Ж.Золжаргал: Бүх нийтээрээ сайжруулсан түлш түлээд ч агаарын бохирдол дорвитой буурахгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2019-02-14 08:30 GMT+8

Тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, иргэд ирэх өвлөөс эхлэн нийтээрээ сайжруулсан, шахмал түлш хэрэглэнэ. Улсын хоёр, хувийн арваад үйлдвэрт сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Энэ түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэнгийн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоожээ.

Энэ нь баттай тоо мөн үү, ер нь сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулах уу? Эдгээр асуултад хариулт авахаар нүүрсний гүн боловсруулалтаар мэргэшсэн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Ирэх өвөл агаарын бохирдол 50 хувиар буурах уу?
-Онолын хувьд боломжтой. Гэвч бодит амьдралд үгүй.

Сайжруулсан түлшний стандартыг олон жилийн өмнө боловсруулахад би оролцон ажилласан. Нүүрсийг шатаахаар уугьдаг, дэгдэмхий бодис бий. Энэ бодисыг гүйцэд шатаавал тортог бага гарна. Тортог, хөнгөн бодис хэр их байгаагаас хамааран нүүрсийг ангилдаг. Багануурын нүүрсэнд дэгдэмхий бодис хамгийн их, Налайхын нүүрсэнд арай бага, Таван толгойн нүүрсэнд дунд зэрэг, антрацит нүүрсэнд дэгдэмхий бодис хамгийн бага байна.

Лабораторийн зууханд Таван толгойн нүүрсийг шатаахдаа яндан дээр нь шүүлтүүр тавьж, хэчнээн хэмжээний тортог суусныг хэмжин, жингийн зөрүүгээр дүгнэлтээ гаргажээ. Гэвч бодит байдал дээр гэр хорооллын олон мянган айл нэгэн зэрэг галлахаар туршилтын үр дүнгээс зөрнө. Айлууд өглөө, өдөр, оройн цагаар буюу зэрэг шахуу галладаг. Галлагааны цаг давхацдаг тул агаарын бохирдол 50 хувиар буурах нь эргэлзээтэй, 10-20 хувиар л буурна. Уг нь Таван толгойн нүүрсний илчлэг өндөр тул өмнөхөөс бага түлш зарцуулна гэж эрх баригчид тооцоолсон. Мөн дэгдэх тортог буурах тул агаар дахь бохирдуулагч бодис буурна гэсэн. Гэхдээ иргэдийн хэрэглээг бид хянаж чадахгүй. Хэдий түлшээ сайжруулсан ч хүмүүсийн хэрэглээнээс утаа шууд хамаардаг. Мөн сайжруулсан түлш ноцохдоо удаан тул өмнөхөөс их хэмжээний мод эсвэл гал өдөөгч шаардлагатай.    

Ирэх онд бид агаарын бохирдол 50 хувиар уу, 20 хувиар буурсан уу гээд маргаад сууж байна.    

Утааг бууруулахын тулд олон жилийн турш хялбар технологи хайлаа. Уг нь үндсэн асуудал нь гэр хорооллын иргэдийг чанарын шаардлага хангасан байртай болгох юм. Гэр хорооллын иргэдийн тал нь монгол гэрт, тал нь чанаргүй байшинд амьдарч байна. Нийслэлийг чиглэн ирсэн хөдөөгийн иргэдийн орон байрыг цаг тухайд нь шийдэж чадаагүй. Гэтэл эрх баригчид гол асуудлаа барьж аван шийдвэрлэхээс айн, их мөнгө, цаг хэрэгтэй гээд дөлдөг, зугтчихдаг. Гэр хорооллыг хөгжүүлэх төвөгтэй нь үнэн. Гэвч бид янданд шүүлтүүр тавих, зуух солих гээд олон арга хэрэглэлээ. Олон зүйл туршин, их мөнгө зарж, арваад жилийг үдлээ. Үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдлыг бууруулах, гайхамшигтай технологийн шийдэл байхгүй, хайгаад хэрэггүй.      

АНУ-д аль 100 жилийн өмнө томоохон хотуудад нь түлшээ сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэсний эцэст утаа нь буураагүй, ямар ч үр дүнгүй юм байна гэдгийг баталчихсан шүү дээ. 

Сайжруулсан түлш бидэнд цоо шинэ зүйл биш. 2011 онд сайжруулсан түлшний үйлдвэрүүд барьсан. Хоёр жил улсаас татаас авч, татаас нь зогсонгуут үйлдвэрүүд үүдээ барьсан. Иймд хоёр жилийн дараа дахиад зогсох вий. Ийм асуудал дахин битгий үүсээсэй. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд энэ их эрсдэлтэй. Сайжруулсан түлш түллээ гээд утаа бидэнд мэдэгдэхүйцээр буурахгүй. Энэ бол олон улсын туршлага. Сайжруулсан түлш үйлдвэрлэх нь их ирээдүйтэй гэж худлаа хөөсрүүлэн, нэмж хөрөнгө оруулалт битгий татаасай. Одоо ажиллаж буй үйлдвэрүүд хангалттай.          

