ФОТО: Монголын анхны "коосэн" төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-02-15 08:54 GMT+8

Коосэн загвар ангийг барилгын инженерийн мэргэжлээр төгсөгчидИнженерийн боловсролыг хүүхдүүдэд 15 наснаас нь олгож, таван жилийн хугацаанд онолын мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай инженер болгон бэлтгэдэг Японы коосэн сургалтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлснээс хойш хэдийнээ таван жил өнгөрчээ.

Анх 2013 онд Японы “коосэн” сургалтыг нэвтрүүлэх зорилгоор Техник Технологийн Дээд сургуульд Монголын “коосэн”-гийн анхны загвар ангийг нээсэн байна. Тус ангийн барилгын инженерийн мэргэжлээр суралцсан 15 оюутан өчигдөр төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

Төгсөлтийн ёслол Монгол-Японы төвд болсон бөгөөд Сасакава Энхтайвны Сангийн Удирдах зөвлөлийн дарга Танака Нобүо, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Ц.Байгалмаа нар уригдан оролцлоо.

2013–2019 оны хооронд Техник Технологийн Дээд Сургууль болон Японы Сасакава Энхтайваны Сан хамтран “Япон загварын коосэн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлсэн байна.

Энэхүү төсөл нь Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэх инженерийг Японы инженерийн боловсролын “коосэн” тогтолцооны сургалтын арга зүйгээр бэлдэх зорилготой юм.

Оюутнууд “коосэн” хөтөлбөрөөр суралцах хугацаандаа Япон багш нараар хичээл заалгаж, төрөл бүрийн дадлага туршилтанд оролцож, барилгын материалын харьцуулсан судалгаа шинжилгээ хийжээ.

Мөн Японы шинжлэх ухаан, технологи, соёл, зан заншилтай танилцах “Сакура сайэнс” хөтөлбөрт 14 оюутан хамрагдан Японд айлчилж, жил бүр Японы Саитама мужид болдог ширээлтийн ур чадварын тэмцээнд гурван оюутан оролцжээ.

2017-2018 онд загвар ангийн 12 оюутан Токио болон Саппоро хотын компанид 4-8 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийгээд иржээ. “Коосэн” загвар ангийн оюутнууд Монголдоо болдог “Эй Би Юу-Робокон”, “Автомат робот”, “Ган гүүр” тэмцээн уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцдог ажээ.

М.СЭРГЭЛЭН: КООСЭН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ, ОНОЛ ПРАКТИКИЙН МЭДЛЭГТЭЙ, АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРТАЙ ИНЖЕНЕР БОЛДОГ

Монгол Коосэн Технологийн коллежийн захирал М.Сэргэлэн

Монгол Коосэн Технологийн коллежийн захирал М.Сэргэлэн:

“Японы коосэн сургууль төгссөн залуус “коосэн” боловсролын тогтолцоог Монголд нутагшуулах санал санаачилгыг 10-аад жилийн өмнө гаргасан. 2011, 2013 онд Монголд хоёр удаа Японоос судалгааны баг ирж, Монголын инженер техникийн боловсрол олгодог байгууллага, аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод болон төр засгийн байгууллагуудтай уулзаж судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнд Сасакава энхтайвны сангийн дэмжлэгтэйгээр  Техник технологийн дээд сургуульд Коосэн хөтөлбөрийн загвар ангийг нээж байлаа.

Загвар ангийн гурван оюутан маань Засгийн газрын тэтгэлгээр Японы Томакомай Нагаока Сэндай коосэн сургуульд суралцаж байна.

Улмаар хоёр улсын байгууллага хооронд эхэлсэн энэ ажил Засгийн газар хоорондын ажил болсноороо онцлог юм. Бидний дараа Тайланд, Вьетнам улсууд Японы “коосэн” тогтолцоог нэвтрүүлсэн. Олон улсын түвшинд бид үлгэр болсон нь Сасакава Энхтайваны Сантай салшгүй холбоотой.

