Хүүхэд ямар эцэг, эхийн өмч юм уу?
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

Хүний эрх гэж юу вэ? Ямар тохиолдолд "хүний эрхийн зөрчил" үүсдэг юм бэ?

Би, Та, бид бүгд эрхтэй. Харин та "хүн эрхтэй, хүүхэд үү? Аа мэдэхгүй" гэж бодож явдаг юм биш биз. Ялангуяа эцэг, эхчүүд. 

"Хурц өнцөг" хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг удаа дараа тавьж байна. Яагаад бид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж мэддэггүй юм бэ.

Эцэг эх нь ч, сургууль, цэцэрлэгийн багш нар нь ч, томчууд бүгд "хүүхэд" гэхээр яагаад "дээрэлхэж болно, загнуулах ёстой, алганы амт үзүүлэхэд гэмгүй" гэсэн хандлагаа авч хаяж чадахгүй шинэ зуунд амьдарсаар байна вэ. Хүүхэд бол тантай адил л хүн. Таныг хэн нэгэн толгой түрүүгүй загнаад, цохиж аваад л байвал та дургүйцнэ биз дээ? Хүүхэд тантай яг адилхан хариу үйлдэлтэй. Тэд жижигхэн биетэй байгаа нь тэд Танаас дутуу бас тэнэг гэсэн үг биш гэдгийг хатуу ойлгоорой.

Хурц өнцөг энэ удаагийн дугаартаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг урилаа. 

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.

О.Ариунбилэг
Сэтгүүлч

Боловсрол:
Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль: 1972 он
Хууль цаазын дунд сургууль: 1975 онд
ОХУ-ын Москва хотын Улсын Их Сургуулийг хуульч: 1985
Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, профессор

Ажилласан байдал:
1975-1979 онд Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
1985-1991 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
1991-1992 онд Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш,
1992 оны 01-06 дугаар сард Улсын Бага Хурлын гишүүн,
1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн,
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга,
2004-2010 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бөгөөд дарга,
2010 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байна.

Хүн байгаа газар хүний эрх хангагдах л ёстой

Хүний эрх гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлж өгөөч?
Хүний нийгэмдээ амьдрах нөхцөл, боломжийг хэлж байгаа юм. Тэр нөхцөл боломж алдагдвал хүний эрхийн зөрчил болно. Хүн эхээс мэндлэхдээ ядуу, баян ямар болохоос үл шалтгаалаад бүгд адил. Хүн төрөлхтөн хорвоод ирэхдээ адил юм бол цаашдын амьдралдаа ч адилхан л хүн ёсоор амьдрах ёстой гэдэг шаардлагыг тавиад байгаа юм. Хүн төрөлхтөн энэ зарчмынхаа дагуу л шаардлагыг тавьж ирсэн. Хүн хаа байна тэнд амьдрах нөхцөл боломжийг л бүрдүүлэхийн төлөө тэмцэж ирсэн.
