Ц.Нямдорж: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-10 11:47 GMT+8

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. 

Ингээд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

"Ерөнхий Прокурорын өгсөн танилцуулга, гишүүдийн тодруулга зэргийг дэд хороо сонслоо. Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байна. Дуусах төгсгөлийн шатанд явж байна хэмээн Ерөнхий Прокурор танилцуулсан. Иймээс мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ЖДҮХС-ийн асуудлыг эцэслэн дуусгаж, буруутай буруугүйг хоёр тийш ялгаж, гарцаагүй буруутай гэж үзсэн дахин оруулж ирнэ гэсэн үг. 

Хоёрдугаарт,  Ерөнхий Прокурорын өгсөн танилцуулга, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нарийвчлан шалгаж тодруулж нэг мөр болгох хэрэгтэй байна.

Гуравдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан дөрвөн гишүүн тус бүр нэг удаа Авилгатай тэмцэх газарт очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн байцаалтын явцад саад болсон зүйл дэд хороонд ажиглагдсангүй. Ийм шалтгаан нөхцөл байгаа учир энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэдэг санал дүгнэлт гарлаа гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэллээ.

Дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн юм. Энэ асуудлаар дэд хороо өчигдөр хуралдсан ч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт томилолттой, өөрийн биеэр тайлбар өгөөгүй тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Хэдийгээр Халдашгүй байдлын дэд хороо шаардлагагүй гэж үзсэн ч Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо дахин энэ асуудлыг хэлэлцэх ёстой.  

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