Зүрхэнд амьдрал бэлэглэсэн 40 жил буюу “Ангио” З.Лхагвасүрэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-02-11 12:50 GMT+8

“АНГИО”  ГЭЖ ДУУДАХАД АНХ  ИЧДЭГ БАЙЖЭЭ

Мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон, энэ цагийн нэртэй эмч нарын нэг  “Ангио” Лхагвасүрэнг олон хүн  зүрхний мэс засалч, титэм судасны оношилгоо, эмчилгээний  “Цагаан толгой” гэж ойлгодог. Гэтэл элэгний   хорт хавдрын өвчлөлийн үед тэжээх судас бөглөх мэс засал хийх, эсэх эцсийн шийдийг “Гуравдугаар эмнэлгийн Лхагваа эмч л хэлнэ дээ” гээд бусад эмнэлэг, эмч нар түүн рүү л  явуулдаг юм билээ.

Лхагваа эмч оношлоод  найдвартай, найдлагагүй эсвэл гурван жил торгоох боломжтой гэсэн бол тэр нь практик дээр яг л батлагддаг. Мэргэжилдээ ийм гаргуун, нэвтэрхий  толь атал тэрээр “Би ийм юм хийлээ, тийм зүйл бүтээчихлээ” гэж огт ярьдаггүй.

Сүүлд мэргэжилдээ эзэн болж, түүгээр овоглох болсондоо баярласан бол өдгөө энэ нэр түүний алдар цол мэт хаана ч хамт бичигдэх болжээ.

Дээр нь хагалгаанаас  хагалгааны хооронд завгүй гүйхийн зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд шамдаж, ном бичиж,  сурсан мэдсэнээ шавь нартаа зааж сурган, улмаар эрдмийн ажилд хөтлөхөд цаг заваа зориулж ирсэн олон талт хөдөлмөрч эрхэм ажээ.

Тэрээр 30 орчим  насандаа  “Гуравдугаар эмнэлгийн Ангио Лхагваа” гэж олон түмэндээ хүндлэгдсэн ч “Ангио” гэж дуудахаар нь анхандаа ичдэг байсан гэнэ лээ. Сүүлд мэргэжилдээ эзэн болж, түүгээр овоглох болсондоо баярласан бол өдгөө энэ нэр түүний алдар цол мэт хаана ч хамт бичигдэх болжээ.

Олон түмэндээ  “Ангио”  хэмээн алдаршсан З.Лхагвасүрэн эмчийг сурвалжлах зорилго өвөртлөн  он гарсаар П.Н.Шастины  нэрэмжит улсын III төв эмнэлэг рүү  хэдэнтээ зорьж  очсон ч олж уулзаж чадсангүй. “Дөнгөж сая хагалгаанд орсон”, Яаралтай хагалгаанд орох хүн ирээд мэс засалд бэлтгэж  байна” гэх. “Хагалгаанаас хэзээ гарч ирэх бол” хэмээн шавь нараас нь асуувал “Өвчтөний биеийн байдлаас шалтгаална” гэх.

Нээрээ л хүн болгоны биеийн онцлог өөр, хагалгааны явцад ямар нэг хүндрэл гарах эсэх нь  таашгүй юм даа. Ингээд сар шинийн өмнөх өдрүүдэд ажлын  ачаалал бага, бас ч гэж уулзах боломж гарах болов уу хэмээн бодсоор очив. “Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, доктор З.Лхагвасүрэн” гэсэн хаягтай жижигхэн өрөөний үүдэнд  5-6 хүн дугаарласан харагдана. Тэдний араас дугаарлав.

Хоёр цаг шахуу дугаарлаж хамгийн сүүлд ороод сониноос яваагаа хэлж ойр, зуурын хэдхэн зүйл тодруулж суутал яаралтай хагалгаанд орох хүн ирснийг дуулгасан сувилагчийн араас эмч маань халаадаа шүүрч аваад алга болов.

