Алс хязгаар Баян-Өлгий аймаг улсын цолтой бөх тийм ч олонгүй. Улсын заан цолтон нэг, улсын харцага цолтон мөн нэг төрсөн.
Т.Авдыгаж улс орон даяар ач холбогдол дүүрэн тэмдэглэсэн, улс хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны баяр наадмаар зургаа даван “улсын заан” цолд хүрчээ. Өмнөх нийгмийн үед тэгш ой, тэмдэглэлт баяруудаар даваа хөнгөлж цол олгож байсны нэгэн жишээ энэ юм. Т.Авдыгаж энэ их хувь зохиолоор Баян-Өлгий аймгаас тодорсон хамгийн том цолтой бөх болон түүхэнд мөнхөрсөн юм.
1970-аад онд Өлгий нутгийн нэрийг дуурсган хүчтэний торгон дэвжээнд тодорсон бөх нь Однайн Бахыт юм. Тэрээр Баян-Өлгий аймгийн бөхчүүдээс улсын наадмын дунд шөвөгт шалгарсан анхдагч. Мөн аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн түүхтэй.
Дээр дурдсан хоёр бөх хоёул Цэнгэл сумын бөхчүүд билээ. Уншигч та бүхэнд Өлгий нутгийн манлай бөхчүүд төрдөг Цэнгэл сумын дараагийн “том” бөхийн талаар хүргэж байна.
АНХ БАРИЛДСАНААС АЙМГИЙН НАЧИН ХҮРТСЭН ЗАМ
Одоогоос 10 орчим жилийн өмнө. Баян-Өлгий аймгаас аймгийн арслан Х.Айдосоос өөр бөх барилдахгүй шахам болсон үед арслангийн нутгийн нэгэн залуу аманд гарах болсон юм. Өндөр нуруу, урт эрүүтэй, тун ч туранхай тэр бөх нэгийн даваанд голдуу унадаг байлаа. Миний санахаар Наурызын баярын барилдаанд тухайн үеийн аймгийн арслан Ж.Амартүвшингээр нэг давж байсан нь том барилдааны анхны даваа нь байсан болов уу. Гэсэн ч цээж нь задарч, үе нь чангарч, даваа нь нэмэгдэх өдөр холгүй байжээ.
13 оны хаврын сумын заануудын барилдаанд Ховдын Ц.Заяатүшиг, Увсын Х.Оргилболд, Завханы Т.Хайдавдорж нарын нэг зүгийн сайчуудыг хаяж, шөвгийн дөрөвт үлдсэн түүхтэй. Энэ барилдаанаас “Өлгийн өндөр залуу дээшээ үзэх нь” гэж олон хүн харж эхэлсэн байх. Тэр хавраа нэгэн аймаг, цэргийн цолтны барилдаанд Увс аймгийн арслан Н.Батсууриар хоёр давж байв. Улмаар аймгийнхаа баяр наадамд тав давж шөвгөрөн, аймгийн начин цолд хүрээд, бяр нь тоймгүй Баянжаргалын Төмөрбаатарын гар ачаанд унажээ.
МАРГААНТАЙ БАРИЛДААН ХИЙГЭЭД МАДАГГҮЙ ХҮРТСЭН ХУРЦ АРСЛАН ЦОЛ
Начин болсны хойтон жил өөрийн аймаг болон Увс аймгийн баяр наадамд тавын даваанд унасан байна. Өлгийн наадамд Ховдын Б.Тайвантай тунаж барилдан шороодсон бол Увс аймгийн наадмаар Төрмөнхийн Хайдав, Дамдины Тогтохжаргал нарыг дараалан орхиод тавын даваанд Х.Мөнхжаргалтай барилдсан гэдэг. Сумын цолтны барилдаанд тод мөртэй хоёр бөхийн барилдаан багагүй маргаан дагуулсан түүхтэй.
Начин цол хүрснээс хоёр жилийн дараа харцага болсон. Түүнийхээ дараа Б.Серик, С.Бат-Үүл нарыг даван, аймгийнхаа наадамд дараалж түрүүлээд хурцалсан.
Нэг сайн, нэг муу тал...
У.Берекед бөхийн хувьд нэг сайн, нэг муу тал бий. Нэг хаясан бөхөө даваад байдаг ч нэг унасан бөхдөө дараалан унадаг муу талтай. Н.Батсуурийг аймгийн арслан байхад ч хаяж байсан тэрээр улсын арслан болсон хойно ч хоёр давсан. Тэдний барилдааны харьцаа 3:1 буюу У.Берекегийн талд шийдэгдсэн байдаг. Харин Ш.Пүрэвгарьдад сумын заануудын барилдаанд унаж байсан, аймаг цэргийн цолтны барилдаанд ч хэд хэд унасан, бүх цэргийн наадмаар ч унаж л байсан. Тэдний даваа унааны харьцаа 5:0. О.Хангай харцагатай 4:0, П.Бүрэнтөгс арслантай 3:0, Т.Баасанхүү харцагатай 3:0. Уул нь тэр арслан Ц.Содномдоржийг харцага цолтой гайхуулж байхад нь хаячихсан л бөх дөө.
Үзэгчид түүнээс ихийг хүлээдэг
Өлгийн хурц арслангийн заалны барилдааны хамгийн өндөр амжилт нь аймаг цэргийн үзүүр, сумын зааны их шөвөг юм. Гэсэн ч бөхийн хорхойтнууд түүнээс ихийг хүлээсэн хэвээр л байгаа. Өнгөрсөн жилийн улсын наадмаар Өвөрхангайн Б.Цэдэнсодном, Төвийн Э.Ууганбаяр нарын сайчуудаар гурав давж, дөрвийн даваанд бяр чадал нь ундардаг Б.Бат-Өлзий харцагатай сайн барилдаад унасан.
Энэ чигээрээ сайн барилдана гэлцсэн ч намраас өвөл хүртэл нэгийн даваанд голдуу унав. Бэлтгэл нь болохгүй байна уу, бэртэл гэмтэлтэй байна уу, нэг л тааруу байх шиг харагдсан. Уул нь түүнд дүүрэн сайхан арал бий.
Саяны сар шинээр тун ч өнгөлөг барилдаж гурав давсан ч мөнөөх Б.Бат-Өлзий харцагатай дахин таарч унав. У.Береке шиг эрэмбэтэй бөх улсын наадмын гурван даваанд улсын харцагуудтай л таарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ид жагссан харцагуудыг давж байж их дээшээ цол бодох хэрэгтэй гэсэн үг.
Унаж, давж явсаар байтал зодоглосон жил арваар, нас гучаар тоологддог болчихлоо. Нэг сайн хичээж, нэлээн дээшээ барилдаасай даа...
Т.Түмэндэмбэрэл