Марк Габэл Монгол бизнес эрхлэхэд гайхалтай улс
Б.Эрдэнэчимэг Сэтгүүлч

Гүйцэтгэх захирлуудыг урин ярилцдаг CEO цуврал үргэлжилсээр байна. Социалист нийгмээс чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болохыг зорьсон, шилжилтийн үед буюу 1998 онд MСM группийг Улаанбаатарт байгуулжээ. Тус групп гаднын хөрөнгө оруулалттай, анхны компанид зүй ёсоор тооцогдоно. Анх авто машины худалдаагаар гараагаа эхэлсэн MСM групп одоо зургаан салбарт ажилладаг. Гүйцэтгэх захирлаар Марк Габел ажиллаж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би Германд төрсөн, 40 настай. Эхнэр, хүүхдүүд маань Сингапурт амьдардаг. Бага хүүгээ жаахан томрохоор нь гэр бүлээ Монголд авчирна. Би өөрийгөө их аз жаргалтай хүн гэж боддог. Аз жаргалтай хүмүүс урт насалдаг гэдэг шүү дээ.

Анхны ажил болох Герман дахь Мерседес-Бенцийн дилер компанид би нэлээд хэдэн жил ажилласан. Өмнөд Солонгост Мерседес-Бенцийн ачааны машины бизнес эхлүүлэх ажилд томилогдон ажиллах үед компанийн зүгээс намайг Монголд очиж, автомашины зах зээлийг судлах үүрэг өгсөн юм. Ингээд би хамгийн анх 2005 онд Монголд ирж, МСМ-ийн үүсгэн байгуулагчидтай танилцсан. Тэдэнд миний хийсэн зах зээлийн үнэлгээ, авто машины худалдаа, засварын бизнесийг сайжруулах санаанууд таалагдаж, тэд надад ажлын санал тавьсан. Тэр үед би 30 нас ч хүрээгүй залуухан байв.

Удалгүй ажлаасаа гарч Монголд ирээд, өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадварт суралцахаар шийдсэн. Мерседес шиг том компанид хүмүүс голдуу бүх насаараа ажилладаг. Би тэнд борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцдаг байсан бол МСМ надад борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг хамтад нь хариуцах боломж олгосон учраас би Даймлераас гарсан. Удалгүй Улаанбаатараас Бээжин нисэх замдаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань Сингапур хүн, Хятад дахь Мерседест санхүүгийн Захирлаар ажилладаг байсан болохоор бид бие биенээ мэддэг байсан.  Тухайн үед бас над шиг гадаад улсад ажиллаж, өөрийгөө сорих хүсэлтэй байсан. Бид анх Монголд хамтын амьдралаа эхлүүлсэн.

Монголын урт, хүйтэн өвлийг туулахад эхнэр маань надад их хань болж, бидний харилцаа хурдан бэхэжсэн. Монголд ажиллах надад маш их таалагдаж байлаа. Гол үйлчлүүлэгчидтэйгээ сайхан харилцаа тогтоосон байхад цаашдын бизнес амжилттай явдаг. Зөв хүмүүстэйгээ  танилцсан байхад бизнесээ өргөжүүлэхэд илүү хялбар болдог.

-Дараа нь таны карьер хаана үргэлжлэв?   
-Би 2006 онд ирээд 2011 онд ажлаасаа гарч, холимог брэндүүдийн ачааны автомашины дилер компанид ажиллахаар Сингапурыг зорьсон. Сингапур шиг хөгжингүй оронд шинэ бизнесийн суурийг тавилцах боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Би хоёр жилийн дотор Вольвог Сингапур дахь хамгийн их борлуулалттай ачааны автомашины брэнд болгож, тэгээс эхэлсэн бизнесийг нь 60 сая америк долларт хүргэсэн. Вольвогийнхон надад барилгын тоног төхөөрөмжийн бизнесээ хариуцуулах хүсэлт тавьснаар би Индонези дахь салбар луу шилжсэн. Тэнд би 200 орчим сая ам.долларын борлуулалттай бизнес хариуцаж, барилгын тоног төхөөрөмжөөр зогсохгүй уул уурхай, ой модны салбарт ч борлуулалт хийдэг болсон.