Энэ мэтээр гарч орох бүрт нь тэвчээртэй хүлээсний эцэст  жаал зугаа юм яриулж авсны хамгийн сүүлийнх нь битүүний өдөр таарсан. Битүүний өдөр гээд бие нь өвдөхгүй хэн байх билээ, өвчин хэлж биш хийсч ирдэг хойно. Дашрамд хэлэхэд, зүрхний өвчлөл, шигдээс, титэм судасны нарийсал гэх эмгэг Монголд чимээгүй тахлын нэг болсныг мэдэж авлаа.

Зүрхээ хайрлая гэвэл хорт зуршлаас татгалзахад л болох нь. 

Зүрхний өвчлөл, энэ төрлийн өвчний  нас баралт манай улсын  хүн амын дунд гуравдугаарт ордог юм байна.  Энэ дотроос зүрхний титэм судасны өвчин, судасны бөглөрөл, шигдээсийн өвчлөл,  нас баралт  хүн амын дунд 46  хувийг эзэлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчнөөс үүдэлтэй нас баралт хоёр хувиар буурчээ. Энэ нь судсан дотуурх мэс засал, эмчилгээг 24 цагийн дотор хийдэг болсонтой холбоотой аж.

Улсын төв III эмнэлэг бол улсдаа цорын ганц “Зүрхний төв”  бөгөөд судсан дотуурх эмчилгээг 2000 оноос хойш хийж, 2003 оноос 24 цагийн дотор хийдэг болгож өргөжүүлжээ. Гэхдээ өвчлөл нь буураагүй, харин ч ахиж байгаа аж. Сүүлийн үед  судасны хатуурлаас шалтгаалсан титэм судасны нарийсал  элбэгшжээ. Хэрэв  зүрхний шигдээс байвал дор нь стент/тэлэгч/  тавьж, эмчилдэг бол тийм боломжгүй   тохиолдолд  хагалгаа хийдэг аж.

Тэр байтугай бөглөрсөн судсыг өрөмдөж нээх хүнд  тохиолдол ердийн үзэгдэл шахуу болжээ.  Эрүүл мэнд нь  тухайн хүний гарт  атал архи, тамхийг  замбараагүй хэрэглэж,  биеэ хайрлахгүй явсаар  хүндрүүлчихээд эцэст нь болохоо байлаа гэхээр л  эмнэлэгт ханддаг хүн олон байна. Энэ тохиолдолд стент тавих боломжгүй, мэс засал хийхэд ч хүндрэлтэй, дээр нь их эрсдэлтэй. Зарим  хүнд титэм судас залгаад ч нэмэргүй байх тохиодол бий.

Энэ бүхнээс үүдэн зүрхний  өвчлөл сүүлийн үед өсч, нас баралт нэмэгдсэнийг ярихдаа эмч маань “Манайхан арай  дэндүү шүү. Өөрийгөө хайрлахгүй, эрүүл мэндээ анхаарахгүй юм. Судас тэлэгч тавиулаад гарсан өвчтөн  эмээ уухгүй, эргээд тамхиа татаад явж  байх жишээтэй. Эцэст нь эмчилгээ авахаа ч байдаг, эмч нар  ч гэсэн эмчлэх гэж  махаа иддэг.  2016 оноос өндөр төлбөрт эмчилгээг бий болгож, зардлын 75 хувийг ЭМД-аас, 25 хувийг өвчтөн өөрөө төлдөг болсон.

Гэтэл өвчтөн засаг төр бидний эрүүл мэндийг хамгаалчихдаг юм, би яах вэ тамхиа татъя, өөхтэй махаа идье  гэсэн бодолтой байна. Ийм өвчтөнүүдтэй байнга зууралдаж, хортой нөхцөлд зүтгэж  ажилладагийн хувьд би  даатгалын системийг өөрчлөөсэй, өвчтөний өөрөө хариуцлага хүлээх байдлыг нэмэгдүүлээсэй гэж боддог.Ийм саналыг байнга ярьж хэлдэг, илтгэл тавьдаг” гэв.

Зүрхний титэм судасны нарийсал нь архи, тамхи,  давс, өөх тосны  замбараагүй хэрэглээ, хорт зуршил, таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэх, судас хатуурах  өвчнөөс үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх өвчний шинж тэмдгүүд ямар нэг хэмжээгээр илэрч байгаа бол  зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг. Иймд амьдралын хэв маяг, дэглэм, хооллолт, хөдөлгөөн онцгой нөлөө үзүүлдэг байна. Зүрхээ хайрлая гэвэл хорт зуршлаас татгалзахад л болох нь.

