Ганболдын Дэнзэн

Herbalife Nutrition компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч
Г.Дэнзэн: Миний амьдралдаа тавьсан хамгийн том зорилго бол аз жаргалтай байх

Herbalife Nutrition компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэнг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Монгол төрийн алтан аргамжийг сахисан дипломатчийн гэр бүлд өссөн хүү бага байхын худалдаа, бизнесийн харилцааг сонирхож, тэр сонирхлоороо “Станкин”-ы нэрэмжит Москвагийн Үндэсний Техникийн их сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр төгсчээ.

Гадаадад дунд сургуульд сурч, гадаад хэлийг эх хэл шигээ үзсэн Г.Дэнзэн сургуулиа төгсөөд цааш яваагүй, эх орноо зорьсон. Улс орны хөгжил, нийгэмд эрүүл амьдрал, зөв хандлагыг төлөвшүүлэхэд нэг байгууллага төдийгүй, нэг хүний оролцоо ч багадахгүй хэмээн үзэж, түүний төлөө мэдлэг оюунаа зориулж яваа шинэ үеийн манлайлагч залуусын нэг юм. 

-Та ажлаа ямар арга барилаар явуулдаг вэ?

-2011 оноос Herbalife Nutrition компанийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Би ажилдаа маш дуртай. Нөгөө талаас ний нуугүй хэлэхэд залхуу. Нэг ажилтай удаан зууралдаж, баригдаж байх сонирхолгүй. Хамт олноо бүрдүүлж, тэд маань тодорхой хэмжээнд өсөж төлөвшлөө. За, 6-9 сарын хугацаа өнгөрөхөд би өөртөө, ажилдаа дүгнэлт хийхийн тулд 14 хоногийн амралт авдаг. Тэр хооронд дараагийн төлөвлөлтөө хийнэ, бэлдэнэ, бодно.

Гэр бүлийнхэндээ цаг зав зарцуулна. Тэгээд хоёр долоо хоногийн дараа ирж ажлаа дүгнэдэг. Хэрэв зэ, миний эзгүйд хамт олон маань илүү үр өгөөжтэй ажилласан бол ажил гацааж байсан хүн нь би болно. Хэрэв миний үгүйд ажлын үр дүн буурсан байвал хүмүүсийг хэт чангаадаг нь би юм байна гэж дүгнэхэд хүрнэ. Хүмүүсийн хувийн санаачилгыг үгүй болгож байна гэсэн үг. Нэг ёсондоо миний байгаа эсэхээс үл хамааран байгууллагын ажил хэвийн явагдаж, механизм эргэж л байх ёстой. Энэ бол миний ажлын хувьд маш үр дүнтэй арга барил. Ажил хамт олны хүчээр явдаг учир нэг хүнээс хамаарах хамаарлыг арилгаж байх ёстой гэж боддог юм.

-Таны хүүхэд нас социалист нийгэмд өнгөрсөн атал багаасаа худалдаа, бизнесийн салбарыг сонирхох болсон сэдэл нь юу байв?

-Энэ тухай ярихын тулд хүүхэд насныхаа тухай товчхон дурдах хэрэгтэй болж байна. Манай аав дипломатч, Япон Монголын энх тайван, найрамдлын төлөө олон жил ажилласан Сүрэнжавын Ганболд гэж хүн байсан. Насаараа хоёр улсын найрамдлын төлөө ажилласан аавын минь хөдөлмөрийг Японы тал, Монголын талаас ч үнэлдэг, сайшаадагт нь баярлаж явдаг юм. 1972 онд Монгол Улс Элчин сайдын яамаа Токио хотод нээсэн. Элчин сайдын яам нээхэд ажиллаж байсан анхны дипломатчдын нэг.

Аав маань Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн даргаар 1972-1981 он хүртэл ажиллаад, 1983-1985 онд Москвад Дипломатын Академид мэргэжил дээшлүүлж сурахаар явсан. Сургуулиа төгсөөд 1985 онд дахин Японд Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, элчингийн ерөнхий зөвлөх, орлох элчин сайдаар ажиллах болсон. Элчингийн орчинд өссөн надад юм сурах, үзэх харах бусдаас давуу боломжууд байсан. Хатуу нийгэм байсан нь үнэн.

