Хятадын чип үйлдвэрлэгчийг шийтгэх шинэ арга олжээ

"Засгийн газрын мэдээ" сонин

2019-01-12 14:30 GMT+8

АНУ, Хятад хоёр худалдааны дайнаа зогсоохыг оролдохын сацуу Вашингтон сөргөлдөөний гол асуудлаар шахалт үзүүлэхийг эрмэлзэж байна. Тухайлбал, худалдааны нууцыг хулгайлсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Хятадын санах ойн чип өргөнөөр үйлдвэрлэх зорилгод саад хийж болзошгүй юм. Лхагва гарагт Сан Франциско хотын холбооны шүүхэд дуудагдсан төрийн өмчит Fujian Jinhua Integrated болон Тайвань дахь түнш Circuim United Microelectronics компаниуд буруугүйгээ мэдэгдэв.

Энэ хоёр компани АНУ-­ын хууль зүйн яамнаас санаачилсан худалдааны нууцын хулгайд яаралтай хэрэг үүсгэж, шүүхэд татах арга хэмжээнд хамгийн түрүүнд хамрагдлаа. Прокурорууд энэхүү тэмцэлдээ туршилтын арга нэвтрүүлж, хууль хэрэгжүүлэх дэс дараалсан алхам хийхээр төлөвлөж байгаа нь “Хэрэв Хятад технологи хулгайлсан бол шийтгэл хүлээнэ” гэсэн зарчмаа алдаа мадаггүй хэрэгжүүлэх зорилготой. 

Уг санаачилгыг 11-р сард зарлах үед АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Жон Демерс “Бид хууль тогтоомжид тулгуурлан ийм үйлдлийг эдийн засгийн хувьд ашиггүй болгоно” хэмээн мэдэгдэж байсан.

Хууль зүйн яам шинэ журмыг туршихдаа АНУ-д байрладаггүй гадаадын компаниудад эрүүгийн хэрэг үүсгэх үйл явцыг хөнгөвчилсөн. Урьд ийм хэрэг замхарч эсвэл зогсдог байв. Зарим тохиолдолд компаниуд АНУ-ын өмгөөлөгчид болон Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр юу ч болоогүй мэт хайхрамжгүй хандсан. Гэвч энэ удаад тийм биш. Jinhua болон UMC лхагва гарагт өөрийн хуульчдаа ирүүлсэн байна.

Прокурорууд түүнчлэн 1996 онд батлагдсан Эдийн засгийн тагнуулын тухай хуулийг анх удаа иргэний хэрэгт хэрэглэж байгаа юм. Иргэний хэрэг үүсгэснээр Засгийн газар Jinhua-гийн DRАM санах ойг онилж, Америкийн Micron technology компанийн технологийг хулгайлсан хэмээн нотолж буй. Ноён Демерс саяхны ярилцлагадаа “Энэ мэтийн хэрэглүүрийг ашиглаж буйн ач холбогдол нь хүн бүрт энэ талаар мэдээлэл хүрнэ. Иймээс дараа АНУ-ын прокурорууд болон  холбооны мөрдөх товчооны байцаагчид адил төстэй хэрэг мөрдөхдөө энэ тухай санаж байх болно” хэмээн тайлбарласан.

Энэ бол олон чиглэлтэй стратеги юм. Уг санаачилгын өмнөхөн Худалдааны яам Jinhua-д АНУ-д үйлдвэрлэсэн чип хийх төхөөрөмж худалдахыг хориглосон нь хагас дамжуулагч гаргах төлөвлөгөөг тасалдуулжээ. Jinhua, UMC хоёулаа прокурорын  мэдэгдлийг няцаасан байна. Компаниудын зэрэгцээ худалдааны нууцыг хулгайлахад оролцсон хэрэгт Тайванийн гурван иргэнийг буруутгасан. Тэднийг ирэх сард шүүхэд дуудахаар төлөвлөжээ.

Улмаар прокурорууд Jinhua, UMC хоёр чипийг хуурамчаар үйлдэж, хулгайлсан технологиос ашиг олсныг нотолж, Micron-ы технологийг таван жил ашиглахыг  хориглох бодолтой байгаа. Menlo Park оюуны өмчийн хуульч Ашок Рамани “Гэхдээ зөвхөн ял оноож, эсвэл буруугаа хүлээсний дараа хориг хэрэгжинэ. Үүнд урт хугацаа хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3648 санал өгсөн байна.

Дээшээ