Тэгж чадвал энэ төрлийн өвчлөлөөс бас ч гэж  сэргийлж болох юм. Манай улсын хувьд титэм судасны тэлэгч тавих судсан дотуурх мэс засал, эмчилгээ хийхэд бэрхшээлтэй бас нэг зүйл нь техник, технологийн хоцрогдол байдаг бол тэлэгч нь хүн болгоных адилгүй,  урт, богино янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд таарах, таарахгүй байх эрсдэлтэй. Тэр болгоныг гаднаас оруулж ирэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд  төсөв, санхүүгийн хүндрэлтэй.

Гэсэн ч улсын хэмжээнд “Цөм технологийн хөтөлбөр”-ийг зүрхний шигдээс өвчний төгс эмчилгээг эмнэлгийн практикт нэвтрүүлэх нь сэдвээр  хэрэгжүүлэхээр тус эмнэлгийнхэн ажиллаж байгаа юм байна.

АЛТАН ҮЕИЙН ДОМОГТ ЭМЧ НАРЫН ШАВЬ

Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор Ц.Даваасүрэн, академич Н.Баасанжав нарын хамт.

З.Лхагвасүрэн эмч Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, жирийн  малчны хүү юм. Найман хүүхэдтэй айлын таван хүүгийн отгон нь. Аав ээж нь 1970-аад оны эхээр хот бараадахад 28 дугаар сургуулийн наймдугаар  ангийг төгсч Анагаахын дундын эх баригч-бага эмчийн ангид  орсон байна. Эгч нь эмч мэргэжилтэйн дээр аав нь “Эмч сайхан мэргэжил шүү.  Хүнд дандаа тус болж явдаг буянтай ажил” хэмээн зөвлөдөг байсан нь түүнд нөлөөлжээ.

1977 онд Анагаахын дунд сургуулиа төгсөөд Анагаах ухааны хүрээлэнд бага эмчээр ажлын гараагаа эхлэхэд нь Монголын анагаахын шинжлэх ухааны зүрх судасны мэс заслыг үндэслэгч, анхны Төрийн шагналтнууд болох Ц.Бундан, Т.Шагдарсүрэн, Ж.Моондой, Р.Пүрэвээ нар түүнийг тосч авсан байна.  

Дассан, сурсан хамт олныхоо дунд хоёр жил ажилласны дараа  Анагаахын дээдэд  шалгалт өгч эмчилгээний ангид орсон байна.

Зүрхний мэс засал ид хөгжиж байх үед алтан үеийн эмч нарын удирдлагад ийнхүү ажиллаж, туршлага хуримтлуулсан залуу эмч 1979 онд цэрэгт мордон хязгаарын цэргийн авто батальонд гурван жил алба хаагаад халагдахад нь Анагаах ухааны хүрээлэн “Бид хүнээ авна” гээд шууд авчээ. Дассан, сурсан хамт олныхоо дунд хоёр жил ажилласны дараа  Анагаахын дээдэд  шалгалт өгч эмчилгээний ангид орсон байна.

Анагаах ухааны дээд сургуульд ороход нь мөн л  монголчуудын дунд домог болсон  Ардын эмч Н.Баасанжав, Б.Гоош, Ч.Пунцаг тэргүүтэй эмч нар хичээл зааж,  зүрхний мэс заслын эмч  болох замыг нь бүр шулуутгажээ. Ингэж “Зүрхний” домог болсон алтан үеийн эмч нарын гарт давтуулсан шижигнэсэн залуу эмч сургууль төгсөөд хөдөө гадаа дуудлагад явсан шиг байж  байтал нэг л өдөр зүрх судасны мэс заслын баг “Манай бүтээгдэхүүн, бидний бэлтгэсэн хүн. Манайх  авна” гээд татаж авчээ.

