Т.Мөнхсайхан: Гэмтлийн эмнэлэгт өвдөгний 200 гаруй төрлийн эмгэгийг эмчлэх боломжтой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Энхмаа

2019-01-10 09:29 GMT+8

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхантай ярилцлаа. АШУҮИС-ийг төгссөнөөс хойш энэ эмнэлэгтээ 12 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр дарга боллоо гээд дур сонирхолтой мэс засалчийн ажлаа орхиогүй. Өдөр бүр хагалгаанд орж, бусад залуу эмч нарын адилаар тасралтгүй суралцаж, эмнэлэгтээ орчин үеийн мэс заслын аргуудыг нэвтрүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр ажилласаар байна. Т.Мөнхсайхан эмчтэй  тус эмнэлэгт нэвтрүүлсэн орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний талаар ярилцсан юм. 

-Гэмтлийн эмнэлгийнхэн өнгөрсөн онд өвдөгний үеийг хагас солих мэс засал амжилттай нэвтрүүлжээ. Энэ чухам ямар ач тустай эмчилгээ вэ?
-Өвдөгний үений 200 гаруй төрлийн эмгэг байдаг. Эдгээр эмгэгийг эмчлэх 8-9 төрлийн эмчилгээний аргуудаас Unicompartmental knee arthroplasty  /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг л хийж чадахгүй байсныг 2018 онд амжилттай нэвтрүүллээ. Өвдөгний үений зөвхөн өөрчлөлттэй, өвчлөл үүсгэж буй хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солино гэсэн үг. 

-Өвдөгний үений эмгэг манайд хэр зэрэг түгээмэл байна вэ. Та бүхэн эмчилгээний ямар аргуудыг нэвтрүүлэв?
-Амьдралын хэв маягийг зөв болгож, буруу зуршлаас салахаас лбүх зүйл эхэлнэ. Өвдөгний үений эмгэгийг гэмтлээс үүдэлтэй үений өөрчлөлтүүд, гэмтлийн бус буюу буруу зуршил, таргалалт, гормоны өөрчлөлт зэрэг шалтгаанаас өвдөгний үений тэнхлэг алдагдсанаас үенд ирэх ачаалал жигд бус болж, үений бүтэц, зай алдагдсанаас үүдэлтэй өөрчлөлт гэж хоёр ангилж болно. 

Бүтэн хиймэл үе суулгахад өвдөгний нугалах, тэнийх хөдөлгөөн 100 хувь өөрийн үе шиг болдоггүй бол хагас хиймэл үе суулгахад хөдөлгөөн бүрэн сэргэнэ.

Өвдөгний жийргэвч, мөгөөрс, үений мөгөөрсөн гадаргууд өөрчлөлт орсноос мөгөөрсөн гадаргуун дорх ясанд үхжил явагдаж, өвчин үүснэ. Энэ эмгэг манай улсад элбэг байгаа нь хоол хүнс, таргалалт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. 50-иас дээш насныханд гэмтлийн бус гаралтай эмгэг их тохиолддог бол залуучуудын дунд гэмтлийн гаралтай өвдөгний үений өөрчлөлт түгээмэл байна. Ялангуяа сагс, хөл бөмбөг тоглодог, барилддаг хүмүүсийн дунд спортын гэмтэл түгээмэл. Гэмтээд, гэмтлээ эмчлүүлэхгүй олон жил явснаас эцэстээ хиймэл үе суулгах хэмжээний өөрчлөлт ордог. Өвдөгний үений эмгэгийг эмчлэх үе шаттай эмчилгээний аргууд бий.

Нөхөн сэргээх, физик эмчилгээ, эмийн эмчилгээний аргууд үр дүнгүй бол үенд тариа хийнэ. Олон төрлийн тариа байдгаас, хамгийн сүүлийн үед олон улсад үүдэл эсийг тарьж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа нь судалгаанаас ажиглагдсан. Тариа хийгээд үр дүн муу бол мэс заслын эмчилгээ хийлгэнэ. Мэс заслын эмчилгээний хамгийн хялбар буюу эхний эмчилгээ нь үений дурангийн мэс засал. Үений дурангийн мэс заслыг давхар хөлийн тэнхлэг засах мэс засалтайнэг дор хавсран хийвэл илүү үр дүнтэй. Хөлийн тэнхлэг чиг засах мэс засал маш чухал бөгөөд манай эмнэлэгт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хийж байна. Үүний дараа өвдөгний хагас хиймэл үе суулгах мэс засал амжилттай нэвтрүүллээ.

