Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэж байна гэсэн бидний хардлага үнэн байсан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-02-12 14:35 GMT+8

“Эрдэнэс Таван толгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна. 

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр  уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон, мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав:

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж буй “Монгол зэс” корпорац энэ хувиа бусдад худалдсан уу? 
-Өмнө нь тус үйлдвэрт хийсэн шалгалтын материалыг татаж үзэхэд бидний хардлага үнэ байсан. Бид удахгүй энэ асуудлаар асуулга тавьсан УИХ-ын гишүүдэд хариулт өгнө. 49 хувийг эзэмшигчид худалдахаар завдсан ч бүртгээгүй. Хэрэв бүртгэсэн бол Засгийн газар тус корпорацтай Арбитрын шүүхэд уулзах байв. Ер нь энэ үйлдвэрт томоохон хэмжээний шалгалт оруулна. Хэвлэлийнхний, улс төрчдийн мэдэхгүй олон зүйл бий. Анх 1 сая төгрөгтэй байсан компани 12 тэрбум, дараа нь 100 тэрбум төгрөгтэй болж, 49 хувийг худалдан авав? Үүнд бондын мөнгийг ашигласан уу гэдгийг тогтооно. ХХБ, “Монгол зэс” нь өөр өөр хуулийн этгээд гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ хоёр байгууллага санхүүгийн хувьд хамааралтай юу гэдгийг нотлох шаардлага бий.         

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын шинэ даргыг яагаад одоог хүртэл батлахгүй байна вэ. Энэ нь улс төрийн хуваагдалтай холбоотой юу? 
-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хуулийн хүрээнд шийдэгдэх байх.  

-Та Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг өнгөрсөн бямба гарагт дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгосон. 

-Өмнө нь Хөгжлийн банканд хийсэн шалгалтын материалыг татан үзэж байна. Засгийн газраас дахин ажлын хэсэг томилон, шалгана. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу вэ?  Энэ банк эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах үүргээ биелүүлж чадаж байна уу? Эсвэл улс төрчдийн лоббид орсон уу гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн энэ банк дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх үүрэгтэй. Хэрэв одоогийн менежмент хангалтгүй байвал гаднын менежменттэй болгох ёстой.  

Ер нь хэл ам таталдаг сангуудыг Засгийн газраас ажлын хэсэг томилон, нэгтгэх нь зөв. мөн нийгэмд үүссэн аливаа эргэлзээг тайлахын тулд сэтгүүлчидтэй нээлттэй ажиллана. Долоо хоног бүр нэг асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Жишээ нь 1072 хувьцаа, ОУВС-гийн хөтөлбөр гэх мэт бидний мэддэг ч юм шиг , мэддэггүй ч юм шиг олон сэдэв байна.       

-Монгол Улс ШХАБ-д нэгдэх үү?
-ШХАБ-д нэгдэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Монгол Улс хоёр хөрштэйгээ стратегийн түншлэл хөгжүүлэх нь ойлгомжтой. ШХАБ-д элсэхээс өөр гарцгүй болсон уу үгүй юу гэдгийг олон талаас нь судална. Олон түвшинд хэлэлцүүлэг хийсний дараа л шийдвэр гаргах нь зөв.

-“ЭТТ” ХК энэ улиралд багтаан иргэдэд ногдол ашиг тараах ёстой гэж Ерөнхий сайд үүрэг өгсөн. Гэтэл энэ компани олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах бэлтгэл ажлаа базааж байна. 
-2016 онд манай эдийн засгийн өсөлт 0 хувь байв. Гадаад өр ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байлаа. Дефолт зарлах уу, үгүй юу гэсэн хүндрэлтэй нүүр тулсан нь бодит үнэн. Улс төрийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ч үүнд нөлөөлсөн. Харин энэ онд бид 10 их наяд төгрөг давсан, улсын төсөв батлаад байна. Үүнд баярлах хэрэгтэй. “ЭТТ” ногдол ашиг тараах тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Миний бодлоор зөв гарц бол сонгодог баялгийн сан байгуулах. Энэ сан Ирээдүйн өв сангаас ялгаатай. Улсын төсвөөс хамаардаггүй, аль ч ч нам сонгуульд ялсан бай ашигтай л ажилладаг сан байх ёстой. Эдийн засгийн өсөлттэй үед мөнгөө хадгалдаг, буурсан үед хөрөнгө оруулдаг байна.             

Өмнөх өмч хувьчлалын үеэр гарсан, улаан, цэнхэр хувьцааны алдааг дахин давтаж болохгүй.       

-Баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