Ингээд Ц.Бундан, Ё.Бодьхүү, Н.Баасанжав гэсэн эрдэмтэн багш нарыгаа дагаснаас хойш  П.Н.Шастины  нэрэмжит улсын III төв эмнэлэгтээ тасралтгүй ажилласаар иржээ. Анагаахын сургуулийн босгыг  алхсан тэр л өдрөөс судсан дотуурх мэс заслын чиглэлээр Монголдоо анхдагч  болж, олон нээлт хийж, 40 гаруй жилийн  зүтгэсэн он жилүүдээ тэрээр “Эрдэмтэн багш нарын минь ач буян. Алтан үеийн домог болсон эмч нараар ном эрдэм заалгаж, хамт ажиллаж, тэднээс их зүйл сурч мэдсэн би азтай хүн” хэмээн бахархал дүүрэн өгүүлж байлаа.

СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫГ МОНГОЛД ДЭЛГЭРҮҮЛСЭН АНХДАГЧ

Титэм судсан дотуурх эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хүчин зүтгэсэн Францын эмч нарын хамт.

Эмчийн хөдөлмөр амаргүй. Тэр тусмаа зүрхний мэс засал бүр ч хүнд. Машинаар бол мотор нь учраас  хүний зүрх гэнэт зогсвол шууд үхэлд хүргэнэ. Тиймээс зүрхний шигдээс, зүрхний хавхлагын гажгууд гээд зүрхтэй холбоотой  бүх  төрлийн өвчин бүгд аюултай.

Тэгвэл амь насанд хамгийн аюултай  зүрхний шигдээс өвчнийг судсан дотуур мэс засал хийх аргаар тэлэгч /стенд” тавих эмчилгээний аргыг  З.Лхагвасүрэн эмч 2002 онд Францын багтай хамтран нэвтрүүлсэн бол цааш нь өөрийн  шавь нарын хамт  Монголын анагаах ухааны хөрсөнд  нутагшуулан дэлгэрүүлжээ. Үүнээс хойш монголчууд энэ төрлийн мэс заслыг гадагшаа явж хийлгэхээ больсон юм.

Ер нь З.Лхагвасүрэн эмч анагаах ухааны салбарт цөөнгүй  нээлт хийсэн эрдэмтэн эмч,  Монголын  анхдагчдын нэг  юм билээ. Үүнийг 1998 оноос эхлэн түүнд олгосон Оновчтой саналын зургаан удаагийн гэрчилгээ баталж байна. Энэ нь бөөрний, элэгний, нойр булчирхайн, титэм судасны гэх чиглэлээр олгогджээ.

З.Лхагвасүрэн эмч мөн элэгний хавдрын тэжээх судсыг бөглөх эмчилгээг  Төрийн шагналт, академич Т.Шагдарсүрэн багшийнхаа хамт 1995 онд  Монголд анх хийсэн  байна. 

Мөн ашигтай загварын гэрчилгээ  зургааг хамт олныхоо хамтаар авсан байна. Шинэ бүтээлийн  гэрчилгээг  Б.Цэрэндаш, Ц.Бадамсэд, Д.Онхуудай, Т.Шагдарсүрэн нарын хамт 2007 онд “Элэгний хэсэгчилсэн бүтэц зүй” бүтээлээр авсан нь 20 жилийн хугацаатай. Түүнээс гадна гадаадын дөрвөн орны таван төсөл, дотоодын таван төсөлд оролцжээ.

Судсан дотуурх мэс засал гэхэд л анх зөвхөн оношилдог, түүний дараа хагалгаа хийх асуудлыг шийддэг байсан бол орчин үеийн шинжлэх ухаан, техник-технологийн хөгжлийн явцад зүрхний төрөлхийн гажгуудыг эхо аппаратаар хараад  хагалгаа хийж эмчилдэг болжээ.

Зүрхний титэм судасны нарийсал, хурц болон архаг шигдээс, судасын бөглөрлийг ч гэсэн ийм аргаар эмчилж, жилдээ  1000  гаруй өвчтөнд стенд /тэлэгч/ суулгах судсан дотуурх мэс заслыг хийдэг болжээ.

