Гишүүдийн 94 хувь нь дэмжсэнээр Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-11 23:00 GMT+8

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох, эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
23:10 2019-01-11

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр өндөрлөлөө. 

23:00 2019-01-11

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. УИХ-ын чуулганд  55 гишүүн оролцсоноос 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томиллоо. Гурван гишүүн Ч.Улааныг сайдаар томилохыг дэмжсэнгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжээгүй юм. Ийнхүү ХХААХҮ-ийн салбар хоёр сарын дараа сайдтай боллоо. 

 

22:23 2019-01-11

Д.Хаянхярваа: ИМПОРТЫН НОГОО ТАРИАЛДАГ ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

БНХАУ-аас импортолдог нарийн ногоо ургуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжид урамшуулал хөнгөлөлт олгодог байх хэрэгтэй байна. Дээр нь импортын төмс, хүнсний ногоонд тавих татварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

БНХАУ махыг хагас боловсруулан гаргаж байна. Тэгэхээр ийм чиглэлээр ажилладаг махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, хөнгөлөлттэй зээлд хамруулж ажиллах ёстой. Махны нөөцийг улс жилд зайлшгүй бэлдэж байх хэрэгтэй. Мах экспортолж байгаатай холбоотойгоор махны үнэ өсөхөд иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний нөөцтэй байх хэрэгтэй.

22:14 2019-01-11

О.Батнасан: МАЛЫН ХӨЛЛИЙН ТАТВАРЫН ОРОНД МАЛЫН МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВЧ БОЛНО

Махны экспортын талаар сүүлийн үеийн авч байгаа мэдээллээр махны хомсдол үүсч байна, БНХАУ руу мах ихээр экспортолж байна гээд байна. Гурван сая хүний махны хэрэгцээ тийм их биш. Тиймээс л малын тоо өсөөд байна. 

Энэ жилээс БНХАУ руу мах экпортолж байна. Хятадууд авч байна гээд хөөгөөд гаргачихдаг. Хуучны жишээ давтагдах вий. 2010 онд ямааны гулууз мах 5000 төгрөг болж байсан шүү. 

Малын хөлийн татварын оронд тодорхой махны норм тогтоогоод, зах зээлийн үнээс арай багаар худалдан авч болно. Ийм маягаар шийдвэл малчид дургүйцэхгүй. Ийм маягаар нэлээн сайн ажиллаарай гэж хүсэх байна. 

22:07 2019-01-11

Ц.Даваасүрэн: ТРАМП, Д.ДЭМБЭРЭЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ГУРВАН СОНГУУЛЬ БАЙНА

Насны тухай ойлголт улстөрчдөд байх ёсгүй. Ч.Улаан сайд БНХАУ-ын сайд нартай харьцуулахад залуу байна. Трамп, Дэмбэрэл даргатай харьцуулахад гурван сонгууль хийх нас байна. Хамгийн гол нь бэлтгэгдсэн байна уу үгүй юу гэдэг чухал. Би Ч.Улаан сайдын насан дээр ийм байх уу гэж боддог юм. Эднийг ард түмэн сонгодог юм, та нар биш. Эднийг нэг шүүмжилдэг зүйл бол өнөөдрийн нөхцөл байдал ийм болоход бага зэрэг сулдчихав уу гэж боддог юм. Түүнээс туршлага, бэлтгэгдсэн боловсон хүчин байх ёстой.  Эдний эрин үе дуусаагүй байна. Трампийн насанд хүртэл маш хол зай байна. 

Малаа коджуулах хэрэгтэй. МСҮТ-тэйгээ хамтраад малчин болох гэж байгаа залуусыг сургах хэрэгтэй. С.Чинзориг сайдтай хамтарч энэ тал дээр ажиллаарай.

Энэ салбарын сайд болсон хүн Уругвай, Аргентин, Бразиль явж үзэх хэрэгтэй. Тэнд л жинхэнэ мал аж ахуй яаж хөгждөгийг харуулж байна. Уругвай манайд вакциныг хийхийг зааж өгье гэж байна. Манайханд нэг дутагдал байна. Араас нь явдаггүй. Зөвхөн өөрийнхөө ажлыг бүтээх гэдэг төрийн албаныхны зан байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. 