ДУЛААН БАЙШИНТАЙ БОЛСНООР БАГА ТҮЛШ, ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭНЭ

 -Уг нь сайжруулсан түлшний 2 үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгөөр барилаа. Сайжруулсан түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгож байна. Гэвч утааг дорвитой бууруулахгүй бол таныхаар өөр ямар шийдэл байна вэ? 
-Гэр хорооллын байшингийн стандартыг ягштал мөрдүүлж, олон нийтэд сурталчлан таниулсны дараа стандартад нийцээгүй сууц барихыг хориглох хэрэгтэй. Уг нь эрчим хүчний стандартад нийцсэн байшинтай бол нүүрсний хэрэглээ хоёр дахин буурна. Утаа хоёр дахин багасна гэсэн үг.

Цахилгааны шөнийн тарифыг бууруулах, тэглэх арга хэмжээ авч байна. Энэ нь эрчим хүчний салбарт ихээхэн дарамт болдог. Бид угаасаа хязгаарлагдмал цахилгааны эх үүсвэртэй. Цахилгаанаар гэр, байшингаа дулаалдаг айлууд сайн дулаалга хийчихвэл цахилгааны хэрэглээ нь буурна, зардлаа ч хэмнэнэ. Шөнийн тарифыг тэглэсэн ч айлуудын зардал өндөр хэвээр байна. Гэр дотроо дулаан нь үлдэхгүй, гадаад орчноо халаагаад байгаа юм. Гэр, байрны дулаалгыг шийдээгүй байж яндантай ноцолдоод үр дүнгүй.

50 ХУВИАР УТАА БУУРНА ЭНЭ ТЭР ГЭЖ ХӨӨРӨГДМӨЛ ХҮЛЭЭЛТ БИТГИЙ ҮҮСГЭЭСЭЙ

-Эрчим хүчний ямар стандартыг амины сууц, байшин барихдаа мөрдөх ёстой вэ? 
-60м кв хүртэл талбайтай байшинд 1м кв талбайг халаахад жилд 250 кВт цаг эрчим хүчнээс ихгүйг хэрэглэнэ гэсэн барилгын норм уг нь бий. Гэвч энэ норм огт хэрэгждэггүй. Манайхан өөрсдөө зургаа зураад, хамгийн хямд, гарын доорх барилгын материалаар барьчихдаг. Зарим хүн зээл авч, байшингаа барьдаг. Энэ тохиолдолд зээл олгох банкууд энэ шалгуурыг тавьдаг болоосой. Эрчим хүчний хэмнэлттэй сууцыг барихаас өмнө эрчим хүчний аудит барилгын зураг төсөлд дүгнэлт гарган, зөвшөөрөл олгох ёстой. Дараа нь барих явцад хянана. Үүний үр дүнд иргэд чанартай байшинтай болно, банкууд ч байгальд ээлтэй зээл олгосон гээд олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжтой. Энэ схемийг яаж ажиллуулах, техникийн хяналтыг яаж тавихаа л шийдэх хэрэгтэй. Талархууштай нь олон байгууллагад энэ чиглэлийн судалгаа хийж байгаа юм билээ.                    

Өмнө нь яагаад гэр хорооллыг орхисон гэхээр 2008 оноос хойш 100 гаруй мянган орон сууцыг шинээр барьсан. Ашигтай байсан тул хөрөнгө оруулалт энэ бизнес рүү чиглэсэн. Нийслэлийн нүх бүрт байшин барьсан нь хотыг ч их муухай харагдуулж байна. Мөн Богд уулын урд цөөн хэдхэн хүн амьдардаг байтал тийшээ нийтийн хөрөнгөөр цэвэр бохирын шугам тавьсан. Хууль зөрчиж барьсан орон сууцнуудыг төсвийн хөрөнгөөр дэд бүтцэд холбосон. Энэ хооронд манай гэр хороолол дүрвэгсдийн хуаран шиг хаягдсан газар боллоо. Харин одоо барилгын зах зээл ханасан. Шинэ байр худалдаж авах чадамжгүй иргэд буюу гэр хорооллынхон л үлдлээ. Тэдэнд 40-50 сая төгрөгийн байр санал болговол банкуудад ч ашигтай.                 

Богд уулын урд цөөн хэдхэн хүн амьдардаг байтал тийшээ нийтийн хөрөнгөөр цэвэр бохирын шугам тавьсан. Хууль зөрчиж барьсан орон сууцнуудыг төсвийн хөрөнгөөр дэд бүтцэд холбосон.

Ипотекийн журмыг энэ онд шинэчиллээ. Гэхдээ одоо хүчин төгөлдөр журмаар зээл авсан иргэн байраа зарах эрхгүй. Олон жилийн турш төлөх зээл тул хүнд юу ч тохиолдож болно. Хэрэв зээлээ төлж чадахгүйд хүрвэл байраа зарж, зээлээ хаах эрхийг иргэнд нээлттэй олгох нь зөв. Энэ зохицуулалтыг банктай байгуулах гэрээ эсвэл хуульд нэмэх ёстой.

