“Афганчлагдах” үйл явц

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-01-11 09:20 GMT+8

“ӨНГӨТ ХУВЬСГАЛ”, “АРАБЫН ХАВАР” БОЛ ОРЧИН ҮЕИЙН “AФГАНЧЛАЛ”-ЫН СОНГОДОГ ЖИШЭЭ

Тэрслүү Украиныг яая даа хэмээн оросууд цэц мэргэнээ сорьж мэтгэлцэнэ. Улс төр судлаач александр Князев гэдэг хүн “украиныг афганчлах” хувилбарыг москвадаа сэрэмжлүүлжээ. Ерөөсөө хуучин СССР-т өрнөж буй бусад мөргөлдөөн бүгд л афганчлагдах аюулын өмнө байна. Тэрбээр “Векторы и парадигмы киргизс­ кой независимости (очерки постсоветской истории)” хэмээх ном бичсэн ба түүнд “афганизация” гэх нэр томъёог гаргаж тавьжээ.

“Aфганчлах” гэдгээс урьтаад Орост хориотой “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Москвад очсон тухай хальт өгүүлье. Афганистаны асуудлаар зөвлөлдсөн гэж байна. Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд хэмээн зарласан уулзалт Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Хятад, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан, мөн АНУ-ын төлөөлөлтэй явагджээ.

Төсөөлбөл, хэлэлцээ хоёрхон субъекттэй. Нэг талд нь “Талибан” ганцаараа, нөгөө талд нь 11 улсын төлөөлөгчид ярайтлаа сууж байгаад “Талибан”-аасаа энх амгаланг гуйсан болж таарчээ. “Талибан” гээд байсан нь Доха дахь Талибын хөдөлгөөний улс төрийн оффисын төлөөлөгчид.

Исламист “Талибан” гэх энэ бүлэг афганистанд 1994 онд  хөдөө орон нутгийн пуштун омгийнхноос буй болсон ба 1996-2001 онд тус улсад засгийн эрх барьсан, 2003 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс террорист байгууллагаар зарласан, миний мэдэхээр яг тэр онд нь ОХУ-ын дээд шүүх мөн тэгж зарласан. Гэвч энэ удаа нийслэлдээ урих нь урьжээ.

Хүн төрөлхтөн 22 жилийн турш талиб гэх нөхөдтэй нүүр туллаа. СССР 1979-1988 онд очиж дайтаад исламистуудыг дийлээгүй, хэрэг дээрээ ялагдаад хөөгдөж гарсан. АНУ ба Нато 17 жил байлдаад бардаггүй, одоо бүр тэднээсээ амар жимрийг гуйгаад сууж байдаг.

Ёстой тайлагдашгүй оньсого. Афганд банди нар бараг бүгд талиб болох хүсэлтэй тул эгнээ нь байнга нөхөгдөнө. Ардын хувьсгал ялсан 1978 оноос эхлэн тооцвол 40 жил иргэний дайн, өнчрөл хагацалтай байгаа хэрнээ хүн ам нь өсөөд, төрөлтөд ямагт хөвгүүд давамгайлна.

Хүн төрөлхтөн 22 жилийн турш талиб гэх нөхөдтэй нүүр туллаа.

“Украиныг афганчлах” сэдэв рүүгээ орж ярья. Өнөөх А.Князев Украин, Афганистан хоёрыг харьцуулж, хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэр дэх ноцтой мөргөлдөөнүүдийг (хэргээр олон тоон дээр авлаа) тайлбарлажээ.

Улс орон хуваагдаж, нутаг дэвсгэр нь тасчигдаж, түүн дээр нь бие даасан анклав үүсч, түүнийг нь хөрш орнууд нь ашиглаж, гаднаас залж, цэргийн хүч хэрэглэхийг “афганчлах” гээд байгаа аж. Төр гэдэг бол удирдлага, хяналт. Энэ нь алдагдвал Афганистан шиг л болно. Олон жил тэнд төр хүчгүйтлээ. Тэр л Украин улсад тулгарах нь байна хэмээн бичжээ.

