Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн “Мандухай сэцэн хатан”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2018-12-29 11:30 GMT+8

Одоогоос  30 жилийн өмнө, 1988 онд Монголын нийгэм, оюун санааны амьдралд тэсрэлт болсон үзэгдлийн нэг бол яахын аргагүй “Мандухай Сэцэн хатан” кино байлаа. Нэг намын үзэл суртлын хатуу хяналт дор олон жилийн турш Монголынхоо өнө эртний түүх судраа сөхөж хөндөхөөсөө болгоомжилж эмээдэг байсан цагийг  халж  ард түмний үндэсний ухамсар, үндэсний бахархлыг сэргээх үйлсэд  уг бүтээл том эргэлт хийсэн юм.

Үнэндээ үндэс угсаагаа ярьсан олон хүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн гадуурхаж,амьдрал хувь заяаг нь хохироодог байсан тухайн үеийн төрийн бодлого, намын үзэл сурталд  “Мандухай сэцэн хатан“ цэг тавьсан билээ. Нэрийг нь дуудахаас ч дотроо айдастай явдаг  ард түмэн маань анх удаа их хааныхаа том хөргийг дэлгэцээс харж магнай нь тэнийсэн юм.

Мандухай хатан /Х.Сувд/ морьтойгоо давхин ирж буугаад тахилын сүмд дэх эзэн Чингисийн хөргийн өмнө туурга тусгаар монголчуудынхаа эв нэгдэл, бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайхран тэмцэхээ илэрхийлж тангараг өргөж буй киноны хэсэг нь найруулагч, уран бүтээлчдийн зоригтой алхам, шинэ өвөрмөц уран шийдэл байв.

Үүгээрээ найруулагч Б.Балжинням, зураглаач Л.Шаравдорж нар маань их хааныхаа хөрөг зургийг анх удаа монгол түмнийхээ мэлмийд  шүтээн болгож крупный план буюу том дүрсээр дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн нь учиртай. Ер нь уг кино нийт уран бүтээлчдийн Монголоо гэсэн халуун сэтгэл шингэсэн хүчтэй уран бүтээл болсон.

Бидний өвөг дээдэс Монгол улсынхаа  гал голомтыг бөхөөхгүйг эрмэлзэж, төрөлх нутгаа  бүрэн бүтэн хойч үедээ үлдээхийн төлөөх дайн тулаанд тэдний урсгасан цусыг  хойч үр ач нар маань мартах ёсгүйг киноны нэвтрэн гарах санаа өгүүлсэн юм...

Монголын төлөө гэх зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг өнөө ирээдүй үедээ хандуулж, асуудлыг дэвшүүлсэн нь киноны ерөнхий зураач, найруулагч, оператор, хөгжмийн зохиолч, жүжигчдийн уран чадварын  нэгдмэл бүтээлч эрэл хайгуулын үр дүн байлаа.Ганц жишээг дурдахад  киноны төгсгөл хэсэг дээр  бэлгэдэл санааг дүрслэлийн өвөрмөц хэлээр уран илэрхийлсэн байдаг...

Тухайлахад  Мандухай хатныг оршуулах  ёслолын үеэр баатар эрсийн барьсан түг түмэн бамбарын гэрэл үдшийн бүрийд сүрлэг харагдах нь хэзээд ч бөхөшгүй  Монголын маань гал голомтын дөл гэлтэй.

Бамбарын энэ дөл бол чухамдаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд үеийн үед бадамлан асах сэтгэлийн мөнхийн галыг бэлэгшээсэн  гүн утга бүхий уран сайхны шийдвэрлэлийн нэг байлаа. Цаад утгаараа хэдийгээр төрийн их хатан тэнгэрт хальсан ч Монголынхоо төлөө тэмцэж алтан амиа зориулсан түүний үйл хэрэг, гавьяа зүтгэл нь ард түмний зүрх сэтгэлд үүрд зул болон үеийн үед мөнхжин үлдэх учиртай уран санаа юм. Мандухай хатантай салах ёс гүйцэтгэх  ажиллагааг алс өндрөөс операторын панорамдаж авсан ерөнхий зураглал сүртэй, хүндэтгэлтэй харагдуулж, киноны дэвшүүлсэн санааг улам гүнзгийрүүлэхийн хамт, ялангуяа буурал түүхийн эрт үе, өнөө цаг, ирээдүйг холбосон монгол хүний зүрх сэтгэлийн мөнхийн дуудлагыг киноны хөгжмийн эртний аялга бүхий дуурьсгалантай эгшиг яруу илэрхийлсэн байдаг.

