Мессенжер, Инстаграм, WhatsApp-ын хэрэглэгчид хоорондоо мессеж бичдэг болж магадгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-29 15:31 GMT+8

Өнгөрсөн долоо хоногт The New York Times “Фэйсбүүк өөрийн эзэмшилд байдаг Мессенжер, Инстаграм, WhatsApp гэсэн гурван платформын хэрэглэгчдийг өөр хоорондоо мессежлэдэг болгохоор ажиллаж байгаа” хэмээн мэдээлжээ.

Тус нийтлэлд дурдсанаар гурван апп тус, тусдаа хэвээр байх бөгөөд жишээлбэл зөвхөн Фэйсбүүк Мессенжер ашигладаг хүн WhatsApp эсвэл Инстаграм ашигладаг хүнтэй шууд мессежлэх боломжийг бүрдүүлэх дэд бүтэц дээр ажиллаж байгаа аж. Мөн Мессенжер болон Инстаграмд WhatsApp-д байдаг шиг “end-to-end encryption” гэх мэдээллийг гуравдагч этгээдээс хамгаалах аргыг ашиглаж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна.

Одоогоор Фэйсбүүк эдгээр өөрчлөлтийг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм.

Уг нийтлэлтэй холбогдуулан Фэйсбүүкийн зүгээс “Бид чадах хэмжээндээ, хамгийн шилдэг мессеж үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлмээр байна. Хэрэглэгчид мессежлэх явцыг хурдан, энгийн, найдвартай, аюулгүй байгаасай гэж хүсдэг. Бид хоёр мессежний платформдоо “end-to-end encryption”-г суулгах бөгөөд платформоос үл хамааран хэрэглэгч бүрд өөр хоорондоо мессежлэх боломжийг олгохоор ажиллаж байна. Мэдээж энэ нь том хэмжээний ажил тул шийдэх асуудал цөөнгүй бий” гэжээ.

Фэйсбүүкийн аль болох олон хүний ашигладаг мессеж платфром бүтээх хүсэлтэй байгаа юм. Ингэснээр тэд Apple-ын iMessage зэрэг томоохон мессеж платформуудтай шууд өрсөлдөж чадна. Түүнчлэн олон тооны байнгын хэрэглэгчтэй болсноор ирээдүйд тус хамтын платформыг зар сурталчилгаа үзүүлэх том талбар болгох зэргээр ашиглах боломжтой.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