Голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад түрүүлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-03-14 12:00 GMT+8

ЗОРИУЛАЛТЫН МӨСӨН ОРДОНГҮЙ БОЛОХООР ДАШТ-Д ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Монголын хоккейн шигшээ баг Азийн Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн нь спортын ертөнцийн онцлох мэдээ байлаа. Бахдам амжилт гаргасан залуусыг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Зориулалтын мөсөн гулгуурын ордонгүй, өвлийн цагт гол, нуурын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад очсон нөхөд энэ том тэмцээнд түрүүлнэ гэдэг гадаадын тамирчдын хувьд санаанд багтамгүй зүйл гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн хэлсэн юм. Мөн тэрбээр хоккейн спортоор байнгын бус бэлтгэлтэй, цалинтай шигшээ баг байгуулах асуудлыг улсаас дэмжиж өгөхийг хүсэв. Ц.Шаравжамц дарга “Энэ жил хоккейн байнгын бус шигшээтэй болохоор зүтгэсэн ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод чадсангүй. Гэхдээ бууж өгөхгүй, дараа жил дахиад зүтгүүлэх болно” гэсэн юм.

Энэ үеэр шигшээгийн дасгалжуулагч А.Мэргэн болон багийн ахлагч Н.Мишигсүрэн нартай ярилцлаа.

Н.Мишигсүрэн: АВАРГА БОЛОХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН БОДОЛ ТАВ, ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨӨС ТӨРСӨН

-Монголын хоккейн шигшээ Азийн Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Энэ удаагийн тэмцээн өмнөхөөс юугаараа онцлог байв?
-Багийн бүрэлдэхүүн өмнөхөөс илүү залуужиж, сайн тамирчдаар хүчээ сэлбэсэн. Бусад багуудын тухайд гаднын легионер тамирчдыг их авсан байна лээ. Энэ нь манай багт багагүй хүндрэл учруулсан.

Тэмцээний тухайд бид хэсэгтээ Филиппинд хожигдсон. Тэр тоглолтод үндсэн таваа сонгохдоо алдаа гаргасан тал бий. Гэхдээ багш дасгалжуулагчдынхаа бэлдсэн хувилбарын дагуу тоглож, сүүлд аваргын төлөө хожсон.

-Филиппинд дахиад хожигдох вий гэсэн айдас байв уу?
-Бид өнгөрсөн жил бас энэ багт хожигдсон. Яах аргагүй хүчтэй баг л даа. Хоёр хожигдсон тоглолтдоо багагүй дүгнэлт хийсэн нь үр дүнд хүрлээ.

-Та шигшээ багт хэдэн жил тоглож байна вэ?
-Шигшээ багт 20 жил тогложээ. Сүүлийн 13 жил нь багийн ахлагчаар тоглолоо.

-Таны тоглож байсан бүрэлдэхүүнээс аль үеийн баг хамгийн хүчтэй нь байв?
-Мэдээж Монголын хамгийн сайн залуусыг үе үеийн шигшээд авч явдаг. Сүүлийн хоёр жил залуучууд доороос түрж гарч ирж байна. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн их сайн байлаа. Гэхдээ миний бодлоор анхны хүрэл медалийг авсан 2013 оны баг хамгийн хүчирхэг нь байсан.

-Энэ тэмцээнд түрүүлж болох юм байна гэсэн итгэл хэдийд төрсөн бэ?
-Эхний жилүүдэд хоосон ирдэг байлаа. Тэгээд анхны медалиа авсан. Медаль аваад ирэнгүүт цаашаа цом хардаг болсон. Бэлтгэлээ л сайн хийвэл аварга болох боломжтой гэсэн бодол тав, зургаан жилийн өмнөөс төрсөн дөө. Ингээд дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авсны эцэст ноднин анх удаа түрүүлсэн. Сүүлийн үед залуучууд хоккейг сонирхон хичээллэх боллоо.  Бэлтгэлээ ч сайн хийж байна. Энэ бүхний үр дүн гарлаа гэж болно. Биднийг энэ амжилтад хүргэхэд тусалсан клубүүдийн багш дасгалжуулагчдын хөдөлмөрийг дурдахгүй байхын аргагүй.