Өнөөдөр загвар ангийн гурван оюутан маань Засгийн газрын тэтгэлгээр Японы Томакомаи, Нагаока, Сэндаи коосэн сургуульд суралцаж байна..

Коосэн сургуулийн төгсөгчид хөрвөх чадвартай, онол практикийн мэдлэгтэй, асуудлыг шийдвэрлэх чадвартай инженер болдог. Амжилттай ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр цааш нь “2016 онд УИХ-аар коосэн буюу технологийн коллежийг Дээд боловсролын тухай хуульд нэмэлтээр оруулж баталсан. Тиймээс “коосэн” сургалт албан ёсоор дээд боловсролын байгууллага болсон.

Бидэнд Японы бэлэн загвар байгаа учраас цаашдаа Монголын ААН байгууллагатай хамтарч хөдөлмөрийн зах зээлд ямар инженер хэрэгтэй байгааг бодлогоор бэлдэх шаардлага гарч байна” хэмээн ярилаа.

ТАНАКА НОБҮОЦААШИД МОНГОЛЫН КООСЭН БИШ ОЛОН УЛСАД МОНГОЛ ӨӨРӨӨ ЗАГВАР БОЛОХ ЦАГ ҮЕ ИРНЭ 

Сасакава Энхтайваны Сангийн УЗ-ийн дарга Танака Нобүо

Сасакава Энхтайваны Сангийн УЗ-ийн дарга Танака Нобүо

-Сасакава энхтайвны сан энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлж байсан бэ. Та бүхэн төслийн үр дүнд ямар бодолтой байна вэ?

-Энэ төслийг Монголд нэвтрүүлэхэд япон багш нарыг Монголд урьж авчрах, монгол багш нарыг Японы “коосэн” сургалтын арга барилтай танилцуулах үүднээс дадлага хийлгэх зардал зэрэг “коосэн” тогтолцоог нэвтрүүлэх бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн. Монголоос оюутнууд очоод төрөл бүрийн туршлага судлахад мөн дэмжлэг үзүүлж байлаа.

Өнөөдөр төгсөж байгаа анхны загвар ангийн хүүхдүүд нийгэмд сурсан зүйлээ яаж ашиглаж байна гэдгийг бид харж байж энэ төсөл маань ямар үр дүнд хүрснийг мэдэх болно.

-Цаашдаа энэ чиглэлээр хамтарч ажиллах уу. Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Яг одоо тодорхой болоогүй ч гэсэн Монголд “коосэн” системийг нэвтрүүлэх төсөл маш амжилттай болсон. Азийн бусад Мьянмар, Тайланд, Казахстан, Узбекистан гэх мэт улсуудад нэвтрүүлээд эхэлсэн. Япон загвар гэхээс илүү гадаад улс орнуудаас Монголд анх удаа нэвтрүүлсэн учраас Монголтой хамтарч ажиллах талаар бодож байна. Цаашид Монголын коосэн биш олон улсад Монгол өөрөө загвар болох цаг үе ирнэ гэж найдаж байна.

Барилгын багш, MSc.,  мэргэшсэн инженер Х.Сүх-Эрдэнэ

Техник технологийн дээд сургуулийн загвар ангийн  багш, барилгын багш, MSc.,  мэргэшсэн инженер Х.Сүх-Эрдэнэ:

“Японд инженерийн салбарыг авч явж байгаа хүмүүс бол “коосэн” төгсөгчид байдаг юм билээ. “Коосэн” сургалтын давуу тал нь практикт суурилсан, онолын мэдлэгийг лабораторид турших боломжтой. Төгсөгч ажлын байран дээр ажиллахад илүү дөхөм болдог.  Манай оюутнууд дээд сургуульдаа давхар суралцаж байгаа учраас хавар бакалаврын дипломоо аваад төгсөнө. Зарим нь Монголдоо ажиллана. 5-6 оюутан Япон явж ажиллах нь тодорхой болсон. Ахиад нэмэгдээд ч явах байх” гэлээ.