Төрийн шагналт Н.Жанцанноров киноны хөгжмийнхөө лейтмотив буюу үндсэн аялгуу сэдвийг сонгохдоо ардын язгуур урлагийн өвийг бүтээлчээр ашиглаж эрэл хайгуул хийсэн нь уран сайхны гайхалтай шинэ нээлт болсон юм. Тэрбээр хөгжмийн туурвилдаа уртын дууны аялга, шуранхай, уухайн түрлэг, хуурын татлага, хөөмийн цуурай, тагнайн исгэрээ, хэнгэргийн чимээг хослуулан хэрэглэсэн нь буурал түүхийн дүр төрхийг аялгуу эгшгээр нүднээ буухуйц дүрсэлж, монгол хүний сэтгэлийн нандин бүхнийг хөглөн  гайхалтай  хөндөж чадсан байдаг.

Тиймдээ ч  Мандухайн хөгжим ахин дахин сонссон ч уйдашгүй, түүний аялгуу эгшиг Монголын маань амин сүнсийг эрт, өнөө, ирээдүйн гурван цагаар холбож, монголчуудын сэтгэлд мөнхөд шингээсэн өвөрмөц туурвил болсон юм. Ялангуяа киноны эхлэл, төгсгөлийн хөгжим хэдэн зуун жилийн тэртээх түгшүүрт цаг, хэзээд ч мартах ёсгүй өвөг дээдсийн гавьяа зүтгэл, зовлон жаргалын  дуудлага мэт дуурсаж киноны туульсын ерөнхий өнгө төрхийг тодосгон, киноны  өгүүлэмж, үйл явдлын өвөрмөц оршил, тайллын учиг болж эгшиглэх нь хэний ч сэтгэлд нэгийг бодогдуулдаг.

Ер нь киноны  зөрчлийн өрнөл,туйл,дүрүүдийн дотоод ертөнцийг нээх,монгол нутгийн байгалийн зураглалыг олон өнгө аялгуу эгшгээр илэрхийлэхэд Н.Жанцаноровын  хөгжим, киног үзсэний дайтай бие даасан онцгой туурвил болсон юм. Энэ гайхамшигтай бүтээл дотроо: “их хатан Мандухай”, ”Төрийн ёс,зан үйл цэнгүүн”, ”Эх нутаг” хэмээх    сэдэвчилсэн гурван чуулбар хэсгээс бүрэлддэг. Чуулбар хэсгийн аялгуу бүр  эмгэнэл, гуниг, уянга хосолсон өнгөөр баялаг тул ямар ч хүний сэтгэлийн жаргал, зовлонг хуваалцах увидастай аж. Ялангуяа их хатан Мандухайд зориулсан уянгын аялгууг монгол хүн бүр андахгүй Тэх тусмаа  харийн газар суугаа монгол хүн ер бусын энэхүү уянгын аялгуу эгшгийг сонсоод эх нутгаа санах сэтгэлий хөндөж өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хураад ирдэг нь учиртай.

Хөгжим хүний сэтгэл хэл гэдэг. Энэ утгаараа язгуур угсаа нэгт монгол туургатнуудын маань дотроо нандигнан тээж явдаг монголоо гэх сэтгэлийг нь огшоох төдийгүй бусад улс үндэстний сонорыг эзэмдэх бүтээл болсон юм.