Нарийвчилбал, Афган дээр бэлээхэн жишээ байна. Цэрэг-улс төрийн бүлэглэлүүд нь гадаадын төвүүдээс хамааралтай болоод ирнэ. Афганистанд тийм олон бүлэг байна. Нэг хэсэг нь АНУ, Британиас, өөр нэг нь Саудын Арабаас, зарим нь Пакистанаас, бүр өөр нэг нь Турк, цаашаа Хятад, Орос, Иранаас гэхчлэн маш олон “халамжлагч”-тай болоод байгаа аж. Тэгвэл яг одоо Украинд ямар “халамжлагч” (хамаарал бүхий хянагч) гараад ирж вэ гэвэл АНУ, Герман, Польш, Турк, дангаараа Орос гэж нэрлэгдэнэ.

Афганчлалын онцлог нь нутаг дэвсгэрээ төр нь хянаж чадахгүй, харин ч бүр ихээхэн алдсан, тэгээд “залуурт хаос” үе үе нэрвэдэг. Тэнд өрнөдийнхөн (“атлантист иргэншил”) орж ирчихээд геополитикийн хувьд Евразийн зүрхэн газрын төв, зүүн хэсэгт хяналтаа тавих гээд өөрсдийгөө боймлон байна. Тэгвэл тэр “Өрнөд” гээчийг Афганистанд лалын шашинт иргэншил гайхамшигтай сөрж байна.

Афганистанчууд олон жилийн турш үндэс угсаа, лалын шашны суннит­шиитээрээ хуваагдан дайтсан.

“Өнгөт хувьсгал”, Арабын хавар” бол орчин үеийн “афганчлал”-ын сонгодог жишээнүүд. “Алтан тэрбум”-ын улс гэж  байдаг ба тэр нь газрын тос, байгалийн хийгээр бялхаж байдаг, гэхдээ өрнөдтэй сүжирсэн арабын булангийн орнууд аж.

Тэднээс бусдынх нь хувь заяа тун эгзэгтэй сорилтын дор байдаг гэж орос эрдэмтэн үзэж байна. Нэрлэсэн ч байна: Украин, Афганистан, Ирак, Гүрж, Судан, Сомали гээд нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдал нурсан, алдагдсан орнууд жагсжээ. Гадаад нөлөөлөлд маш автамхай, тэсрэх бөмбөгийн цагийн зүү ажиллаж байгаа гэдгээр Молдав, Гүрж, Кыргыз, Тажикистаныг нэрлэжээ.

Ингэхэд Афганистан, Украин хоёрыг харьцуулах нь хэр оновчтой вэ? Мэдээж хоёр өөр соёл, шашин, иргэншил, боловсролын түвшин гээд зааг буй. Гэтэл үнэндээ ижил нь давж байж магад. Афганистанчууд олон жилийн турш үндэс угсаа, лалын шашны суннит­шиитээрээ хуваагдан дайтсан.

Тэгвэл энэ хуваагдал одоогийн украинд буй болчихоод байна. Афганистан нь төрт улс байсан туршлагаараа Украиныг хол хаяна. Украин, Кыргыз хоёрт 2005 оны өнгөт хувьсгал ялсан, түүний дараах процесс нь ижил байна. Кыргыз нь “афганчлагдах”-аас сугарч үлдэж чадсан.

Нэг цул үндэстэн, нэг шашин, бас газар зүйн байрлалын хувьд ертөнцөөс тусгаарлагдсан гэдгээрээ тийм давуу байдалтай үлдсэн байж болно. Украин бол газар зүйн хувьд задгай, нээлттэй улс. Хуваагдвал тун хялбар. Бараг хуваагдчихаад байна. Де­факто Украин, Донбасс, Крым гэж гурван ч субъекттэй, салсан хоёр нь 2014 оноос хойш Киевийн захиргаанаас гарчихсан. Бүр томоор авч үзвэл иргэншил ба геополитикийн хувьд,

1. Киев тэргүүтэй Европын интеграцыг баримжаалсан, өрнөдийн талын, үнэн алдартны шашин нь москвад үл захирагдах нэг Украин

2. Москвагаас шууд хамааралтай, Оросын хүчээр тогтож буй, орост дагаар орж өөрийгөө даатгах хүсэлтэй бас нэг украин байна. Хэрэв Европын интеграцыг баримжаалагсдыг нь хагалъя гэвэл анклавууд үүсгэж болно. Өвөр Карпатын Русин, Унгар, Польш, Румын гээд гарч өгнө.

