СОЁЛЫН ДОВТОЛГОО №27: Спортын тэмцээн үзэх соёл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-01-30 10:10 GMT+8
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

2001 оны Улсын баяр наадмаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Улсын заан Г.Өсөхбаяр Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Улсын Арслан А.Сүхбатад өвдөг шороодсоны дараа тийрэн унагаж, Ардын хувьсгалын ой, төв цэнгэлдэхэд хуран цугларсан олны бөхөө гэх сэтгэл рүү хүйтнээс хүйтэн ус цацаж орхисон билээ.

Хамгийн олон хүн үздэг, хамгийн үнэтэй тасалбартай, “Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ” гэж хүндэтгэн нэрлэдэг улсын баяр наадмаар үе тэнгийн найзаа, зургаан залуу заан гэгддэг байсан өрсөлдөгчөө “бөлдөгдөн” унагасан тэр барилдаан олон нийтийн сүлжээ, сошиал медиа ихэд дэлгэрсэн өнөө үед болсон гэж төсөөлье.

Нөхөр Г.Өсөхбаярт өнөөгийн жиргээчид ямар арга хэмжээ авахыг хамтдаа төсөөлье. Юуны өмнө бөлдөгдөн тийрч унагасан тухай Б.Цэнддоо гуай нэг “зэвүүн юм” бичнэ. Бөлдөгдүүлэн унаж буй А.Сүхбатын хөдөлгөөнөөр нэг зэвүүн “мэмэ” хийгдэнэ. Хэнийх нь зөв хийгээд буруу байсан тухай фэйсбүүк, твиттэрээр шүүн хэлэлцэнэ. Г.Өсөхбаярыг цаашид барилдуулах, эсэх тухай олон нийт саналаа хэлнэ.

2001 он ба 2019 оны гол ялгаа энэ юм.

Тэнд ямар нэг шүүх, мөрдөн байцаалт, хуулийн арга хэмжээ биш, олон нийтийн санал бодлоор улсын баяр наадмын барилдаан ямар байх ёстой, бөхчүүд хэрхэн барилдах тухай, мөнгөө төлөөд үзэж суугаа бөх сонирхогч, наадамчин олон юу үзэх ёстой тухай хуулийг “бичилгүй баталж” орхино.

Олон нийтийн газар байх ёстой хэм хэмжээ, ёс зүй, соёл хийгээд дүрэм журам нь Их хурал, засгийн газрын тогтоол журмаар биш, олон нийтийн өөрсдийнх нь шүүн хэлэлцсэн маргаан мэтгэлцээний үр дүнд тогтдог. Энэ нь илүү шударга, илүү амьдралтай, илүү удаан үйлчлэх хэм хэмжээ болон мөрдөгддөг.

Энэ бол болсон үйл явдлын зөвхөн нэг тал. Нөгөө талаас, хэрвээ бөх үзэж суусан Төв аймгийнхан, тэр дундаа А.Сүхбатын нутаг, Сэргэлэн сумынхан, өөрийн бөхөө өмөөрөөд, Архангайнхныг шоглоод, бөлдөгдөөд, тийрээд эхэлсэн бол яах вэ?

Бидэнд нэг тийм спортыг ойлгох, хөгжөөн дэмжих, олон нийтийн газар биеэ авч явах ойлголт, соёл, туршлага илт дутагдаад байна.

Яг үүн дээр л спорт, хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгч, олон нийтийн газар мөрдөгдөх ёстой хэм хэмжээ, соёл, дүрэм журмын тухай ойлголт хөндөгдөж эхэлнэ. Тухайн үеийн тулхтай, хүлээцтэй, монгол бөхөө шимтэн сонирхдог үзэгч олон элдэв шуугиан дэгдээгээгүй билээ. Нийгэм тайван амгалан, элдэв шуугианыг өнөөгийнх шиг дэгдээн дэврээгч нар байгаагүй юм.

Харин одоо цаг өөр болсон. Монголчууд зөвхөн монгол бөхөө төдийгүй дэлхийн хэмжээний спорт үздэг, сонирхдог, өөрийн гэсэн, үзэх дуртай баг, тамирчидтай болж, нэг ёсондоо дэлхийн олон нийттэй зэрэг уухайлж, зэрэгцэн суудаг болж. Харин бид дэлхийн хэмжээний үзэгч, дэлхийн хэмжээний хөгжөөн дэмжигч, дэлхийн хэмжээний бичигдээгүй хууль дүрмийг мөрдөж чадаж байна уу гэвэл “их хэцүү”. Бидэнд нэг тийм спортыг ойлгох, хөгжөөн дэмжих, олон нийтийн газар биеэ авч явах ойлголт, соёл, туршлага илт дутагдаад байна.

СПОРТ ДАХЬ ӨРСӨЛДӨӨН НЬ ДАЙСАГНАЛ БИШ

Спортын өрсөлдөөн дайсагнал биш гэдгийг ойлгохгүй байна. Мэргэжлийн болон сонирхогчийн, багийн болон хувийн аль ч түвшин, аль ч хэлбэрийн хувьд бид спортын мөн чанарыг ойлгох, таашаал авах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, аливаад үнэн сэтгэлээсээ хандах, үнэн голоосоо дэмжих хандлага, сэтгэл зүй, туршлага дутаад байна.

Биднийг дэлхийн олон нийтэд хамгийн муухай харагдуулдаг юмны нэг энэ.

Бидэнд дэлхийн хэмжээний спортын одууд байна уу гэвэл байна. Олимп, дэлхийн аваргын түвшний хангалттай олон сайхан одууд, тамирчид бий. Харин тийм түвшний хөгжөөн дэмжигч байна уу гэвэл хэлэхэд хэцүү. Нэг туйлшрагчийн тэнэг үйлдэл биднийг тэр чигээр нь тэнэг харагдуулдаг гэдгийг ойлгохгүй байна. Хэчнээн жил хөлбөмбөг үзсэн ч бидэнд хөлбөмбөгийн фэн, бүр цаашлаад фанат болох дадал суухгүй байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргаар японы хөгжөөн дэмжигч нарын соёл, бусдыг хүндлэх дадал зуршил, олон нийтийн газар биеэ авч явах соёл, хандлагын талаар гайхан баясч, шуугиад л өнгөрсөн болохоос өөрийн болгох, суралцах, өөрсдийгөө харьцуулах талаар “түй ч алхам” хийсэнгүй. Бид дэлхийн хэмжээний спортод жалга довны хандлагатай, ойлголттой хандаж болохгүй гэдгээ ойлгохгүй байна.

Спорт өөрөө нөхөрлөл, бизнес, сүлжээ гэдгийг ойлгохгүй байна. Спорт аялал жуулчлал хөгжих үндэс болдог, хөрөнгө оруулалт татах хөрс болдгийг мэдэхгүй л байна. Бидэнд уухайлах, омогших, орилолдох л зөн совин байна. Бусдыг хүндлэх, ялах ялагдахын жаргал зовлонг мэдрэх мэдрэмж дутаад байна. Товчхондоо, бид үндэстнээрээ урагш нэг алхах бодит шаардлага байна.

Жич: Энэ удаагийн Соёлын довтолгоо буланг манай уншигч бичив.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