Үүний дараа би Зүүн Өмнөд Азийн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлдэг Германы компанид ажилласан. Жилийн өмнө МСМ-ийн үүсгэн байгуулагчидтай дахин холбоо барьснаар Монголд буцаж ирээд байна. Өмнө нь автомашин, тоног төхөөрөмжийн салбарыг хариуцаж байсан бол одоо группийг бүхэлд нь удирдаж байна. МСМ-д дахин ажиллаж байгаадаа их баяртай байна.  Ер нь хүний нас явахаар ажиллах газраа сонгохдоо илүү ухаалаг сонголт хийдэг юм байна. МСМ-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид Лауренц, Дэвид хоёртой би сайхан харилцаатай байсаар ирсэн. Азийн олон оронд үндэстэн дамнасан компаниудад ажиллахдаа би удирдах арга барилаа илүү сайжруулсан. Энэ туршлагаа хуваалцах боломж бүрдлээ.     

-Долоон жилийн дараа Монголд эргэн ирэхэд тань гайхшруулсан зүйлс байв уу?
-Бүх салбарт залуу үеийнхэн удирдан манлайлж байгааг олж харсан. Залууст сайн борлуулалт хийж, компанид ашиг авчрах шаардлага тавихаас гадна урам зориг өгч, цаашид хөгжих, дэвшихэд нь чиглүүлж байх хэрэгтэй. Би Герман, Америк, Азийн орнуудад 20 жил ажилласан туршлагаа залуустайгаа хуваалцах дуртай. Монгол залуус өөрчлөлтөд илүү нээлттэй хандаж, хайрцагнаас гадуур сэтгэдэг. Манай хамт олон эрч хүчтэй, суралцаж, хөгжих чин хүсэлтэй залуу ажилтнууд болон олон жилийн туршлагатай ажилтнуудаас бүрдсэн. Ийм хамт олонтой байхад амжилтад хүрч чадна.

Манай менежментийн багийн гишүүдийн ихэнх нь Монголчууд. Тэд заримдаа “Марк ийм шийдвэр гаргах нь буруу” гэх мэтээр надтай их нээлттэй байдаг. Бид нээлттэй хэлэлцсэнээр зөв шийдвэр гаргаж чаддаг. Хүн бүр зөвшөөрсөн шийдвэр хамгийн зөв шийдвэр гэсэн үг биш.

-Та Монголын бизнесийн орчныг хэрхэн дүгнэж байна вэ?  
-Сүүлийн долоон жилд Монголд амьдралын стандарт сайжирч, томоохон ахиц гарчээ. Бизнесийн орчин ч өөрчлөгдсөн. Жишээ нь Мерседес, Moёt & Chandon, BASF гэх мэт томоохон брэндийн төлөөлөгч байх нь хангалтгүй байна. Зах зээлд байр суурь эзлэх гэж байгаа бол өрсөлдөгчөөсөө илүү хүчтэй байх шаардлагатай.  Мэргэжлийн өндөр түвшинд, гоц гойд үйлчилгээг хэрэглэгчид хүргэх ёстой. Арван жилийн өмнө нэр хүндтэй брэндийн төлөөлөгч байхад л хангалттай байсан бол өнөөдөр байр сууриа хадгалахын тулд илүү хичээх шаардлагатай бол. Монгол миний ажиллаж байсан 12 жилийн өмнөхөөс шал өөр болсон.

Би Монголчуудыг бизнесийн нөөц боломжийг эрж хайж явдаг, энтрепренер хүмүүс гэж боддог. Бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн асуудал тулгардаг. Ханган нийлүүлэгч, бизнесийн хамтрагчийн хувьд бид өөрсдөө ч санхүүгийн эрсдэлтэй тулгардаг учраас гарц шаардлагатай.

