ФОТО: Төвийн шугамд холбогдсон ГЭР ЦЭЦЭРЛЭГ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-01-23 08:30 GMT+8

Монгол Улсын хэмжээнд 93 гэр цэцэрлэг ажиллаж байна. Үүний 20 нь Улаанбаатар хотод байрладаг бөгөөд эдгээр гэр цэцэрлэгт 1195 хүүхэд хүмүүждэг. 

Тэдний нэг болох БЗД-ийн 4-р хороонд байрлах 191-р цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгт бид зочилсон юм. Биднийг явж ороход гэр цэцэрлэгийн дотоод орчин тохилог дулаахан байх нь шууд л мэдрэгдэж байлаа. 

Анх 2014 онд уг цэцэрлэгийн үндсэн байр 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орж байжээ. Хамран сургах тойргийнхоо хэмжээнд 800 гаруй хүүхэд байдаг аж. Харин цэцэрлэгийн захиргааны зүгээс хүүхдийн тоог харгалзан уг гэр цэцэрлэгийг 2015 онд дэргэдээ шинээр барьжээ. 191-р цэцэрлэгт өдгөө 269 хүүхэд хамрагдаж байна. 

Тус бүр нь таван ханатай гэр цэцэрлэгүүдэд ахлах, бэлтгэл бүлгийн 4-5 настай хүүхдүүд суралцдаг гэнэ. Нийт гурван гэр байх ба голд байрлах гэрийг ариун цэврийн өрөө болон үүдний хэсэг болгожээ. Төвийн шугаманд холбогдсон гэр сууц ховор байдаг бөгөөд туршлага судлахаар хүмүүс их ирдэг гэж тус цэцэрлэгийн арга зүйч М.Наранчимэг хэлсэн юм. Зарим гэр цэцэрлэгийн халаалтыг галлах аргаар шийдэж, гадуур нь хамгаалалт хийсэн байдаг ч энэ нь хүүхдэд эрсдэлтэй байдаг. Тэгвэл тус цэцэрлэг нь төвийн шугамд холбогдсон учир дотроо боловсон ариун цэврийн өрөөтэй мөн ангиуд нь паараар халдаг аж.

Гэр бүр агаар цэвэршүүлэгчтэй бөгөөд нэг ангид дунджаар 25-30 хүүхэд суралцдаг.

Уг гэр цэцэрлэгт хамран сургах тойргоороо ихэвчлэн орон сууцанд амьдардаг хүүхдүүд суралцдаг гэнэ.  Анх гэр цэцэрлэг ажиллаж эхлэхэд эцэг эхчүүдийн зүгээс тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Цэцэрлэгийн арга зүйч хэлэхдээ “Гэр сууц гэхээр суралцах орчинд нийцээгүй, стандарт бус гэж зарим нь ойлгодог. Зарим эцэг эх анх таагүй хүлээж авч байсан ч одоо давуу талыг нь мэдрээд харин ч сайшаалтай байгаа шүү” гэсэн юм.

Монгол уламжлал, зан заншлаа хадгалсан уг гэр сууц хүүхдэд монгол ахуйн мэдлэгийг олгож, агаарын солилцоо тогтмол хийгддэг учир эцэг эхчүүд сайшаалтай ханддаг гэнэ.

Цэцэрлэгийн орчныг хүүхдэд тухтай, таатай байх үүднээс сайтар тохижуулжээ. Тэр дундаа эсгий урлалаар хүүхдүүдийн танин мэдэхүйн болон эцэг эхийн буланг хийсэн байлаа. 

Нэг ангид 25-30 хүүхэд суралцдаг

Цэцэрлэг бүр төвийн шугамд холбогдсон паараар халдаг

Үүдэнд байх цэнхэр шүүгээнд даавуун улавчууд байдаг аж

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