Ц.Мөнхтулга: Бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлийн мөн чанарыг ойлгоосой

Б.Сондор GoGo.mn

2018-12-04 08:40 GMT+8

Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод  Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод  Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй....

Энэ бол залуу уран бүтээлч Ц.Мөнхтулгын Хайр шүлгийн мөрт... Тэрээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх тун дургүй, харин шүлэгч гэж хэлүүлэхийг хүсдэг. Гэсэн ч гүн гүнзгий утга агуулга бүхий түүний шүлгүүд хэн нэгэн сонирхогч “сараачсан” шүлгээс тэс ондоо болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Тэрээр өөрийн өвөрмөц шүлгийн дээжээсээ “Эс” үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнг залуу уран бүтээлч С.Намуунцэцэг, Л.Золбоо нартай хамтран 11 сарын 30-ны өдөр Маршал арт галерейд нээсэн юм.

С.Намуунцэцэг цэцэг зурах дуртай ч түүний бүтээлүүд үүгээр хязгаарлагдахгүйг үзэсгэлэн дэх бүтээлүүдээс нь харж болно. Бүхий л бүтээл нь гайхшруулам, бас чадварлаг зураач болохыг илтгэнэ. Учир нь тэрээр хөлөөрөө эдгээрийг бүтээдэг юм. Монгол ахуй амьдрал, соёл, байгаль, тэр бүү хэл шүүмж зургуудаар нь Л.Золбоог танилцуулъя.

Тэднийг тархины саажилттай бидний хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй болохоор магтаж байна гэж бүү бодоорой. Бүтээлүүд нь эрүүл саруул энгийн уран бүтээлчдийнхээс ч хувь илүү санагдсан.

Өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг тус уран бүтээлчид хамтран гаргаж байсан бол энэ удаад “999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэнгээ гаргажээ.

“999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлсэн юм. “Эс” үзэсгэлэнгийн үеэр “999+” цагаан чихэр ба Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” ном худалдаалагдаж орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах юм. Мөн зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлах аж.

Уран бүтээлчид маань “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүссэн.

Эх сурвалж: БСШУСЯ

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