Ч.Эрдэнэдалай: Төлбөрийн тэнцэл ашигтай, ханш тогтвортой байх эдийн засгийн суурь нөхцөл бүрдэж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-02-21 12:40 GMT+8

“Алтан Бумба” санхүүгийн нэгдлийн захирал, эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөн, хандлагыг анзаарч байна уу. Ханш он гарснаас хойш харьцангуй тогтвортой байна.  
-Сүүлийн үед ханш тогтвортой, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд бүгд харьцангуй сайн байна. Ер нь бол төлбөрийн тэнцэл боломжийн байна. 2019 о онцгой жил болно. Засгийн газраас өрийн үйлчилгээнд төлөх томоохон төлбөрүүд байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх гэж байна. Уг нь IPO биш бонд гаргасан бол илүү хурдан бөгөөд өрийн үзүүлэлтүүд сайжирч байгаа учраас боломжийн үнээр гаргах боломжтой. Гэхдээ IPO хийх нь компанид бас хэрэгтэй. Томоохон өр төлбөр байхгүй гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг мэдээ. Тиймээс хөрөнгө оруулалт, гаднаас ирэх валютын урсгалаар дамжаад төлбөрийн тэнцэл харьцангуй сайн байх, валютын ханш цаашдаа тогтвортой байх суурь үзүүлэлтүүд бүрдсэн.

-Эдийн засгийн идэвхжлийг дагаад импорт өсөх хандлагатай байна. Энэ нь ханшид хэрхэн нөлөөлөх бол?
-Ханшийн өөрчлөлт тодорхой хэмжээгээр импорттой  холбоотой ч үүнийг шууд буруу, муу зүйл гэж харах хэрэггүй. Бизнес эрхлэгчид их хэмжээгээр янз бүрийн тоног төхөөрөмж импортолж байна. Төлбөрөө доллараар төлж, дагаад эрэлт өсч болно. Энэ нь зөв, сайн эрэлт. Яагаад гэвэл тоног төхөөрөмж эргээд доллар оруулж ирнэ шүү дээ. Уул уурхайтай хамаагүй, дотоодын зах зээлд ажилллах тоног төхөөрөмж байлаа гэхэд энэ нь тодорхой хэмжээгээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, ажлын байр бий болгоно. Ер нь тоног төхөөрөмжийн капитал хөрөнгө маягийн долларын зарцуулалт сайн зүйл.  Мэдээж, шаардлагагүй буюу хэрэглээний импортоо багасгах, шатахуунаа дотоодод үйлдвэрлэх замаар гадагш чиглэх долларын урсгалыг бууруулаасай гэж эдийн засагчийн хувьд боддог.

-“Тавантолгой” ХК IPO хийх, бусад том төслүүдийн хөрөнгө оруулалт ханшийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй байх?
-Миний онцолж буй хамгийн чухал зүйл бол “Тавантолгой”-н IPO. Оюутолгойн хувьд татварын ямар нэг маргаангүйгээр, тал талдаа ойлголцож, хөрөнгө оруулалтаа хэвийн үргэлжлүүлснээр валютын урсгалд нэмэр болно. Гэхдээ Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн жил 36 сая тоннд хүрсэн. Хил дээр бага зэрэг асуудал гарсан ч экспорт өссөөр байгаа. Хилийн асуудлаа шийдээд, хөрөнгө оруулагчдыг татаж чадвал “Тавантолгой”-н IPO-г амжилттай хийх бүрэн боломжтой. Үүний хажуугаар мэдээж Оюутолгойд ямар нэгэн асуудал үүсэхгүй байх нь чухал.

Экспортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг сайжруулъя гэж байгаа бол төгрөгийн ханш ам.долларын эсрэг тодорхой хэмжээгээр сул байхыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

- Ханш гэхээр л олон нийтийн зүгээс тогтвортой байх ёстой, Монголбанк ханшаа барих ёстой гэх хандлага байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай вэ?
-Нийгэм, бизнесийн салбарынхан ханшийг нэг л өнцгөөр хараад байдаг. Заавал барих ёстой гээд. Мэдээж импортлогч улсын хувьд төгрөгийн ханш гадаад валютын эсрэг чанга байгаасай гэж хүсэх байх. Гэхдээ Монгол экспортыг төрөлжүүлэх, экспортын өрсөлдөх чадвараа нэмэхийг зорьдог. Энэ зорилтод хүрэхэд төгрөгийн ханш ам.долларын эсрэг хэт чанга байх нь ашиггүй. Экспортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг сайжруулъя гэж байгаа бол төгрөгийн ханш ам.долларын эсрэг тодорхой хэмжээгээр сул байхыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Огцом өсөлт, хөдөлгөөн бус тогтвортой, аажмаар суларч болно шүү дээ. Энэ нь импортыг үнэтэй болгох, инфляцийг өсгөхөөс бусдаар тийм ч муу зүйл биш.

-Ер нь төгрөг ам.долларын эсрэг суларч байгаагийн эдийн засгийн суурь шалтгаан юу вэ?
-
Дэлхийн хэмжээнд ам.долларын суурь хүүг хамгийн эрсдэлгүй хүү гэж үздэг. Тийм ч учраас ихэнх төв банк ам.долларт тодорхой хэмжээний нөөц байршуулдаг. Мөн Холбооны нөөцийн банкны үнэт цаасанд байршуулах нь бий. Холбооны нөөцийн банкны хүү бага. Хэдийгээр өсч байгаа хэдий ч 2-3 хувьтай л байна. Монголыг хөгжиж байгаа улс орон гээд эрсдэлтэй гэж болно. Тийм учраас төгрөгийн хүү ерөнхийдөө 2 оронтой тоонд байдаг. Энэ маань Монгол Улсын суурь эдийн засгийн нөхцөлийг харуулж байна. Төгрөг, доллар хоёрын суурь хүү адил байх боломжгүй. Америк болон Монголын эрсдэл тэс өөр. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг сулрах ерөнхий суурь нөхцөлийг бий болгодог. Өмнөх жилүүдийг харвал төгрөг ам.долларын эсрэг суларсаар ирсэн. Гол нь энэ сулралт маш аажим явагдах нь Монголд ашигтай. Ханш хэрхэн тогтохыг зах зээл эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар өөрөө шийднэ.  

-Эдийн засгийн суурь шалтгаан нь ийм байхад 2016 оноос хойш долларын ханш чангарсан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой гэж шүүмжилдэг. Ерөнхийлөгч Н.Баяртсайхан томилогдсоныхоо дараа гадаад валютын цэвэр нөөц -400 сая ам.доллар болсон гэж мэдэгдсэнээр ханш өслөө гэж өнгөц дүгнэх тал бий.
-
Зах зээлийн мэргэжлийн оролцогчид үүнийг угаасаа л мэдэж байсан. Байнга мэдээллээ хянаад л явж байгаа шүү дээ. Ер нь валютын нөөцтэй холбоотой бодит байдлыг мэдээлсэн нь зөв. Зөв мэдээлэхийг олон улсын байгууллагууд ч шаарддаг. Нөгөөтэйгүүр Монголбанкны Ерөнхийлөгчийн аливаа мэдэгдэл, мэдээллийг улстөржүүлдэг. Энэ нь ханшид илүү нөлөөлөх тал бий. Ер нь Монголбанкны валютын ханшийн талаар баримталж, хийж хэрэгжүүлж буй бодлогыг оновчтой, зөв гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1204 санал өгсөн байна.

Дээшээ