Жинхэнэ ЖДҮ-чид төрийн бодлого хүлээсээр

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-02-12 12:25 GMT+8

ЖДҮ-ИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙГ УИХ ХОЙШЛУУЛСААР БАЙНА

ЖДҮХС-тай холбоотой шуугиан дэгдсэн нь жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд саад болж буйг тус сангийн үйл ажиллагаа зогссон болон яамнаас эл чиглэлээр дорвитой арга хэмжээ зохион байгуулж чадахгүй байгаагаас тодорхой байна. Сангийн яам улсын төсвийн хөрөнгөөс зээл олгодог 25 санг шалгаж буй ч сангуудыг цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.

Тус яамны мэдээллээр дээрх сангуудын заримыг нь татан буулгах талаар Засгийн газрын түвшинд яриад эхэлсэн дуулдана. Үүний нэг нь ЖДҮХС юм. Тус санг татан буулгахгүй гэвэл ЖДҮ-ийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлага тулгамдуу байгааг яамны зүгээс анхааруулсаар буй. Зохион байгуулалтыг сайжруулахын тулд алдаа завхрал хэзээ, хаанаас эхлэлтэйг тогтоож “илаарьшуулах” шаардлагатай буй за.

Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-д нийт 569.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн байв. Үүний 130.9 тэрбум нь улсын төсвөөс, 438.9 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд болон хөгжлийн банкны эх үүсвэрээс бүрджээ. 

Мөн Жайка-гийн төслийн хүрээнд 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин ЖДҮХС-гаас нийт 7536 зээлдэгчид 835.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ба 561 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн аж. Түүнчлэн ХХААХҮЯ-наас Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 658 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 78.9 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, зарим лизингийн компанитай хамтран 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 58 төсөл дэмжжээ.

Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-д нийт 569.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн байв. 

Гэхдээ ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр 7536 зээлдэгчийн 1963 нь зээлээ эргэн төлөөгүй аж. Үүнээс болж Сангийн яаманд 190 тэрбум төгрөгийн зээлийн авлага бүртгэгджээ. Мөн үндэсний аудитын газрын шалгалтаар ЖДҮХС-гаас зээлээ төлөөгүй олон компанид дахин зээл олгосныг тогтоосон байна.

Ганцхан жишээ дурдахад, “Их модун” ХХК-д 620 сая төгрөгийн зээл олгож, зээлээ эргэн төлөөгүй байхад нь дахин 385 сая төгрөг өгчээ. Түүгээр зогсохгүй тухайн компанийн зээлийг найдваргүйд тооцож “санаа амарсан” байх юм. Мөн сайдын тушаалаар эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудад их хэмжээний зээл олгосон нь тогтоогдоод эхэлсэн.

Үүнээс гадна журмаа зөрчиж, сонгон шалгаруулалтгүй зээл олгодог, эргэн төлөлтийн эрсдэлийг тооцдоггүй, тухайн төсөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй газарт зээл олгосон, өр авлагын барагдуулалт хангалтгүй, зээлийн гэрээний хяналт тогтолцоо сул зэрэг дутагдал байгааг аудитын байгууллагын шалгалтаар тогтоосон аж. Энэ мэтчилэн зээлээ төлдөггүй компани, журмаа зөрчсөн сайдын балгаар жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хохирсоор байгаа нь тодорхой.

ЖДҮ-ийн хөгжилд чөдөр тушаа болох эхлэл салбарын сайдад тус сангийн хөрөнгийг дур мэдэн зарцуулах эрх өгснөөс үүдэлтэй гэж хууль хяналтын байгууллага, төр, засгийн түвшинд ч хүлээн зөвшөөрсөн. Сангийн хөрөнгийн хэдийг нь эрх мэдэлтнүүд “гарын үсгээр” зувчуулсан нь удахгүй тогтоогдоно хэмээн иргэд найдаж байна. Харин жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил хаахна явааг, цаашид хэрхвэл зохилтойг тодорхойлох нь зүй буй за.

Тэд ДНБ-ий 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэж байна.

Төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Тэртээ 1993 онд үйлдвэр худалдааны яамны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэлтэс байгуулснаас хойш 2006 онд ЖДҮХС, 2009 Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг, 2012 онд хөдөлмөрийн яамны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газар, Зээлийн батлан даалтын сан, 2016 онд ХХААХҮЯ-нд Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөтөлбөр зохицуулалтын газар байгуулж байжээ.

Мөн 1999, 2005, 2014 онд ЖДҮ-ийн хөтөлбөр, 2007 онд  Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль, 2009 онд Зээлийн батлан даалтын тухай хуулийг баталсан. Харин ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд Японы Жайка олон улсын байгууллагын 150 сая ам.долларын хөрөнгийн зээлийг банкаар дамжуулан олгож эхэлсэн юм. Улмаар улсын төсөв болон Засгийн газрын хөрөнгөөр ЖДҮХС-г байгуулж зээл олгосон.

Үүний үр дүнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 78.5 мянган аж ахуйн нэгжийн 60.3 мянга нь ЖДҮ эрхлэгч болж байлаа. Мөн улсын хэмжээнд 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 906 мянга буюу нийт хөдөлмөр эрхлэгчдийн 78.3 хувь нь энэ салбарт ажиллаж буй. Тэд ДНБ-ий 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэж байна.

