"Бодь" ХХК-ийн албан ёсны мэдэгдэл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Төлбөртэй мэдээ

2019-01-09 17:10 GMT+8

Бодь ХХК болон Богд банк нь оффшор бүсэд данс эзэмшдэг тухай буруу  ташаа мэдээлэл олон нийтийн хэвлэлээр гарсантай холбоотойгоор энэхүү тайлбарыг дахин хүргүүлж байна. Буруу ташаа мэдээллийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хэд хэдэн хэвлэлийн байгууллагаар нийтлэгдэж байсан билээ. Тухайн үед энэ нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад бас дахин мэдэгдье. Сангийн зорилго нь Европын холбооны зүгээс Монгол улсад хөрөнгө оруулах зорилготой байсан ба оффшор бүсэд хөрөнгө гаргах зориулалт огт байхгүй.

Улс төрийн зорилгоор удаа дараа, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл нийтэлж байгаад харамсаж байна. Олон нийт болон уншигчдад үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс явуулсан тайлбар болон баримтуудыг нийтэлж холбогдох залруулгыг хийнэ үү. Холбогдох залруулгыг хийхгүй бол бид хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авах болно.

Монгол Улсын Их хурал 2013 оны 10-р сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар монголчуудад хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, валютын урсгалыг нэмэгдүүлэх оновчтой арга механизм нь хөрөнгө оруулалтын сан байх талаар бидэнд мэргэжлийн хөрөнгө оруулагчид зөвлөж ирсний үндсэн дээр, дээрх батлагдсан хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр “Бодь инвест ҮЦК” хөрөнгийн менежментийн компанийг байгуулж, гадаадын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох зорилгоор тухайн үед Монгол Улсаас хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байсан Европын холбооны гишүүн улс болох Мальт улсад “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын санг байгуулах хүсэлтээ гаргасан юм. Энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Европын холбооны зүгээс Монгол улсад хөрөнгө оруулалт татах цорын ганц зорилготойгоор тус санг нээх хүсэлтээ тавьсан ба Монголоос оффшор дансанд хөрөнгө гаргах зориулалт огт байхгүй.

Европын холбоо нь хөрөнгө оруулалтын сан байгуулахад өндөр нарийн шаардлага, стандарт тавьж сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг билээ. Тийм ч учраас шалгалтын явцад бидний зүгээс болон Европын холбооны Мальтын Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллагууд болох Монголбанк, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудад албан ёсоор хандаж, сан байгуулахад татгалзах зүйлгүй талаар тус байгууллагуудаас тухай бүр хариу авч, Хорооны зүгээс холбогдох дүн, шинжилгээ, судалгаанд хангалттай дүн өгсний үндсэн дээр сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон болно. Тус сан нь оффшор данс биш бөгөөд Монгол Улсын болон Европын холбооны холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд ил тод бөгөөд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан хөрөнгө оруулалтын сан болно.

Тус санд хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн боловч тухайн үед Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин хурдацтайгаар татарч байсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалт хийх шийдвэрүүдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно.

Энэхүү нөхцөл байдлын үүднээс зах зээлийн тааламжтай нөхцөл байдал бий болох хүртэл компанийн удирдлагын зүгээс дээрх “Bodi invest fund sicav PLC” хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж, 2017 оны 1 дүгээр сарын 30-нд тус шийдвэрийн талаар холбогдох зохицуулах хороонд уламжилсан болно. Хорооноос хариу нь 2017 оны 2 дугаар сарын 3-нд ирсэн бөгөөд Монгол Улсад төсөл санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан тус санд хөрөнгө оруулалт орж ирээгүйг баталгаажуулж, үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг албан ёсоор хүлээн авсныг тогтоож, сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүчин төгөлдөр болсныг бидэнд албан ёсоор мэдэгдсэн болно.

Цаашид зах зээлийн эерэг таатай нөхцөл бүрдсэн үед манай компани Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа сэргээн ажиллахаар төлөвлөж байгаа болно.

Иймээс ямар нэгэн баримт үндэсэлгүй мэдээ мэдээлэл, хувийн дүгнэлт үзэл бодлыг тулган оруулсан, гарчгаар утга агуулгыг мушгин гуйвуулсан илтэд захиалгат ташаа мэдээллийг цахим орчинд тараахгүй байхыг хүсэж байна.


БОДЬ ХХК

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4271 санал өгсөн байна.

Дээшээ