Жишээлбэл, Хуучин ЗХУ-тай дотно харилцаатай социалист тогтолцоотой бүх улсуудын Элчин сайдын яамны ажилтнуудын хүүхдүүд заавал Оросын ЭСЯ-ны харьяа дунд сургуульд сурах ёстой гэсэн бичигдээгүй шаардлага тавьдаг байсан. Японд Оросын Элчин сайдын яам их том эдлэн, том бүтэцтэй, улс дотор нэг жижигхэн хотхон шиг байдаг байлаа. Би үдээс өмнө 08.30-12.30 цагийн хооронд Орос сургуульдаа суугаад, өдөр нь жолооч ирж япон сургууль руу хүргэдэг. Өглөө орос формтой гараад, өдөр машиндаа япон формоо өмсөөд хичээлдээ ордог байлаа.

-Орос, Япон сургуулийн сургалтын ялгааг тэгвэл сайн мэддэг болсон байх нь? 

-Тийм ээ. Япон сургуульд тавдугаар анги хүртэл бараг албан хичээл ордоггүй. Ахмад хүнийг хүндэтгэх, үеийнхэнтэйгээ харилцах, нийгмээ танин мэдэх, байгаль орчноо хамгаалах зэрэг амьдрах ухааныг суулгах хичээлүүд ордог. Эрдэм ном сургахын өмнө япон хүнийг бэлдэж байгаа хэрэг. Мэдээж хажуугаар нь математик, уран зохиол зэрэг академик сургалт, хичээлүүд орно. Гэхдээ сургалтын агуулгын дийлэнх нь амьдрах ухааны хичээлүүд.

Орос сургуульд сурдаг миний хоёрдугаар ангид үзсэн тоог япон сургуульд дөрөвдүгээр ангид заах жишээтэй. Тэгэхэд би япон сургуульдаа суут ухаантан шиг л байлаа. Эргээд бодоход Японы сургуульд хүн байх гэдэг үндсэн мөн чанарыг гүн бат суулгажээ. Тэндээс сурсан зүйлүүд хүүхдүүдээ өсгөх, хүнийг хүндлэх, нийгмийн харилцаанд орох, хамт олон удирдахад ч хэрэг болж байна. 1992 онд намайг зургаадугаар ангид байхад Монголдоо ирээд, би Орос гуравдугаар сургуульд орж, төгссөн.

-Монголд ирээд сургуульд ороход хүндрэл гарч байв уу?

-Биднийг ирэх үед Монголд зах зээлийн шилжилтийн үе байсан. Оросууд олноор буцаж, Оросын сургуулиуд Монгол сургууль болж, тэнд сурч байсан хүүхдүүд Орос гуравдугаар сургууль руу шилжиж ирж байсан үе л дээ. Тэр үед гадаадаас ирсэн надад төдийгүй өөр өөр сургуулиас ирсэн хүүхдүүдэд ч соёлын зөрүү огцом гарч ирсэн. Оросын Элчингийн сургууль бол нэлээд диктатуртай орчин, Японы сургуульд найз нөхдийн үерхэл байх ч мэдээж задгай нийгэм биш.

Тэндээс Монголд ирэнгүүт тэс өөр орчин угтсан. Дээр нь би Монгол хэлээ шинээр үзэх шаардлагатай болсон. Орос гуравдугаар сургуульд аравдугаар анги төгсөөд, “Станкин”-ы нэрэмжит Москвагийн Үндэсний Техникийн их сургуулийн оюутан болсон. 2001 онд Инженер-Эдийн засагч мэргэжлээр сургуулиа дүүргээд Монголдоо ирсэн.  

Швейцарийн Kumbria-гийн их сургуульд онлайнаар сурч байна

-Сургуулиа төгсөөд гадаадад, илүү сайн орчинд ажиллая гэсэн бодол төрж байв уу? 2000 оны эхэн үе бол монголчууд гадагшаа тэмүүлсэн ид үе шүү дээ?

-Найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсийг харахад бүгд гадаадад сурах, ажиллахын хүсэлтэй  байсан. Манай нэг багш “Хэрэв чи доктор болохгүй бол магистр хамгаалах шаардлагагүй. Цаашаа яг юу хийхээ сайн бод” гэж хэлсэн. Би багаасаа л худалдаа, бизнесийн орчныг сонирхож байсан. Яагаад худалдааг сонирхох болов гэхэд Японд байхдаа томоохон корпораци, холдингуудын үйлдвэрээр зочлох, түүхэн замналтай нь танилцах боломж олдсон.

Японы томоохон корпорациуд ихэвчлэн 100 гаруй жилийн түүхтэй. Хамгийн жижиг пүүс, хоршооноос эхлээд дэлхийн хэмжээний корпораци болтлоо хөгжсөн. Ийм л компаниуд дэлхийг өөрчилдөг, хөгжүүлдэг юм байнга гэсэн бодол төрж, бизнес худалдааны салбарт татагдсан хэрэг. Сурахаас илүү зах зээл дээр ажиллаж, олон улсад өрсөлдөх хэмжээний кадр болох хүсэлдээ хөтлөгдсөн. Түүний тулд онолын мэдлэгээс илүү амьдрал дээр суралцах нь чухал байсан учир шууд Монголдоо ирсэн. Гэхдээ хүн цаг ямагт суралцаж байх шаардлагатай. Тиймээс би XXI зууны давуу талыг ашиглаж онлайнаар Швейцарийн Kumbria-гийн их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн удирдахуйн чиглэлээр магистрт буюу MBA сурч байна.

-Инженер-эдийн засагч болох нь Таны хүссэн мэргэжил байжээ?

-Тэгж хэлж болно. Автоматжсан систем буюу аливаа нэг механизм, бизнесийн салбарыг хэрхэн өөрөө эргэдэг горимд оруулдаг чиглэлээр мэргэшсэн. Эдийн засгийн ухаан бол ямар нэг судалгаа, тоон үзүүлэлтэд тулгуурлаж дүн шинжилгээ хийдэг, өмнөх түүхийг харахдаа хаана ямар байдлаар өрнөж, цаашид яаж явагдах боломжтой вэ гэдэг онолын талын таамаглал дэвшүүлдэг.

Харин инженерийн чиглэл нь илүү практикт суурилсан. Инженер эдийн засгийн мэргэжил нь аливаа нэг байгууллагын бүтэц өөрөө эргэж байгууллагаа тэжээн санхүүжүүлээд явахыг хэлж байгаа юм. Би Монголдоо ирээд дотоодынхоо нэг томоохон холдингод дөрвөн жил ажилласан. Ер нь эхлээд ажил хийх, дадлагатай болох, бизнесийн амьдралд оролцох, зах зээлийн бүтэц гэж юу болохыг практик талаас нь харах, тэр дотор компаниуд, хувь хүн хэрхэн ажилладаг талаад мэдэж, суралцсаныхаа эцэст 10 дахь жилдээ энэ ажилдаа орсон доо.

-Одоо яг үндсэн мэргэжлийнхээ ажлыг хийж байна гэсэн үг үү?

-Аливаа ажил дүгнэлтээс л эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, туулсан бүхнээ эргэцүүлж бодоод, хасах нэмэхийн тэнцвэрийг гаргаж, тэндээс өөрийнхөө давуу талыг олж хараад ажлаа эхэлсэн. Өмнө нь бизнесийн салбарт 10 жил ажиллахдаа тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдэж төлөвшүүлэхийг зорьсон. Холын аялалд гарах гэж байгаа усан онгоцыг бэлдсэн юм болов уу гэж боддог. 

-Усан онгоцны ахмадын албанд бэлтгэгдсэн гэж үү?

