Агаарын чанарын индексийн “чанар”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-01-29 09:15 GMT+8

Улаанбаатарын утааны хэмжээг тодорхойлдог агаарын чанарын индекс (АЧИ) өнгөрсөн аравдугаар сараас эхлээд өмнөх жилүүдтэй харьцуулахад илт бага гарах болсон.

Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Баянхошууны АЧИ бүр 2813-т хүрч, Зуун айл, Толгойт зэрэг бусад байршилд ч “маш их бохирдолтой” хэмээн зааж байсан юм.

Анализ хийсний үндсэн дээр agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүллээ.

Харин одоо агаарын чанарын мэдээллийг иргэдэд хүргэдэг agaar.mn болон ухаалаг утасны Агаар апп ихэнхдээ л “хэвийн”, “бага бохирдолтой” гэж харуулж буй. Ийнхүү АЧИ огцом сайжирсан байтал Улаанбаатарын утаа яг хэвэндээ байгааг иргэд төдийгүй сэтгүүлчид нүдээрээ харж, хамраараа үнэрлэж, agaar.mn болон Агаар апп-ын мэдээлэлд эргэлзэж эхэлсэн билээ.

Иймд, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв (МЭССЗТ) BreatheMongolia ТББ-тай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарт хөндлөнгийн хэмжилтийг хийлээ. Ингэж бүрдүүлсэн үзүүлэлтүүдээрээ мэдээллийн сан үүсгэж, анализ хийсний үндсэн дээр agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүллээ.

Бид Зуун айл, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Телевиз, Баянхошуу гэсэн таван байршил болон АНУ-ын Элчин сайдын яам орчимд хэмжилтийн мониторинг хийсэн юм.

Ингэхдээ тус бүрийн харуул станцын дэргэд очиж, Laser Egg-ээр өдөр бүр тогтмол цагт 1-2 удаа АЧИ болон нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг хэмжив. Тэгэхэд agaar.mn болон Агаар апп-аар мэдээлдэг агаарын чанарын үзүүлэлтүүд агаарын бохирдлын тухайн цагийн бодит хэмжээнээс илт зөрж байсан юм.

Нийт 21 өдөрт 101 хэмжилтийн мониторинг хийсэн бөгөөд дэлгэрэнгүйг дата сэтгүүл зүйд буулган үзүүлж байна.

Улаан цэг:  Тухайн цагийн бодит хэмжилт буюу өндгөөр хэмжсэн РМ2.5, АЧИ

Цэнхэр цэг: Agaar.mn сайтад мэдээлэгдэж буй хэмжилт

Ногоон цэг: stateair.mn сайтад мэдээлэгдэж буй АНУ-ын ЭСЯ-д байрлах станцын үзүүлт

ТА байршил хэсэгт дарснаар өөрийн сонирхсон газрын мэдээллийг харах боломжой юм. Түүнчлэн баруун гар талд нарийн ширхэгт тоосонцор, зүүн хэсэгт АЧИ буюу агаарын чанарын индексийн үзүүлэлт гарч ирж байгааг анзаарна уу.

 

Зуун айл орчимд АЧИ нь 436 байсан бол аgaar.mn сайт 64 гэж мэдээлэв. Бараг зургаа дахин их зөрүүтэй байсан гэсэн үг!  

Тухайлбал, энэ сарын 11-ний оройн 22:00 цагийн орчимд Баруун дөрвөн замын харуулын самбарт АЧИ 278, PM 2.5 нь 223 байна гэж харуулсан бол Laser Egg-ээр хэмжиж үзэхэд АЧИ 500+, PM 2.5 бол 999+ буюу хэд дахин өндөр утга заасан. Энэ нь уг төхөөрөмжийн дээд үзүүлэлтүүд бөгөөд агаарын бохирдол яг ямар хэмжээнд байсныг хэлэх боломжгүй.

Дашрамд дурдахад, Зуун айл орчим нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5-ыг agaar.mn дээр огт мэдээлдэггүй учир зөвхөн Laser egg-ын хэмжилтийн мэдээллийг та харж байна. Агаарын чанарын хэмжилтийг харахад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өглөө Зуун айл орчимд АЧИ нь 436 байсан бол аgaar.mn сайт 64 гэж мэдээлэв. Бараг зургаа дахин их зөрүүтэй байсан гэсэн үг!  

Байршил хэсэгт Баянхошуу гэж сонгон мэдэээлллийг харахдаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдөр АЧИ нь  agaar.mn сайтын мэдээллээр ТЭГ буюу цэвэр заасныг онцолж уншаарай. Энэ үед буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хөндлөнгийн хэмжилт хийхэд РМ2.5-ын үзүүлэлт 999+, агаарын чанарын индекс нь 500+ буюу аюултай түвшинд байсан. Өөрөөр хэлбэл маш их бохирдолтой байхад agaar.mn  сайт дээр “ТЭГ” цэвэр гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.

Эндээс харахад бидний хийсэн хэмжилтүүд ийнхүү агаарын чанарын улсын хяналтын харуулуудынхаас илт зөрж байсан бол АНУ-ын Элчин сайдын яамны stateair.mn сайтын мэдээлэлтэй нэлээд дөхсөн үзүүлэлтийг харуулсан юм.

АЧИ-ийг нийт долоон түвшинд хувааж, тодорхойлдог. Тодруулбал, АЧИ нь 0-50 гэсэн ангилал бол ЦЭВЭР буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Харин 500 буюу түүнээс дээш байвал АЮУЛТАЙ буюу нийт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм.

Доорх хүснэгтэд байгаачлан, хэмжилтийн хугацаанд  Зуун айл, Баруун дөрвөн  Харуул станцын Зуун айл, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Телевиз, Баянхошуу гэсэн байршилд аgaar.mn сайтын мэдээллээр зургаан удаа 500+ АЮУЛТАЙ гэсэн бол Laser egg-ээр бол 38 байв. ЦЭВЭР гэсэн үзүүлэлт agaar.mn сайтанд гурван удаа мэдээлэгдсэн бол laser egg-ын хэмжилтэнд огт байхгүй байна.

Эндээс харахад бидний хийсэн хэмжилтүүд ийнхүү агаарын чанарын улсын хяналтын харуулуудынхаас илт зөрж байсан бол АНУ-ын Элчин сайдын яамны stateair.mn сайтын мэдээлэлтэй нэлээд дөхсөн үзүүлэлтийг харуулсан юм.

Жич: Laser Egg төхөөрөмж дотоод агаар хэмжих ахуйн зориулалттай боловч гаднах агаарыг хэмжихэд ямар ч асуудал гарахгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Гагцхүү хүйтэнд литиум батарей нь царцах эрсдэлтэй боловч энэ нь хэмжилтэд нөлөөлөхгүйг физикч тайлбарласан.

Улаанбаатар хотын агаарын чанарын хараат бус, хөндлөнгийн хэмжилтийг цахим орчинд #breathemongolia, #UBair, #egg2, #УБагаар гэсэн хайлтаар харах боломжтойгоос гадна @Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв / MCIJ Facebook хуудаснаас мэдээлэл аваарай.

 Бэлтгэсэн: Эрэн

Бэлтгэсэн: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв. Ө.Отгонтөгс, А.Амартүвшин

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 390 санал өгсөн байна.

Дээшээ