“Коосэн” загвар ангийг барилгын инженер мэргэжлээр төгсөгч Э.Тэргэл

Э.ТЭРГЭЛ: ЯПОНД АЖИЛЛАХ БОДОЛТОЙ БАЙНА

Техник технологийн дээд сургуулийн “Коосэн” загвар ангийг барилгын инженер мэргэжлээр төгсөгч Э.Тэргэл:

“Би суралцаж байх хугацаандаа гурван удаа Япон явсан. Эхний удаад 2014 онд Японд гагнуурын тэмцээнд оролцоод, 20 хүүхдээс зургаад орж байлаа. 2017 онд “Нихон Соогэй” агааржуулалтын компанид нэг сарын дадлагыг зургуулаа хийсэн. 20 гаруй жилийн түүхтэй тэр компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэгт тавьдаг юм билээ. Японоос суралцах зүйл их байдаг.

2018 онд Ариясү Сэккэи гүүрний хянан шалгалт хийдэг компанид дадлага хийсэн. Тэр компаниас санал ирсэн учраас тэндээ ажиллах бодолтой байна.

“Монголд Япон загварын коосэн байгуулахыг дэмжих нийгэмлэг” -ийн дарга Наканиши Юүжи

НАКАНИШИ ЮҮЖИ: ТӨГСӨГЧДИЙГ ЯПОНЫ КОМПАНИУД АЖИЛД АВАХ САНАЛ ИРЖ БАЙНА

“Монгол Коосэн" технологийн коллежийн Механикийн багш профессор, “Монголд Япон загварын коосэн байгуулахыг дэмжих нийгэмлэг” -ийн дарга Наканиши Юүжи:

“Эдгээр оюутнууд маань 1-2-р курсдээ бүтээх ухаанд суралцсан. Техник тоног төхөөрөмж дээр ажиллах, гагнуур хийж сурах зэрэг практик дээр ажиллаж сурсан. Коосэнд суралцаад, үйлдвэрт ажлын талбар дээр "тостой зууралдан" ажиллаж, бэрхшээлийг мэдэрчихсэн байдаг. Төгсөгчдийг Японы компаниуд ажилд авах саналууд ирж байна.

Манай “коосэн”-ий төгсөгч, суралцагчдыг Японы компаниуд үнэлж байна. Учир нь ажлыг их сайн хийдэг. Бид Японд шинэ инженерээ сургаад, эргээд Монголдоо ирж хувь нэмрээ оруулах хэмжээний ур чадвартай боловсон хүчин болгохоор зорьж байна” гэлээ.

Төслийн таван жилийн хугацаанд 40 гаруй япон мэргэжилтэн багш ирж хичээл заан, 20 монгол багш Японы коосэн сургуультай танилцан дадлагажсан байна. Мөн 180 гаруй сурах бичиг, сургалтын материал, гарын авлага, нэр томъёоны толь бичиг монгол хэл рүү орчуулж хөрвүүлжээ.

Монгол Коосэн, ШУТИС-Коосэн, Шинэ Монгол коосэн  байгуулагдсан бөгөөд өдгөө барилга, цахилгаан, механик, био, химийн инженерийн ангид нийт 800 гаруй оюутан суралцаж байна.

“Коосэн” нь өөр улс, оронд байдаггүй гагцхүү Японд байдаг боловсролын өвөрмөц тогтолцоо бөгөөд 15 настай хүүхэд элсүүлдэг дээд боловсролын байгууллага гэдгээрээ онцлогтой. 1960-аад онд Япон улс “коосэн” тогтолцоог боловсролынхоо салбарт нэвтрүүлснээр улс, орныхоо эдийн засаг, аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийг хангах инженерийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан билээ.

Монголд 2014 оны есдүгээр сард Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосэн, ШУТИС-Коосэн, Шинэ Монгол коосэн  байгуулагдсан бөгөөд өдгөө барилга, цахилгаан, механик, био, химийн инженерийн ангид нийт 800 гаруй оюутан суралцаж байна.

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