“Цасан баримал, цаг агаар, хүмүүс гээд САППОРОД бүх зүйл МАШ ГОЁ БАЙНА”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-02-09 12:42 GMT+8

Дэлхийн өвлийн аялал жуулчлалын нэгэн томоохон үйл явдал бол Япон улсын Саппоро хотноо зохион байгуулагддаг Цасны баяр. 

Ингэж дурдахын учир нь нийт долоон хоног үргэлжилдэг уг баярыг үзэж сонирхохоор жилд 2.5 сая хүн зорин ирдэг. Анх 1950 онд сургуулийн сурагчид цасан баримал хийсэн цагаас эхлэн суурь нь тавигдсан тус наадам энэ жил 70 дахь удаагаа зохиогдож байна. 

Малгайлан орох цас, жавартай салхийг үл ажран уртаас урт үргэлжлэх хоолны мухлаг, цасан баримлуудын дундуур шинэ содон зүйлсийг эрэлхийлэх жуулчид Одори цэцэрлэгт хүрээлэнд дүүрэн байлаа. Тус наадмыг зорин ирсэн зарим жуулчдаас сэтгэгдлийг нь сонирхсон юм. 

“БИ ХАМГИЙН АНХ 8 НАСТАЙДАА САППОРОГИЙН ЦАСНЫ БАЯРЫГ ҮЗЭЖ БАЙЛАА”

 Хавайгаас ирсэн жуулчид болох хоёр Данна

- Сайн байна уу. Та бүхэн Саппорогийн цасны баярын сэтгэгдлээ хуваалцаач. 
- Алоха. Маш гайхалтай. Би найман настай байхдаа Японы Иокохамад хоёр жил гаруй хугацаанд амьдарч байсан. Тэр үед анх энэхүү наадмыг үзэхээр ирж байснаа санадаг. Харин энэ жил уг баярыг үзэхээр Хавайгаас 11 хоногийн хугацаатай ирээд байна. Анх ирж байснаас хойш маш олон жил өнгөрчээ. 

- Тэгэхээр хэдэн жилийн өмнө гэсэн үг вэ?
-
Би одоо 71 настай. Тэгээд бодоод үз л дээ. (инээв)

- Тэгвэл ялгаа нь маш их мэдрэгдэж байгаа байх даа.
- Тэгэлгүй яах вэ. Гэхдээ бага насны үйл явдал учраас бүдэг бадаг л дурсамж үлдсэн байдаг юм.

- Та хоёр эгч дүүс үү?
- Үгүй ээ, бид сайн найзууд. Бараг л эгч дүүс шиг дээ. Хамтдаа аялах дуртай. Нэр минь хүртэл ижил, Данна гэдэг. Ингэхэд Монголд хэр хүйтэн бэ?

- Монголын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн хот хэмээгддэг. Тэгэхээр бидний энд байгаагаас хүйтэн гэсэн үг. 
- Пөөх, тийм үү? Бид харин Хавайгаас ирсэн болохоор жаахан даараад байна. (инээв) Гэхдээ үзэж харах зүйлс маш гайхалтай санагдаж байна.


Австралиас ирсэн жуулчид Ким болон Брайн нар

- Сайн байна уу. Та бүхэн хаанаас ирсэн бэ?
- Бид Австралийн Кофс-Харбор хотоос ирлээ. Уг цасны баярыг үзэхээр бид анх удаа ирж байна. Аяллаа гурван сарын өмнөөс төлөвлөсөн.

- Сэтгэгдэл хэр байна вэ? Энд ирэхээс өмнөх төсөөллөөс чинь ямар байна?
- Хамаагүй илүү байна. Зохион байгуулалт сайтай, үзэх зүйлсийн тоо хэмжээ гээд төсөөлснөөс илүү байлаа. Ер нь бүхий л зүйлс нь гайхалтай байна. Цас баримал болон түүний гэрэл, цаг агаар, хүмүүс, энэ том хот гээд бүгд маш гоё. Хүмүүсийн нөр их хөдөлмөрийн дүнд бүтсэн эдгээр гайхалтай зүйлсийг үзэх нь маш сайхан байна. 

- Танд аль хэсэг илүү их таалагдсан бэ?
- Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн хоёр манга охины цасан баримал маш их таалагдсан. 


ОЛОН УЛСЫН ЦАСАН БАРИМЛЫН ТЭМЦЭЭНД ТАЙЛАНДЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Саппорогийн цасны баярын үеэр олон улсын уран барималчдын цасан бүтээлийн тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ жил Финланд, Хавай, Индонези, Макао, Польш, Сингапур, Тайланд БНСУ-ын Тэджон хот, БНХАУ зэрэг нийт есөн улс, хотын төлөөлөл бүхий 9 баг оролцжээ. 