-Хэдийгээр удирдах ажил хийж байгаа ч өдөр бүр шинэ зүйл сонсож, сурч байна. Тэр болгоныг дагаад өөрөө хөгжиж байдаг. Ямар нэг ажлыг хийхдээ тэр ажлаасаа таашаал авдаг, ажлынхаа үнэ цэнийг ойлгож, эргээд тэр ажил өөрт нь үнэ цэнэ өгч байвал хувийн аз жаргалын бүтцийн нэг хэсэг болдог болов уу. Энэ ажлыг хийснээр өөртөө ямар үнэ цэнийг оруулж байна, нөгөө талаар ажлаараа дамжуулан бусдад ямар үнэ цэнэ бий болгож, амьдралыг нь өөрчлөх алхам хийж буйгаа харах сайхан л даа. Том зорилгынхоо төлөө явахдаа зам зуурт таарах жижиг асуудал руу хазайлгүй явах арга барилаа олсон.

Манай хамт олон бас сонирхолтой, мэдээж бүгд хүчирхэг хүмүүс. Нэгдэхээсээ өмнө өөр өөрийн ажил, амьдралаас тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсан хүмүүс. Энд нэгдээд мөн л мэдлэг хуримтлуулсаар хамтдаа өсөж байна. Миний хувьд тэр өсөлт нь маш сонирхолтой байдаг. Манлайлагч хүнийг ямар түвшинд байвал хүмүүс хүлээн зөвшөөрөх вэ? гэхээр хүмүүсээсээ ямагт 2-3 алхам түрүүлж алхаж чадаж байвал хүлээн зөвшөөрөгдөж таарна. Түүний төлөө хичээж байгаа.

 

Сэтгэлзүй эрүүл бол нийгэмд давалгаалсан сөрөг шуурганд туугдахгүй

 

-Та бие физиологи болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн үү? гэж асуувал мэдээж эрүүл гэж хариулна. Та юунд үндэслэн эрүүл гэж хэлж байна вэ?

-Бие эрүүл эсэхийг өөрөө тааж хэлэх аргагүй, ямар нэг лабораторийн шинжилгээ хийлгэж, хөндлөнгийн үнэлгээгээр л тодорхойлуулна. Би жил бүр эрүүл мэндийн багц шинжилгээнд ордог. Лабораторийн шинжилгээ, эмчийн өгсөн дүгнэлтээс миний өнөөгийн амьдралын хэв маяг буруутаагүй гэдгийг харж байна. Зөв амьдралын хэв маягт суралцах нь эхэндээ хөдөлмөр байсан, яваандаа дасгал хөдөлгөөн дадал зуршил болсон. Миний хувьд ямар нэг буруу зуршилгүй, хоолноосоо хэрэгцээт шим тэжээлээ зохист хэмжээгээр нь авчихаж байна. Дээр нь хангалттай нойр авч байна, дасгал хөдөлгөөн хийж байна. Ажлаасаа таашаал авч байна. Гэр бүл, хүүхдүүдээ цаг зарцуулах боломж гаргаж байна. Энэ бүхэн цогцоор төлөвшөөд ирэхэд зөвхөн бие махбодь төдийгүй, сэтгэл зүйн хувьд эрүүл гэсэн дүгнэлт хийж болж байгаа юм.

Сэтгэл зүй эрүүл бол нийгэмд давалгаалсан сөрөг шуурганд туугдахгүй. Би жил бүр оны сүүлчээр эрүүл мэндийн ерөнхий шинжилгээнд ордог. Удахгүй арванхоёрдугаар сард шинжилгээнд орох хугацаа болж байна. Ер нь юун түрүүнд миний өөртөө тавьдаг нэг асуулт байдаг. Мэдээж урт насалж, хүүхдүүдээ мэргэжил боловсрол эзэмшихийг, ач зээгээ харахыг хүсэж байна. Тэр хүртэл бусдадаа түвэг бололгүй эрүүл саруул амьдармаар байна. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна гэдэг шиг дэлхийн хөгжил, орчин үеийн өөрчлөлт, шилжилтүүдийг харьцуулж үзмээр байна. Амьдрал үргэлж нэгэн хэвийн байдаггүй. Хүмүүст хорвоо ертөнцтэй танилцах маш их боломж бий. Тэр бүхнийг үзэж, сонирхохын тулд удаан бас чанартай амьдармаар байна шүү дээ.

-Таны амьдралын хэв маяг?