A.Mэргэн: ӨМНӨ НЬ ТОМ АЧААНЫ МАШИНТАЙ БАЙСАН БОЛ ОДОО ХУРДТАЙ ЖИЖИГ ТЭРГЭЭР ДАВХИХ МЭТ БОЛСОН

-Монголын шигшээгийн энэ жилийн тоглолтыг харахад илүү олон гоол оруулж, өрсөлдөгчөө давамгайлж байсан. Ноднингийнхтой харьцуулахад бэлтгэл илүү сайн байв уу?
-Бэлтгэл сайжрахдаа гол нь биш юм аа. Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдийн тоо маш хурдацтай нэмэгдсэн. Доороос гарч ирсэн долоо, найман залуу тамирчин сая тэмцээнд явлаа. Энэ хүүхдүүд багийн тоглолтод маш их хурд нэмсэн. Зүйрлүүлбэл, өмнө нь том ачааны машинаар давхидаг байсан бол одоо хурдтай жижиг тэргээр давхих болсон гэсэн үг. Гэхдээ залуу тамирчдад дутагдалтай тал байдаг нь туршлага бага. Одоо энэ багийн цөм болсон тамирчдын нас 33-37 болчихлоо. Ийм настай тамирчдаар шигшээг авч явна гэдэг хэцүү. Тиймээс залгамж халаа яах аргагүй чухал.

-Манайхтай тулсан өрсөлдөгчид бүгд битүү дээвэртэй ордонд байнгын бэлтгэл хийж байгаад ирсэн, хангамж сайтай багууд. Ийм өрсөлдөгчийг ялж түрүүлэхэд юу хамгийн их нөлөөлсөн бол?
-Хоккей дэлхийн хэмжээнд хурдны спорт болчихоод байгаа. Битүү зааланд гаргаж байгаа хурд гадаа мөсөн дээр гаргах хурд хоёрын хооронд бараг 15 км/цагийн зөрүү бий. Бид задгай  талбайд бэлтгэл хийж байгаад очсон хойноо тэр мөсөн дээр нь дасах хэцүү байдаг. Энэ асуудлыг тактикийн ачаар л давж гарна.

-Манайхан сая хэсэгтээ Филиппинд хожигдсон. Өнгөрсөн жил мөн л энэ багт дийлдэж байлаа. Өмнө нь хоёр хожигдсон багаа финалд ялахын тулд ямар тактик боловсруулав?
-Филиппин бол 110 сая хүн амтай, улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээрээ биднээс хавьгүй илүү улс. Хоккейн шигшээ нь гадаадын зургаа, долоон легионертой, чех, канад дасгалжуулагчтай маш эвгүй баг. Ялангуяа чех дасгалжуулагч нь их сонин тактик боловсруулж, бид эхний тоглолтод хожигдсон. Бүгд арагшаа сууж хамгаалаад үнэхээр төсөөлөөгүй тоглолт үзүүлсэн.

Харин аваргын төлөө дахин таарахад бид маш сайн бэлдэж, хамгаалалтын тактикийг нь эвдэж чадсанаар ялалт байгуулсан. Өнгөрсөн жил бид нэг тоглолтод 63 удаа хаалга руу цохиж, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа 76 удаа цохисон. Монгол хүний ухаан цаанаа л өөр гэдэг нь харагдаж байна л даа.

Саад тулгарахад арай өөр өнцгөөс харж, гарц гаргалгаа олж чадаж байна. Нөгөө талаар монгол хүний бие физиологийн онцлог гэж бий. Багадаа барилдаж, морь унаж өссөн болохоор ерөнхийдөө бяртай, тэнцвэр сайтай байдаг. Тэдний 20-той, манай 20- той хүүхдүүдийг харьцуулахад манай залуус бие бялдрын хувьд хамаагүй илүү байгаа юм.

-Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалаад түрүүлчихлээ. Одоо дараа дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох боломж байна уу?
-Бид ДАШТ-д оролцох болзлоо хэдийн хангачихсан. Гэвч Олон улсын хоккейн холбооноос “Хамгийн багадаа 500 хүний суудалтай мөсөн ордонтой улсыг ДАШТ-д оролцуулна” гээд заачихсан. Бид энэ заалтаас болоод л орж чадахгүй байна. Хэрэв манайх ДАШТ-д орвол амжилт үзүүлэх боломж бий. Манайхан хоёр жилийн өмнө бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцохдоо маш том багуудыг хожсоныг хүмүүс мартаагүй байх.

