Дулааны алдагдлаа хэмжүүлж, байшингаа дулаалах зөвлөмж авах боломжтой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-02-12 16:42 GMT+8

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, тодорхойлон, хэрхэн дулаалах талаар зөвлөмж өгөхөөр болжээ.

Хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөсөн талаараа тус газраас мэдээллээ.

Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • 2019 оны 02 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдийн өглөө 06.00-08.00 цагуудын хооронд хэмжилт авахад бэлэн байх /дулааны алдагдлыг нар мандахаас өмнө хэмжих нь илүү бодитой гардаг/;
  • Дулаан алдагдлын хэмжилтийн дүнг үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой байх;
  • "УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээтэй байх;
  • Дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд гэрийн хаяг, байшингийн хэмжээ /80м2-аас доош хэмжээтэй байшинтай байх/ зэрэг болно.

Та байшингийн хана, шал, дээврийн үндсэн хийцийн мэдээлэл, утасны дугаараа  http://ecc.erc.gov.mn/ цахим хуудасны "Танд санал хүсэлт” хэсгээр, эсвэл 313203, 99126465 утсаар холбогдож өгөх юм байна.

Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