Тэгвэл энэ боломж нөхцөл монголд хэр хангагдсан бэ. Хэрвээ 100 хувь гэж үзвэл?
Авлигын индекс гээд олон зүйлээр улс орнуудыг байр эзлүүлдэг ч хүний эрхийн асуудлаар байр эзлүүлдэггүй. Яагаад гэвэл хүн байгаа газар хүний эрх хангагдах л ёстой. Дэлхий ертөнц даяар хүний эрхийг бүрэн хангасан газар гэж үгүй. Харин хүний эрхийг зөрчдөг улстөрийн тогтолцоог арилгах, хүний эрхийг зөрчихгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн эдийн засаг улстөр, хууль зүйн баталгааны төлөө л явж байгаа юм. НҮБ-ын 70 жилийн ойгоор хүний эрх зөрчигдөж байна шалтаг нь дайн дажинтай, улстөр, эдийн засгийн боломж алга байна гэдгийг тодорхойлсон. Тиймээс энэ мэт шалтгийг болиод, 2030 он гэхэд улс орнуудын хүрэх ёстой зорилтыг тогтоосон. Тэр бол Тогтвортой хөгжлийн зорилт. Жил бүр энэ зорилтын хэрэгжилтийг ярьж байна.
Манай улс 30 гаруй олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн байдаг. Харин хэрэгжилт нь хэр байдаг юм бол?
Манай улс хүний эрхийн талаарх 18 гэрээний 17-д нь орсон дэлхийн 10 улсын нэг. Тэгэхээр дээгүүр байгаа биз? НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Эдгээрээс харах юм бол үнэхээр хүний эрхийг дээдэлдэг орон мөн.
Цаасан дээр.
Энэ бас том үүрэг шүү. Энэ бол чухал асуудал. Гагцхүү хэрэгжүүлэх ёстой. Чи цаасан дээр гэж хэллээ. Би яг наад цаасан дээр байгаа асуудлыг л бодитой болгох ёстой гээд байгаа юм. Бид хангалттай цаас бичсэн. 2010 оноос эхлээд НҮБ-т Хүний эрхийн зөвлөл байгуулагдсанаас хойш ЗГ-ууд хүний эрхийн тайлан илтгэлээ өгдөг болсон. Манай улс 2011 оны гуравдугаар сард анхны хэлэлцүүлгийг хийсэн. Дараа нь 2015 онд хоёр дахь илтгэлийг Монгол улсын ЗГ хоёр өгсөн. Хоёр дахь илтгэлийн өмнө эхний илтгэлийн дагуу өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг дүгнэсэн. Энэ жилүүдэд бид өөрийн чинь хэлдгээр цаасан дээр л ажилласан. Цаасаа ч бүрэн гаргаж өгч чадахгүй үе байлаа. Засгийн газрууд солигддог. Тэгэхээр гол хариуцсан яам болох Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам хоёр нь “мэдэхгүй түрүүнд нь байсан хүн солигдсон” гэдэг. Одоо ингэхээ больё. 2017 оны байдлаар хүний эрхийн зөвлөлийн өгсөн зөвлөмж манай улсад ямар байдалтай хэрэгжилттэй байна вэ гэдгийг илтгэсэн дунд хугацааны тайланг бид УИХ-д өгсөн. Харин энэ удаад ГХЯ, ХЗДХЯ тодорхой ажил хийж, илтгэл бичихэд оролцсон. Илтгэлийг бичихдээ бид маш олон талын баримт, тоон мэдээллийг оруулдаг. Одоо дэлхий дахин хуучин шигээ цаасан дээр сануулдаг цаг өнгөрсөн. Одоо улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг болсон. Монголд ч ийм дохио ирж байсан.