Гэхдээ сүүлийн үед дотоодын томоохон банкууд санхүүжилт сайн олгож байна.  Бизнесийн орчин нөхцөл ерөнхийдөө сайжирсан. Би Өмнөд Солонгост ажиллаж байгаад энд ирсэн. Тэд нээлттэй хүмүүс биш болохоор харилцахад жаахан хүндрэлтэй. Монголд Англи, Германаар ярьдаг хүн олон тул ойлголцоход их амар.

-Та Зүүн Өмнөд азийн орнуудад ажиллсан. Монгол газар зүйн байршлаараа Азийн орон боловч хүмүүсийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг нь илүү баруунжсан гэдэг.
-Азийн орнууд ч өөр хоорондоо соёлоороо ихээхэн ялгаатай.  Жишээ нь Индонезид хүмүүс зөрчилдөхөөс ихээхэн болгоомжилж, зайлсхийдэг. Санал нийлэхгүй байгаагаа маш эвтэйхэн илэрхийлнэ. Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлага байхгүй.

Харин энд хүмүүс барууныхантай адилаар таагүй санагдаж байгаагаа шууд илэрхийлдэг. Ер нь хүн тухайн улсын соёлд дасан зохицохыг хичээх нь зөв. Түүнээс тэд чамд зохицохыг нь хүлээх буруу юм. Жишээ нь би үр дүнг эрхэмлэдэг, зохион байгуулалттай хүн гээд бүх ажилтнаасаа ийм байхыг шаардаж болохгүй.

Би Сингапурт олон жил амьдарсан. Тэнд амьдралын хэмнэл их хурдан, бухимдалтай, яг л ширэнгэн ой шиг. Харин Монголд ирээд хөдөө явахаар нам гүм орчинд амардаг. Үзэсгэлэнтэй байгалиас гадна нутгийн иргэд дайлж зочлон, туслах гэж хичээдэг нь сайхан. Онгон байгаль, нөхөрсөг хүмүүс намайг аз жаргалтай болгодог. Монголд ирээд л аз жаргалтай байхад тийм ч их зүйл шаардлагагүйг ойлгох юм шиг санагддаг. Би Монголд ажиллаж амьдрах дуртай.   

-Залуучууд гадаадад, ялангуяа АНУ, Герман, Япон, Австралид сурахыг эрмэлзэх боллоо. Германд одоо ч чанартай дээд боловсролыг үнэ төлбөргүй олгодог учраас Германыг зорих залуус олон. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Герман инженерүүд чадварлаг. Тиймдээ ч Мерседес, BMW, Audi, Porsche гэх мэт томоохон автомашины брэндүүд бүгд Германаас төрөн гарсан. Германчууд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ сайн ч гарааны бизнесийн тал дээр сайнгүй. Иймд залуус аль салбарт суралцахаасаа хамааран улсаа сонгох нь зөв. Хэрэв инженер болох гэж байгаа бол Герман танд олон зүйл сургана. Цоо шинэ зүйл сурч, гарааны бизнес эхлүүлэх бол АНУ, Хятад энэ чиглэлд илүү хөгжсөн. Мэдээллийн технологиор суралцах бол БНСУ, Япон илүү тохиромжтой. Улс бүр өөрийн онцлог, давуу талуудтай.     

Бидний амьдарч буй нийгэмд юмс маш хурдан өөрчлөгдөж байна. Маркетинг, нийгмийн сүлжээ арван жилийн өмнөхөөс тэс өөр болсон. Би хүүхдүүдээ олон улсын түвшний хүмүүс болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Ухаалаг утас, хиймэл оюун ухаанаар дамжуулан технологи бидний амьдралд ихээхэн нөлөөтэй байна. Цаашид ч ийм байна. Би их хуучинсаг хүн л дээ. Одоо болтол Зул сарын мэндчилгээг гараараа бичдэг. Цаг зав, сэтгэлээ зарцуулсан нь мэндчилгээ хүлээж авсан хүнд илхэн харагдана. Залуу үеийнхэн шинэ технологийг илүү хэрэглэж байна. Тэд биднээс илүү хурдан дасан зохицож, дараагийн шийдлийг туршихаар хүлээдэг. Миний ажигласнаар энэ тал дээр Монголчууд Германчуудаас илүү соргог, шинэ зүйлийг хэрэглээндээ шууд нэвтрүүлдэг.

