Гэмтлийн эмнэлгийн эмч нар өвдөгний үеийг хагас солих мэс засал нэвтрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-01-03 10:45 GMT+8

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайханаар ахлуулсан багийнхан Unicompartmental knee arthroplasty  /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.

Энэ нь сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад хийж буй орчин үеийн, эмчилгээний үр дүн нь батлагдсан мэс засал юм. Өвдөгний үенд яс ургасан болон өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүн манайд маш олон байдаг. Үенд яс ургах эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба өвчний сүүлийн шатанд орсон бол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийхээс аргагүй болдог.

Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотой үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг гэж гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх тайлбарлав. Түүнээс шинээр нэвтрүүлсэн мэс заслынх нь талаар тодрууллаа.

-Та бүхэн өнгөрсөн жил хэдэн хүнд энэ мэс заслыг хийв?
-50-70 насны 7-8 хүнд хийсэн, бүгд амжилттай болсон.

-Эмчилгээний өртөг нь ямар байх вэ?
-Эрүүл мэндийн даатгалаар хийж байна.

-80-аас дээш насны хүнд энэ мэс засал хийж болох болов уу?
-Эмчилгээг хийлгэхийн өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлогоо хийлгэсний дараа мэс засал хийлгэх эсэхийг шийднэ. Өвдөгний үе хэсэгслэн солих мэс засалд орох тодорхой шалгуурыг хангаж байвал ямар ч насны хүнд хийж болно.  Өмнө нь өвдөгний үеийг бүхэлд нь солих мэс засал хийж байсан бол одоо дурангийн мэс заслын аргаар үений эрүүл хэсгийг үлдээж, зөвхөн өвчлөлтэй хэсгийг солих илүү дэвшилтэт мэс засал юм. 

Өвдөгний үений зөвхөн өөрчлөлттэй, өвчлөл үүсгэж буй хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солино гэсэн үг.  Бид Германы хамгийн сайн чанарын протезийг суулгаж байгаа. Ингэснээр өвчтөн зовиур шаналгаагүй болно.

-Өвдөгний үеийг хагас солих мэс заслын давуу тал нь юу вэ?
-Давуу тал олон бий. Тухайлбал жижиг зүслэгээр хийдэг тул мэс заслын дараа өвдөлт зовиур багатай. Мэс заслын дараа хурдан нөхөн сэргэнэ. Өдөр тутмын  хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэй нөлөөлнө. ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засал руу энэ мэс заслыг  шилжүүлэх бүрэн боломжтой гэв. 

ГССҮТ-ийн мэс засалчдын багийнхан монголчуудын хувьд түгээмэл байдаг өвдөгний үений хүчтэй өвдөлтийг дарах мэс заслыг нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарт гарсан нэг томоохон амжилт юм. 

Өвдөгний үеийг хагас солих мэс заслын багийг ГССҮТ-ийн Ерөнхий захирал,  Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан ахалж, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их эмч  Ж.Түмэн-Өлзий, Яс, үений гэмтлийн хоёрдугаар тасгийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав, тус тасгийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх болон Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг, Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг нар ажиллаж байна.     

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