байлаа.

Мөн үзэсгэлэнг сонирхон ирсэн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэгүй хамрагдаж, хавдрын маркерын шинжилгээ өгөхөөс гадна нийслэл, дүүргийн Татвар, Гааль Нийгмийн даатгалын хэлтэс, Оюуны өмчийн газар нэг цэгийн үйлчилгээгээр гарааны компани эрхлэгч, шинэ санаа бүхий инноваци үйлдвэрлэгч нарт мэргэжлийн зөвлөгөө өгч байна.

ШУТСан Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжиж үзэсгэлэнд урьж оролцуулж сул хараатай иргэдийн мэргэжлийн барристагийн кофе бэлтгэх ур чадварыг газар дээр нь харж, халуун кофег амтлах боломжтой юм.

Үзэсгэлэнгийн хаалтын өдөр шилдэг бүтээл тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг зургаан бүтээгдэхүүн хүртэж байсан бол энэ жилийн “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнд олон шилдэг бүтээл нэр дэвшиж өрсөлдөнө байх хэмээн найдаж байна.

Дахин цэнэглэдэг батарей

ХААИС-ийн багш оюутнууд хуруу шилний хурга гарган авч буй /Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоотой мэдээнээс авна уу/

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Зориг: Үлэг гүрвэлийн жинхэнэ яснаас хэв аваад яг жинхэнэ юм шиг харагдахаар хийж байна. Нэг талаас яс нь,  нөгөө талаасаа арьс нь харагдах юм. Өмнө нь бид музейд үлэг гүрвэлийн жинхэнэ ясыг гаргаж тавьж байсан бол олон улсын жишгээр ингэж хийх боломжтой болсон гэлээ.

Хавдрын маркерын шинжилгээ өгч, 5-10 минутын дараа хариугаа авах боломжтой

Алкохол мэдрэх төхөөрөмж. Энэхүү төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулснаар жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл асахгүйн дээр, цагдаагийн байгууллагад дохио очно.

Түмэн хишигтэн цогцолборыг виртуал орчинд  үзэх боломжтой технологи

Дэлгэцийн өмнө зогсоод өндрөө хэмжүүлээрэй

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