Мэргэжлийн шүүгчид өчигдөр дүнгээ гаргаж цасан баримлын нэгдүгээр байрт Тайланд, дэд байрт Макао, гуравдугаар байрт БНХАУ-ын баг хамт олны хийсэн бүтээл шалгарлаа. 

Нэгдүгээр байрт шалгарсан Тайландын багийн бүтээл. Бүтээлийн нэр: Тайландын гоо үзэсгэлэн ба сүр хүч

Дэд байрт шалгарсан Макао улсын багийн бүтээл. Бүтээлийн нэр: Хөгжил цэцэглэлтээ хуваалцъя

Гуравдугаарт байрт шалгарсан БНХАУ-ын багийн бүтээл. Бүтээлийн нэр: Төгс ертөнц

Дөрөвдүгээр байрт шалгарсан Финландын багийн бүтээл. Бүтээлийн нэр: МЕТСЯНПЕЙТО "Камикакуши"

Тавдугаар байрт шалгарсан БНСУ-ын Тэджон хотын багийн бүтээл. Бүтээлийн нэр: Бөмбөлөг

“БИД ЯПОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ХИЙЛЭЭ”

Дэд байрт орсон Макао улсын багийн ахлагч Перри Юн

- Та бүхэн уг тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
- Макаочууд Саппорогийн цасны баярын тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Бид өмнө нь нэг удаа аварга болж хоёрт нь дэд байранд орж байсан. 

- Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?
- Бид энэ жил нийт гурвуулаа оролцож байна. Гэхдээ ирэх жилийн тэмцээнд үндсэн гишүүнээр хамт оролцох нэг дадлагажигчтай ирсэн. 

- Та бүхний хийсэн энэхүү цасан баримлын утга учир юу вэ?
- Макаод ирэх жуулчдын зорин очдог газрын нэг нь сайхан сэтгэл эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Кун Лам хэмээх бурхны хөшөө байдаг. Харин луу бол Хятадын бэлгэ тэмдэг болсон зүйл бөгөөд эрч хүч, урам зоригийн илэрхийлэл. Кун Лам бурхныг луу тойрон эргэлдэж байгаа уг хөшөөгөөр нийгмийн эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг дүрслэхийг зорьсон юм. 

Польш улсаас оролцож буй багийн ахлагч Томасз Коклега

- Сайн байна уу, та бүхэн энэ жил хэд дэх удаагаа оролцож байна вэ?
- Бид энэ жил дөрөв дэх удаагаа оролцож байна. Өмнө нь хоёр удаа тусгай байрт орсон. 

- Цасаар хийсэн бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
- Польш болон Япон улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулж бид үүнийг хийлээ. Манай улсын гадаад хэргийн яамнаас уг түүхт ойд зориулж биднийг ямар нэгэн зүйл хийхийг хүссэн юм. 

Хоёр улсын газар зүйн байрлал, соёлын хувьд асар ялгаатай ч бид бие биедээ ойр, нэгнээ тусалж дэмжсэн байхыг хичээдэг. Энэ нь хоёр улсын харилцан нээлттэй байдал, нөхөрлөлийг бий болгох, бие биенээ илүү их танихад тусалдаг гэх үү дээ. Тэрхүү илэрхийллийг бидний хийсэн цасан баримлаас харж болно. Энд хүмүүс нэг нэгэндээ дээш гарахад нь тусалж өргөж өгч байгааг та харж байгаа байх. 

Польшийн баг хийсэн цасан баримал. Бүтээлийн нэр: Бие биенээ илүү их таницгаая

- Танай баг  хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
- Манай баг үндсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй. Гэхдээ бидэнд туслахаар бас хүмүүс ирсэн. Миний эхнэр Япон хүн. Тэр биднийг энд байх хугацаанд хэлмэрчилж, уг бүтээлийг сонирхож байгаа хүмүүст танилцуулж байна. 

-Баярлалаа. Амжилт хүсье. 

(Польшийн уран барималчин Томасз Коклегагийн бусад бүтээлийг ЭНД дарж сонирхох боломжтой)

Цасны баяраас хийсэн сурвалжилгын эхний хэсгийг Саппород сүндэрлэсэн ГАЙХАЛТАЙ ЦАСАН БАРИМЛУУД мэдээнээс орж үзнэ үү.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 197 санал өгсөн байна.

Дээшээ