-Бид Өмнөд Солонгос, Японтой илүү ойр байрлалтай нь нөлөөлдөг байж болзошгүй юм.
-Магадгүй ээ. Гэхдээ энэ чанар монгол хүний цусанд байна. Монголчууд их сониуч, шинэ зүйл сурч мэдэхийг эрмэлздэг, энэ чанараа хэзээ ч гээдэггүй.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУД БҮХ САЛБАРТ МЭРГЭШСЭН БАЙХ АЛБАГҮЙ

-Герман, Япон чанарт хэн ч эргэлздэггүй. Та бүхэн өндөр стандарт, сайн чанарыг хэрхэн улс даяараа амжилттай нэвтрүүлсэн бэ. Та авто машин үйлдвэрлэгчдийн жишээг татсан. Харин би бүх салбарыг хамарсан, сайн чанарын талаар асууж байгаа юм.
-Азийн орнуудад баян, ядуу гэсэн үндсэн хоёр давхарга байсаар байна. Дундаж давхарга бүрдээгүй. Европт ч баячууд, ядуус бий. Гэхдээ нийт хүн амын дийлэнх нь дундаж давхаргынхан. Энэ хүмүүс голдуу жижиг компанид ажилладаг. Мөн ажлаараа бахархдаг. Цагчид, механикчид өндөр орлого олохгүй. Гэхдээ тэд нэрээ бодож, ажлаа чадах чинээгээрээ сайн хийхийг эрмэлздэг. Энэ нь Европ бараа үйлчилгээ өндөр стандартад хүрэхэд нөлөөлсөн. Удирдлага, үйлдвэрлэлийн шат дамжлага, чанарын системээс гадна хувь хүний хүчин чармайлт маш чухал.

-Гүйцэтгэх захирлын хувьд та ямар арга барилаар компаниа удирддаг вэ?
-Би хэрэглэгчидтэйгээ уулзаж ярилцах дуртай. Ширээний ард нуугдахыг хүсдэггүй.  Хэрэглэгчид юу хүсэж байна, тэдний шаардлагыг хангахад манай ажилтнуудад ямар асуудал гарч байгааг олж мэдэхийг хүсдэг. Мөн шийдлийг шууд хэлэхэээс илүүтэй ажилчид ямар санаа дэвшүүлэх бол гэж хүлээдэг. Би тэднийг чиглүүлж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэхэд нь туслахыг хичээдэг. Ажилтнуудынхаа чадварыг таньж, тэднийг сорьж, урамшуулснаар  илүү хөгжүүлнэ.   

Би Мерседест 11, Вольвод 5 жил ажиллсан. Гэхдээ би гүйцэтгэх захирал гээд бүх салбарт мэргэшсэн байх албагүй. Харин алба бүртээ шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн байх ёстой. Би МСМ-ийн ажилтнуудаараа бахархдаг. Нэг жишээ хэлэхэд манай Тоног төхөөрөмжийн хэлтэс хариуцсан захирал олон улсын компанид ажиллах тул удахгүй Сингапур руу нүүнэ. Бизнесийн сайн манлайлагч болох боломжийг МСМ түүнд олгосон. Энэ мэтээр манай ажилтнууд өөр компани руу дэвшин ажиллахыг би алдагдал гэж үздэггүй. Харин ч биднийг үнэлж байгаа хэрэг юм. Миний үүрэг бол компанийг ашигтай ажиллуулан, хөрөнгө оруулагчдад ашиг хуваарилах юм. Үүний тулд компани ажилтнуудадаа амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.    

