Мартагдсан Болгар

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-03-13 17:25 GMT+8

КОММУНИЗМЫН ҮЕД СССР-Т ХАМГИЙН ҮНЭНЧ НЬ МОНГОЛ, БОЛГАР УЛС БАЙВ

Балканы хойгт Болгар гэдэг улс буй. Монголтой нэн ойр, ах дүү байсан сан. Энэ талаар өнөөгийн монголчууд ор тас мартсан байж болно. Болгарт суралцдаг оюутан, хоёр талдаа Элчин сайдын яам байгаа гэсхийгээд цаашаа ярих юмгүй болтлоо алсарсан нэг улсын тухай өгүүлмээр санагдаад болдоггүй.

Тус улс хойгийнхоо нийт талбайн 22 хувийг эзэлнэ. Хүн ам нь 2016 оны тооллогоор 7.2 сая, нутаг дэвсгэр нь 110993 километр квадрат. Хүн амаараа ч, нутаг дэвсгэрээрээ ч даян дэлхийд 103-т эрэмбэлэгдэнэ. Хүн амын 78 хувь нь үнэн алдартны шашин шүтнэ, кирилл бичгийн өвөг нь Болгарынх. Компьютер гэх “чөтгөрийн машин”-ыг анхлан болгар хүн сэдсэн юм гэнэ лээ. ОУВС-гийн мэдээгээр бол 2018 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 22700 ам.доллар, нийт 159 681 тэрбум ам.долларын баялаг бүтээжээ.

Ингэсгээд тэр улсын тухай албан ёсны мэдээлэл дуусна. Одоо харин өөр мэдээлэл рүү оръё. Коммунизмын үед СССР-т хамгийн үнэнч нь Монгол, Болгар улс байсан ба хоёул СССР-ийн их гэр бүлд багтахаар завдаж, өрсөлдсөнийг нь үнэлж Болгарын удирдагч Тoдop Живковыг “Зөвлөлт холбоот улсын Баатар” цолоор шагнасан юм. Харин Ю.Цэдэнбал Лениний одонгоос цааш яваагүй.

Монголын ард түмний үнэнч анд нөхөр, Kлон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, бидний ахмад хижээл үеийнхний сайн таних тэр болгар эр 1967, 1973, 1985 онд БНБАУ-ын нам-засгийн төлөөлөгчдөө тэргүүлэн манай улсад гурвантаа айлчилж байжээ.

БКН-ын Төв Хорооны I нарийн бичгийн дарга, БНБАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Тодор Христов Живков ирж “Сүхбаатар” одонгоор энгэрээ цоолж байсан түүхэн үе бий бөгөөд хариу айлчлалаар Софид манай Ю.Цэдэнбал “Димитров” одонгоор энгэрээ цоолж байв.

“Живков бол хэсэг бүлэг хань хамсаатныхаа туслалцаатай засгийн эрх булаан авсан феодалын хаан” гэж түүний коммунист залгамжлагч П.Младенов зүйрлэж байжээ.

Т.Живков 1911 онд төрж, 1932 оноос коммунист болж, 1954 оноос БКН-ыг тэргүүлж, 1989 онд хүчээр шахагдан буутлаа Балканы хойгийн социалист энэ орныг удирдан жолоодож байв. Өөрийгөө тахин шүтүүлэхэд яах аргагүй хүргэдэг жам ёсоор тэрбээр Дорнод Европын сүүлчийн коммунист дарангуйлагч болж, шүүхийн хаалга татсан юм.

Димитр Благоев, Георгий Димитров, Товор Христов Живков нар XX зууны Болгарын түүхийн нэрийн хуудас нь. Үүнийг яаж ч харлуулаад арилшгүй. Коммунист Болгарыг үндэслэгч Димитров 1949 онд насан өөд болж, түүний дараа энэ нийтлэлийн гол баатар тодрон гарч иржээ. Димитровыг залгамжлах хоёр хүн тодорсны нэг нь. Нөгөөх нь 1937 оноос улс төрийн товчоонд орж, 1956 оноос Сайд нарын Зөвлөлийг тэргүүлсэн Антон Югов гэгч байлаа.