ГССҮТ-д яаралтай тусламж авагсдын осол гэмтлийн шалтгаан, сүүлийн 5 жилийн дунджаар



-Тэгэхээр танай эмнэлэг өвдөгний үений эмгэгийг бүрэн эмчлэх боломж бүрдлээ гэсэн үг үү? 
-Тийм ээ. Дурангийн мэс засалд үр дүн өгөхгүй тохиолдолд хагас хиймэл үе солих мэс засал хийнэ. Өмнө нь дурангийн мэс заслын дараа үр дүн муу бол өвдөгний бүтэн хиймэл үе солих мэс засал хийдэг байлаа. Хагас хиймэл үе суулгах боломжтой хүн нийт хагалгааны 20-30 хувийг эзэлж байсан. Энэ мэс заслын давуу тал их. Бүтэн хиймэл үе суулгахад өвдөгний нугалах, тэнийх хөдөлгөөн эрүүл хүн шиг 100 хувь өөрийн үе шиг болдоггүй бол хагас хиймэл үе суулгахад хөдөлгөөн бүрэн сэргэнэ.

Хагас хиймэл үе суулгаж байгаа учир бүтэн үе суулгахтай харьцуулахад
бага зүслэгтэй, мэс заслын дараах өвдөлт зовиур харьцангуй бага. Зүслэг, мэс заслын шарх багасахын хэрээр шарх, шархаар халдвар орох эрсдэл, хүндрэл буурна гэх мэт давуу тал ихтэй мэс засал юм. 
-Энэ хагалгааг ямар оноштой хүнд хийх боломжтой бол?
-Тухайн хүний үений өөрчлөлт ямар түвшинд байгааг нарийн оношилсны дараа хагас, бүтэн үе суулгах мэс заслын аль нэгийг сонгоно. Хиймэл үе суулгах мэс засалд орж буй иргэдийн 20-30 хувь нь хагас хиймэл үе суулгах мэс засалд орох боломжтой нь бидний ажиглалтаас харагдсан.

Хагас хиймэл үе суулгах мэс засал хийлгэснээс хойш 5-10 жилийн дараа хиймэл үе хийгээгүй тал нь өөрчлөлтөд орох тохиолдол бий. Тэр үед бүтэн хиймэл үе суулгах мэс засал хийж болно. Гэхдээ ийм тохиолдол ховорхон. Эмчилгээний эдгээр шат дараалсан аргуудыг нэвтрүүлснээр ГССҮТ-д өвдөгний 200 гаруй төрлийн эмгэгийг эмчлэх боломж бүрдсэн. Өвдөгний эмгэг нь ямар үе шатандаа байгаагаас шалтгаалан тохирох эмчилгээг сонгож хийнэ. 

-Энэ мэс заслын өртөг нь ямар байх вэ? 
-7 сая орчим төгрөгийн өртөгтэй мэс засал юм. Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний өртгийн 75 хувийг даадаг. Үйлчлүүлэгч үлдсэн 25 хувь буюу 2 сая орчим төгрөг төлж байна. Өвдөгний үенд Германы хамгийн сайн чанарын протезийг суулгаж өвчтөнийг зовиур шаналгаагүй болгож байгаа юм. Манай багийнхан 2018 онд 3 хүнд энэ хагалгааг хийгээд байна. Эхний хүн хагалгаанд орсноос хойш гурван сар боллоо, эмчилгээний үр дүн ч эхнээсээ гарч байна. Энэ хагалгаа 1-2 цаг үргэлжилдэг. 

-Настай хүмүүсийн дунд өвдөгний үений өөрчлөлт хамгийн түгээмэл байдаг байх аа? 
-Настай хүмүүсийн дунд өвдөгний үрэвсэл бүтцийн өөрчлөлтүүд их байдаг. Тийм өөрчлөлт дотроо гурван үе шаттай, чухам аль үе шатанд нь байгааг оношилж эмчилгээгээ сонгоно. 50 нас гарч, үрэвсэлт бүтцийн өөрчлөлт дөнгөж эхэлж байгаа хиймэл үе хийх хэмжээний өөрчлөлт орсон хүмүүст хагас хиймэл үе суулгах мэс засал хийж байна. 65-аас дээш насныхны эмгэг нь ихэвчлэн хүндэрч өвдөгний үений хоёр талт өөрчлөлт орсон байдаг. 