З.Лхагвасүрэн эмч мөн элэгний хавдрын тэжээх судсыг бөглөх эмчилгээг  Төрийн шагналт, академич Т.Шагдарсүрэн багшийнхаа хамт 1995 онд  Монголд анх хийсэн  байна. 1995, 1996, 1998 онд Монгол Улсын хэмжээнд жилд 400 хүнд элэгний хавдрын тэжээх судсыг бөглөх эмчилгээг хийсэн  байдаг.

2005 онд тэрээр энэ сэдвээр докторын зэрэг хамгаалснаас хойш шавь нартаа зааж сургаж, Монголын анагаах ухааны салбарт энэ эмчилгээг эрчимтэй  дэлгэрүүлжээ. Өнөөдөр түүний шавь нар Улсын I төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Интермед, Грандмед болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд  энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Судлаад үзвэл манай  улсын хэмжээнд ангиографийн чиглэлээр эмчилгээ хийж буй бүх эмч, мэргэжилтэн түүний шавь нар байдаг юм  байна.

Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн хамт олонтойгоо.

Зүрхний  мэс заслын чиглэлээр эмчлэгдэхгүй байгаа  гол судасны хавхлагын эмчилгээ, хавхлагыг  судсан дотуур нь тэлэх эмчилгээ, амь насанд аюултай  гол судасны цүлхэнг З.Лхагвасүрэн эмч, түүний шавь нар 1998 оноос  АНУ-ын эмч нартай хамтран эмчилж, Монголдоо анх  нэвтрүүлжээ.  Харин 2012 онд БНХАУ-ын эмч нартай хамтран  дөрвөн удаа ийм төрлийн хагалгааг хийсэн бол ирэх жилээс Монголын эмч, мэргэжилтнүүд бие дааж  энэ эмчилгээг  хийх зорилго тавиад бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Өдгөө  Лхагваа эмч зүрхний бөглөрсөн судас, нээхэд хүндрэлтэй болсон титэм судасны хүнд хэлбэрийн бөглөрлийг онгойлгох, шохойжиж хатуурсан судсыг өрөмдөж тэлэгч /стенд/ тавих  ажлыг Монголд нэвтрүүлэхээр шавь нартайгаа хамтран ажиллаж байна.

Үүний зэрэгцээ тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багагүй цаг заваа зориулж, эрдэм шинжилгээний ажил 80 гаруй, өгүүлэл 60 гаруйг бичиж,  мэргэжлийн сэдэвтэй есөн  ном, сурах бичгийг эрдэмтэн багш нар, шавь нарын хамтаар бичиж хэвлүүлжээ.

Сүүлийн үед 10 гаруй шавиа эрдмийн зэрэг хамгаалахад удирдагч багшаар ажиллажээ.

Дээр нь эмнэлзүйн стандарт, сургалтын хөтөлбөрүүд, удирдамжуудыг  гаргах ажлыг гардан гүйцэтгэж, мэргэжлийн чиглэлээр таван  сургалт хөтөлбөр зохион байгуулж, зүрхний титэм судасны бөглөрөл, хүндрэл, элэгний цироз, судас бөглөх эмчилгээ, зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээ  зэрэг хамтын бүтээлүүдийг  хэвлүүлсний дотор тухайн үед Төрийн шагналд нэр дэвшиж байсан бүтээл ч бий.

Зүрхний титэм судасны дотуурх эмчилгээг Монголд дэлгэрүүлсэн тухай монгол, франц хэл дээр ном бичсэн нь өдгөө энэ салбарынханд гарын авлага болж байна. Сүүлийн үед 10 гаруй шавиа эрдмийн зэрэг хамгаалахад удирдагч багшаар ажиллажээ. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр нэг шавь нь титэм судасны эмчилгээний чиглэлээр докторын зэрэг хамгаалуулсан байна. Монголд анх үүсч буй шинэ мэргэжил учраас энэ чиглэлд боловсон хүчин бэлтгэх, сургахад ихээхэн анхаарч багшийн ажлыг ч хавсран хийж яваа юм байна.

