Италийн супер цомын тоглолт Саудын Арабад болно

SPS

2018-12-06 13:20 GMT+8

Италийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд “Ювентус”, “АС Милан” багуудын хооронд болох супер цомын төлөөх тоглолтыг ирэх сард Саудын Арабад зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Тус тоглолт 1-р сарын 16-ны өдөр Жидда хотын “King Abdullah Sports City” цэнгэлдэхэд болно. Жил бүр “Сери А” лиг болон “Италийн цом”-ын тэмцээний ялагч багуудын хооронд болдог тус тоглолт сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ, Катар зэрэг гадны улсуудад болсоор ирсэн.

Өнгөрсөн улирлын хувьд “Ювентус” дээрх хоёр тэмцээнд аль алинд нь түрүүлсэн учраас “Италийн цом”-д үзүүрлэсэн “АС Милан”-тай супер цомын төлөө тоглоно. “Ювентус” шигшээ тоглолтод “АС Милан”-ыг 4:0-ийн харьцаатай илт давуу хожиж байсан юм.

“Хуучин хатагтай” нар улсынхаа супер цомын тоглолтод 7 дахь жилдээ дараалан өрсөлдөж байгаа нь энэ. Гэвч тэд энэ хугацаанд 3 удаа л ялалт байгуулжээ. Өнгөрсөн жил гэхэд л “Лацио”-д хожигдож байсан.

“АС Милан”-ы хувьд 2016 оны супер цомын төлөөх тоглолтод “Ювентус”-тэй үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор хожиж байсан билээ. Эдгээр багууд өнгөрсөн сард “Сери А” лигийн хүрээнд учраа таарахад “Ювентус” 2:0-ээр хожсон.

Тэрхүү тоглолтод “АС Милан”-ы довтлогч Гонсало Игуайн улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм. “Ювентус”, “АС Милан” багууд Италийн супер цомд тус бүр 7 удаа түрүүлсэн нь дээд амжилт. Харин ирэх сард хэн хожсон нь 8 дахь түрүүгээ авч, энэхүү рекорд амжилтыг ганцаараа тэргүүлэх боломжтой.

Италийн супер цомд хамгийн олон түрүүлсэн багууд:

  1. Ювентус–7
  2. АС Милан–7
  3. Интер–5
  4. Лацио–4
  5. Рома–2
  6. Наполи–2
  7. Сампдориа–1
  8. Парма–1
  9. Фиорентина–1

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1540 санал өгсөн байна.

Дээшээ