СОЁЛЫН ДОВТОЛГОО 25: Таны албаны мэйл хаяг coolboy@yahoo.com биш биз?

М.Жаргал GoGo.mn

2019-01-09 08:15 GMT+8

Аливаа харилцаа албаны болон хувийн гэж хуваагддаг.

Албаны харилцаанд:

  • Яаралтай биш л бол ажлын бус цагаар хэн нэгэн хүний гар утас руу залгахгүй байх,
  • Ажлын бус цагаар фэйсбүүк мессэнжэрээр нь холбогдохгүй байх,
  • Ажлын харилцаагаа далимдуулан хувийн харилцаа үүсгэх гэж оролдохгүй байх зэргийг анхаарах нь зүйтэй.
  • Фэйсбүүк чаатыг ашиглах нь цаг хэмнэх сайн талтай байж болох ч ажил, албаны хувьд нууцлал алдагдах, чаат бичигчдийн хэн нэг нь чаатаа устгасан байх гэх мэт асуудлууд гарч болзошгүй. Тиймээс болж өгвөл фэйсбүүк чаатыг албан хэрэгцээнд ашиглахгүй байхыг хичээгээрэй.

Албан мэйл бичихдээ мөн та хэд хэдэн онцгой зүйлийг анхаарууштай:

  • Таны мэйл хаяг танай албан газрын албан хаяг байх ёстой. Та хувийн мэйлээ ажилдаа ашиглах нь зохисгүй. Ялангуяа таны хувийн мэйл залуу насандаа нээсэн coolboy, sexygirl гэх мэт ID-тай бол түүнийг ажилдаа ашиглах талаар бодох ч хэрэггүй.
  • Ажлын харилцааг мэйлээр явуулах нь баримт үлдэх сайн талдаа байдаг тул болж өгвөл мэйлээр харилцах нь зүйтэй. “Би тантай эртээр ярихдаа...” хэмээн мэлзэх нь ажлын харилцаанд утгагүй байдаг.
  • Мэйл бичихдээ гарчиг /товч агуулгыг/ маш ойлгомжтой өгвөл унших хүний ажлыг хөнгөвчилнө. Dear хэмээн бичээд араас нь монголоор өгүүлэх нь тийм ч зохистой бус. Тиймээс “Хүндэт ... Танаа, Эрхэм ...” хэмээн имэйлээ эхлүүлээрэй. Харин гол санаагаа дараагийн мөрнөөс эхлүүлнэ. Харилцагч тань асуулт асуусан, сэтгэгдлээ илэрхийлсэн гэх мэт ямар ч тохиолдолд эхлээд “Манай компанитай холбогдсон танд баярлалаа” гэж бичнэ. Мэйлийн төгсгөлд “баярлалаа, хүндэтгэсэн” зэрэг үгсийг заавал оруулж байгаарай.
  • Мэйлийг илгээх товчийг яаран дарах хэрэггүй. Илгээх товчийг дарахаасаа өмнө заавал нэг удаа нягтлан уншдаг байгаарай. Бүр онцгой тохиолдолд өөрөө уншаад алдаагаа харахаа больсон бол хамтрагчаасаа нягтлан уншиж өгөхийг хүсэхэд ч гэмгүй. Хүний нэр, албан газар, хаяг, үг үсэг андууран бичих нь томоохон алдааг бий болгох, эвгүй байдалд орох нөхцөл болох нь бий.

Мөн та мэйл авсан л бол заавал хариу өгөх ёстойг битгий мартаарай. Ямар нэгэн урилга авсан, асуулт асуусан, баярласнаа илэрхийлсэн гээд бүх төрлийн мэйлд та тохирох хариуг өгөх учиртай. Хариуг тэр дор нь өгөх боломжгүй мэйл хүлээж авсан бол “удахгүй тодруулаад эргэн мэдэгдье” хэмээн бичих нь зүйтэй. Яасан нь мэдэгдэхгүй таг болох нь таныг бүдүүлэг, хайхрамжгүй хүн болохыг илтгэнэ. Мөн уур хүрэм мэйл хүлээж авсан ч та сэтгэл хөдлөлөө хэдэн хором дарж байгаад хариу бичихийг хичээгээрэй.

Танд амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3171 санал өгсөн байна.

Дээшээ