-Амьдралын хэв маягийг нэг үгээр “Завгүй” гээд хураангуйлж болно л доо. Завгүй гэдэг нь хүн өөрөө өөртөө зохиомлоор бий болгодог хэлбэрүүдийн нэг. Миний хувьд Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын цагаар ажиллана. Мөн би олон улсын байгууллагад ажилладагучир тогтмол гадаад харилцаа холбоотой байна. Цагийн зөрүүн дунд өөрийгөө хэрхэн дасгах, нойроо яаж  авах, хэзээ биеийн тамир хийх вэ? гэдэг нь хувийн менежмэнт. Орос, Европ, Америктай байнгын харилцаатай ажилладаг учир ихэвчлэн оройн цагаар ачаалалтай ажилладаг. Харин өглөөний цагийг өөртөө зарцуулдаг.

-Хэдийгээр Та маш их ажилтай хүн ч гэлээ гэр бүлдээ зориулах цагаа зориулдаг юм байна.

-Миний бодлоор гэр бүлийн орчинд зарцуулсан цаг нь хэр үнэ цэнэтэй, жинтэй вэ гэдэг нь чухал. Орой гэртээ ирж, дэргэд нь байгаа нэр зүүгээд, гар утсаа оролдож, зурагт үзэж байгаад унтаад өгөх нь гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хэрэг биш. Хамгийн гол идэвхтэй харилцаан дунд өрнөсөн гэр бүлийн орчин уулзаагүй өнгөрсөн бүтэн долоо хоногоос илүү. Манай хүүхдүүд харьцангуй бие даасан учир ажлын өдөр намайг ойлгоод нэг их зүйл хүсэхгүй. Амралтын өдрөөр бол би хүүхдүүдтэйгээ хамтдаа өдрийг өнгөрөөж, харилцан ярилцана, бусад хүүхдүүдтэй ямар харилцаатай байгаа, асуудал гарвал яах вэ, хичээл гэх мэтээр ярина. Өөрийнхөө ажлыг бас хүүхдүүддээ ярьж өгөхөд маш дуртай, сонирхож сонсдог. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа цаг бүр үнэ цэнэтэй, ач холбогдолтой. Манай том хүү 17-той, охин маань 10 настай.

-Танай компанийн урилгаар гадаадын хэд хэдэн нэртэй эрдэмтэн Монголд ирж лекц уншсан байх аа?

-Тийм ээ. Манай компани дэлхий даяар тархсан шинжлэх ухааны маш том бүтэцтэй, инновацид олон сая долларын хөрөнгө оруулалт хийдэг. Дэлхий даяар тархсан үйлдвэрүүдтэй. Энэ дэд бүтцийг ашиглаж Монголдоо хувь нэмэр болох ямар зүйл хийж болох вэ? гэдэг нь миний бодох асуудал. Эрдэм шинжилгээний дэд бүтцэд нь дэлхийн шилдэг эрдэмтэд, АНУ-ын шилдэг эрдэмтний шагналыг сүүлийн хоёр жил дараалан хүртсэн доктор Дэвид Хибер, Нобелийн шагналт эрдэмтэн Луи Игнарро нарын шилдэг 36 доктор, профессор ажилладаг. Тэдний удирдлагад 300 гаруй эрдэмтдийн баг манай бүтээгдэхүүнийг илүү сайжруулахаар ажиллаж байна.

Энэ хүмүүсийг Монголд урьж, Монголын мэргэжлийн нийгэмлэгүүдэд  туршлагаас нь хуваалцах, түүгээр дамжуулан зөв хооллолт, амьдралын зөв хэв маягийн ойлголтуудыг түгээх суурь болно гэж бодож, энэ ажлыг хэрэгжүүлээд явж байна. Нэг жишээ нь өнгөрсөн жилийн аравдугаар сард Туркийн эрдэмтэн, доктор Исмет Тамерыг Монголдоо урьсан. Доктор Тамер Турк улсын Өрхийн эмнэлгүүдийн холбооны тэргүүн. Турк улсад өрхийн эмнэлгүүдийн стандартыг тогтоох, ажлын горим, гол зааварчилгаа, хүмүүст үйлчилгээ хүргэх үндсэн системийг бий болгоод, энэ системээ Европын стандарт болгох ажлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Монголд ирж, өрхийн эмнэлгүүдтэй танилцаж, туршлагаасаа хуваалцсаныг манай өрхийн эмч нар маш таатай хүлээж авсан.