Харин Оросын эрх баригчид энэ үед ямар тоглолт хийх вэ гэж 2005 оны өнгөт хувьсгалаас нь хойш шувтан тархиа сойжээ. Шууд хиллэж ерөөсөө болохгүй гэдэгт Москвагийн ихэнх улстөрч санал нэг байх шиг. Өөрөөр хэлбэл, Прибалтикийн адилаар, гэхдээ бүр том нутгаар Европын Холбоо, НАТО-той ОХУ хиллэвэл бөөн аюул дагуулна гэж үздэг.

Тэгэхээр аливаа их гүрний тийм араншинг гаргах хэрэгтэй. Тэр нь ямар нэгэн буфер бүс байгуулах. Жийргэвч, завсрын бүс гэх үү дээ. Шууд Оростой хиллэхгүй болгох нэг ёсны “ариун цэврийн хамгаалалтын зурвас” газар юм.

Тэр нь одоогоор “Новороссия” гэж харагддаг. Өрнөдийнхөн ба Киевийн хүсээд буй бүрэн бүтэн, нэгдмэл, энхийг эрхэмлэгч Украин эргэж буй болно гэдэг бараг өнгөрсөндөө, тэр тухай түүхэн дурсамж л үлдсэн болов уу. Харин энэ бодит байдлыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал болж үлдсэн байх.

Гүрж дээр ч мөн ийм дүр зураг буй. Хүлээн зөвшөөрөгдөх нь хаашаа байдаг юм гэхээс Абхаз, Өмнөд Осет гүрж рүү очиж нийлэхээсээ өнгөрсөн. Хуваагдлын хурдаараа бол Украин нь Афганистанаас хол түрүүлчихсэн.

УКРАИНЫГ АФГАНИСТАН ШИГ БОЛГОЖ ЧАДАХААСАА НЭГЭНТ ӨНГӨРСӨН

Гэхдээ нэг “Но” байна. Хуучин СССР-ийн дотор нь, эргэн тойронд нь тэр чигтээ мөргөлдөөний голомтууд. Мөргөлдөөн судлаачдыг (Conflict resolution буюу конфликтология гэх бүхэл бүтэн шинжлэх ухаан бий) ойрын хэдэн жил ажилтай байлгах судлагдахуун хангалттай байна. Гэм нь Монгол маань Оростой шууд хиллэдэг, цаад улсуудтай нь харилцаатай гэхээр ямар нэгэн аюул бидэнд ойрхон ч юм шиг.

Мөргөлдөөний голомтуудыг Москвагаас үүсгээд байна уу гэдэгт Оросын өнцгөөс тайлбар хайвал өөр дүр зураг харагдана. Ерөөсөө тэдний зөв. Геополитикийн евразист том онолч Александр Дугины үздэгээр (Кремль ч тэг үздэг) АНУ-аас тухайлбал, мондиалист Жорж Соросын фондоос “өнгөт хувьсгал”-ыг албаар Украин, Гүрж, Молдав, Беларусь, Армен, Кыргызэд дэгдээсэн буюу дэгдээхээр санаархсан.

Гэм нь Монгол маань Оростой шууд хиллэдэг, цаад улсуудтай нь харилцаатай гэхээр ямар нэгэн аюул бидэнд ойрхон ч юм шиг.

Учир нь хуучин СССР-ийн нэр бүхий зургаан улс атлантизмын нөлөөний хүрээнд орсон ба тэдгээр БНУ-уудаар Оросын эсрэг, Евразийн эсрэг коалиц гэгчийг ГУАМ (гүрж, украин, азербайжан, молдав) нэртэй байгуулуулсан.

