Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхолт цол хүртээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-04 11:33 GMT+8

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид өнөөдөр "Есөн эрдэнийн орон" найраглалаар нь  Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан “Төрийн шагнал хүртээх тухай” ЗАРЛИГТ: 

“…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхлыг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид гардуулж, үг хэллээ.

“Билгийн тооллын шинийн нэгэн, Сар шинийн баярын босгон дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай Төрийн шагналыг хүртэж байна.

Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх, маргалдах хүн байхгүй биз ээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм.

П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би илүүг тоочиж цаг барах нь илүүц биз.

Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

Ардын уран зохиолч П.Бадарч гуай Төрийн соёрхол хүртсэнийхээ дараа Есөн эрдэнийн орон найраглалаа хэрхэн бичих болсон талаараа дурсан ярьж,

“…Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан Монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ…” хэмээн шүлэглэлээ.

Төрийн соёрхолт Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч: 

"Төрийн шагналд гурван удаа дэвшээд энэ жил энэ сайхан шагналыг авлаа. Ерөнхийлөгч эрхэм Х.Баттулгадаа баярлаж байгаагаа илэрхийлье. "Есөн эрдэнийн орон" найраглалд маань Монголын ард түмэн дуртай учраас энэ шагналд олон түмэн дуртай байгаа гэж бодож байна.

Их олон хүн надад утсаар баяр хүргэж, сайхан бүтээл туурвиарай гэж хэлсэнд баярлаж байна.

Миний анхны шүлэг "Үнэн", "Хөдөлмөр" сонин зэрэг тухайн үеийн хэвлэлээр гарч байсан. анхны ном маань 1967 онд гарсан санагдаж байна. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болж байна. "Морьд" найралаглаараа Монголын утга зохиолд морьтой ирсэн гэж боддог. 

"Есөн эрдэний орон" найраглалыг би хилд офицер болоод явахын өмнө "Үнэн" сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаад шагналын уран бүтээлийн комисст миний бүтээлийг өгөөрэй гээд явсан. Хилд очсон хойно миний найраглал байр эзэлсэн байсан. Энэ дашрамд, Халх голын баатрууддаа би баяр хүргэе. 

Та бүхэн эрүүл энх байгаарай. Мал сүрэг нь улам их өсөж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа." гэлээ.

П.Бадарч нь 1960 оноос уран бүтээлээ эхэлж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

Уран бүтээл

  • "Есөн эрдэнийн эх орон" /1972/ - Д.Баттөмөр аялгуу хийж дуу болгожээ,
  • "Зургаан мөнгөн мичид" /1977/
  • "Алтан тоос" /1980/
  • "Ширхэг цагаан сувд" /1980
  • "Намрын хонгор салхи" /1985/
  • "Би энэ байна" шилдэг шүлгүүд /1995/
  • "Бөрттэй цагаан сарны дор" /1999/
  • "Бурхан багшийг сургааль" /2002/
  • "Тэнгэрийн хас од" /2003/

Гавьяа Шагнал

  • МЗЭ-ийн шагнал /1981/ - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ,
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1988/ - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа,
  • Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/,
  • Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2005/ хүртсэн байна.
GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