Х.Нямбаатар: Тохиролцоо гэдэг цаанаа дандаа л сандал суудлын асуудал байдаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-11 18:23 GMT+8

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар гарын үсгээ зурсан. Ингэснээр уг төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн тоо 12 боллоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас яагаад энэ тогтоолын төсөлд гарын үсэг зурсан талаар нь тодрууллаа.

-Ямар шалтгаанаар та гарын үсэг зурсан бэ?
-Бид УИХ-ын даргыг ажлаа өг, цаашид олон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж их удаан хугацаанд ярьж байна. Энэ хугацаанд манай намын бүлэг яаж хуваагдаж байгааг та бүхэн харж байна. Дээр нь АН бүлэггүй болох нөхцөл байдал бодитойгоор бүрдчихлээ. Ингээд УИХ-д суудалтай хоёр нам нэг нь бүлэггүй, нөгөөх нь тэг дундуураа хуваагдлаа. Чуулганы үйл ажиллагаа ирц бүрддэггүй, чуулганы ирц бүрдлээ гэхэд байнгын хороодын үйл ажиллагааг аль нэг тал нь бойкотлодог. Ингээд засаг төрийн үйл ажиллагаа цаашид явахад төвөгтэй боллоо. Иймээс сонгогчдоо хүндлээд, үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитой үнэлээд УИХ тарах ёстой гэсэн итгэл үнэмшлээр гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилсан УИХ-ыг тараах тогтоолын төсөлд би давхар гарын үсгээ зурсан. Нэн яаралтай төрийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд сонгуулийг зарлах ёстой. Гишүүд маань ч гэсэн сонгогчдоо хүндлэх ёстой гэж үзэж байна.

-Өчигдөр МАН-ын бүлгийн хоёр талаас тохиролцоонд хүрсэн гэж байсан. Ямар тохиролцоо байсан юм бэ.
-Тохиролцоо гэдгийн цаанаа дандаа л сандал, суудлын асуудал байгаа шүү дээ. Сандал, суудлын тохироо бүрдэхгүй бол төрийн үйл ажиллагаа гацна гэдэг бол байж болохгүй зүйл. Тиймээс би гарын үсэг зурж байгаа юм.

-Дараагийн УИХ-ын даргыг тохирчихсон гэсэн үг юм уу?
-Би ажлын хэсэгт ороогүй болохоор мэдэхгүй байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