Харамсалтай нь, сангийн үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд дур мэдэн зарцуулдаг, хяналтын тогтолцоог мөн яаманд хариуцуулснаас “ЖДҮ-чин гишүүд” жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн “хоол”-ыг булаах нөхцөл бүрдэв. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар, АТГ, МҮХАҮТ хамтран “ЖДҮХС ба асуудал шийдэл” нэртэй хэлэлцүүлэг хийсэн.

Түүгээр жинхэнэ ЖДҮ-ийн хөгжилд саад болсон шалтгаануудыг тоочиж, сайдад хэтэрхий эрх мэдэл өгсөн, журмаа зөрчин зээл олгосон, эргэн төлөлт нь хангалтгүй, хэрэгжих боломжгүй төсөлд зээл олгосон болон өр, авлагыг барагдуулахдаа хангалтгүй, сонгон шалгаруулалтын талаар мэдээллийн ил тод байдлыг бий болгоогүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн.

Тэд ердөө 100 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт хүсдэг. 

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-очир ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн судалгааны талаар танилцуулахдаа “Монголбанк сүүлийн долоон жилийн хугацаанд энэ судалгааг хийж байгаа. 2018 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 75796 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 12 хувь нь л ЖДҮХС-гаас зээл авч чаджээ. Тэд ердөө 100 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт хүсдэг.

Судалгаагаар бизнесийн орчин ямар байгааг тодорхойлоход зээлийн хугацаа, зээлийн хүү, улс төрийн байдал, хээл хахууль, зээлийн шимтгэл хураамжийн дарамттай хэмээн хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн 94 хувь нь 500 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, зээлээ эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулдаг” гэжээ.

Дээрх судалгаанаас жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд 950 сая бус дээд тал нь 500 сая төгрөг байхад хүртээмж, хэрэгцээг нь хангаж болохоор байгаа юм. Үүн дээр нэмээд олон улсын сайн туршлагыг сайтар хуулахад ч гэмгүй.

Тухайлбал, ХБНГУ-ын туршлагыг олон орон сайшаадаг. Тэнд төрөөс ЖДҮ-ээ дэмжих эрх зүйн актыг гаргахдаа Бизнес эрхлэгчдийн холбоо, худалдаа, аж үйлдвэрийн танхимтайгаа зөвшилцдөг, үйл ажиллагааг нь нэгтгэн зангидсан ЖДҮ-ийн ассоциацитай байдаг аж.

Мөн ЖДҮ-ийн зээлийг 20 жилийн хугацаатай, таван хувийн хүүтэйгээр төрөлжсөн банкаар дамжуулан олгодог бөгөөд эхний хоёр жилд хүүгүй, эхний 10 жилдээ эргэн төлөлт хийхгүй байх зэргээр урамшуулан дэмждэг байна. Гэтэл манайд таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй зээлийг банкаар олгож, харин сайдын гарын үсгээр гурван хувийн хүүтэй олгодог юм.

Хууль эрх зүйн хүрээнд ч шийдлээ хүлээсэн олон баримт бичиг парламентын гишүүдийн сейфэнд түгжээтэй байна.

Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчид 2019 оны зээлээ хүртэхээр төрийн бодлогыг хүлээж сууна. ЖДҮХС-гийн дуулианаас улбаалан тус сангийн үйл ажиллагааг зогсоосон нь тэдэнд том цохилт болж байна. Сангийн яамны шалгалтаар булхай олонд дэлгэгдвэл тус санг татан буулгах талаар ч ярьж байгаа. Хэдийгээр ДНБ-ий бага хувийг бүрдүүлж байгаа ч ажиллах хүчний дийлэнхийг тэжээж буй жижиг, дундын салбарынханд энэ сангийн зээл ус агаар мэт үгүйлэгдэж буй нь лав.

Хууль эрх зүйн хүрээнд ч шийдлээ хүлээсэн олон баримт бичиг парламентын гишүүдийн сейфэнд түгжээтэй байна. 2017 онд ХХААХҮЯ-наас ЖДҮ-ийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулан УИХ-д өргөн барьсан ч хойшлуулсаар өдий хүрлээ. Уг нь тус төсөлд ЖДҮ эрхлэгч гэж 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой ААН гэж байсныг бичил, жижиг, дунд гэж гурав ангилан, бичил нь 250 сая, жижиг бол 500 сая, дунд нь 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авч болохоор хуульчилж буй. Түүнчлэн бичил болон жижиг ААН зээлээ ЖДҮХС-гаас, дунд гэгддэг ААН-үүд банкаар дамжуулан зээл авдаг байхаар тусгасан.

Мөн ЖДҮХС-гийн зээлийг сайд баталдаг байсныг өөрчилж, Засгийн газар баталдаг болох юм. Төрийн өндөр албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох хууль, хяналтын байгууллагад мэдэгддэг байх, мэдэгдээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заажээ. Бас тухайн жилийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг ЖДҮХС-д олгохыг санал болгож буй. Хуулийн энэ өөрчлөлтөөр л ЖДҮ-ийн хөгжлийг голдиролд  нь оруулах боломж илт атал эрх мэдэлтнүүдийн мөнгө бэдэрсэн шунал хойш татсаар байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