Саяхан Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх асуудлыг сөхөхөд Европын холбооноос манай улсад сануулга ирсэн үү?
Тийм юм бий. Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн эрхийн хороонд илтгэл явуулсан. Энэ илтгэлийн өмнө НҮБ-ын холбогдох хүмүүс надад хандаж “хурдан морины унаач хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Та бүхэн Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглох тухай конвенцын хэрэгжилтээ хангахгүй байна. Танай засгийн газарт хориг арга хэмжээ авах цаг болж байгаа шүү” гэж хэлсэн. Харин Засгийн газар комиссын илтгэл дээр үндэслэж өвлийн улиралд хурдан морины уралдаан зохиохгүй байх шийдвэрийг гаргасан.
Та хүн нэг бүрийн эрх дэлхий дахинд чухал асуудал гэлээ. Харамсалтай нь, 2018 онд олон хүүхэд цаг бусаар хорвоог орхилоо. Хүүхдүүд тоглож байгаад, эрүүл энх явж байгаад, амьсгалж байгаа агаараасаа болж амиа алдаж байгаа бүхнийг бууруулахын тулд танай байгууллага юу хийж, ямар зөвлөмжийг Засгийн газарт өгөв?
Хүүхдийн эрхийн асуудлаар манай хийсэн судалгаа маш их. 2017 оны илтгэлд маш олон талаас нь бичсэн. Хүний эрхийн Үндэсний комиссоос УИХ-д өргөн мэдүүлж байгаа илтгэл бол эмнэлэгийн хэлээр онош юм. Онош тавихын тулд олон төрлийн шинжилгээ хийлгэдэг биз дээ. Монгол Улсад болсон бүхий л үйл явдал, судалгаа шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирсэн мэдээлэл дээр үндэслээд онош зөвлөмжөө УИХ-д өгдөг. УИХ хэлэлцээд Засгийн газарт тогтоол гаргаж өгдөг. Харин үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хэрэгжилт тун сул байсан. Үнэнийг хэлэхэд монголд болж байгаа хүний эрхийн хамгийн хүнд зөрчлийн мэдээлэл манай байгууллагат л хамгийн түрүүнд ирдэг. Тэр болгоныг нийгэмд цацаад байх боломжгүй. Нийгэмд эмзэг байдлыг үүсгэдэг. Би өөрөө хүртэл хүнд байдалд ордог. Тиймээс зөрчлийг судлаад, арилгах талын бүхий л ажлыг хийдэг байх ёстой. Өөрөө “монголчууд хүүхдээ хайхрахгүй байна” гэж хэллээ. Үгүй. Монгол хүн үхэн үхтлээ үр, үгүйртлээ мал гэж явсан ард түмэн. Өөрийн хүүхдийг төдийгүй өрөөлийн хүүхдийг ч хайрладаг. Орчин үед хотжих нөхцөлтэй холбоотойгоор, ялангуяа ядууралтай холбоотойгоор хүүхдийг гуйлга гуйлгаж, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж эрхийг нь зөрчиж байна. Өөрийн амьдралын бэрхшээл зовлон, уур уцаарыг хүүхдэдээ гаргаж байна. Бид ийм байгаагүй юм. Жишээ нь, бидний үед хурдан морины унаач хүүхдүүд унасан ч бэртдэггүй байсан. “Хүүхэд унахад морьд дэлээ дэвсдэг” гэдэг яриа ч байлаа. Гэтэл орчин цагт морьдоо тэжээсээр байгаад өнөөдүүл нь бүр зэрлэг болчихсон.
Монгол морины шинж үгүй болсон гэж хэлэх гээд байна уу?
Тийм. Чи бас хүүхдийн эрхийн асуудал түрүүн ярилаа. Би нэг зүйлд үнэхээр дургүй хүрснийгээ хэлмээр байна. Саяхан нэг багахан хэмжээний наадамд хурдан морины унаач  11 настай хүүхэд унаж амиа алджээ. Гэтэл эцэг, эх нь “өөрийнхөө морийг унаж явсан, гомдолгүй” гээд хэргийг хаасан байна. Юу гэсэн үг вэ? Тэр хүүхэд тэдний өмч юм уу? Яахаараа эцэг, эх нь гомдолгүй гэхээр тэр хүүхдийн амь нас хамаагүй болчихдог юм бэ гэдэг асуудлыг тавиад одоо энэ асуудал шалгагдаж байна.
Шинжээчид болон судлаачид, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан "хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр өмгөөлдөг болох" саналыг дэвшүүлсэн. Энэ тал дээр танай комисс ямар байр суурьтай байгаа вэ?
Энэ бол жижиг асуудал. Уучлаарай, энэ том асуудал л даа. Гэхдээ үүнээс ч хүнд асуудлууд байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эмч болон багшийн буруугаас сэтгэцийн өвчтэй болсон хүүхэд ч байна

