Хугацаа нь дууссан Приус

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-02-12 11:55 GMT+8

Гудамжаар явахад хаашаа л харна “Приус” автомашин харагдах болсон өнөө үед “Приус шиг олон” гэх хэллэг аль хэдийнэ дэлгэрсэн. Харьцангуй хямд үнэтэй, бензин бага “иддэг” уг машиныг хэн дуртай нь хаана ч хамаагүй унах болсон билээ. Гэтэл сүүлийн үед гарч буй ослын дийлэнх нь энэхүү машинаас болж байна гэх яриа гарлаа. Үнэхээр “Приус”-ээс болж осол гараад байна уу? Аль эсвэл осол болгонд “өртөхөөр” тэгтлээ олон болчихсон юм болов уу?

“Приус” машины хамгаалалт муу, хөнгөн жинтэй учир хийсэж унадаг, буруу талдаа хүрдтэй байдаг нь Монгол оронд тохирохгүй зэргээр муулж ослын шалтгааныг машин руу “чихэх” тохиолдол ихэслээ. Тэгвэл тэдгээр осол машинаас бус хувь хүнээс үүдэлтэй гэдгийг хэлмээр байна. Үүний тулд “Приус” машины түүхээс эхлэн тайлбарлая.

“Toyota Prius”-ийг 1997 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2000 оноос дэлхий даяар тархсан юм. Приусийн анхны загвар болох Prius NHW10/XW10 нь 1997 оны 12 сарын 10-наас зөвхөн Япон улсад худалдаанд гарч, дэлхийн хамгийн анхны бензин, цахилгаан холимог хөдөлгүүртэй машин болж байжээ. 1998 онд Японы оны шилдэг автомашинаар шалгарч  байсан энэ төмөр хөлгийг монголчууд “Приус 10” нэрээр нь сайн мэдэх болсон.

Toyota Prius 10 нь 1997 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 2000 оноос дэлхий даяар тархсан юм. 2003 онд Prius NHW10 болон NHW11 гэх анхны загваруудыг үйлдвэрлэхээ больсон.

Тэгвэл дараагийн загвар болох “Приус 11” (Prius NHW11/XW11) –ийг 2000 оноос хязгаартайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Борлуулалт илт өссөн ч 2003 онд Prius NHW10 болон NHW11 гэх анхны загваруудыг үйлдвэрлэхээ больжээ. Мөн “Prius XW20” гэх дараагийн үе нь 2004 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн. Бидний нэрлэдгээр “Приус 20” гэх энэ автомашин өмнөх үеэ бодвол “Euro NCAP” ослын туршилтаас харьцангуй өндөр үнэлгээ авсан ч 2011 онд үйлдвэрлэл нь Хятадад дуусгавар болсон. Учир нь гурав, дөрөв дэх үеийн “Приус” машинууд илүү дэвшилтэд болсон аж.

Ер нь дэлхийд нэг автомашины ашиглах дээд хугацаа 15 жил байдаг. Энэ 15 жилийг 3 хувааж үздэг. Үүнд:

1. Автомашины үйлдвэрийн баталгаат хугацаан дахь үе буюу 5 хүртэлх жилийн насжилттай авто машин багтана. Ийм насжилттай автомашин техникийн бүхий л стандартыг хангах бөгөөд утаан дахь хорт хий нормоо барьж мөн эвдрэл гэмтэл ч бага гардаг. Автомашин үйлдвэрлэгч улсууд автопаркаа ийм 1-5 жилийн настай автомашинаар бүрдүүлэх сонирхолтой.

2. Автомашины хоёр дахь мөчлөгийн үед буюу 6-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн 2 дахь эздэдээ очиж хэрэглээнээс гарч эхлэх шатандаа орсон байдаг. Энэ мөчлөгт үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа дуусаж, утаан дахь хорт хий заримдаа стандартаас давах төдийгүй эвдрэл гэмтэл гарах нь түгээмэл. Харин үйлдвэрлэгчтэй улс орон ийм автомашиныг хоёр дахь зах зээлд экспортлох арга замыг хайж эхлэх ба үүнийгээ автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоох зэргээр гүйцэтгэж эхэлдэг.

3. Гурав дахь таван жилээс эхлэн автомашины сүүлийн амьдралын мөчлөг эхлэх бөгөөд ойр ойрхон эвдэрч, хорт утаан хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ сэлбэг хэрэгсэл нь олдохоо больж эхэлнэ. Энэ үед улс ч гэлтгүй хэрэглэж буй эзэн нь ямар нэг аргаар салахыг хичээнэ. Хоёр талын ашиг сонирхол нэгдмэгц 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг задалж дахин боловсруулна эсвэл буурай орон руу маш хямдхан экспортолно.

Харин “Приус” машинд 8-10 жилийн баталгаа өгдөг. “Приус 10, 11”-ийн баталгаат дээд хугацаа 2013 онд дууссан бол “Приус 20” машины хугацаа 2021 онд дуусах юм байна. Магадгүй түүнээс ч өмнө байж болно. Тэр бүү хэл 2009 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн зарим “Prius XW30”-ийн баталгаат хугацаа ч дууссан. Гэтэл хугацаа нь дууссан тэдгээр машиныг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр л байна.

“Prius XW20” гэх дараагийн үе нь 2004 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн. 2011 онд үйлдвэрлэл нь Хятадад дуусгавар болсон.

Баталгаат хугацаа нь дууссан гэдэг бол осолд орох эрсдэл 50 хувиар нэмэгдэж, аюулгүй байдлын хамгаалалтын систем доголдож, агааржуулах системээс бусад систем бүгд хэзээ “унтрах” нь тодорхойгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид баталгаат хугацаа нь дууссан унаагаар хөл залгуулж байгаа юм.
 

Эх сурвалж: www.iihs.org, www.warrantywise.co.uk, www.toyota.com, www.blog.toyota.co.uk, www.cars.usnews.com

А.Эрхэмбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