Японд хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс робот удирдан кафе ажиллуулж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-07 16:10 GMT+8

Токио хотод хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн робот удирдан ажилуулдаг кафе нээгджээ. Хөдөлгөөн нь хязгаарлагдмал болсон нийт 10 хүн тусгайлан бүтээгдсэн роботуудыг зайнаас удирддаг байна. Тэдний цагийн хөлс нь 7 ам.доллар буюу зөөгчдийн цалинтай ижил аж.

Кафед ашиглагддаг OriHime-D роботуудыг Ory нэртэй Японы старт ап зохион бүтээсэн бөгөөд анх зохиогдохдоо хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст ахуйн нөхцөлд туслах зорилготой байжээ.

Эдгээр роботуудыг удирдаж байгаа хүмүүс роботыг хүссэнээрээ хөдөлгөх, аливаа зүйлийг зөөх эсвэл үйлчлүүлэгчидтэй харилцан яриа өрнүүлэх зэрэгт ашиглаж болно. Хамгийн гол нь удирдаж байгаа хүн заавал гар хөлөө хөдөлгөх хэрэггүй, ердөө нүдээ хөдөлгөхөд л хангалттай гэнэ.

Иймд тухайн хүн гэрээсээ гарах боломжгүй ч бусад хүмүүс шиг ажил хийж, цалинжих боломжтой болж байгаа юм.

Эхний удаад уг кафе 2 долоо хоногийн хугацаатай ажиллах бөгөөд хэрэв олон нийтээс хангалттай хэмжээний санхүүгийн тусламж авч чадвал 2020 оноос албан ёсоор, урт хугацаанд ажиллаж эхлэх юм байна.  

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