22:01 2019-01-11

Д.Лүндээжанцан: ААВДАА АДУУ МАНАХЫГ ЗААДАГ ЦАГ БОЛЖ

Залуу гишүүд маань Ч.Улаан сайдад хандаж үг хэлж байна. Аавдаа адуу манахыг заадаггүй гэдэг үг байдаг. Гэхдээ одоо аавдаа адуу манахыг заадаг болж байх шиг байна. Би зүгээр үүнийг хэлж байгаа юм. Би Ч.Улаан гишүүнийг сайд болоход юм хэлж байгаагүй. Ч.Улаан сайдтай хамт суралцаж байсан. Онц сурдаг байсан. 

Бэлчээрийн хуулийн талаар малчид, иргэд санаа зовж байна. Бэлчээрийг үр дүнтэй ашиглахгүй бол ирээдүйд хүнд байдалд орох нь гэсэн хоёр том салаа олон жил яригдаж байна. Тэгэхээр үзэл баримтлалыг тогтож авах, том шийдвэр ирээдүйд гарч магадгүй. Бэлчээрийн даац, олон сая мал хоёрыг зайлашгүй бодох хэрэгтэй. Тал хээр, хангайн бүсэд ямар байх вэ гэдэг онцлог байна. Энэ асуудал онгорхой зай үүсгээд байна. 

21:50 2019-01-11

21:48 2019-01-11

У.Хүрэлсүх: САНАЛ БОЛГОЖ БАЙГАА САЙД МААНЬ САЙН АЖИЛЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙНА, ДЭМЖЭЭРЭЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр,  

-Ч.Улаан сайдтайгаа сайн хамтарч ажиллана гэж бодож байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэдлэг туршлагатай, олон хариуцлагатай ажил хийж байсан хүн. Б.Батзориг сайдын үед нэлээд ажил хийгдсэн. Хүнс , хөдөө аж ахуй бол зуу зуун жил Монгол Улсыг тэжээж, тэтгэж ирсэн салбар, уул уурхайгаас хэд дахин илүү. Бид өнөөдөр уул уурхайгаас хамааралтай байна гэж байна. Гэхдээ энэ бол хэмжээ хязгаартай. Харин мал аж ахуй бол өөр. 

Бид ахмад настнуудаа хүндэлж, мэдлэг туршлагыг нь хуваалцах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын бодлогын төвд хөдөө аж ахуй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Бид цаашид хүнсний орон болж, үүнийгээ экспортод гаргах чиглэлийг барьж ажиллана. Мал, махаа гаргахын зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэж, гуравдагч орны зах зээлд гаргах боломж байна. Энэ бүхэнд миний санал болгож байгаа сайд сайн ажиллана гэдэгт итгэл төгс байна. Та бүхнийг дэмжиж өгөхийг хүсч байна. 

20:50 2019-01-11

Ж.Мөнхбат: ЗАЛУУСАА ДЭМЖЭЭД, ТА БОЛЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асуулт асуулаа. Тэрбээр “Та долоо дахь удаагаа дэвшиж, зургаан удаа сайд болсон. Одоо боллоо гэж боддоггүй юм уу. Энэ залуусаас нэг нь ч гэсэн сайд болж, туршлага сууг, би хажуугаас нь дэмжиж зөвлөөд явъя гэж болохгүй юу. Манай ахмад гишүүд албан тушаалын сураг гарахаар ордны хонгилоор хурдалдаг, надад өөр боломж гарахгүй, ахыгаа дэмжчих гэдэг. Та больж болдоггүй юм уу” гэсэн юм. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан “Би сайд болъё гэж хүсээгүй. Ерөнхий сайд хүсэлт тавьсны дагуу ажиллах гэж байна. Чадлаараа хичээнэ ээ гэж бодож байна” гэсэн хариултыг өгсөн юм.

20:44 2019-01-11

ХОЁР САРЫН ДАРАА ХХААХҮ-ИЙН САЙДЫН АСУУДЛЫГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Түүнийг ХХААХҮ-ийн сайдаар томилох талаар хоёр сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм.

Хоёр сарын дараа энэ салбарын сайд болох эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа нь энэ юм.

Нэр дэвшигч Ч.Улааныг танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн юм. Ингэхдээ ажилласан байдлыг нь ийн танилцууллаа.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

20:27 2019-01-11

20:20 2019-01-11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох, эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