Самсунгийн 5G сүлжээг дэмждэг утасны туршилтын загвар


2018-12-05 14:32 GMT+8

Qualcomm-ын Хавайд болж буй технологийн чуулганы үеэр олны анхаарлыг татсан бүтээгдэхүүн нь Самсунгийн 5G сүлжээг дэмждэг ухаалаг утасны туршилтын загвар байв.

Уг утсаар АНУ-ын үүрэн холбооны компани болох Verizon-ы 5G сүлжээг ашиглан 4K дүрслэлтэй бичлэг шууд дамжуулж сонирхуулсан юм.

Чуулганд оролцогчдоос ихэд нууцалж байсан уг утасны үзүүлэлт, нэр зэргийн талаар мэдээлэл байхгүй ч дэлгэцнийхээ дээд хэсэгт бус буландаа notch-той (камер, чанга яригч, бусад мэдрэгчүүдийг агуулсан хэсэг) хамгийн анхны ухаалаг утас гэхэд буруудахгүй ажээ.

Туршилтын загвар төдий учир ийм notch-той утсыг худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Самсунгийн зүгээс ч туршилтын загвар тул хэрэглэгчдийн гарт хүрэх эцсийн загварыг үүгээр төсөөлж болохгүй гэсэн тайлбарыг TechRadar сайтад өгчээ.

Ямартай ч 2019 оны эхний хагаст Verizon болон Самсунг нар хамтран 5G сүлжээг дэмждэг ухаалаг утсыг худалдаанд гаргахаа мэдэгдсэн билээ.

Түүнчлэн АНУ-ын үүрэн холбооны компани болох Sprint Солонгосын LG-тэй хамтран 5G дэмждэг ухаалаг утсыг ирэх онд гаргахаа зарласан юм. Энэхүү өрсөлдөөнд хэн нь түрүүлэхийг хүлээх л үлдлээ.  

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1538 санал өгсөн байна.

Дээшээ