Тэгснээ бүр давраад Ющенко, Саакашвили нарын амаар 2005 онд “Ардчилсан сонголтын хамтын нөхөрлөл” зарлуулж, бүрэлдэхүүнд нь Украин, Гүрж, Литва, Латви, Эстони, Молдав, Словен, Македон, Румын орсон байх аж. Ингэснээр пост­зөвлөлтийн орон зайг Евразийн (интеграцын) ба атлантист (дезинтеграцын) хоёр бүс болгон хуваахыг завджээ. Энд би дугинээс эшлэж байна.

Тэгвэл ингэж атлантист орон зайг үүсгэхгүйн төлөө, ядаж тэлүүлэхгүй байхын төлөө афганчлах хэрэгтэй. Украин нураагүй, гэвч хуваагдсан нь яах аргагүй үнэн. Өөрсдийгөө НАТО-гийн “дорнод жигүүр” хэмээн цоллоод яваа Киевийнхний хувьд аман заналхийллээс цааш явдаггүй.

Атлантист дезинтеграцын эсрэг Орос зогсож байгаа нь энэ гээд Нагорно­ Карабахын мөргөлдөөнийг царцаагаад юу ч биш болгуулж чадсан. Харин Приднестровье дэх голомт хэзээ мөдгүй тэсрэх аюулын дор байна. Цэргийн эсрэгцэл байна, сөрөг төвлөрөл байна. Ийм аюулын голомтод Дорнод Украин нэмэгдэнэ.

Америкийн онолч Бжезинскийн нэрлэсэн “тогтворгүй байдлын цүлхэн” гэдэгт эдгэрдэггүй, гэхдээ тэсрээд сүйд болчихдоггүй бүлэг бүс нутгийг тооцдог бол дээр зах зухаас нь дурдлаа. Бүр томоор яривал Каспийн тэнгисийн хавийн нэг далд “фронт”, наашаа Хятадын Шинжаанд бас нэг далд “фронт” битүү уугиж байна. Цаашаа Кавказ залгаж, ар өвөр аль аль нь мөргөлдөөний голомт болох бүрэн магадлалтай.

Манайхан цаад утгыг нь харгалзахгүйгээр эдийн засгийн ашгийн өнцгөөс (ядуурал, ажилгүйдлийнхээ нүдээр) харж шимтээд буй Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭС) гэдэг нь Дугин, Князев нарын үздэгээр эдийн засгийг интеграцчилаад сүйд болсон юм байхгүй, ерөөсөө л Атлантист, Мондиалист өрнөдийг сөрөх геополитикийн багаж зэвсэг болох аж.

Төв Азидаа хамгийн тогтвортой, Орост “ээлтэй”, тууштай ганц улс байгаа нь Казахстан гэгдэж байгаа нь ч үнэн.

Ийшээ орохгүй гэсэн Украиныг хямрал нүүрлэчихсэн. Түүнд Киев ба өрнөд буруутай. ЕАЭС дотор нь Князев ангилал хийж үзээд ОХУ-ын баруун гар нь Казахстан байна. Интеграцдаа үнэнч байна. Беларусь шиг хулхидахгүй, тууштай байна гэсэн нь тун эмзэглэмээр дүгнэлт санж.

Гэхдээ Дундад Ази бол хэзээнээсээ нааш тогтворгүй байдлын том голомт гэдгийг ч сануулахаа мартсангүй. Оросын нэртэй хоёр судлаачийнхаар бол төв Ази руу атлантизм, мондиализм (Le Monde буюу дэлхий гэсэн франц үгнээс гаралтай) өнгөлзсөөр тэр нь Евразийн интеграц руу нь нөлөөлж мэдэхээр байгаа аж. Афганистанд Америк, НАТО-гийн цэрэг орчихоод байлдаж байгаа нь ч мөн л дөө, үүнийг хүлээн зөвшөөрнө.

Төв Азидаа хамгийн тогтвортой, Орост “ээлтэй”, тууштай ганц улс байгаа нь Казахстан гэгдэж байгаа нь ч үнэн. Нөгөө дөрөв нь тийм итгэлийг олж чадаагүй, чадсанаа гээчихсэн. Харин тэр итгэл рүү л заналхийлсэн хоёр хонгил хойшоо буй болжээ.

