ҮНДЭСНИЙ БӨХ: Улсын арслан Л.Сосорбарам “Ардын багш” боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-02-12 13:25 GMT+8

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсыг байгуулсны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль гардуулав.

Тэдгээрийн дотор дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний болон их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, Монгол Улсын гавьяат багш, Монголын анхны нийгмийн хамгааллын багш нарын нэг Лувсанчимэдийн Сосорбарамд Ардын багш цол хүртээлээ.

Шагнал гардуулах үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Лувсанчимэдийн Сосорбарам Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдаж байна. Л.Сосорбарам гуайг Монгол Улсын арслан гэдгээр нь бүгд мэддэг.

Харин Монголын анхны иргэний хамгааллын багш нарын нэг бөгөөд 1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж ард иргэдийг аюулаас амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сургаж ирсэн гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй байх. Үүнийг нь төр үнэлж Монгол Улсын Ардын багш цолоор шагнаж байгаа юм. Манлайлагч тандаа баяр хүргэе” хэмээсэн юм.

Л.Сосорбарам арслан нэгэн үе улсын баяр наадамд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж явсан бөгөөд тойргийн барилдаанд од хийморьтой барилддагаараа алдартай билээ. Анх 1959 оны Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадмын хүчит бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад 32 давж “улсын заан” цол хүртсэн бол 1963 оны Монголын Бүх Ард Түмний Хоёрдугаар Спартакиадад уналгүй 28 давж түрүүлэн “улсын арслан” цолд хүрсэн түүхтэй. Мөн улсын баяр наадамд 13 удаа шөвгөрсөн цуут бөх.

Ийнхүү улсын цолтнуудаас дахин нэг “Ардын багш” тодорлоо.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