Зөв амьдралын хэв маягт суралцах нь миний хувьд эхэндээ хөдөлмөр байсан, яваандаа дадал зуршил болсон

-Та олон улсын байгууллагад ажилладаг хүний хувьд өөр өөр хэл соёлтой хүмүүстэй хамтран ажиллаж, тэднийг харьцуулж хардаг ?

-Өнөөдөр эрхэлж байгаа бизнесийн хүрээнд олон улсын шилдэг практикийг судлах зорилгоор жилд багадаа хоёр удаа бүс нутгийн болон олон улсын топ лидерүүд цуглаж, өөрийн ажлын арга барил, бизнесийнхээ амжилтыг хуваалцах уулзалт болдог. Энэ жилийн хувьд томоохон гурван арга хэмжээнд оролцоод ирсэн. Зургаадугаар сард Испанийн Тенерифед, долоодугаар сард Беларус улсад бүс нутгийн чуулга уулзалтад 20 гаруй улсын 13 мянга гаруй Herbalife Nutrition компанийн Бие даасан Гишүүд оролцсон. Өнгөрсөн аравдугаар сард Грект болсон чуулга уулзалтад оролцлоо. Энэ бүх уулзалтуудад оролцож буйгаа хувь хүний хувьд мэдээж шинэ соёл, амьдралын өөр хэв маяг, илүү өөр философи талаасаа маш сонирхолтой арга хэмжээ.

Европт явахдаа анзаарсан нэг зүйл бол европ хүмүүс амьдралын мөн чанарыг илүү ойлгосон, эрүүл байх нь тухайн хүний хариуцлага гэдгийг дээд зэргээр ухамсарласан нь ажиглагддаг. Тиймээс нийгэм, эргэн тойрныхондоо дарамт учруулахгүйг хичээдэг. Гаднаасаа, дотроосоо эрүүл, сэтгэл зүйн хувьд эрүүл байхад хүн гоо үзэсгэлэнтэй, гэрэлтсэн, нүдэнд нь оч цацарсан харагддаг юм билээ. Бизнес өөрийнхөө дэд бүтэц, арга барилаар төрийн ажилд маш том дэм үзүүлж байдаг. Манай компанийн хувьд шим тэжээл гэдэг ойлголтоороо эрүүл амьдралын ухаан, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголтыг сурталчилснаар төр засгаас гарах эрүүл мэндийн зардлыг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа. Иргэн нь эрүүл бол улсаас иргэдийн эрүүл мэндэд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Улс тэр хэмнэсэн мөнгийг хөгжлийн асуудлууддаа зарцуулах боломжийг бизнесийн байгууллагууд олгож байдаг.

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт тал дээр Herbalife Nutrition бусад ойролцоо компаниас илүү хол тасарсан. Бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад эцсийн хэрэглэгчид очих хүртлээ тээвэр логистикийн үйлчилгээгээ өөрөө хариуцаж явуулдаг учир бүтээгдэхүүний чанарт ямар ч доголдол гардаггүй. Тэр утгаараа шим тэжээл, хүнсний үйлдвэрлэгчдэд олгодог хамгийн өндөр ISO 17025 стандартыг эзэмшдэг. Энэ стандартыг олгохын тулд хамгийн багадаа гурван жил ажигладаг. Үйлдвэр нь нэг түвшинд ажиллаж байна уу, бүтээгдэхүүний савлагаан дээрх орц найрлага яг шошго дээр заасан хэмжээгээрээ агуулагдаж байна уу гэх мэтээр маш нарийн шалгана. Мөн дэлхий нийтээр түгээлт хийхэд бүтээгдэхүүний хайрцаг дотор чип суулгадаг. Тэр чипэнд орчны температур, даралтын хэмжээ, цаг агаарын байдал, чийг, хуурайшилт зэргийг сансрын хиймэл дагуулаар дамжуулан хяналтдаа авсан байдаг. Дэлхий даяар 90 гаруй томоохон үйлдвэр, 4 том инновацийн төвүүдтэй, түүгээрээ дэлхий дахинд шим тэжээлт хүнс үйлдвэрлэлийн салбартаа тэрүүлдэг. 

