Д.Эрдэнэбат: Бүлэггүй болсон ч эрх баригчдын болохгүй байгааг шүүмжлэх гишүүд бий

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-12-07 14:15 GMT+8

Засгийн газрыг огцруулах асуудлаар АН нэг байр суурьтай байх чиглэлийг Улс төрийн зөвлөлөөс өгсөн. Гэвч тус намын гурван гишүүн эсрэг кноп дарсан юм. Намын удирдлагууд уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа 4 жилийн хугацаатай хасч, Л.Болд, Д.Мурат нарын намаас нэр дэвших эрхийг дөрвөн жилийх хугацаатай хассан. Үүний маргааш УИХ-ын гишүүн Л.Болд намаас гарах хүсэлтээ өгсөн юм. 

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Л.Болдын намаас гарах хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэх вэ?

-Л.Болд гишүүн намаас татгалзах өргөдлөө намын төв хороонд өгсөн. Намын дүрмээр тухайн холбогдох байгууллага 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Үүний дараа асуудал хэрхэн явахыг шийдэнэ. 

-УИХ дахь АН бүлэггүй болох нь ээ?

-АН-ын бүлэг өнөөдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Л.Болд гишүүний асуудлыг намын төв байгууллага яаж шийдэхээс асуудал үүснэ. Хэрвээ бүлэг наймаас доош гишүүнтэй болох юм бол АН бүлэггүй болох эрсдэл бий. 

-Хүсэлтийг АН хүлээж авахгүй байх боломжтой юу? 

-Төв нам өөрийн шийдвэрээ гаргах үүрэгтэй. Ямар шийдвэр гаргахыг бид мэдэхгүй шүү дээ. Энэ бол намын асуудал.

-Бүлэггүй болвол УИХ хяналтгүй болох эрсдэл үүсэх үү?

-Бүлэггүй болоход хяналгүй болох эрсдэл байхгүй. АН гишүүд УИХ-д байна. Тиймээс өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлээд эрх баригчдын болохгүй байгааг шүүмжлэх гишүүд байгаа учраас ямар ч нөхцөл байдалд бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна.

-УИХ-ын гишүүн Л.Болдыг шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Л.Болд гишүүнийг шүүхэд өгөөгүй. Аливаа мэдэгдэл, тайлбарыг мушгин гуйвуулж болохгүй. Л.Болд гишүүний УИХ дахь бүлгийн асуудлыг шийдэхэд УИХ-ын хуульд тодотгох зүйл зайлшгүй гарлаа. Тиймээс УИХ-ын хуульд тодотгох зүйл зөрчилдөөнтэй байгаа учраас Улсын дээд шүүх энэ талаар тайлбар хийж өгөөч гэж хэлсэн. Гишүүдийг бүрэн эрхийн асуудлаар шүүхэд өгдөг нам гэж хаана ч байхгүй. 

-Хуулийн талаас ямар тодорхойгүй зүйл байгаа учраас Дээд шүүх тайлбар хийх ёстой гэж үзэж байгаа юм бэ? 

-Хуульд УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн хүсэлтэд тусгасан заалт нь гишүүдэд хамааралтай заалт бий. Нэг гишүүн намын бүлгийн гишүүнээс татгалзахад ямар хуулийн заалтаар шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн нам татан буугдаагүй байхад энэ байж болох нөхцөл мөн үү гэдгийг тодорхой болгож өгөөч гэсэн тайлбарыг хүссэн. 

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг та хэрхэн дүгнэж байна. Таны намын хоёр гишүүн байгаа шүү дээ?

-УИХ-ын даргыг огцруулах асуудал эрх баригчдын тухай асуудал цөөнхийн асуудал биш. 65 суудалтай ард түмний итгэлийг авсан нам өөрсдөө УИХ-ын даргыг сонгосон. Тэр байтугай энэ хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Дотроо учраа олох асуудлыг төрийн үймээн болгож болохгүй.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