2017 ОНД 580 ХҮНД ӨВДӨГ, ТҮНХНИЙ ХИЙМЭЛ ҮЕ СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙСЭН 

-Энэ гаднын орнуудад хэр нэвтэрсэн хагалгаа вэ. Танай багийнхан хаанаас суралцаж нэвтрүүлэв? 
-Бид нар Япон, Тайваньд мэргэжил дээшлүүлж, суралцаж байгаад нэвтрүүлсэн. Япон улсад гэхэд нийт хийж буй өвдөгний үений мэс заслын 50 хувь нь хагас хиймэл үе суулгах мэс засал байна. Өвчин эхэлж байгаа үед нь үзүүлээд, цаг алдалгүй эмчлүүлбэл маш үр дүнтэй эмчилгээ юм. Манайхан өвдөгний үеэр өвдөж байна гэж ярьсаар 5-10 жил явчихдаг. Эсвэл зөв газартаа очихгүй, тухайн үед нь буруу дутуу эмчилгээ хийлгэж явсаар хүндрүүлчихдэг. Өвчнийг харьцангуй эрт үед нь илрүүлж, оношилбол хагас хиймэл үе суулгах боломжтой. Хүндэрсэн тохиолдолд бүтэн хиймэл үе суулгах мэс засал хийхээс аргагүй болно. Бүтэн хиймэл үе суулгах мэс засал бол өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын хамгийн сүүлийн шатны эмчилгээ юм.

-Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг
-Манай эмнэлэгт өвдөгний хиймэл үе суулгах мэс засал нэвтрүүлээд 15-16 жил боллоо. Өвдөгний бүтэн хиймэл үе суулгах хагалгаа хийдэг дөрвөн баг манай эмнэлэгт байна. Зөвхөн 2018 оны дүнгээр өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс заслыг 580 хүнд хийсэн. Ингээд манай эмнэлэг өвдөгний эмгэгийн чиглэлийн эмчилгээг 100 хувь хийдэг боллоо. Бид аль болох мэс заслын бус аргаар эмчилгээ хийхийг эрмэлздэг боловч манай эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх нь мэс заслын эмчилгээ шаардлагатай болсон үедээ ханддаг. 

-Өвдөгний эмгэгээс сэргийлэх ямар арга байна вэ? 
-Таргалалт, буруу зуршил, буруу хооллолтоос болж өвчлөл үүснэ. 40 наснаас эхлэн яс бэхжүүлэх нэмэлт бэлдмэл хэрэглэх ёстой. Өвчин зовиур эхэлсэн үед нь цаг алдалгүй манай эмнэлэгт хандвал мэс засал хийх хэмжээнд хүрэхээс нь өмнө эмчилгээ хийж, урьдчилан сэргийлж болно. 

ГССҮТ-өөс яаралтай тусламж авагсдын насны бүлэг, сүүлийн 5 жилийн дундаж

-Өвдөгний үений дурангийн мэс заслын талаар Та мэдээлэл өгөөч?
-Өвдөгний үений хооронд байдаг жийргэвч мөгөөрс урагдсан, өвдөгний үенд байдаг урд, хойд чагтан холбоос нь тасарсан, өвдөгний үенд бага зэргийн үрэвсэл явагдаж, бүтцийн өөрчлөлтөд орсон үед дурангийн мэс засал хийдэг. Эдгээр эмгэг ихэвчлэн гэмтлийн гаралтай тул 20-35 насны залуу хүмүүст түгээмэл тохиолддог. Ийм эмгэгийн үед өвдөгний үеэр өвдөнө, хааяа үе мултарч байгаа юм шиг болно, хөндөгдөнө, хааяа өвдөгний үе тэнийхгүй, нугаларахгүй болж гацна. 

Дурангийн мэс засал манай эмнэлэгт 2012 оноос эрчимтэй хөгжсөн. Мэс заслын аппарат хэрэгсэл нь өндөр өртөгтэй, би 2012 онд Солонгост мэргэжил дээшлүүлж ирээд, хийж эхэлсэн. Одоо жилдээ 300 орчим хүнд энэ хагалгааг хийж байна.

