Зөвхөн 24-р сургуульд гэхэд Нийслэлийн Боловсролын газраас харьяаллын бус 35 хүүхдийг элсүүлжээ

Сэтгүүлч Б.Нямдарь

2018-12-05 15:55 GMT+8

“ЭЭЖ ААВ МИНЬ ДҮҮГ ЦЭЦЭРЛЭГТ ОРУУЛАХЫН ТУЛД БАГШИД НЬ ӨВЛИЙН ИДЭШ ӨГСӨН" 

Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Эхний хэлэлцүүлгийн үеэр панелистуудын зүгээс дараах асуудлуудыг дурдаж байлаа. 

1. Захын хорооллын сургуулиудын анги дүүргэлт хотын төвийн сурагчдыг бодоход харьцангуй хэвийн байдаг. Учир нь гэр хорооллын сургуулийн боловсролын чанарыг эцэг эхчүүд муу гээд итгэчихдэг, хүүхдээ сайн сургуульд өгөхийн тулд хотын төв рүү сургуульд элсүүлчихдэг. Энд нэгэн жишээ дурдахад Хүчит Шонхор захын орчим гэр нь байдаг ах дүү хоёр хотын төвд байдаг 24-р дунд сургуульд сурдаг ба анги нь 50 гаруй хүүхэдтэй. Хол болохоор өглөө үүрээр гарч автобус хүлээж, заримдаа таксигаар өвлийн хүйтэнд сургууль руугаа явдаг. Эцэг эхчүүд хамран сургах тойргийн сургуульдаа хүүхдээ явуулахгүй маш хол сургуульд элсүүлээд энэ мэт эрсдэлд оруулж байгааг шүүмжиллээ.

2. 24-р сургууль нийт 552 хүүхэдтэй. Үүнээс 147 нь хамран сургах тойргийн бус хүүхэд. Харин эдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийн хүсэлтээр элсүүлжээ.  Үүнд,

  • УИХ-ын гишүүний хүсэлтээр 5
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 4
  • Боловсролын үнэлгээний төв 6
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 5 
  • БСШУСЯ-аас 6 
  • Нийслэлийн Боловсролын газраас 35
  • Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас 5
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 3 
  • Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас 42
  • Сургуулийн дэргэдэх ТББ-аас 4
  • Багш ажилчдын хүүхэд 22
  • Ахмад ажилчдын хүүхэд 10 сурагч тус тус элсжээ. Ингэснээр хамран сургах тойрогтоо сурах ёстой хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. 

Гэтэл захын хорооллын 79-р сургуульд нэгдүгээр ангийн найман бүлэгт 282  сурагч байдаг. Нэг ангид 30-36 хүүхэд буюу сурагчийн тоон илүүдэлгүй суралцаж байна. Хамран сургах тойргоороо нийт 600 гаруй хүүхдийн нэрс байдаг ч дээрх 282 нь элссэн, бусад 400 гаруй нь хаана сурч байгаа нь тодорхойгүй байна. Энд хамран сургах тойргийн журам алдагдсан, сургуулиудын захиргаа үүн дээр стандартаа мөрддөггүй гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ. 

3. Боловсролын салбарт их дээд сургуулиуд магадлан итгэмжлэл авах, тендерт өрсөлдөх үйл ажиллагаанд авлига их байна гэлээ.

4. Эцэг эхчүүд хүүхдээ элсүүлэхийг хүссэн цэцэрлэгийнхээ хамрагдах хороонд хаягаа шилжүүлэн бүртгүүлж байна. Энд нэгэн жишээ дурдсан нь, 2011 онд нэр бүхий ТББ-аас нэгэн цэцэрлэгт судалгаа хийжээ. 2-3 жилийн дараа дахин судалгаа хийхэд  өмнөх судалгаанд амьжиргааны түвшин доогуур 20 орчим хүүхдийн тоо 10 хүрэхгүй болтлоо буурчээ. Харин үүний оронд амьжиргааны түвшин дундаж болон дээгүүр айлын хүүхдүүд шинээр нэмэгдсэн байжээ. Эндээс үзэхэд, боломж бололцоотой нь авлига өгч хүүхдүүдээ цэцэрлэгт оруулаад харин боломжгүй нь хасагдан гэртээ цоожлогдож эсвэл эцэг эхийн аль нэг нь гэртээ харах шаардлагатай болдог гэсэн таамгийг хэлж байлаа. Гэртээ цоожлогддог хүүхэд гал түймэр, осолд өртөх магадлал нэмэгдэнэ. 

Энэ үеэр зарим эх сурвалжаас Монгол улсын боловсролын орчин дахь авлигын нөхцөл байдал, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа. 

12 НАСТАЙ СУРАГЧ: НЭГ НЬ АВЛИГА ӨГӨХГҮЙ, НӨГӨӨ НЬ АВАХГҮЙ, ХУДЛАА ЯРИХГҮЙ БАЙХАД Л БОЛЧИХНО 

Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон Өсвөр үеийнхний дуу хоолой-2 “Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны үр дүнг танилцуулсан юм. 

Судалгааны үр дүнгийн зарим хэсгээс...

1 | 3 фото
1
1
1
 

Бидний хийсэн судалгаагаар сургуулийн орчинд багш болон сургуулийн зүгээс хэн нэгэн хүүхдэд давуу байдлыг олгочихдог нь анзаарагдсан. Нэг үгээр давуу байдлыг олгохдоо тухайн хүүхдийн эцэг эх, амьдралын түвшин, сурлага гээд багшид ямар нэгэн байдлаар ашигтай байх чанарыг нь харгалздаг. Хэн нэгэн сурагчид илүү давуу байдлыг олгоод эхлэхээр нөгөө хүүхдүүдийн идэвх, хүсэл тэмүүлэл нь буурдаг юм.