-Монгол хүний эрүүл мэнд доройтож байна. Бид эм уусаар л байх уу, цаашид яах вэ? 

-Хувь хүн өөрөө л сонголт хийх асуудал юм. Өнөөдрийн байдал, амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун байна уу, энэ байдал нь 10, 20, 30 жилийн дараа юунд хүргэх вэ. нас явахын хэрээр хүний бие махбодь өөрчлөгдөнө. Жишээлбэл, хүн 20-30 насанд амьдралын хамгийн эрч хүчтэй, идэвхтэй үе байдаг. Эргээд тэр үед биедаа хамгийн их сөрөг нөлөөг хуримтлуулсан байдаг. 20-30 жилийн дараа ямар сөрөг үр дагавар болж ирэх вэ гэдгийг бодолцох ёстой. Хайртай хүмүүстээ дарамт болоод өвдөж хавдаад хэвтэх үү? хүн амьдралынхаа хариуцлагыг ухамсарлаж, зөв сонголт хийж өөртөө хэвшүүлбэл хожим үүсэх эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж бодож байна. 
 

Мөрөөдөлтэй, зорилготой хүний харцнаас оч гялалзаж, үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг

-Та амьдралдаа тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байна вэ?

-Амьдралдаа тавьсан хамгийн том зорилго бол аз жаргалтай байх. Аз жаргалтай байх зорилгынхоо хүрээнд тавьсан зорилтууд маань хараахан бүрэн биелээгүй. Тэгэхээр явц 30-40-хувьтай л байна. Улсынхаа хөгжил, сайн сайхны төлөө нэг хүн ч гэсэн сайнаар хувь нэмэр оруулж болно гэж боддог. Миний, манай хамт олны ажил ч гэсэн нийгэмд эергээр нөлөөлөл үзүүлж байгаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний хийж байгаа ажил үр нөлөөтэй.

-Та чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Ном уншина. Өмнө нь уран зохиолын ном түлхүү уншдаг байсан бол яваандаа сонгодог зохиол, танин мэдэхүйн чиглэлийн ном руу орсон. Одоо бол алдартай хүмүүсийн амьдралын замнал, философийн чиглэл рүү орж байна. Хайрцагт баригдахгүйгээр олон төрлийн шашин, олон төрлийн нийгмээс төрсөн хүмүүсийн түүхийг уншиж байна. Мөн хөгжим сонсох хоббийтой. Толгойд олон бодол эргээд цэгцрэхгүй байвал сайхан хөгжим сонсдог. Сонгодог хөгжим, рок, метал рок зэрэг хүнд хөгжим сонсоно. Японы “X Japan” металл рок хамтлагийн эрчтэй  рок дуунууд, уянгын балладууд маш гоё. Америкийн “Metallica”, “Slayer”, “Megadeth” зэрэг алдартай хамтлагийн дуунуудыг сонсох нь надад амралт болдог.

-Таны ширээний ном юу вэ?

-Генри Киссенжер гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан улстөрчийн “Дипломат ухаан” гэж орос хэл дээрх ном бий. Тэр номынхоо энд тэндээс хардаг. Улс төр, төр засаг гэдэг ойлголт нь зөвхөн улсын хэмжээний ойлголт төдийгүй жижигрүүлж харвал байгууллага, айл гэртэй ч холбоотой асуудал. Энэ ном бол нэг талаас улстөрийн орчинд маш идэвхтэй ажиллаж, он удаан жилийг өнгөрүүлсэн хүний бодол юм.

-Одоо ямар ном уншиж байна вэ?