-Манайхан гадаадад эмчлүүлэхээр их явж байна?
-Өвчлөл их байгаатай холбоотой өвдөгний хиймэл үе суулгах хагалгаа бизнес болох хандлагатай байна. Хувийн эмнэлгүүд орлогоо бодоод хиймэл үе хийх түвшинд хүрээгүй хүнд үе солих өндөр өртөгтэй мэс засал хийсэн тохиолдол бий. Манайхан Солонгос руу эмчилгээ, оношлогоонд их явж байна. Солонгост мэс засал хийх шаардлагагүй хүнд мэс засал хийх, хөнгөн төрлийн мэс засал хийх хүнд өндөр өртөгтэй, хиймэл үе суулгах мэс засал хийх тохиолдол цөөнгүй гарсан.

ИРГЭД САЙН СУДЛАЛГҮЙ ГАДНЫН МУУ ЭМНЭЛЭГТ ОЧООД, ЭРҮҮЛ МЭНДЭДИЙН ЗАСГААРАА ХОХИРОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Тиймээс иргэдийг зөв газартаа хандахын зөвлөмөөр байна. Тариа хийлгээд болох хүнд хиймэл үе суулгах мэс засал хийвэл харамсалтай. Мөн дурангийн мэс засал хийх шаардлагагүй, үенд хурсан шингэнийг аваад, оронд нь тариа хийх хэмжээний эмгэгтэй байхад өндөр өртөгтэй дурангийн мэс засал хийлгэсэн байдаг. Ингэж иргэдийг эдийн засаг болон өвчин шаналгааны хувьд ч хүндрэлд оруулдаг. Манайхан гадаад руу эмчилгээнд явах сонирхолтой, гадны эмч сайн гэдэг ойлголттой байдаг нь нэг талаар өрөөсгөл юм. Жишээлбэл, Солонгост эмчлүүллээ гэхэд манайх шиг л сайн, муу эмнэлэг байгаа. Манайхан муу эмнэлэгт нь очоод, эрүүл мэндэдийн засгаараа хохирох тохиолдол их байна. 

-Та Гэмтлийн эмнэлэгт хэдэн жил ажиллаж байна вэ? 
-2006 онд АШУҮИС-ийг төгсөөд, Гэмтлийн эмнэлэгт ажиллах болсон. Би хиймэл үений мэс засал, үений дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн. Эмнэлгийн захирал хийлээ гээд мэс заслаа орхиогүй. Бусад эмч нарынхаа адил тасралтгүй сурч, өдөр бүр мэс засал хийсээр байгаа.

Би хиймэл үений мэс засал, үений дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн.

Манай эмнэлгийнхэн 2018 онд цээжний гэмтлийн үед дурангийн мэс засал хийж эхэллээ. Хавирга хугарч цаашаа уушгиа хатгасан гэмтэл түгээмэл байдаг. Ийм гэмтлийн үед өмнө нь нээлттэй аргаар мэс засал хийдэг байсан бол одоо хүний биед сөрөг нөлөө багатай дурангийн мэс засал нэвтрүүллээ. Мөн Гар, сарвуу бичил мэс заслын тасагт эгэм, далны холбоосыг сэргээх мэс заслын шинэ арга нэвтрүүлсэн. Эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тал дээр их анхаарч байна. 

-Танай эмнэлэг гаднаа нисдэг тэрэг буух талбайтай болсон байх аа? 
-Тийм ээ. 2018 онд таван удаа нисдэг тэрэг буусан. Хоёр ч өвчтөн манай гадаах талбайд буугаад Гуравдугаар эмнэлэг рүү хүргэгдсэн. Манай эмнэлэг нисдэг тэрэггүй учраас хувийн авиа компаниудын нисдэг тэргийг хувь хүн төлбөр төлж хөлсөлж байна.