Бид өвлийн цагт нэг талбайд модоор хашлага хийгээд, усаа хөлдөөж байгаад гулгаж байна. 

Чех, Украин, Герман, Япон, Хятадыг хожоод Канадад 5:4-өөр хожигдоод хүрэл медаль авч байлаа. Энэ бол тухайн үедээ л сенсаац болж байсан. Бидний нөхцөл байдлыг мэддэг хүмүүс яаж медаль авсан юм бол гээд үнэндээ ойлгохгүй байсан. Зориулалтын хувцас хэрэглэлгүй нөхөд аль нэг голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад очоод медаль авна, түрүүлнэ гэдэг тэдний санаанд багтахгүй байхгүй юу.

Бид өвлийн цагт нэг талбайд модоор хашлага хийгээд, усаа хөлдөөж байгаад гулгаж байна. Гэхдээ энэ технологи дэндүү хоцрогдсон. Аль жараад онд л ийм маягаар мөс тавьдаг байлаа. Яахав, жаахан хүүхдүүд гараад гулгахад ийм талбай байж болно. Гэхдээ бид чинь том тэмцээнд оролцох гэж яваа шигшээ багийн тамирчид шүү дээ.

-Хоккейчид тэмцээн уралдаанд оролцох зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Маш олон хувь хүн, байгууллага бидэнд тусалж дэмждэг. Онцолж дурдвал, “Моннис” групп, “Монгол базальт” компани, “Эрдэнэт” үйлдвэр, “Говь ресорт” байна. Энэ тэмцээнд гэхэд 30 хүн явсан. Нэг хүний нислэгийн зардал л гэхэд хоёр сая, 800 мянган төгрөг. Нэг цохиур хугарахад 250 долларын зардал гарна. Тэгээд хувцас хэрэглэл, хоол унд, эм витамин гээд замбараагүй их зардал гарна.

-Тэмцээнд хоёр жил дараалж түрүүлсний дараа гаднын багууд манай тамирчдыг тоглуулахаар сонирхож байна уу?
-Бөмбөгтэй хоккейгоор бол манай шилдэг хаалгач Б.Мөнхболдыг Оросын багууд авъя гэж олон удаа санал тавьсан. Гэр бүлээ орхиод явахад хүндрэлтэй байсан болохоор татгалзсан юм. Мөн манай довтлогч Ж.Баярсайханыг Шведийн багууд авахаар санал тавьж байлаа. Гэхдээ бид гол тоглогчоо гадагш явуулчихвал хэцүү шүү дээ. Залуус сайн тоглогчдын хажууд байж сайжирдаг юм.

-Шигшээгийн гол тамирчдын нас нэлээд явчихлаа гэж байна. Тэднийг залгаж гарч ирэх залуус хэр байна вэ?
-Одоо Монголд мянга гаруй хоккейчин байна. Залуус маш их сонирхон хичээллэх болсонд баяртай байгаа. Өнгөрсөн жил бид Challenge Cup тэмцээнд түрүүлсний дараа хоккейн 12 талбай шинээр баригдсан. Нэг ёсондоо манай залуусын амжилт энэ спорт руу хүмүүсийг татан оруулж байна. Зөвхөн хоккей тоглох биш, хүүхдүүдийн эрүүл мэндэд маш чухал юм байна гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн нь сайшаалтай.

-Битүү дээвэртэй ордны асуудал олон жил яригдлаа. Зориулалтын ордонтой болох найдвар байна уу?
-Бид сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаад ирлээ. Хоккейн ордон баригдах төсөл удахгүй эхэлнэ гэсэн баяртай мэдээ сонслоо. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгт бассейнтэй мөсөн гулгуурын цогцолбор энэ жилдээ баригдаад дуусах төлөвтэй байна. Мөн Чехийн тусламжаар хоккейн ордон барих төслийн газрын асуудал сая шийдэгдсэн гэлээ. Энэ зун Сангийн яам, УИХ-аар ороод шийдэгдэх байх гэж найдаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