Нийслэлийн нийт хүн амын тоо 380 мянга. Үүний талаас илүү нь гэр хороололд амьдарч байна. Мөн манай улсын нийт хүн амын тал нь Улаанбаатарт амьдардаг гэвэл гэр хороололд иргэд олноороо төвлөрчихсөн. Гэтэл олон улсын байгууллагууд, нийслэлээс л гэр хорооллыг хөгжүүлэх ганц хоёр санаачлага хэрэгжиж байна. Аргацаасан байдлаар удаан явлаа.    

-Түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор гэр хорооллын иргэдийг нүүрсээр хангасаар ирсэн “Багануур” ХК-ийн санхүүд ямар сөрөг нөлөө үзүүлэх бол? 
-Үндсэн борлуулалтаа ДЦС-уудтай хийдэг болохоор айхтар нөлөөлөхгүй. Харин Налайхын далд уурхайгаас хувиараа нүүрс олборлодог, түүнийг нь тээвэрлэн нийслэлд авчраад жижиглэн борлуулдаг иргэдэд хүнд тусна. Тэд одооноос орлогын өөр эх үүсвэр хайх хэрэгтэй.

-Ирэх өвөл түлэх түлшийг сайжруулсан нүүрс гэж нэрлэж байна. Юуг нь сайжруулсан юм бол? 
-Ухаа худаг болон Тавантолгойн бүлэг ордоос энэ түлшний түүхий эдийг үйлдвэрүүд үнэгүй авдаг. Тээврийн зардлаа л өөрсдөө хариуцаж байна. Ухаа худагийн баяжуулах үйлдвэрийн хаягдал болон угаасан нүүрсний дундаас гардаг завсрын бүтээгдэхүүн гэж бий. Үүнийг урд хөрш рүү авто замаар тээвэрлэн худалдахад ашиггүй, үнэ хямд. Иймд борлуулах боломжгүй овоолго үүсчихсэн. Тэрийг нунтаглан, жигд хэмжээтэй болгоод л худалдаанд гаргана. Жигд болохоор шаталт нь жигд явагдан, утаа арай бага гарна. Энэ бол боловсруулсан нүүрс биш, түүхий нүүрс хэвээрээ. Уг нь шахмал нүүрсэн түлш гэх ёстой. Утаа ялгаруулалтыг нь бууруулах ямар нэг нэмэлт процесс огт байхгүй. Сул тал гэвэл шороо ихтэй тул үнс их гарна.  

Бас нэг логик бол жигд, чулуун нүүрсийг заавал нунтаглаж, дахин шахах шаардлагагүй шүү дээ. Ийм нүүрсийг шатаахад сайжруулсан түлштэй яг адилхан утаа ялгарна. Одоо ч Польш, Германд сайн чанарын чулуун нүүрсний жижгүүдийг шигшин ялгаад түлж байна. Бүүр нунтаг болсон нүүрсийг л хэвэнд оруулан шахдаг. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр сайжруулсан түлш гэж дэгдэмхий бодис багатай, жигд хэмжээтэй түлшийг хэлнэ. Шахмал түлш бүр сайжруулсан түлш биш. Дахин хэлэхэд гэр, байшингаа стандартын дагуу барьж эсвэл сайн дулаалахгүй л бол түлшээ хэдий сайжруулаад агаарын бохирдол буурахгүй. 

Жигд, чулуун нүүрсийг заавал нунтаглаж, дахин шахах шаардлагагүй шүү дээ. Ийм нүүрсийг шатаахад сайжруулсан түлштэй яг адилхан утаа ялгарна.

Нүүрстэй харьцуулахад сайжруулсан түлшний зарцуулалт бага. Гэхдээ дулаалга сайн байшинтай хосолж л мэдэгдэхүйц үр дүн гарна. Тэгэхгүйгээр зөвхөн түлш солиод утаа эрс багасна гэсэн хүлээлт үүсгэх нь буруу, үнэмлэхүй утгаараа утаа буурах үндэслэл байгаа ч хот даяар ялгарсан утааг жигнээд зогсох хүн байхгүй. Хоол цай хийдэг цагаар утаа багсардагаараа багсарч гарах тул хүмүүст төдийлөн үр дүн мэдэгдэхгүй. Үүнээс үүдэн бухимдал үүснэ, эрх баригчид шийдвэрээсээ дахин эргэж буцсан туйлбаргүй асуудал үүсэх вий. Тэгэхээр 50 хувиар утаа буурна энэ тэр гэж хөөрөгдмөл хүлээлт битгий үүсгээсэй. 

Мөн нийслэл рүү ирэх хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Улаанбаатар руу ирэх сонирхол байсаар байгаа цагт хашаа байшингийн үнэ өснө. Энэ нь банкуудад ч ашигтай. Урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах шийдэл нь хийн түлшинд шилжих юм. Манайхан Лондоны жишээг их авдаг. Тэд хийн түлш нэвтрүүлж энэ асуудлаа шийдсэн. 

-Танд баярлалаа.  

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 936 санал өгсөн байна.

Дээшээ