Нүүрсний экспорт базаахгүй эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-01-11 10:35 GMT+8

НҮҮРС АЧСАН АВТОМАШИНЫ ТОО ӨМНӨХ ОНЫХООС 20-30 ХУВИАР БАГА БАЙНА

Монголын нүүрс экспортлогчдын хоног тоолон хүлээсэн импортын хоригийн хугацаа дууслаа. Сүүлийн хоёр жил биднийг орлогоор таслаагүй нүүрсний борлуулалт оны өмнөхөн гэнэт зогсож, доллараар цангах дохио 2018 онд хангинаж эхэлсэн.

Харин хуучин хоригоос салгах шинэ он айлчлан ирснээр Монгол Улс худалдааны хязгаарлалтаас мултарч, нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдсэн юм. Тэгвэл бүтэн сар хаалттай байсан урд хөршийн үүд нээгдэж, Монголын нүүрсний экспорт хүлээснээс суларсан эсэхийг бид тодрууллаа.

Монгол Улс энэ онд төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн.

Энэ долоо хоногийн мягмар гараг буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс ачсан 400 орчим автомашин нэвтэрчээ. Тус боомтоор нэвтэрсэн ачааны автомашины тоо сүүлийн гурван өдөр 350-450-д хэлбэлзэж буй бол оны эхний өдрүүд буюу нэгдүгээр сарын 2-5-нд ердөө 3-150 тээврийн хэрэгсэл хил гарчээ.

Нүүрс тээвэрлэгч компаниудад “C” ангиллын зөвшөөрөл олгоогүйгээс оны эхний өдрүүдэд ийн саатсан гэж “Гашуунсухайт автозам” компаниас мэдээллээ.

Харин энэ долоо хоног эхлэхэд автомашинууд тээвэрлэлтээ хэвийн явуулж байгаа аж. Боомтоор нэвтэрч буй автомашины тоо өмнөх оны мөн үеэс 20-30 хувиар бага байна. Тиймээс тээврийн замд ачаалал дараалал харьцангуй бага байгаа аж.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортолж буй “Эрдэнэс тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Энержи Ресурс” компанийн олборлолт хэвийн үргэлжилж байгаа. Гол гурван компани өдөрт дунджаар 700-800 автомашин нүүрс олборлож буй аж. Үүний дийлэнхийг “Эрдэнэс тавантолгой” компани бүрдүүлж байна.

Монгол Улс энэ онд төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн. Тиймээс Хятадын хилээр нэвтэрч буй тонн нүүрс бүр Монголын нийгэм, эдийн засгийн энэ оны хөгжлийг тодорхойлоход түлхэц үзүүлнэ. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг олохоор төсөвт тусгасан. Эрдсийн экспортын 43 хувьтай тэнцэх энэ мөнгийг олохын тулд бид сард хамгийн багадаа 3.5 сая тонн нүүрс экспортлох учиртай.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг олохоор төсөвт тусгасан.

Ингэж байж төсвийн орлого бүрдэж, төрийн албан хаагчдын цалингаас эхлээд хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг тогтмол тавина. Манай нүүрсний нийт экспортын 60 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1500-1600 автомашин нэвтрүүлж байж, бид энэ оны өөдрөг зорилтоо биелүүлж чадна.

Гэвч оны эхний есөн өдрийн байдлаар үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний нүүрсийг урд хөршид нийлүүлж байна. Товчхондоо, бид 2019 оныг базаахгүй эхэлж байна. Тиймээс нүүрснээс нэг их наядыг амархан олчихно хэмээн санаа амарч суугаа сангийн бодлого тодорхойлогчид ч сайнгүй эхлэлээс сэрэмж авахад илүүдэхгүй болж байна.

Дээрээс нь ирэх өдрүүдэд хоёр улсын уламжлалт баярууд залгана. Хятадын хаврын баяр, Монголын сар шинийн баяр ирэх сарын 5-нд зэрэгцэн тохиохоор байна. Үүнээс үүдэн урд хөрш хоёрдугаар сарын 4-10- ыг албан ёсны амралтын өдөр болгожээ. Өмнөх онуудын нэг болон хоёрдугаар сард нүүрсний нийлүүлэлт харьцангуй буурдаг нийтлэг дүр зураг ажиглагдаж ирсэн. Харин энэ онд нийтлэг үзүүлэлтээс илүү багасчээ.

• Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс ачсан 400 орчим автомашин нэвтэрчээ.
• Оны эхний өдрүүд буюу нэгдүгээр сарын 2-5-нд ердөө 3-150 тээврийн хэрэгсэл хил гарчээ.
• Манай нүүрсний нийт экспортын 60 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1500-1600 автомашин нэвтрүүлж байж, бид энэ оны өөдрөг зорилтоо биелүүлж чадна.

Харин нүүрсний экспортын 30 хувийг нийлүүлдэг Шивээхүрэн-Сэхэ боомтоор өдөрт дунджаар 650-750 машин нүүрс гарч байгаа аж.

Тус боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийдэг Southgobi Sands, МАК, “Өсөх зоос”, “Шинхуа-МАК” зэрэг компани нүүрсээ экспортолж байна.

Ер нь урд хөршийн томоохон хотуудад агаарын бохирдол бууртал буюу ирэх сар хүртэл БНХАУ дулааны нүүрсэнд нүүр өгөхгүй хэвээр байх нь. Харин үүнд нь коксжих нүүрс экспортлогчид хэлмэгдэж магадгүй байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 128 санал өгсөн байна.

Дээшээ