-Та бизнестээ ёс зүйн ямар дүрэм баримталдаг вэ?
-Үнэнч, нуух хаах зүйлгүй харилцаа, шударга байдал, харилцан хүндэтгэл. Нэг нь ярьж байхад нөгөө нь утсаа үзээд байж болохгүй. Хэн нэгэнтэй зөрчилдсөн бол асуудлаа хоёулхнаа л шийдэх хэрэгтэй. Түүнээс бусдын өмнө маргах зохимжгүй. Мөн хэрэглэгч ямар ч тохиолдолд нэн тэргүүнд байх ёстой. Дотоод хуралтай гээд хэрэглэгчийг хүлээлгэхийг би зөвшөөрөхгүй.  

-Бүтэлгүйтсэн, амжилтад хүрээгүй тохиолдол байдаг уу?
-Мэдээж бий. Бид өдөр бүр зарим бизнест амжилт олж, заримдаа алддаг. Борлуулалт алдсан бол түүндээ үнэлгээ хийдэг. Том төсөлд шалгарч чадаагүй бол бүгд хамт суугаад заавал дүн шинжилгээ хийдэг. “Манай үнэ өндөр, хангалттай цаг байгаагүй” байна гэх өнөөх л тайлбарууд хангалтгүй. “Бид хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй” гэж хэлэх компани дэлхийд байхгүй шүү дээ.

Бизнест ялалт, ялагдал байнга л тохиолддог. Бид нэг удаа өргөгч цамхагийн сонгон шалгаруулалтад оролцсон юм. Үнээ буулгасан ч бид тэр тендерт шалгараагүй. Дараа нь тухайн компани хэдийнэ шийдвэрээ гаргачихсан, сонголтоо хийчихсэн атлаа тендер зарласныг олж мэдсэн. Ийм зүйл байнга тохиолддог. Өргөгч цамхгийн хувьд бид хоцорсон байсан. Тухайн компани ямар барилга барихаас хамаарч, өргөгч цамхагийн загварыг гаргадаг. Гэтэл бид загварт биш үнэд анхаарч, үүн дээр их цаг зарцуулсан юм. Ялагдал мэдээж амаргүй, сэтгэлээр унахад хүргэдэг.              

Бид энэ онд DMS/CRM менежментийн хэрэгсэлдээ хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр борлуулагч тус бүр ямар хэмжээний борлуулалт хийснийг харах боломжтой. Худалдаа хийх 100 боломж байгаа гэвэл бид 80-д нь үнийн саналаа илгээнэ. Үүний 25-д нь эерэг хариу авна гэж найдаж байна. Тэгэхээр 100:25 болж байгаа юм.

2017-2018 ОНД БИД БИЗНЕСЭЭ 15 ХУВИАР ӨСГӨСӨН. ЭНЭ ОНД 30 ХУВЬД ХҮРГЭНЭ

-МСМ групп зургаан салбарт ажиллаж байна. Энэ онд та эдгээрээс алинд нь илүү төвлөрөх вэ?
-Бид засвар үйлчилгээндээ илүү анхаарна. Манай дийлэнх хэрэглэгчид уул уурхайн салбарынхан. Тэдэнд цаг бол алт. Нүүрсний үнэ буурч, олборлогчид шинэ тоног төхөөрөмж худалдан авахгүй байна. Гэхдээ хуучнаа засаж сэлбэх шаардлагатай. Иймд бид техникчдээ гадагшаа илгээн сургалтад хамруулж, борлуулалтын дараах үйлчилгээгээ өргөтгөсөн. Ингэснээр эдийн засагт үүсэж болзошгүй гэнэтийн хэлбэлзэл, хүндрэлд өртөхгүй. Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Одоогоос 15 жилийн өмнө шар айраг үйлдвэрлэгч олон байв. Тэд тоног төхөөрөмжөө эвдрэхээр өөрсдөө засах гэж оролдоно. Тэгээд бүр дор болгоод, үйлдвэрлэл нь зогсдог байсан. Харин одоо компаниуд үндсэн бизнестээ голлон анхаарч, засвар гэх мэтийг мэргэжлийн, итгэж болох байгууллагад даалгадаг болсон.