Ангиографийн эмч нарын курсыг  2008 онд нээж гурван эмчийг  төгсгөсөн бол өнгөрсөн онд 26 эмчийг бэлджээ. Цаашид зүрхний судасны  бөглөрлийг эмчлэх эмчилгээг  шавь нар, хойч үеийнхэн авч явах учраас энэ мэргэжлийн салбар зөвлөлийг байгуулж, Улсын I, II төв эмнэлэг, Орхон аймаг, АШУҮИС-ийн эмч нарыг сургахаас гадна ажлын байранд нь дадлагажуулахад анхаарч байгаа гэнэ.

Ингэснээр энэ чиглэлд дэлхийн төвшний эмч нарыг бэлтгэх, нөгөөтэйгүүр монголчуудаа гадагшаа өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхээр явж зардал чирэгдэл болгохгүй байх бололцоогоор хангах сайхан боломжийг нээж байгаа аж.

Судсан дотуурх мэс заслыг олон төрлөөр хийдэг. Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрөл, элэгний хорт хавдрын тэжээх судсыг бөглөх, умайн хүзүүний хорт хавдрын үед миомын тэжээх судсыг бөглөх эмчилгээ хийдэг.

Тархи, судас, зүрх, захын судас гээд бүх төрлийн эмчилгээг авч үзвэл жилд 3000 гаруй судсан дотуурх оношилгоог хийдэг.

Мөн бөөрний хавдар бөглөх, бөөрний судас  нарийсч  даралт нь 200-гаас буухаа байсан тохиолдолд тэлэгч тавих, дэлүүний томролтыг бөглөх, гол судсанд тэлэгч тавих, түүнчлэн хөл гарын захын судсанд  ч тэлэгч тавих зэрэг бүх төрлийн эмчилгээг П.Н.Шастины  нэрэмжит улсын  III   төв эмнэлэг хийдэг.

Тархи, судас, зүрх, захын судас гээд бүх төрлийн эмчилгээг авч үзвэл жилд 3000 гаруй судсан дотуурх оношилгоог хийдэг. Боломжтой гэсэнд нь мэс засал,  эмчилгээг хийхэд 2000 гаруй болдог байна. Эмч, мэргэжилтнүүд олширсон учраас илрүүлэг, оношилгоо, эмчилгээг  бүх эмнэлгэгт  хийж байгаа.  З.Лхагвасүрэн эмчийн шавь нар руу очихоос гадна, заавал танд үзүүлнэ гээд  зорьж очих  хүн ч цөөнгүй.   

Өнгөрсөн онд   тэрээр өөрт нь хүсэлт гаргасан болон том хэмжээний хагалгаа,  хавсарсан хүнд өвчтэй  хүмүүст   элэгний хавдрын тэжээх судас бөглөх эмчилгээг 32 хүнд, бөөрний судсан дотуурх эмчилгээг нэг хүнд, миомын судас бөглөх эмчилгээг 10-аад хүнд /2008 оноос тооцвол 100 хүнд/  хийжээ.  Энэ дотроос зөвхөн зүрхний титэм судасны тэлэгч тавих мэс заслыг өнгөрсөн онд 330 орчим хүнд хийсэн  байна.

Анагаах ухааны салбарт олон шавь бэлдсэн Лхагваа эмчийн гэргий  Я.Цэцэгмаа холбооны мэргэжилтэй бол дөрвөн хүүхэд нь бүгд эмч юм. Нийтлэлийн баатар маань ярилцлагын эхэнд “Хэвлэл мэдээлэл гэдэг олон нийтэд хүрдэг эд.

Зүрхний мэс засал, судсан дотуурх оношилгоог, эмчлгээний талаар ялангуяа, зүрхээ хайрлаарай гэдэг талаас хүнд хэрэгтэйг л  хэлэх сэн дээ, дүү минь”  хэмээн надад анхааруулж, бас цаг заваа сүрхий гамнаж байсан юм. “Зүрхээ хайрлаарай” гэсэн эмчийн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлүүлье.

Гэр бүлийн хамт.

Сутай хайрханы өвөрт ах дүүгийн хамт.

Гэргий Я.Цэцэгмаа гурван охин, зээгийн хамт.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 191 санал өгсөн байна.

Дээшээ