Т.Живков нь 1954 онд намын удирдлагыг авмагцаа Юговыг аажмаар арын эгнээ рүү шахаж, дараа нь хөөж зайлуулан, 35 жилийн турш коммунист дарангуйлагчийн ширээнд айх аюул, зовох зовиургүй цор ганцаараа суусан юм. Болгарын 35 жилийн ололт амжилтыг магтан сайшаах нь эдүгээ чухал биш. Энэ дарангуйлагч чухам яагаад ээлж халаагүй ингэж удсан, ямар хэрэг тарьсан тухай бичвэл сургамжтай байх талтай.

1992 оны есдүгээр сард Болгарын дээд шүүхээс Т.Живковт долоон жилийн хорих ял оноосон юм. Тэгэхэд тэрбээр 81 нас хүрсэн байв. Тэр долоон жилээ гүйцээлгүй бие нь муудан шоронгоос дөнгөж суллагдаад мөдхөн нас нөгчсөн ба шороон дор ороод таван жил өнгөрчээ. Энэ хөгшинд оноосон ял их ноцтой. “Үндэсний дайсагнал, үзэн ядах явдлыг дэвэргэж, улсын асар их хөрөнгө хууль бусаар завшин, албан тушаалаа онц хортойгоор урвуулан ашигласан” зэрэг хэргүүдийг тулгажээ. “Живков бол хэсэг бүлэг хань хамсаатныхаа туслалцаатай засгийн эрх булаан авсан феодалын хаан” гэж түүний коммунист залгамжлагч П.Младенов зүйрлэж байжээ.

Түүнд оноосон ял дотор Турк гаралтай иргэдийн эсрэг алдаатай бодлого явуулсан тухай маш олон боть байна.

Энд нийгмийн хэдий хэр их хөрөнгө 35 жилийн “аз жаргал”-д нь үрэн таран хийгдсэнийг тооцоолох аргагүй.

“Цэвэр цусны болгар үндэстэн бүрдүүлэх номлол” гэгчээ дэмжүүлсэн улс төрийн товчооны нууц тогтоол 1984 онд гаргуулж, Болгар орныг угсаатны дайсагналын зам руу түлхсэн байв. 350 мянган турк түүний золиос болж, нэлээд нь гадагшаа дүрвэжээ. Эрх ямбаа урвуулан ашиглах гэгч нь аль ч коммунист дарангуйлагчид байсан.Харин Живковынх давж гарна.

Энд нийгмийн хэдий хэр их хөрөнгө 35 жилийн “аз жаргал”-д нь үрэн таран хийгдсэнийг тооцоолох аргагүй. Хамгийн дээд зэргээр тохижуулсан 30 орд харш, ан хийх 30 гаруй отог, олон арван ангийн хөтөч, үргээгч, ангийн түүх бичигч гэхчлэн инээд хүрмээр зүйл зөндөө.

Түүний ямбанд зориулан иргэний агаарын тээврийн том онгоц зорчигчидтойгоо сүйрсэн гашуун түүх ч бий. 1988 онд Варна дахь харш руугаа нисэх үед нь зай тавьж өгөхөөр нислэгийн богино талбайгаас хөөрсөн онгоц хурдаа авч амжилгүй сүйрч шатсан билээ. Энэ гамшгийг үл тоомсорлон Живков шатаж байгаа онгоц дээгүүр хэнэггүй нисэн одсон явдал ч гэмт хэрэг дотор нь буй.

Түүний зохиол бүтээлүүд тоймоо алдаж, хожим нь Болгар даяар хаягдал цаас хүлээн авах цэгүүд тэр их зохиолыг нь цуглуулах гээд олон өдөр ажиллаж байжээ. Болгарын түүхийг гуйвуулсан нь учир тоймоо алдав. Социалист Болгарын ялалт амжилтын түүх бол зөвхөн Живковынх. Түүний төрсөн охин, хөвгүүд, нууц хүүхэд бүгд Болгарын нам-төрийн удирдлагын ихэнх суудлыг эзэлсэн гэхчлэн. Жишээ нь, Болгарын Соёлын хорооны дарга охин нь аль ч улсын тэргүүн хатагтайгаас дутахгүй эрх ямба эдэлж, төрийн дээд хэмжээний уулзалтад оролцдог байлаа гэхчлэн бичвэл нэг сонин өлхөн дүүрэхээр.

