М.Энх-Амгалан: “Шударга бусын хонгил” гэдгийг эрүүгийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн гаргаж ирсэн яриа байх гэж боддог

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-11 10:20 GMT+8

УИХ-ын гишүүд өчигдөр цурам хийх завгүй “ажиллалаа”. Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр үдээс өмнө хуралдаж УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Улмаар энэ асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороо 23.20 цаг хүртэл хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг нээлттэй явуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангаас хуулийн байгууллагын зүгээс гишүүдийн төдийгүй Ерөнхий сайдын яриад буй шударга бусын хонгил гэж зүйлийг тайлбарлахыг хүссэн юм.

М.Энх-Амгалан: ЦААШИД ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ НӨХЦӨЛ ТОГТООГДВОЛ БУСАД ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДЛЫГ ОРУУЛЖ ИРНЭ

Үүний хариуд М.Энх-Амгалан,

-“Шударга бусын хонгил” гэдгийг өөрийнхөө үйлдэлд эрүүгийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн гаргаж ирсэн яриа байх гэж боддог. Би мөрдөн байцаах, мөрдөн шалгах хамгийн сүүлд нь прокурорын хяналт гэсэн ажлыг насаараа хийсэн. Хуулийн байгууллагыг, мөрдөн байцаах алба, прокурорын байгууллагыг 15-16 жил толгойллоо.

Цаашид УИХ-ын гишүүн холбогдсон хэргүүд шалгагдаж байна. Энэ асуудлууд нь нөхцөл байдал нь тогтоогдоод ирэхээр ээлж дараагаар нь оруулж ирнэ

Миний үед Авлигатай тэмцэх газар гэж байхгүй байсан. Би Мөрдөн байцаах газрын даргаар найман жил ажилласан. Өөрийнхөө амьдралын түүхээс үзэхэд хуулийн байгууллага хэн нэгнийг хонгил гэдэг хоосон юмаар оруулаад, тэр тусмаа шударга бусын хонгил гэдэг юмаар чирээд явж байсныг би мэдэхгүй.

Шударга бусын хонгил гэж ярьж байгаа хүмүүс энийгээ өөрсдөө их сайн мэдэж байгаа байх. Үүнийг юу гэж боддог, ойлгодог, хийсэн хэргээ юу гэж боддог гэдэг нь эндээс харагдаж байна гэж ойлгож байна.

Дөрвөн гишүүний хувьд эрүүгийн гэмт хэрэг үйлдээд, яллагдагчаар татах хэмжээнд нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж байгаа юм. Цаашид УИХ-ын гишүүн холбогдсон хэргүүд шалгагдаж байна. Энэ асуудлууд нь нөхцөл байдал нь тогтоогдоод ирэхээр ээлж дараагаар нь оруулж ирнэ гэсэн тайлбарыг өгсөн юм.

Б.БАТЗОРИГИЙГ ШАЛГАХАД БҮРЭН ЭРХ НЬ СААД БОЛОХГҮЙ ГЭСЭН Ч ХЭРЭГ ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ ХОЁР САР БОЛЛОО, ҮЛДСЭН 4 ЯАХ БОЛ...

Өчигдөр шөнө хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг хэлсэн. Тиймээс мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. 

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг танилцуулах үеэрээ “ЖДҮХС-ийн асуудлыг эцэслэн дуусгаж, буруутай буруугүйг хоёр тийш ялгаж, гарцаагүй буруутай гэж үзсэн тодхиолдолд энэ асуудлыг дахин оруулж ирнэ” гэсэн юм.

Одоогоос хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр мөрдөн шалгахад бүрэн эрх нь саад болж байна гэсээр байхад “аваад үлдсэн”. Хоёр сар өнгөрсөн ч УИХ-ын гишүүн Б.Батзоригтой холбоотой асуудал шийдэгдээгүй л байна. Өчигдөр ч нэр бүхий дөрвөн гишүүнийг холбогдох байнгын хороод “аваад л үлдлээ”. Өнөөдөр үргэлжлэх УИХ-ын чуулганаар харин яах бол?

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