2019.03.11 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-03-11 18:00 GMT+8
  • Иргэний нисэхийн ерөнхий газраас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” загварын агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Энэхүү шийдвэрийг Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан гаргажээ. Дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна. 
  • Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ес хоногийн хугацаанд гүйцэтгэн өнгөрсөн бямба гарагт сүүлийн цогцсыг гаргасан. ОБЕГ-аас аврах үйл ажиллагааны талаар мэдээллийг өнөөдөр өгсөн бөгөөд ослын талаарх эцсийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танилцуулна гэв. Аврах ажиллагааны үеэр гарсан зардлыг “Эко-Алтан Заамар” ХХК бүрэн хариуцах юм байна. 
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар болсноо танилцууллаа. Зөвлөхүүдийн зөвлөлд дотоод, гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах бөгөөд Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж, боловсруулах хөтөлбөр нь одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцоллоо. 
  • Ардчилсан Намын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ хугацаанд төр 400 сая америк долларын асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй байсан. Тиймээс тухайн нөхцөлд хамгийн боломжит байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа хэвээрээ байна. Засгийн газрын шийдвэр зөв байсан. Улс төрийн биш эдийн засгийн хэлээр ярьж сураасай гэж хүсэж байна" гэсэн юм. Харин С.Эрдэнэ “Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах асуудлыг хэлэлцсэн, Засгийн газрын хуралдаанд суугаагүй. Өнөөдөр энэ худалдан авалт хоёр талтай байна. Засгийн газар мөнгө угаасан мэтээр тайлбарлаж байна. Мөнгө угаасан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй. Гэмт хэргийн шинжтэй юу арилжааны үйлдэл үү гэдгийг мэргэжлийн хуулийн байгууллага тогтооно. Түүнээс нэг сайд гарч ирчхээд амандаа орсныг дураараа ярьдаггүй. Тэр хүнд хөрөнгө босгох тухай санхүүгийн ойлголт байгаа эсэхэд би гайхаж байна. Би өндөр түвшний эдийн засагч биш” гэсэн тайлбарыг өгсөн юм.
  • Хөвсгөл нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан автомашины зорчигч гурван иргэн амиа алдсан осол гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөсний баярт цаа бугаа унуулаад буцаж явсан гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа осолдсон байна. Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн 46 настай эрэгтэй З…, 38 настай эрэгтэй Г…, 38 настай эрэгтэй Ч… нарын цогцсыг автомашины хамтаар татан гаргасан байна. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