2018.12.06 Өнөөдөр болсон онцлох ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Б.Сондор GoGo.mn

2018-12-06 21:10 GMT+8

Ханбогд суманд 7.2 тэрбумын өртөгтэй цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

Галбын улаан тэмээгээр улсдаа тэргүүлдэг Ханбогд сумынхан өчигдөр орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулсан цэцэрлэг, сургуулийнхаа нээлтийг хийлээ.

Өдөр ирэх тусам хүн амын тоо нь өсөж буй уг суманд нийт сургуулийн насны 1100 хүүхэд байдаг бөгөөд сумын ганц сургуульд ачаалал ихтэй суралцдаг байжээ. Тодруулбал Ханбогд сумын I бүрэн дунд сургууль 640 хүүхдийн багтаамжтай атал нийт 1100 хүүхэд суралцаж, 280 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжгүй байв.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хандсанаар "Оюу толгой" ХХК-ийн санхүүжилтээр 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг барьж, иж бүрэн тохижуулжээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД , фото мэдээллийг үзэх бол ЭНД дарж хүлээн авна уу.


Сангийн яам ирэх онд бүх тусгай санг шалган, заримыг нь татан буулгана

“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. Өчигдөр боловсролын салбар дахь авлигыг хэлэлцсэн бол өнөөдөр ЖДҮХС-ийн үзүүлэлтүүд, энэ сан зорилгодоо хүрч чадсан уу зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байна.

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Тусгай сангийн хяналт ба ил тод байдал” сэдвээр мэдээлэл өглөө. Тэрээр ЖДҮХС-д хийсэн шалгалтаар сонгон шалгаруулалтгүй зээл олгосон, зээл авсан компанийн бичсэн төсөл хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, гэрээний хяналт сул гэх мэт зөрчлүүд илэрсэн гэв. Энэ сангаас нийт 600 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Улсын төсөв, Дэлхийн банк, Хөгжлийн банк, ЖАЙКА-гийн зээл зэргээр зээлийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Ирэх онд Сангийн яамнаас бүх сангийн үйл ажиллагааг шалган, шаардлагатай бол зарим санг татан буулгах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 


Алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ үргэлжлүүлэн төлөх, эсэхийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УУХҮЯ-наас өргөн барьсан юм. Хурлыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалав.  

Энэ төсөлд алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ-ыг дахин 5 жилийн турш үргэлжлүүлэн төлөх талаар тусгажээ. Учир нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн заалт ирэх оны эхний өдрөөс хүчингүй болно. Харин УИХ-ын зарим гишүүн энэ дүнг бага байна, өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Ажилгүйдэл гаарсан, улсын төсөв алдагдалтай байгаа, Монголбанканд тушаасан алтны дийлэнхийг (70 хувь) иргэд тушаасан тул алтны АМНАТ-ыг өсгөх ёстой гэв. ААН-үүд олборлосон алтаа иргэдээр тушаалгаж байна гэсэн хардлага үүссэн юм. Хууль санаачлагч алтнаас авах орлогыг өсгөх, 1 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байна. УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг ЭНД дарж хүлээн авна уу.

Мөн өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьсан 4 гишүүнтэй уулзаж ярилцсан, уулзалтын хураангуй тэмдэглэлийг ЭНД дарж хүлээн авна уу.


Нийслэлийн иргэд ЭРҮҮЛ АГААРТ алхах нэгэн боломж нээгдлээ

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. 

Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

Хандгайт өнгөрөөд чанх хойш явна. Цэргийн амралтаас хойш 1 км орчим яваад Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлийн алхалтын зам байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1542 санал өгсөн байна.

Дээшээ