Ямар сайндаа л Токиод хүртэл таксины жолооч  машин дотроо Мандухай сэцэн киноны хөгжмийг сонсоод явж байсан тухай  яриа байдаг. ХҮ зууны  монголын  төр, нийгмийн  амьдралыг өргөн цараатай өгүүлсэн туульсын уг бүтээлийн уран сайхны томоохон ололтын нэг нь  жүжигчдийн ансамбль,бүрэлдэхүүнийг зөв сонгосон нь тэдний бүтээсэн дүрүүд үзэгч олны оюун санаанд шингэж чадсан билээ.Тухайлахад АЖ А.Очирбатын шадар сайд Сатай, УГЖ Дамчаагийн Исмайл, С.Сүххуягийн Батмөнх даян хаан, тэрчлэн АЖ П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, Н.Мягмарнаран, А.Дашпэлжээ, жүжигчин Д.Төмөртогоо нарын дүрүүд гүнзгий санаа, хурц тод зан төрхөөрөө үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдэхүйц болсон байдаг. АЖ Сувдын хувьд дүрийг урлах авьяас чадварынх нь томоохон амжилтын нэг нь яах аргагүй Мандухай хатны дүр юм.

Ер нь домогт түүхэн бие хүний дүрийг түмэн олонд хүлээн зөвшрүүлэхүйц бүтээх гэдэг үнэхээр бэрх сорилт жүжигчний өмнө тулгарсан.Тэх тусмаа Мандухай сэцэн хатны хувьд нэг талаас сурвалжит язгууртны охин,бас эх хүн,нөгөө талаас, монгол төрийн алтан жолоог атгасан том зүтгэлтэн. Ийм ер бусын ховорхон бие хүний зан төрх, сэтгэлийн нарийн төвөгтэй зөрчил, дотоод ертөнцийг Н.Сувд өөрийн авьяас, оюуныхаа тэнхээгээр чадварлаг нээж чадсан нь үзэгч түмний хайр, гүн хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Тэгээд ч ард түмэн маань түүнийг нэрээр нь дуудахаасаа илүүтэй Мандухай хатан хэмээн хүндэтгэн нэрлэж заншсан нь зүй ёсны хэрэг. Н.Сувдын Мандухайд эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, төрийн зүтгэлтний зангараг, уужим ухаан  хослон  байдаг. Даян хаантай дэр нийлүүлсний дараа хэдийгээр эгчмэд ч гэлээ   Батмөнхийг  хайрлаж, сэтгэлийн жаргал эдэлсэн бүсгүй хүний уяхан ааль аашийг эвлэгхэн харуулсан байхад улс гүрэнд заналхийлсэн дайн, түгшүүрийн эгзэгтэй цагт монгол улсынхаа өмнө тулгарсан төвөгтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгт идэвхтэй оролцож, алсын бодлого,холч ухаанаараа  бусдаас ялгарах төрийн томоохон зүтгэлтэн болсныг Н.Сувдын тоглолт том томруун өгүүлдэг.

Н.Сувд дүрээ олон талаас нь  чадварлаг харуулсан байдаг. Тухайлахад эх хүн,эмэгтэй хүний хувьд эдлэх ёстой Мандухайн сэтгэлийн зовлонг бодиттой нээсэн юм. Өөр залуухан бүсгүйд сээтэн хаях Батмөнх даян хааны хөнгөмсөг зан түүний хайрыг шархлуулж байна. Н.Сувдын Мандухай дотроо шаналавч,хаант ёс төрийг хүндэтгэх түүний уужим ухаан нь далд зовиураа ялан давж,ялих шалих зүйлээр сэтгэлээ зовоосонгүй.

Улс гүрнээ бодох түүний ухаалаг чанар илүү давуутай ажээ.Үүгээр ч Батмөнх даян хааны хүндлэл хүлээж,зон олныхоо дунд нэрд гарсан хатны дүрийг Н.Сувд урлажээ. Бас түүний бүтээсэн Мандухай эмгэнэлт дүр юм. Охин насандаа өөрөөсөө ах, үе мултарсан өвгөн Мандуултай ураг барилцаж, түүнээс  хүүхэдтэй болсон ч үрийн жаргал үзсэнгүй.  

