Зам тээврийн ослоор амиа алдагсдын тоог бууруулсан шилдэг төсөл “Грэхемтэй танилц”

Сэтгүүлч Б.Нямдарь

2019-01-12 15:30 GMT+8

- Та Грэхем шиг биш л бол хурдаа тааруулж, аюулгүйн бүсээ заавал зүүгээрэй! -

Австралийн аюулгүй байдлын зөвлөл зам тээврийн ослоор өөд болж буй хүмүүсийн жилээс жилд өсөх тоог бууруулах дорвитой арга хэмжээг авахыг хүсчээ. 

Судалгаагаар автын ослоор амиа алдагсад ихэвчлэн суудлын бүсээ зүүгээгүй, хурд хэтрүүлсэн болох нь тогтоогджээ. Иргэд өөрсдийнхөө бие махбодийг бат бөх хэмээн эндүүрдэг, хэр баргийн осолд амиа алдах хэмжээнд өртөхгүй гэж итгэдэг аж. Гэвч үнэндээ хүний бие маш хэврэг, эмзэг бүтэцтэй билээ. “Гэвч хурдтай явж буй машин ямар нэгэн зүйлийг огцом мөргөхөд ямар ч шаламгай, хүчтэй хүн биеэ хянан чангалж чаддаггүй, хоромхон зуур толгой урагш цохигдож эргэж савдаг. Хүний амиа алдах хамгийн магадлалтай бэртэл бол тархины гэмтэл юм” гэж төсөл дээр ажилласан Мельбурний эмнэлгийн гэмтлийн мэс заслын эмч Кристиан Кенфилд хэлжээ. 

Тиймээс тус зөвлөлөөс зам тээврийн ямар ч төрлийн осолд өртсөн амиа алдах боломжгүй, бат бөх бүтэцтэй Грэхем гэж нэрлэсэн хүн дүрст баримлыг зохион бүтээгчидтэй хамтран хийжээ. Тэд уг төслөө "Meet Graham" буюу "Грэхемтэй танилц" хэмээн нэрлэсэн юм. Ингэхдээ тэд хүний биеийн бүтцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр маш нарийн судалж, хамгийн түрүүнд гэмтдэг эд эрхтнүүдийг илүү бат бөх болгон түүнийг бүтээжээ. Грэхемийн бие бүхэлдээ өөх, чилгэр царай, хатуу арьс, төмөр шиг цээж, агаарын дэр шиг их биеэс бүтсэн.

Уг бүтээл шилдэг сурталчилгаа шалгаруулдаг Каннын Арслан шагналыг хоёр ч удаа (нэг нь эрүүл мэнд номинаци) хүртжээ. Грэхемийг албан ёсоор зарласан даруйд тэрээр олон нийтийн сүлжээний ярианы гол сэдэв болж, хүмүүсийн анхаарлыг ихэд татаж чадсан юм. Мөн Нью-Йорк Таймс, Лондонгийн Дэйли Мэйл, Вашингтон Пост, BBC, CNN болон Ал Жазира гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн салбарын сайт, сонин, мэдээний онцлох гарчиг болгон “шуугицгаав”. 

Тиймдээ ч 2017 онд  Грэхемтэй танилцсанаас хойш жолооч нар суудлын аюулгүйн бүсээ зүүж хэвших нь нэмэгдэж, зам тээврийн ослоор өөд бологсдын тоо ч буурчээ. 

Мөн Грэхемийг 360 градус харж болох вэб сайтыг хүртэл тэд хөгжүүлжээ. Тус meetgraham.com.au сайт ашиглалтад ороход дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор 10.4 сая хүн хандалт хийж байсан түүхтэй. Та эндээс энгийн хүний бие осолд өртвөл хэрхэн гэмтэж, бэртдэгийг ч жишээ болгон харж болно. Грэхемтэй танилцаж түүнийг харах бол та ЭНД дарна уу. 

Эцэст нь сануулахад, жолооч Та Грэхем шиг биш л бол хурдаа тааруулж, аюулгүйн бүсээ заавал зүүгээрэй! 

Эх сурвалж: www.marketingmag.com.au

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3649 санал өгсөн байна.

Дээшээ