1953 оны хавар Сталиныг бунхалсны дараахан Л.Берия Зөвлөлтийн Дотоод явдлын яамны цэргийн ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулж, цэрэг хөдөлгөн Кремльд төрийн эргэлт хийхээр завдсаныг түүх гэрчилдэг. Тэгвэл 1989 онд тэр үеийн социалист Болгарт золтой л зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн дэгдчихээгүй юм.

“Цэвэр цусны болгар үндэстэн бүрдүүлэх номлол” гэгчээ дэмжүүлсэн улс төрийн товчооны нууц тогтоол 1984 онд гаргуулж, Болгар орныг угсаатны дайсагналын зам руу түлхсэн байв.

“Брежневийн эрин”-д бол болох л байсан биз, харамсалтай нь коммунизм нурж байсан 1989 он шүү дээ. “Зөвлөлтийн перестройка нь тайгын салхи шиг дээгүүрээ л шуугиад, доогуураа огт чимээгүй байна”, “Сөрөг хүчинтэй зууралдах хэрэггүй, хорт могой алж байгаа юм шиг бяц дарах хэрэгтэй” гэсэн Живковын үгс 1989 онд даанч хожуу, цаг үеэ ололгүй цуурайтаж байв.

Москвад М.С.Горбачев шинэ бэрхшээлүүдтэй тулгарах тусмаа өөрчлөн байгуулалт, ил тодын сэтгэлгээгээ шинэ философиудаар сэлбэж, авралын эрэл хайгуул хийсээр байлаа.

Чухам түүнд дотооддоо хэчнээн дайсан, хэдий хэр гай түйтгэр байсныг одоо тооцоолоод утгагүй. Харин гадаадад нэгдүгээрх дайсан, хамгийн түрүүнд үтэр түргэн зайлуулах ёстой нь ах дүү хэмээх социалист орнуудын үхширсэн, сталинч хамсаатнууд нь байлаа.

1989 он энд алтан үсгээр бичигдэхээр ул мөр үлдээсэн юм. Хамгийн тууштай коммунист Э.Хонеккерээс эхлээд М.Якеш, Г.Гусак, Т.Живков нарыг дотроос нь зайлуулахыг Москвагаас дэмжиж, тахин шүтэгдсэн коммунист дарангуйлагч Н.Чаушескуг цаазаар аваачив. Мөн Унгар, Польшийн коммунистууд анхны ардчилсан сонгуулиар засгийн эрхээ шууд алдаж, ганцхан Монголын Ж.Батмөнх л мөхлөө хүлээн дагжин чичирч үлдсэн тэр цаг үе байв.

БОЛГАР ХЭЗЭЭ Ч ОРОСЫН ХОЛБООТОН БОЛОХГҮЙГЭЭР ТӨРӨЛ АРИЛЖЖЭЭ

Эдний хэн нь ч цагийн эрхээр мөртөө зайлаад өгөхгүй, цэрэг хөдөлгөх, цэрэг хөдөлгөхийг завдах, жагсаал цуглаан хүчээр тараах, өөрийн хүүхэлдэйгээ үлдээж хөшигний араар орох зэрэг бүх аргыг хэрэглээд ч тусыг эс олов. Онцлог нь “Сөрөг хүчинтэй зууралдах хэрэггүй, хорт могой алж байгаа юм шиг л бяц даръя” хэмээн зориглон хөшигний араар ороогүй үлдсэн Живков Дотоод явдлын яам, аюулаас хамгаалахын ангиудыг нийслэл рүү татах тушаал өгч байв.