Багшийн ёсзүйн дүрмийг нь энэ жилийн тавдугаар сард шинэчлэн баталсан. Гэвч үүнийг зөвхөн багш нар мэдэх ёстой биш. Хүүхдүүд, сурагчид багшийнхаа ёс зүйг ямар байхыг мэддэг, харж хянаж байх ёстой. Мөн эцэг эх, олон нийт мэддэг байх ёстой ч багшийн ёс зүйн дүрэм өнөөг хүртэл ил тод биш байна. 

Манай судалгаанд оролцсон, зургадугаар ангийн нэгэн хүү авлигыг маш энгийн гурван аргаар зохицуулж болно гэж дурдсан байсныг бас хэлмээр байна. Тэр нь “1. Худлаа бүү ярь, 2. Нэг нь авлига бүү өг, 3. Нөгөө нь бүү ав” гэж. Судалгааны талаарх мэдээллийг бид маргааш Нээлттэй Нийгэм Форум дээр болох хэлэлцүүлгийн үеэр илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.


"АНГИЙН ДАРГА БОЛОХЫН ТУЛД АНГИЙНХАНДАА 1000 ТӨГРӨГ ТАРААСАН ХҮҮХЭД ИРЭЭДҮЙД ХЭН БОЛЖ ТӨЛӨВШИХ ВЭ"

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 

Энэ удаагийн хэлэлцүүлгийг авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа юм.  Боловсролын салбар дахь авлига нь багш нар л авлига хээл хахууль авдаг гэсэн жижиг сэдвээр хязгаарлагдах зүйл биш юм. Тендер худалдан авалтууд, багш нарын харилцаан дээр хүртэл гардаг зүйл. Ирээдүйд авлигыг тэвчих үзэлтэй иргэнийг бий болгох ёстой байтал энэ салбар нь өөрөө авлигын асуудалтай байхаар авлига өгдөг авдаг, үүнийг байх ёстой зүйл мэт ойлгодог ирээдүйн иргэн, бүхэл бүтэн үеийг бий болгож байна гэж хэлж болно. Цаашид ирээдүйд гарах хор уршиг нь их гэсэн үг. Тиймээс энэ салбарыг авлигаас ангид байлгах зайлшгүй шаардлага байгаа учир үүний гарц гаргалгаа юу байх талаар төрийн болон ТББ, иргэний нийгмийн гээд олон талт оролцоог хангасан хэлэлцүүлгийг өрнүүлж байна. 

Ангийн дарга болохын тулд ангийнхандаа 1000 төгрөг тараасан хүүхэд, бусдадаа хуулуулсныхаа үр дүнд мөнгө авдаг онц сурлагатан сурагч ирээдүйд ямар ёс суртахуунтай хүн болж төлөвших вэ? Энэ бүхнийг бид одоо анзаарахгүй бол ирээдүйд учруулах хор уршиг нь өнөөдрийн яригдаж буй хэдэн тэрбумын дэргэд хэд дахин их сөрөг нөлөөтэй юм.

“БАГШ ӨӨРИЙН ЁС ЗҮЙ, ҮЙЛ ХӨДЛӨЛ, ҮГ ХЭЛЭЭРЭЭ ХҮҮХДЭД БОДИТООР НӨЛӨӨЛДӨГ”

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан

Хүүхдийг ивээх сангаас ЕБС-ийн хүүхдүүдийн дунд "Шударга ёс гэж юу вэ" хэмээх маш сайн судалгааг хийжээ. Судалгааны товч үр дүнгээс харахад 10-16 насныхан "Багш нар шударга бус байдлыг үлгэрлэж байна, ээж аав минь дүүг цэцэрлэгт оруулахын тулд багшид нь өвлийн идэш өгсөн" гэх мэт бодит явдлуудаа дурдсан байна. 

ЕБС-ийн орчинд гардаг нийтлэг үзэгдлүүд нь сурагчдаас хууль тогтоомжид заагаагүй татаас хураамж авах, хандив нэхэх, эцэг эхчүүдийг хандив цуглуулахаас өөр аргагүй байдалд хүргэх түүнээс гадна хүүхдүүдэд ялгавартай хандаж байна гэх мэт асуудлууд яригдаж байна. Тиймээс эхлээд багш нарын хандлагыг эерэг болгох, дараагаар нь чадварыг нь нэмэх асуудал гарч ирж байна.

Ямар ч мэргэжил ёс зүй дээр тулгуурлаж байдаг, багш өөрийн ёс зүй үйл хөдлөл үг хэл бүрээрээ хүүхдэд бодитоор нөлөөлдөг.  Багш нар ёс зүйтэй байх, сурагч хүүхдүүдээ хайрлах, алагчлалгүй хандлагыг бий болгох тал дээр тэднийг илүү мэргэшүүлэх ёстой нь анзаарагдлаа. Түүнээс дээрх судалгаанаас харахад хүүхдүүдийн 80 гаруй хувь нь шударга ёсыг гэр бүлийн орчинд мэдэж авдаг гэжээ. Тиймээс гэр бүлийн орчинд эцэг эх, том хүн бүр хүүхдүүдийн өмнө эерэг үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй байна. 


Уг хэлэлцүүлэг өнөөдөр "Блү Скай" тауэрийн "Даймонд" танхимд 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