Эмнэлэгт үзүүлэхэд даатгалын ЦЭНХЭР ДЭВТЭР авч явах ШААРДЛАГАГҮЙ боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-01-29 13:39 GMT+8

Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодрууллаа.

Эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирнэ.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх шаардлагагүй, регистрийн дугаараар бүртгүүлдэг болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирнэ. Энэ мэдээллийг бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн  эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад  чиглэл хүргүүлсэн.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2018 онд эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлсэн. Энэхүү цахим системээр хөнгөлөлттэй эмийн жор, Элэгний В,С илрүүлэх, баталгаажуулах шинжилгээг бүртгэх хянах, Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ мөн “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг бүртгэх хянах, тайлагнах зэрэг тус тус ЭМД-ын тусламж, үйлчилгээг даатгуулагч иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд тухайн оны төлөөгүй шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар тооцож төлнө. Энэ оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсонтой холбоотойгоор даатгуулагч эрүүл мэндийн даатгалд сард 3200 төгрөг, жилд 38.400 төгрөг төлнө.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар тухайн иргэн жилд 2 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулах эрхтэй.

–Регистрийн дугаараар үйлчлүүлснээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч байна гэсэн үг үү?
-Ер нь бол эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах шаардлагагүй. Гэхдээ зарим тохиолдолд жишээ нь хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт харагдахгүй гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх боломжтой тул цэнхэр дэвтэр ашиглалтаас гарахгүй. Аль алинаар нь л үйлчлүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн лавлагаанаас таны орлогын баримт харагдаж байвал та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрх нь нээлттэй.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэний тухайд?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээг авах боломжгүй.  Иргэд заавал өвдсөн үедээ эрүүл мэндийн даатгал төлнө гэхээс илүү өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал юм. Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгаар  эрүүл мэндийн даатгал нь албан журмынх болсон. Хэрэв та Монгол Улсын иргэн л бол эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой.

Цахим мэдээллийн системээс гадна эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээний талаарх мэргэжилтнүүдээс дараах зүйлийг асуулаа.

2 сая төгрөгний зардал хэтэрсэн даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ зөвшөөрснөөр тухайн гэр бүлийн гишүүний ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардал болох 2 сая төгрөгөөс нь шилжүүлэн тооцуулах боломжтой.

–Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр жилд хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авах ёстой. Үүнийгээ ойр дотны хүндээ шилжүүлэх сонирхол байдаг. Энэ боломжтой юу?

ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.БАЯРБОЛД:
Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсч байгаа. Даатгуулагчид нийт 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар тухайн иргэн жилд 2 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулах эрхтэй.

Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран ЭМДС-аас улсын эмнэлэгт дунджаар 300.000 төгрөг хувийн эмнэлэгт 175.000 шилжүүлдэг Амбулаторийн 1 удаагийн үзлэгийг 15.000 төгрөгөөр тооцон ЭМДС-аас санхүүжүүлнэ. Эдгээр нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээнд хамаарна.

Жишээлбэл тухайн өвчтөн нь жилдээ 7 удаа улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМДС-аас 2 сая гаран төгрөгний тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулна. Ийм тохиолдолд 2 сая төгрөгний зардал хэтэрсэн даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ зөвшөөрснөөр тухайн гэр бүлийн гишүүний ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардал болох 2 сая төгрөгөөс нь шилжүүлэн тооцуулах боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй эмийг олгож байгаа ч хүрэлцээгүй гэх гомдол иргэдийн дунд бий. Энэ тухай?

ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.ОЮУНБАТ:

-Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн бүр эмийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн эрхтэй. Эмийн цахим жор бичсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд хүчинтэй байдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад  170 ерөнхий нэршлийн нийт 812 худалдааны нэрийн эм багтаж байна. Эдгээр нь Монголд зонхилон тохиолдож байгаа зайлшгүй шаардлагатай эмийн төрөл гэсэн үг.

Иргэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авч чадахгүй байгаа нь эмийн сангуудын төсөвтэй холбоотой болов уу. Бага төсөвтэй эмийн сангуудад хөнгөлөлтэй эм сарын эхэнд дуусдаг бол ахиу төсөвтэй нь хөнгөлөлттэй эмийг олгож байгаа гэсэн үг.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