-Дэн Сяопины амьдралын замналыг уншиж байна. Хятадын манлайлагчдын нэг, улсдаа том том шинэчлэлийг хийсэн. Өнөөдрийн шинэ Хятадын үндэс суурийг тавьсан, орчин үеийн хөгжил, цаашдын замыг харсан хүмүүсийн нэг гэж үздэг. Гадаадад явахдаа хамгийн түрүүнд номын дэлгүүрт ордог. Орост, Европт явахдаа тогтмол ордог хэдэн номын дэлгүүр бий. Чемоданаа номоор дүүргээд ирдэг. Номнуудаа унших дарааллаараа өрж тавьсан, уншаагүй ном маш олон бий, тоолж үзэхэд ойрын 30 жил унших ном бий. Нэг анзаарсан зүйл бол зарим номын байршил өөрчлөгдөж байна. Цаг үетэйгээ холбоотой юу, нэлээд хойно тавьсан номын урагш нь гаргаж, эсрэгээрээ өнөө маргаашгүй уншина гэж урд тавьсан ном хойшоо шилжих жишээтэй.

“Хүний амьдралд дэм болох таван ном байдаг. Тэр таван номыг олохын тулд хүн мянгаад ном уншдаг” гэж ишлэл байдаг. Миний хувьд хэдийгээр уран зохиол ч гэсэн амьдралын ухаан, арга барилыг харуулсан нэг ном бол Даниэл Дефогийн “Робинзон Крузо”. Арал дээр үлдсэн нэг хүн өөрөө өөртэйгээ л харилцана. Тэр харилцаан дунд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд дэм болохуйц амьдралын философийг жижиг жижгээр шигтгэсэн байдаг юм билээ. Нэмж хэлэхэд би чөлөөт цагаараа хөдөлгөөний идэвхтэй байдлыг эрхэмлэдэг.  Фитнесс хийх, алхах үедээ подкаст сонсох, аудио ном тогтмол сонсож байдаг. Хүн эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн. Алхах, гүйхэд хүний булчингийн 70-аад хувь нь ажилладаг. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн хөдөлгөөн маш их багасаж байна.

-Өдөрт хэдэн км алхаж байна даа?
 

-Өдөрт хамгийн багадаа 6000 алхам хийхийг хичээдэг. Алхалтын хамгийн шилдэг хувилбар бол 10 мянга алхалтаас дээш гэж үздэг.  10 мянган алхам гэдэг бол алхалтын том, жижгээс хамаарч 4-6 км гэж үздэг.

-Та ямар хүнийг үзэсгэлэнтэй гэж хэлэх вэ?

-Миний хувьд энэ ойлголт нь гадаад үзэмжээс илүү тухайн хүний хүсэл мөрөөдлөөс хамаарна гэж боддог. Мөрөөдөлтэй, зорилготой, түүнийхээ төлөө уйгагүй ажиллаж байгаа хүний нүд гэрэлтэж, харцнаас нь оч гялалзаж, үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Мөрөөдөлтэй, зорилготой хүн түүндээ хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөнө, өөрийгөө өөрчилнө. Би ер нь хүний нүдийг харна, нүднээс олон зүйл харагддаг. Ер нь гайгүй л баримжаатай бодсон байдаг. Олон газраар явж, олон хүнтэй уулзаад ирэхэд ялгааг нь харахад амар болдог. Идэвхтэй нийгэмд байгаа хүмүүсийн нүднээс оч цацарч байдаг. 

-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
 

 

Санал болгох

Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2965 Дэлгэрэнгүй
Орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 2012-2016 оны Парламентад УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2016 оны сонгуульд ялагдчихаад “Ногоон нүдэн лам” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичих цаг гарлаа хэмээн, шууд ажилдаа орж, 2017 оны арванхоёрдугаар сард “Жаран цагаан хонь” хэмээх шинэхэн романаа удтал хүлээсэн уншигчдын гарт тавьж байв.Нөхөртэйгээ хамтран бичиж 2008 онд хэвлүүлсэн “Ногоон нүдэн лам” романыг шимтэн уншсан олон мянган уншигчдын хүлээлт хийгээд урмыг “Жаран цагаан хонь” хугалаагүй бөгөөд худалдаанд гарснаас хойш өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлерийн жагсаалтаас буугаагүй байна. 
Ц.Оюунгэрэл 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Жорлонгоо өөрчилье” төсөл санаачилж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангуулахын төлөө ажиллаж буй юм.

Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

2018-09-30 133 1816 Дэлгэрэнгүй
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 90 815 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 46 3326 Дэлгэрэнгүй

Дээшээ