Юу вэ тэр нь?
Нэгдүгээрт, тэр хүүхэд хүчирхийлүүлж маш том хохирч байна. Хоёрдугаарт, цөөхөн хүн амтай манай улсад хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа нийгэмд амьдрах боломжгүй болж байна. Хоёр дахь асуудалд бид ерөөсөө анхаарал хандуулахгүй юм. Би тодорхой жишээ хэлье. Нэг аймагт гэртээ дүүтэйгээ хоёулхнаа байхад нь найман настай охиныг ууланд аваачиж хүчирхийлээд, нүүр амыг нь сэглээд хаячихсан. Хүчирхийлэгч ялаа аваад явсан, ойлгомжтой. Харин охин нутагтаа амьдрах боломжгүй болоод Улаанбаатарт шилжин суралцсан. Гэтэл сургуульдаа сурч байсан охиныг “охидын үзлэг” гээчид хамруулж, багш нь ангийнх нь хүүхдүүдийн өмнө “чи яасан ичдэггүй юм” гэх мэтээр доромжилсон. Тэгээд тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Монголын нэг сайхан хүүхэд охидын үзлэг хийж хамаагүй мэдээлэл цацдаг эмчийн буруутай үйл ажиллагаанаас, хүүхдүүдийн өмнө нэгийг нь доромжилдог багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод сэтгэцийн өвчтэй болсон жишээ. Тэгэхээр хүчирхийлүүлээд үлдэж байгаа охидын асуудал үнэхээр хүнд байна. Тоог нь ч хэлье, нууцлаад байх юм алга. 2015-2016 онд хүүхэд хүчирхийлүүлсэн тохиолдол 198 байсан. Гэтэл 2017 оны судалгаагаар 343 болж, хоёр жилийнхээс ч нэмэгдээд байна. Дээр нь нэмээд, хүүхэд жирэмслэх тохиолдол олон байна. Жирэмснээ таслан зогсоох буюу үр хөндөлт хийлгэж байгаа тоо хэд болж байгааг бид  хянаж чадахгүй байна.
Хэн хянах ёстой юм бэ?
Эрүүл мэндийн яам. Бид тус яаманд байнга асуудал тавьж байгаа. Гэтэл ЭМЯ хувийн болон төрийн эмнэлэгийг адилтгаж үзнэ ээ гэчихсэн. Тухайлбал Орхон аймагт улсын эмнэлэгт үр хөндөлт хийдэг байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭМЯ-ны шийдвэрийн дагуу “та нар тэгш байдал алдагдуулж байна” гээд болиулсан. "Энэ цагаас хойш бид хянаж чадахаа байсан" гэж Орхон аймгийн эмнэлэгийнхэн ярьж байна. Хувийн эмнэлэгт хийлгэж байгаа үр хөндөлтийн тоог бүр мэдэхгүй.
Хүүхдийн эрхийн асуудал үнэхээр хүнд байна. Гэхдээ энийг хэн шийдэх, хэн хариуцах юм бэ?
2017 онд манай комисс илтгэлээ УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэхгүй явсаар аравдугаар сард 1 хүүхэд хүчирхийлүүлээд, шүүх эмнэлэгээс 10 мянган төгрөг нэхсэн талаарх фэйсбүүкийн постын дагуу олон нийт мэдсэн хэрэг болж байж нийгмээрээ хөдөлж байлаа. Гэтэл тэр бүх мэдээллийг бид хэдийнээ илтгэлдээ оруулчихсан байсан. Олон нийтийн сүлжээ хүүхдийн эрхийг маш ихээр зөрчиж байна. Бид ирэх жил энэ асуудлаар илтгэл бичнэ. Өсвөр насны охидыг доромжлох, зургийг нь авах гээд ер нь хүүхдийг амиа хорлох хүртэл нөхцөл байдалд оруулж байна. НҮБ-ын Дээд комиссарын газар гээд олон байгууллага оролцсон олон улсын хуралд “сошл орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахад НҮБ юу хийх гэж байна вэ, олон улсын байгууллагууд юу төлөвлөж байна вэ” гэж асуусан. Улс орнууд миний асуултыг дэмжсэн ч, хариулж чадахгүй л байна лээ. Миний бодлоор сургуулийн орчинд интернэтийн сүлжээг унагаадаг төхөөрөмжүүдийг байрлуулах хэрэгтэй болов уу. 
Хүүхдийн эрхийн зөрчилд хэн хариуцлага үүрэх ёстой юм бэ?
Би хариуцна. Чи ч хариуцна. Монголчууд бид бүгдээрээ хариуцъя. Хуулиар үүрэг хүлээсэн субъектууд, холбогдох бүх байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд бүгд хариуцъя. Хариуцаж чадаагүйд нь хариуцлага тооцъё. Хүүхдийн эрх зөрчсөн бүхэнд, эцэг эхчүүдэд хариуцлага тооцъё.