Эхнийх нь уламжлалт, бүр ноцтой чиглэл. Энэ бол Тажикистан ба Кыргыз гэх хоёр улсыг дамжина. Нөгөө хоёр нь Афганистантай хиллэсэн буюу тун ойр. Хүчний байгууллага нь авлигад идэгдсэн, сүүлдээ исламистуудтайгаа (Хизб ут-Тахрир, Таблиги Жамаат гэх мэт) эвсээд дэг журам тогтоох нь тун дөхсөн, цэрэг, цагдаа нь ч хоёр талд ажиллахаас буцахгүй.

Афганы нутаг дэвсгэр “афганчлагдаж” дуусаад Төв Ази руу нарко-бизнес хэлбэрээр хүрээгээ тэлжээ

Тажикистаны хил орчим нь бүр задгайрсан. Афганистанаас “Лалын улс” тийшээ чөлөөтэй орж гарах, холхих бүрэн боломжтой. Хоёр дахь хонгил нь “нейтраль” буюу төвийг сахисан Туркменистан. Одоогоор нам гүм мэт. Эсвэл хаалттай. Гэтэл дотроо бол овог аймгуудын зөрчилтэй, бүр исламистууд хянадаг анклавтай.

Тэндээс нь Сири, Ирак руу боевикуудыг илгээдэг. Афганы баруун хойд нутгийн уугуул Туркменчууд, тэдний радикал толгойлогчдын шаардлагаас болж Афганистантай залгаа хил дээр нь бүтэн жилжингээ тайвангүй байгаа. Авлига цэцэглэсэн Дундад Азийн хил хязгаараар хэн ч орж гарч, зөрчиж болно. Тусгай албад болоод Афганистанын исламистууд нь хамтарч холилдоод хамтарсан бизнес цэцэглүүлж байна хэмээн Князев бичсэнийг бид анхааралдаа авууштай.

Орос, Европ руу “хар героин” цутгаад байдаг нь (эрүүгийнхний хяналтын), бас “улаан героин” (До яам, цагдаагийн хяналтын) зэрэгцэн урсаад байдаг нь төв ази ямархуу байдалд “интеграцчилагдаж” байгааг нь илтгэх мэт.

Афганы нутаг дэвсгэр “афганчлагдаж” дуусаад Төв Ази руу нарко-бизнес хэлбэрээр хүрээгээ тэлжээ. Одоо маш том ажил хүлээгдэж байна. Ямар ч гэсэн ШХАБ, ОДКБ, ЕАЭС/ Гаалийн холбоо нийлээд хамтарсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болно. Талибуудыг Орост аваачаад тархи угаалт хийгээд эхэлчихсэн, Бээжинд урьж залаад авлигадаад Афганистаны зэсийн баяжмалыг аюул осолгүй Хятад руу зөөлгөж болж байна. “Афганчлал” гэдгийг зохицуулж байгаа байдал нь энэ.

Харин атлантист болно гээд тас гүрийчихсэн Украиныг яаж ч болдоггүй ээ. Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль явуулаад, Кабулыг НАТО хамгаалаад төр-улсыг нуралтаас нэг удаа аварчихсан байх. Гэхдээ дотоод зөрчлийг шийдэж чадахгүй нь илт байна. Улс орон нурах үйл явцыг зогсооно гэдэг тун хэцүү. Хувьсгалд идэгдээд хэдэн биенээ сүйдэлчихсэн Кыргыз босч ирж чадаагүй л байна.

Хэд хэд хуваагдчихсан Украинд дүгнэлт өгөх нь арай эрт байна. Гэхдээ тус улсыг ТУХН, ОДКБ, ЕАЭС/ Гаалийн холбоогоор татаж авахаасаа бүрмөсөн өнгөрсөн болов уу. ГУАМ, “Ардчилсан сонголтын хамтын нөхөрлөл” гэдгийг нь түр зогсоолгочихсон байгаа нь л Москвад аз юм. Тэр утгаар Украиныг Афганистан шиг болгож чадахаасаа өнгөрсөн.

Украины хүн амын ихэнх нь Брюсселийг ширтэж, хамаг хувь заяа ирээдүйгээ даатгаж буй, нэг ёсондоо сэтгэл нэгэнт урвасан байхад юун ЕАЭС/ Гаалийн холбоо вэ?

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