-Та яагаад эдийн засгийн хүндрэлийн талаар хөндөв?
-Хэзээ хямрал болохыг урьдчилан таахад хэцүү. Ирэх онд парламентын ээлжит сонгууль болно. Мөн Засгийн газар гадаад эх үүсвэртэй зээлээ төлөх ёстой. Иймд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй. Одоогоор зэс, алтны үнэ өндөр хэвээр байна. Гэхдээ гадаад зах зээлд юу болохыг хэн ч мэдэхгүй. Улс орнууд өмнө нь байгаагүй их хэмжээний зээлтэй болжээ. Төв банкууд бодлогын хүүгээ өсгөн, АНУ-БНХАУ-ын хооронд худалдааны маргаан үргэлжилж, тодорхойгүй зүйлс олон байна. Саяхан Давост дэлхийн эдийн засгийн чуулган боллоо. Оролцогчдын дийлэнх нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарна гэжээ. Гэхдээ хямралын шинж тэмдэг илрээгүй байна. Иймд энэ онд дэлхийн болон Монголын эдийн засгийг би өөдрөгөөр харж байна.

МСМ-ийн хувьд бид үргэлж нөөц төлөвлөгөөтэй байдаг. Ямар нэг зүйл болбол маш шуурхай хэрэгжүүлэх боломжтой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд сайн, саар үе олон тохиолдсон. Хямралын үед бид шилдэг ажилтнуудаа авч үлдэх бодлого баримталдаг. 

Монголын эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж байгаа тул энэ онд ажилчдынхаа тоог өсгөн, 300-д хүргэнэ. 2017-2018 онд бид бизнесээ 15 хувиар өсгөсөн нь тухай үеийн ДНБ-ий өсөлтөөс 2 дахин илүү байв. Иймд энэ онд бизнесээ 30 хувиар өсгөх төлөвлөгөөтэй. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна. Учир нь бидэнд сайн хамт олон, төрөлжсөн бизнес, шилдэг брэндүүд гээд амжилтад хүрэхэд хангалттай бүх зүйл бий.

-Тэгвэл ямар сорилт тулгарч байна вэ?
-Арван жилийн өмнө Монголд авто машин борлуулдаг 3-4 компани байв. Харин одоо 11 болсон. Жилд 50-иас олон машин худалдаж чадахгүй бол ашиг олоход хэцүү. Мөн энэ бизнес ихээхэн зардал шаарддаг онцлогтой. Ирэх жилүүдэд гэрээт борлуулагчдын тоо буурч, хамгийн хүчтэй өрсөлдөгчид л энэ салбарт үлдэнэ.   

Өнгөрсөн онд нийт 60 мянган автомашин импортолжээ. Үүний 3 мянга нь л шинэ, үлдсэн нь хуучин машин байна. Азийн зах зээлийн хөгжлийг харвал хүмүүсийн хэрэглээ хуучин автомашинаас шинэ рүү шилждэг. Энэ бол бидний хувьд том боломж. Монголд худалдаалж буй автомашины 95 хувийг бартаат замын, том автомашин эзэлдэг. Гэсэн ч жижиг, шинэ автомашинтай болох хандлага алгуур боловч байна. Сар бүр 800 мянга хүртэлх төгрөг төлөөд, санхүүгийн ачаалал үүрэлгүй, суудлын автомашин авах хүсэлтэй хүмүүс олширсон. Тэр бүр хөдөө яваад байдаггүй, хот дотор зорчдог хүмүүст жижиг машин илүү тохиромжтой. Автомашины зах зээлд илэрч буй бас нэг хандлага бол цахилгаан автомашин. Засгийн газраас цэнэглэх станц барихыг зорьж байна. Өдөрт 40-50 км зам туулдаг жолооч нарт цахилгаан автоамашин тохиромжтой. Одоогоор дэд бүтэц нь хөгжөөгүй ч ирэх 4-5 жилд цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрнэ. Эдгээр хандлагыг бид анхааралтай ажиглан, цаг нь болоход хэрэглэгчдэдээ зөв бүтээгдэхүүн санал болгохоор ажиллаж байна.                

