ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улс төр дэх гацаа ариллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-02-03 10:30 GMT+8

Өнгөрч буй энэ долоо хоногт Төрийн ордон ихээхэн хөл хөдөлгөөнтэй байв. Сүүлийн хоёр сарын турш гацаад байсан улс төр дэх гацаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаар ариллаа. Мөн энэ долоо хоногт төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоо ар араасаа цуварлаа.    

ҮЙЛ ЯВДАЛ

Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ. УИХ-ын 40 гишүүн түүнийг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх (огцруулах биш) хуулийн төсөл өргөн барьснаар М.Энхболд УИХ-ын даргын суудлаас буулгав.

УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргын индрээс буухын өмнө үг хэлэв. Тэрээр “Би МАНАН”-г хамгаалагч, үүсгэн байгуулагч биш гээд одоогийн УИХ бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж, өмнөх сонгуулар өгсөн амлалтуудаа санаж ажиллах нь чухал гэсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг баасан гарагт УИХ-ын даргаар томилов.

Пүрэв гарагт МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Түүний нэрийг Ерөнхий сайд дэвшүүлсэн. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг дэмжсэн. Харин дээрх зурагт үзүүлсэнчлэн 3 гишүүн эсэргүүцжээ. 

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойш болсон хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 88.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар сонголоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Би ер нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг танихгүй л дээ. Сүүлийн хоёр гурван сард л ойр ажилласан. Залуус сэрсэн байна, нийгмийн том өөрчлөлтөд амь биеэ хайрлалгүй зүтгэсэн нь хамгийн том боловсрол, хамгийн их итгэл гэж бодож байна. Тиймээс би итгэж байна" гэсэн юм. 

Мөн өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томиллоо. 

Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авчээ. 

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг пүрэв гарагт албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа,  ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарын долоон хүнийг ажлаас нь чөлөөлөв. 

Сурагчдын амралт үргэлжилж байна. Томуу, томуу төст өвчний улмаас хоёрдугаар улирлын амралтыг сунгасан тул 1-12 ангийн суралцагчдад монгол хэл, математик, уран зохиолын хичээлийг долоо хоногт хоёр удаа цахимаар зааж эхэллээ. Энэхүү цахим хичээлийг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран зааж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлжээ. Энэ санд даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг багтаасан байна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээллийг цахим сангаас авах юм байна.  

Засгийн газрын хуралдаан лхагва гарагт болж, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар гаргах юм байна.

Англи хэлний сургалтын төвийн багш, Нигерийн иргэнийг сургалтын төв дээрээ хар тамхитай байхад нь даваа гарагт баривчилжээ. Түүнийг Нидерланд Улсаас илгээсэн шуудангаар дамжуулж хар тамхи оруулж ирснийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүллээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. 

МИАТ компани “Вoeing 737-8МАХ” шинэ онгоцоо өчигдөр хүлээн авлаа. Тус компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсон. Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай гэв.

САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар нарын МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл хоёр удаагийн жагсаал, гэр суулт, 11 хүний өлсгөлөнгөөр үргэлжилсэн. Тэдэнтэй нэгдсэн УИХ-ын гишүүд УИХ-ын чуулганд суухгүй, ирц бүрдэхгүй байсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм. Ингээд өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө. Энэ үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрчээ. Тэдний дунд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан дарга А.Хаянхярваа багтсан байна. Иймд түүнийг ажлаас нь чөлөөллөө.    

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 191 санал өгсөн байна.

Дээшээ