Хүн бүхэн хариуцъя гэхээр хэт саармагжихгүй юу?
Үгүй. Ийм сэтгэлгээг хүн бүхэнд суулгая л гэж байгаа юм.
Та ХЭҮК-ын даргаар ес дэх жилдээ ажиллаж байгаа, дахиад 4 жил ажиллах хүн. Түрүүн хэлэхдээ үе үеийн Засгийн газрууд танайхаас өгсөн “хүний эрхийн илтгэл”-ийг хэрэгжүүлэхдээ сул гэж хэлсэн. Хүүхдийн эрхэд анхаарахгүй байдаг шалтгаан нь юу юм бол?
Мэдээж анхааралгүй л яахав. Манай комиссоос гаргасан илтгэлийн дагуу хүүхэд хамгааллын төсвийг хасах гэж байснаа больсон гэх мэт нааштай алхмууд бий. Гэхдээ бидний сайн, мууд дасдаг шинж ямар ч албан тушаалтанд байх юм. Хүний сэтгэлд хүний эрхийн талаарх мэдрэмж суух ёстой. Бүхнийг мэдрэх чадвартай болсон тохиолдолд ажилд хандах хандлага аяндаа бий болно. 
Таныг ажиллаж байх хугацаанд агаарын чанар жил ирэх бүр муудаж, олон улсын байгууллагын гаргаснаар жилд 450-500 хүүхэд агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна. Нэг хүүхэд биш, арав биш, хэдэн зуун хүүхдийн амь нас шүү дээ. Танай байгууллагаас одоо амьдарч байгаа хүүхдүүдийн амь насыг алдахгүйн тулд, хийж болох ямар алхмуудыг зөвлөж, нөхцөл байдлын ямар судалгаа хийж Засгийн газар, УИХ-д өргөн барьсан бэ?
Бүгдээрээ мэдэж байгаа асуудал. ХЭҮК-ын 17-р илтгэл дээр бүр тодорхой зааж өгсөн байгаа. Нэг л юмыг ойлгохгүй байна. Өөрийн чинь хэлсэн тоо үнэн байж мэднэ. Гэхдээ өнөөдөр мэдэгдэж байгаа энэ тоо юу ч биш. Хоёр зүйл ирээдүйд илүү их мэдрэгдэнэ. Нэг нь хоол, нөгөө нь агаарын бохирдол. Арав, хорин жилийн дараа мэдэгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг дээд зэргийн лабораторийн шинжилгээгүй бол оруулахаа больё. Агаарын бохирдлын талаар бүгд мэдэж байгаа. Тэгээд яг л өөрийн чинь хэлсэн шиг “цаасан дээр” л. Өвөлжин агаарын бохирдол ярьж байгаад хавар, зундаа мартчихна. “Тэр дүүрэгт цахилгааны хөнгөлөлт үзүүллээ, сайжруулсан түлшээр хангалаа” л гэнэ. Тэгээд хянаж байгаа юм алга.
Тэгэхээр танай байгууллага илтгэл гаргаснаас өөрөөр агаарын бохирдол дээр хийсэн ажил байхгүй гэж ойлгох уу?
Өөр яах юм. Бид асуудлыг нь гаргаж тавилаа. Хорин хэдэн хүн өдөр бүр гудамжаар яваад л байх уу. 
Танайх олон улсад, НҮБ-д Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг илтгэлийг гаргаж тавьдаг байгууллага. УИХ, Засгийн газарт илтгэлээ өргөн барьснаар танай эрх үүрэг дуусч байна уу?
Энэ талаарх бүх мэдээллийг манайхаас авдаг. Тэр ч бүү хэл АНУ-ын ЭСЯ Засгийн газартаа нөхцөл байдлын мэдээлэл гаргахдаа манай илтгэлийг ашигладаг юм байна. Гэхдээ энэ бол улсаа муулах гээд, матах гээд байгаа асуудал биш. Ийм байна шүү гэдгийг нь мэдээллээ, илтгэлээ, гаргаж тавьлаа. Одоо тэгээд хийх ёстой газар нь хийнэ. Бид ганц илтгэл бичдэг газар биш. Олон гомдол хүлээж авч, шийдвэрлэхэд нь хяналт тавьж, шаардлагатай албан тушаалтнуудтай нь асуудлыг тавьж байна. Олон ажил хийдэг. 
Хоёр сар гаруй Засгийн газрын ордонд улстөрийн албан тушаал, сандал суудал ярьлаа. Харамсалтай нь бид дахиад л утаатайгаа золгосон. Эмнэлэгүүд дахиад л өвдөж, зовсон хүүхдүүдээр дүүрсэн. Тэд албан тушаал ярьж байхад хүүхдүүд эмнэлэгт амиа алдсаар л байна. Гэтэл энэ л үед нь “хүүе та нар энэ асуудалд анхаараач” гэж харангын дохио өгдөг газар танайх биш үү?
Олны анхаарлыг өөр зүйл рүү хандуулдгийн жишээ энэ. Энэ дээр сэтгүүлч та бүхэн үнэхээр их тусалдаг нь үнэн. Яг үүний хажуугаар “ийм байна” гээд намайг яривал хэн над дээр ирэх вэ? Засгийн газар, УИХ аль нь тарах вэ гээд нийгмээрээ анхаараад, бүх хэвлэл мэдээллийн байгууллага нь тэр талаар мэдээлж байхад би яах вэ. Олны анхаарлыг нэг асуудал руу бүгдээрээ уулгалан татдаг ийм технологи монголд үнэхээр сайн ажиллаж байна. 

Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?
Бидэнд ирж байгаа гомдлыг харж байхад хүүхдийн эрх гэрт нь л хамгийн их зөрчигдөж байна. 
Тэгэхээр эцэг, эхчүүд л хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчдөг гэсэн үг үү?
Санаатай, санамсаргүй байдлаар. Яагаад гэвэл амьдрал хүнд байна, ядуурал их байна. Хоол унд, сургууль цэцэрлэгт хамрагдахаас л эхэлнэ. 
Ойрын хэдэн жилдээ бид хүүхдийнхээ эрхийг хамгаалах хэмжээнд шууд хүрчихнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр цаашдаа яах вэ?
Уг нь их амархан шийдэж болох асуудал. Би 2000-2004 онд УИХ-ыд бодлого тодорхойлох түвшний алба хашиж байлаа. УИХ-ын дэд дарга, олонхийн бүлгийн ахлагч гэх зэргээр. Тэр үед улсын төсөв 600 гаруй тэрбум төгрөгт эргэлддэг байсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед “их наяд” гэдэг тоог мэддэггүй байсан шүү. Би лав мэддэггүй байсан. Гэтэл одоо хэдэн их наяд гэнэ вэ. Тэгээд одоо сайжирсан юм байна уу?
Гэтэл хүн амынх нь тоо тэгж их өсөөгүй.
Тэгэхээр энэ бол баялгийн хуваарилалт буруу байна гэсэн үг. Улстөрийн үйл ажиллагаа явуулж байгаа субъектууд зөв ажиллаж чадахгүй байна. Одоо тэгээд Үндсэн хууль буруутай юм шиг, энийг л засчихвал бүх юм гоё болох юм шиг ярьж байна. Би Үндсэн хуулийг боловсруулж батлахад оролцож явсан хүн. Үндсэн хууль гэдэг аливаа улсын эрх зүйн суурь. Гайгүй суурь тавигдсан. Энийг өөрчилвөл байшингаа нураахаас өөр аргагүй. Хамгийн ерөнхий л хууль шүү дээ. Харин одоо зөв ажиллаж чадвал бид хоёр жилийн дотор л ядуурлаа арилгаж чадна. Тэрийгээ дагаад хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, урам зориг нэмэгдэнэ. 
Танай байгууллага хэдэн төгрөгний төсөвтэй вэ?
Ноднингоос нэг тэрбум төгрөгний төсөвтэй болсон. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага шүү дээ. Би байнгын хорооны хурал дээр “нэг бол энэ байгууллагаа татан буулгачихаач” гэж хүртэл хэлсэн. Энэ жил гэхэд томилолтын зардал 8-хан сая төгрөг бичиж байгаа юм. Тэгээд бид яаж 21 аймаг, 365 суманд хүрч ажиллах вэ? Манайх шиг төсөвтэй, улсын байгууллага байна уу гээд үзээрэй. Байхгүй шүү.
ХЭҮК-ийн үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?
ХЭҮК гэдэг Бямбадорж биш. Өдөр шөнөгүй ажиллаж, сэтгэл нь өвдөж явдаг хорин хэдэн хүн байгаа. Аймаг бүрт нэг ажилтан бий. Би бол сэтгэл өндөр байдаг. Манай залуучуудад хүний эрхийн талаарх мэдрэмж, хүн чанар, мэргэшлийн өндөр түвшин бий. Манай байгууллагат дөрвөн жил тутам “цунами” болдоггүй. Монголын төрийн албанд дөрвөн жил тутамд “цунами” болж байна. Харин манай байгууллагат цунами бүү хэл “ширүүн салхи” ч болдоггүй.
Танай залуучууд маш сайн ажилладаг гэдэгтэй би 100% санал нийлнэ. Гэхдээ Монгол Улсад хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь ч бас үнэн. Цаашдаа яамаар юм бэ?
Хэлсэнтэй чинь санал нийлнэ бас нийлэхгүй. Яагаад нийлэхгүй байна гэхээр бусад улс орнуудтай харьцуулахад хүний эрхийг хангах улстөрийн баталгаа буюу сонгуульт байгууллага байна. Хуулиуд гарсан уу, гарсан. Одоо ганцхан эдийн засгийн боломж л дутагдаж байна. Бас байгаа боломжоо ашиглаж чадахгүй байна. “Наана чинь хүний эрхийн зөрчил байна, наадхаа зас” гэхэд үгүй гэж хэлэх албан тушаалтан байхгүй болсон. Энэ бол том ололт шүү. Зарим оронд цаасан дээр их юм хийх юм аа. Цаанаа иргэд нь үг хэлэх эрх ч байхгүй. Ийм улс орнуудтай харьцуулахад үнэхээр өөр шүү.
Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа байрлуулах »
Маркетинг, сурталчилгааны алба: 99081774, 75553131
sales@mongolcontent.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1, Марс төв

© 2007-2018 Монгол Контент ХХК