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР АНУ, ЯПОН ГЭХ МЭТ ТОМООХОН ОРНУУДТАЙ ЯРИЛЦАХ ДУРТАЙ БАЙДАГ

-Та Монголын бизнесийн орчныхноос хэнийг хүндэлдэг вэ?
-Би улс төр сонирхдоггүй. Гэхдээ Дефакто Жаргалсайхантай ярилцах, түүний нийтлэлүүдийг унших дуртай. Тоо баримтад түшиглэсэн байдаг. Бид автомашины зах зээлийн чиг хандлага, түлшний чанар, цементийн үйлдвэрлэл гэх мэт олон сэдвээр ярилцдаг юм. Мөн би Петровисийн гүйцэтгэх захирал Д.Энхмааг чадварлаг бизнес эрхлэгч эмэгтэй гэж боддог. 

Би энд ажилладаг Европын элчин сайдын яамдуудтай хамтран Улаанбаатарт Европын худалдааны танхим байгуулахыг зорьж байна. Герман, Франц, Америкийн худалдааны танхимууд бий. Хэдий цөөн ч Итали, Швед бизнес эрхлэгчид байдаг. Европын худалдааны танхимын дээвэр дор Европын бүх улсыг нэгтгэснээр Засгийн газартай илүү ойр хамтран ажиллана. Одоо АМЧАМ (Америкийн худалдааны танхим) энэ ажлыг идэвхтэй хийж, амжилттай нөлөөлөл үзүүлж байна.      

Монголын Засгийн газар АНУ, Япон гэх мэт өндөр хөгжсөн орнуудтай харилцах, тэднийг сонсох дуртай байдаг. Европын худалдааны танхимтай ажилласнаар Монгол Улс Европоос хөрөнгө оруулалт татах боломжтой. Би Сингапурт байхдаа Европын худалдааны танхимын УЗ-ийн гишүүнээр ажилласан. Иймд Монголын компаниудад ямар үр дүн авчрахыг сайн мэдэж байна. Худалдааны танхим монгол компаниуд болон Европын хөрөнгө оруулагчийн хооронд гүүр болох юм. Энэ онд багтан байгуулна гэж найдаж байна. Эрчим хүч, ус цэвэршүүлэх, цахилгаанжуулалт хөрөнгө оруулалт хийхэд таатай салбарууд. Энэ ташрамд хэлэхэд Европын холбооны (ЕХ) элчин сайдын яам ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ ЕХ руу татваргүй гаргах боломжийг нээхээр ажиллаж байна.    

-МСМ Группийг 20 жилийн өмнө байгуулсан. Та бүхэн үйл ажиллагаагаа өргөтгөж, амжилттай ажилласаар байна. Үүнд юу нөлөөлөв?   
-Алсын хараатай, урт хугацааны төлөвлөгөө. Бизнес эрхлэгчид дандаа ашиг хүлээж болохгүй. Хөрөнгө оруулалтыг урт хугацаанд төлөвлөх нь зөв. Чадварлаг ажилтнууд, хүчтэй брэндийн талаар би түрүүн ярьсан. Гаднын хөрөнгө оруулагчид Монгол харьцангуй жижиг зах зээл, гэсэн хэдий ч бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлага нь арай өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь энд дизелийн чанар Евро 5 стандартыг хангаж чаддаггүй. Үүнийг автомашин үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид бодолцох ёстой. Хэдийгээр бид бусад орны зах зээлтэй харьцуулахад цөөн Мерседес-Бенц борлуулдаг ч үйлдвэрлүүлэхдээ үүнийг харгалзан үздэг. Мөн бид үргэлж найдвартай, итгэж болох хамтрагч байсаар ирсэн.