Анхны охин хүүхэд нь муу санаатны хорлолд амиа алддаг. Шадар сайд Сатай таалал төгссөнөөс хойш тэрбээр орь ганцаардаж, түшиж тулах эр  нөхөр нь жаргалд ташуурч, тус болохоосоо илүү нэр төр хөөцөлдөгч, хуйвалдагч нарын урьханд орж байна. Батмөнх хааны сул талыг овжин ашигласан ордны хуйвалдагч нарын хорон ажиллагаа идэвхжиж түүний золиосонд Мандухай өөрөө өртсөн нь дүрийн бас нэгэн эмгэнэл байлаа. Энэ бүхэнд Мандухай сэтгэл гутарч явсангүй. Ялангуяа охиноо хорлогдсоны дараа улам ч ухаан сууж, хатуужин төрөө улсаа төвхнүүлэх үйл хэрэгт эрс шийдэмгий орохоор болсон хүчирхэг эмэгтэйн дүрийг Н.Сувд  бүтээсэн юм. Түүний Мандухай монгол туургатнаа нэгтгэх дайнд цэргээ удирдан оройлон манлайлж, төрд тэрслэгч, урвагч, хуйвалдагч нартай тууштай  тулалдаж байгаад амь насаа алдаж  байна. ”Мандухай сэцэн хатан” кино бол  монголчууд эв эетэй байхдаа хүчтэй, харин эв нэгдэлгүй  бол Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учрах осолтойг үеийн үед санаж явах түүхэн сургамжийг  өгүүлсөн  юм.

Үүгээрээ улс төр, нийгмийн  гүнзгий санааг агуулсан,өнөө үед ч чухал ач холбогдолтой мөнхийн асуудлыг дэвшүүлснээрээ үнэ цэнэтэй бүтээл болсон билээ. Нөгөө талаас, Мандухай сэцэн хатан кино хүн ардын маань олон жилийн турш оюун сэтгэлд нь  далд оршиж байсан  үндэсний ухамсрыг онцгой сэргээсэн юм. Уг бүтээл дэлгэцнээ олны хүртээл болсны дараахнаар  нэг хэсэгтээ хүмүүс эртний түүхээ сонирхох, хуучин монгол бичигт суралцах хөдөлгөөн хааяагүй өрнөж,энд тэндгүй дугуйлан бий болж, дунд, дээд сургуулиудад,бүр бүр телевизээр хүртэл хуучин үсгийг заах   болсон билээ. Тэрчлэн монгол дээлээ нийтээрээ өмсөцгөөж, Монголын эзэнт гүрэн,Чингис хаантай холбогдсон ном судар,хуучин бичгийн сурах бичиг олноороо гарч эхэлсэн.

Монголоороо омогших, үндэс угсаагаараа бахархах сэтгэл ийнхүү идэвхжихэд “Мандухай сэцэн” кино онцгой нөлөөлсөн юм. Олон жилийн турш үндэсний үзлийг үгүйсгэж байсан коммунист интернационализмын сурталчилгаа ч Монголын хөрснөөс алгуур хийсч туугдах цагийг “Мандухай сэцэн хатан” авчирсан..

Энэ утгаараа ”Мандухай Сэцэн хатан” /1988/ бүтээл нь хүн ардынхаа оюун санааг өөрчлөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж, ердөө нэг жилийн дараахан монгол даяар өрнөх ардчилсан хөдөлгөөний угтвар нөхцөлийг бүрэлдүүлэхэд бодитой өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэсэн бүтээл байлаа.

“Мандухай сэцэн хатан“ кино  үеийн үед туурга тусгаар Монголын маань эв нэгдэл, өлмий бат оршихын билэгдэл болж монголчуудын сэтгэлд үлдэх хувьтай мөнхийн бүтээл юм..

 Дэмчигдоржийн Мягмарсүрэн, профессор, урлаг судлаач

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