Энэ нь Москвагаас дэмжигдсэн бол хэчнээн болгар хүний аминд хүрч, хэр их цус урсах байсныг таашгүй. Гэвч “Хүйтэн дайн” өндөрлөж байсан 1989 он шүү дээ. Бидэнтэй тун ойр дөт явсан социалист Болгарын түүх дээр нэг удирдагчийн намтраар дурайтлаа гарлаа шүү.

Коммунизм ба Москвад үнэнчээрээ гайхуулж явсан Болгарын ард түмэн өнөөдөр 180 хэм эргэчихээд, ёстой л НАТО-г тэсэн ядан хүлээж байсан (2004 оны дөрөвдүгээр сарын 20-нд элссэн) юм уу гэмээр баярлан дэвхцэх нь коммунист туйлшралынх нь дээд, доод туйл байсан байх. Эдүгээ НАТО-гийн гишүүн, посткоммунист Болгар улс НАТО-д элссэн тэр өдрийг Болгарын үндэсний баяр хэмээн хуульчилж, нөр их баяр болгон тэмдэглэдэг. Европын холбоонд элссэнээ ч (2007 оны нэгдүгээр сарын 1-нд) түүхийн цоо шинэ хуудас гэж хөөрцөглөнө. Коммунист социалист явсан түүхийг нь хэн ч зориглон сөхөхгүй.

Гэхдээ оросуудын хүсдэгээр Оросын холбоотон хэзээ ч болохгүйгээр төрөл арилжжээ.

Кирилл бичигтэй, орос хэлтэй бол бараг ойлголцдог, орост од болчихсон нэг дуучин (Филипп Киркоров) нөхөр гэсгээд манайхан тус улсыг оросын гадаад бодлогын эргүүлэлт авчирч наах гээд байдаг тал бий. Үнэндээ байгалийн хийн “өмнөд урсгал” л гэхгүй бол Орос-Болгарын хооронд түншийн харилцаа бараг үгүй болсон.

Болгарын гадаад бодлого Европын ба Умард Атлантын чиглэл дээр хатуу зогссон. НАТО, Европын холбооны гишүүн бүх орнуудын гадаад бодлоготой нягт уялдсан тийм л бодлого явуулна. Гажих сөрөх явдал байхгүй. Шенгений хэлэлцээрт 2007 оны нэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан боловч болгарчууд «Шенгений бүс»-ийн гадна үлдсэн. Энэ нь тухайн үед тодорхой шалтгаанаас үүдсэн түр зуурын үзэгдэл байсан ба хэзээ нэгэн цагт Шенгенд багтана.

Болгар бол христианы ба лалын иргэншлийн заагт орших, геополитикийн эмзэг атлаа ашигтай байршилтай улс. Исламын ба өрнөдийн нийгмийн хооронд үл ойлголцол, айдас XXI зууны эхнээс хүчтэй мэдрэгдэж, тэр нь шашны фанат хэт даврагчдад ашиглагдан, террорист үйлдэл болж хувирсны дараа шашин-соёлын хоорондын мөргөлдөөний лай ланчгаа хүн төрөлхтөн НҮБ-д авчирч наасан билээ.

2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 59 дүгээр чуулганд Испанийн Ерөнхий сайд Хосе Луис Сапатеро НҮБ-ын иргэншлийн Альянс (United Nations Alliance of Civilizations буюу UNAOC) гэдгийг санаачилж, тэр үеийн Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоан түүнийг нь дэмжсэнээр ийм нэг олон улсын байгууллага 2005 оноос ажиллаж эхэлсэн юм.

Тэгвэл Болгар нь 2007 онд иргэншлийн Альянсын “Найз нөхдийн бүлэг”-т элсэн бүс нутгийн түвшиндээ олон улсын яриа хэлэлцээ өрнүүлэхийг дэмжсэн төдийгүй, эдүгээ “Арабын хавар”-ын хямралын үед лалын орнуудаас үй олон цагаач дүрвэгч Европ руу давалгаалан ороход гол дамжлага, цайз, яриа хэлэлцээний талбар нь болж ялгарч буй. Ер нь бүх төрлийн зөөврийн (хүн, бараа, зэвсэг, хар тамхи, хоёрдмол технологи гэх мэт) зангилаа улсын хувьд Болгарын үүрэг бүс нутагтаа төдийгүй Европ-Ази-Ойрх Дорнодод аяндаа өсөх нь мэдээж юм.