-Таны бодлоор МСМ Групп эдийн засагт шууд болон шууд бас замаар ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Бид шилдэг татвар төлөгч 100 компанийн тоонд жил дарааллан шалгарсаар ирсэн.  Төлөх ёстой бүх татвараа төлдөг. Засгийн газар, агентлагууд, хамтрагчидтайгаа уян хатан байдлаар хамтран ажилладаг. Хариуцлагыг дээдэлж ажилладаг. Жишээ нь өргөгч цамхагт ямар нэг асуудал байвал хүний амь нас эрсдэх аюултай. Иймд бид ханган нийлүүлэгчээс аюулгүй байдлын баталгаа гаргуулахын сацуу Монголын нөхцөлд тохируулж, нэмэлт тохиргоо хийлгэдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын мэргэжилтнээр давхар хянуулан баталгаажуулдаг. мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид соёл урлагийн байгууллага, спортын клубуудтай хамтран ажилладаг.            

БИЗНЕС ЭРХЛЭХ АМАРГҮЙ, БИЗНЕСЭЭ ӨРГӨТГӨХ ГЭЭД ЗОГСОЛТГҮЙ ЗЭЭЛ АВААД БАЙЖ БОЛОХГҮЙ

Бизнес эрхлэгч гэж хэн бэ. Ажлын байр бий болгон баялаг бүтээгчид үү эсвэл мөнгөний хойноос хөөцөлдөгсөд үү?     
-Мөнгө олох амаргүй. Ажилтан хүн орон сууц худалдаж авах, амьдралаа авч явахын тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Эзэд мэдээж ашиг олохыг бодно. Гэхдээ тэд ажилтнуудын, байгууллагын өмнө хариуцлага үүрдэг. Эдийн засаг өсөлттэй байхад бид ажилтнуудадаа аль болох их анхаарал тавьдаг. Хүндрэл, хямралын үед компаниуд өөрсдөө хүнд байдалд ордог.  Ер нь бизнес эрхлэх амаргүй. Бизнесээ өсгөнө, өргөтгөнө гээд зогсолтгүй зээл аваад байж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй бизнесээ томруулна гэвэл буруу. Иймд бид аль болох урт хугацаанд, тогтвортой өсөхийг л зорьдог. Хэт өсөлтийн үед ямар нэг гэнэтийн зүйл тохиолдвол яах вэ? Мөн хэт их зээлтэй байх нь компанийг дампууруулдаг. Бизнес яг л эко системтэй адил. Тэнцвэр их чухал. Ашиг олохын сацуу ажилтнуудаа халамжилна. Хэрэв эдгээрийн тэнцвэрийг олоогүй бол бид 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан.   

-Төгсгөлд нь би танаас бизнесийн орчныг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар асууя.
-Улс төрийн тогтвортой байдал, гадаад ертөнцөд өгөх мессеж их чухал. Монгол бол бизнес эрхлэхэд маш таатай улс болохоор энэ талаар бусдад сайтар таниулан ойлгуулах хэрэгтэй.

Европын орнуудын худалдааны танхимын талаар дахин дурдъя. Бид Засгийн газарт хандан, ямар нэг хуулийг өөрчлөх бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг эхлээд сонсож байх зөвлөмж хүргүүлнэ. Нэгэнт өөрчилсний дараа олон нийтэд танилцуулж байгааг хөрөнгө оруулагчдад таатай хүлээн авдаггүй. Засгийн газар, хувийн хэвшилтэй нийтийн эрх ашиг, ус орны хөгжлийн төлөө хамтран ажиллах нь зайлшгүй юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Дээшээ