-Улсад яаралтай тусламж үзүүлэх нисдэг тэрэгтэй болоогүй юү? 
-Улсын хэмжээнд эмнэлгийн яаралтай тусламжид явдаг нисдэг тэрэг байхгүй. Олон улсын стандартаар 200 км-ийн радиуст яаралтай тусламжийн нэг нисдэг тэрэг байх ёстой гэж үздэг. Нисдэг тэргээ дагаад онцгой байдал, эмнэлгийнхнээс бүрдсэн баг нь бэлэн байдаг. Нэг газар осол боллоо гэхэд ганц эмч нар очоод нэмэргүй. Ослын газраас хүмүүсээ гаргаж авна. Эмч нар эмнэлгийн яаралтай тусламж л үзүүлнэ. Бид нар энэ асуудлаа салбарын яамандаа байнга хэлж байдаг. Эрүүл мэндийн яам ч анхаарал тавьж байгаа. Онцгой байдлын алба нисдэг тэрэгтэй болох гэж байгаа юм билээ. 

Нас баралтын шалтгаан, сүүлийн 5 жилийн дунджаар

-Гэмтлийн эмнэлгийн ачаалал өвлийн улиралд эрс нэмэгддэг үү?
-Манай эмнэлэг жилийн дөрвөн улиралд ачаалал ихтэй байдаг. Өвөл нь халтиргаа гулгаа, зун болоход аялал зугаалгаар явж байгаад мөн л осолдож гэмтэнэ. Улсын хэмжээнд осол гэмтлийн өвчлөл, нас баралтын тоогоор эхний тавд байнга ордог. Тэгэхээр осол гэмтлийн тоог бууруулах талаар цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. 2018 оны аравдугаар сард Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр батлагдсан.

Мөн бид осол гэмтлийн яаралтай тусламж, хүртээмжийг сайжруулах үүднээс үндэсний хэмжээний хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. Бид бүхэн аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд гэмтлийн тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн түвшинд үзүүлэх чадварт суралцуулах зорилт тавиад, сургалтаа явуулж эхэллээ. Эхний ээлжинд бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдтэй хамтарч ажиллана.

Одоо Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд манай
эмнэлгээс гавал тархины, түлэнхийн, мөчдийн гэмтлийн, цээж, хэвлийн гэмтлийн, хүүхдийн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар нэг сарын хугацаатай ажиллаж байна. Эхний таван эмч орон нутагт ажиллаад ирэхэд дараагийн ээлжийн таван эмч ажиллана. Энэ мэтээр зургаан сарын хугацаанд зургаан ээлж ажиллаж, орон нутгийн эмч нарыг сургаж мэргэшүүлэхээс гадна, гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна. Зургаан сарын хугацаанд сумдууд болон баруун бүсийн эмч нарт яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг сар бүр зохион явуулна. Тухайн орон нутагт осол гэмтлийг бууруулах чиглэлээр шаарлагатай арга хэмжээг мөн авч ажиллах юм.

-Танай эмнэлгийн эмч боловсон хүчний хүрэлцээ ямар байна вэ?
-Эмч нарын тооны хувьд хангалттай. Харин сувилагч дутагдалтай байна. Ганц манай эмнэлэг биш, бүх л эмнэлэг сувилагчийн дутагдалтай ажиллаж байгаа. Манай эмнэлэг гадаад харилцаагаа эрчимжүүлж 2018 онд Тайвань, Япон, Канадын  голлох эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай эмч, сувилагчид гадаадад мэргэжил дээшлүүлнэ. Гадны эмч нар манай эмнэлэгт ирж ажиллана. Гадны эмнэлгүүдэд манайх шиг гэмтлийн төрөлжсөн эмнэлэг байдаггүй, нэгдсэн эмнэлэг нь Гэмтлийн тасагтай байдаг. Тэнд нь өдөрт гэмтсэн 2-3 хүн ирэх жишээтэй. Гэтэл манай эмнэлэгт яаралтай болон төлөвлөгөөт хагалгааны 13 өрөөнд янз бүрийн гэмтлийн 40-50 хагалгаа нэг өдөрт хийдэг.

Сая Японы Аяокай группийн эмнэлгийн эмч, сувилагчид ирж, долоо хоног ажиллаад буцсан. Энэ сарын 16-наас манай эмч, сувилагчид явна. Зөвхөн эмч биш, сувилагч дунд мэргэжилтнүүдээ сургахад илүү анхаарч байна. Сувилагчид өвчтөнтэй хамгийн ойр ажилладаг учир мэргэжлийн ур чадвараас гадна харилцаа хандлагаа сайжруулах зэргээр гадны туршлагаас суралцуулна даа. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