Хэдийгээр газар зүйн нэр томьёо боловч “Зүүн өмнөд Европ” гэж байх нь байна. Түүнд Болгарын жин нөлөө нэн чухал. Тиймдээ ч анх 1996 онд Софи хотноо Зүүн өмнөд Европын орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалт зохиогдож түүгээр дөрвөн салбарт хамтран ажиллахаа албажуулжээ. Үүнд, 1. тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцаагаа бэхжүүлнэ, 2. Эдийн засгаа хөгжүүлнэ, 3. хүмүүнлэгийн, нийгмийн соёлын асуудлаа хамтран шийдвэрлэнэ, 4. хууль шүүхийн хамтын ажиллагаа хөгжүүлнэ, үүнд зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, хүний наймаа, хар тамхи, зэвсгийн хууль бус зөөвөртэй тэмцэнэ гэжээ.

Болгар бол христианы ба лалын иргэншлийн заагт орших, геополитикийн эмзэг атлаа ашигтай байршилтай улс.

1996 онд Софийн уулзалтаас “Зүүн өмнөд Европын хамтын ажиллагааны үйл явц” гэх бүс нутгийн олон улсын механизм үүссэн ба саяхны баримтаар бол 2007-2008 онд Болгар, 2008-2009 онд Молдова, 2009-2010 онд Турк гэхчлэн ээлжлэн даргалсаар эдүгээ Монте-Негро улс тус үйл явцыг даргалж байна. Ингээд Зүүн өмнөд Европт олон улсын нэгэн байгууллага шаваа тавин ажиллажээ.

Болгар нь Төв Европын санаачилга гэх бас нэгэн олон улсын механизмын гишүүн. Энэ байгууллага 1992 онд буй болоход анхлан ажиглагч байснаа 1996 оноос бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Болгарын үүрэг ч бас их. Учир нь нөгөө Зүүн өмнөд Европын орнуудаа төв Европын орнуудтай холбоход ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн ба Европын холбоонд элсээгүй орнуудыг элсүүлэхэд түлхэц үзүүлсээр байна. Элсээгүй гэдгээр хуучин Югославын зарим (Словен, хорватаас бусад нь) улс, Молдавыг нэрлэх ба тэдэнд Брюссель гэхээсээ илүүтэй Болгар, Румын хоёр л үлгэр дуурайл, зууч, түнш нь болох аж.

Болгар бол хар тэнгисийг хөвөөлсөн улс гэдэг утгаараа энэ сав газарт олон талт хамтын ажиллагааны нэн идэвхтэй тоглогч юм. 1992 онд анх санаачилга нь дэвшээд олон удаа уулзаж ярилцсаар 1998 онд байгууллага болгосон хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг нэрлэе. Эдүгээ 12 улс-Албани, Армен, Азербайжан, Болгар, Гүрж, Грек, Молдова, Румын, Орос, Серби, Турк, Украин гишүүн (Беларусь ажиглагч) нь байгаа.

Хамтын ажиллагааны салбар нь худалдаа, эдийн засаг, банк, санхүү, холбоо, эрчим хүч, тээвэр гэхчлэн 20 гаруй салбарыг заасан. Болгар энэ байгууллагыг 2009-2010 онд даргалж байсныг дурдаад эл сэдвийг хаая. Юу хэлюү гэхээр жиндээ тохирох байр сууриа олж авч, олон улсын талбарт нэн идэвхтэй ажиллах эрмэлзэл дүүрэн нэг улс Балканы хойгт байна гэсэн юм. Гэхдээ оросуудын хүсдэгээр Оросын холбоотон хэзээ ч болохгүйгээр төрөл арилжжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 666 санал өгсөн байна.

Дээшээ